Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0795

 

 

  

2020 оны 12 сарын 17 өдөр          Дугаар 128/ШШ2020/0795            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г***-****н” ХХК 

Хариуцагч: АМГТГ-ын КХ

Хариуцагч: БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “...АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэр, БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч АМГТГ-ын КХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г***-****н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г***-****н” ХХК нь АМГТГ-ын КХ-ийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр олгосон Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт орших Нүүрс уул-3 алтны шороон ордод ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

Тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, баталгаажуулах, Байгаль орчны үнэлгээний нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулан батлуулах, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах зэрэг хуульд заасан холбогдох ажиллагааг хийж байсан.

Гэтэл АМГТГ-ын КХ-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/3964 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/10 дугаар дүгнэлтийг үндэслэн КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар 04-ний өдрийн ... дүгээр шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан” талаар мэдэгдлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан.

Дээрх хуульд заасны дагуу захиргааны байгууллага манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар биднээс тайлбар аваагүй нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болно.

Манай компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн талбайдаа уурхайн болон  олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй, нэгэнт эхлээгүй үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчил гарах боломжгүй юм.

Иймд АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч “Г***-****н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...БОАЖЯ-ны 2020 оны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах.

“Г***-****н” ХХК нь АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дараа нэхэмжлэл гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан.

Ашигт малтмалын газрын КХ-ийн дарга маргаан бүхий дээрх актыг гаргахдаа БОАЖЯ-ны 2020 оны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/10 дугаар дүгнэлтийг үндэслэл болгожээ.

БОАЖЯ-наас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах талаар гарсан дүгнэлтийг мэдэгдээгүй, ямар үндэслэлээр гарсныг нэхэмжлэгч мэдээгүй, хариуцагч Aшигт малтмалын газрын КХ-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүнд хавсаргасан баримтуудаас бичгээр дүгнэлттэй танилцлаа.

Гэтэл энэ дүгнэлт нь үндэслэлгүй гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тодруулбал,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “Байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заажээ.

Нэхэмжлэгч  “Г***-****н” ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар мэргэжлийн яамны дүгнэлтэд тусаагүй, харин талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалттай бүс, онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн тухайд ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь анх авахад орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаагүй бөгөөд 2019 оны шийдвэрээр усны энгийн болон онцгой хамгаалалттай давхцаж байгаа талаар эрх бүхий захиргааны байгууллагаас мэдэгдээгүй болно.

Дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэж Ашигт малтмалын газрын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг гаргасны улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл ашиглах эрх зөрчигдөж байна.

Иймд БОАЖЯ-ны 2020 оны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Увс аймгийн Түргэн сумын нутаг Нүүрст уул-3 нэртэй 7725.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-*****дугаартай тусгай зөвшөөрлийг анх АМГТХЭГ-ын КХ-ийн даргын 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийдвэрээр “А” ХХК-д олгожээ.

“А” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн NM-025639 дугаартай өргөдлийг хянаж үзээд Увс аймгийн Түргэн сумын нутаг Нүүрст уул-3 нэртэй 864.23 гектар талбайд АМГ-ын КХ-ийн даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 322 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0205524 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосныг бүртгэсэн байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/3964 тоот албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. Уг дүгнэлтэд “Г***-****н” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын MV-***** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий “Нүүрст уул-3” талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул “Г***-****н” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар төрийн захиргааны байгууллагад үүрэгжүүлж хуульчилсан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэр гарсан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

“Г***-****н” ХХК нь АМГТГ-ын КХ-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 тоот мэдэгдлээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 194 дүгээр шийдвэрийг мэдсэн тухайгаа 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч БОАЖЯ-наас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Увс аймгийн Засаг даргын “Цуцлуулах санал хүргүүлэх тухай” 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/299 тоот, Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын “Хүсэлт уламжлах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот, мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот болон Түргэн сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/17 тоот албан бичгүүдээр ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэж, “Г***-****н” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-***** дугаартай “Нүүрст уул-3” тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/10 тоот дүгнэлтийг гаргаж зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн болно” гэжээ.

Хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:  Тус шүүхэд “Г***-****н” ХХК нь БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Дээрх дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна”, 15 дугаар зүйлийн 1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна гэж заасныг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан…” 56.1.8-д “ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлана гэж заасныг тус тус үндэслэсэн.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Цуцлуулах санал хүргүүлэх тухай” 1/299 тоот албан бичиг, Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 03 тоот албан бичиг, Түргэн сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/17 тоот албан бичгүүд яаманд ирсэн учраас энэхүү дүгнэлтийг гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г***-****н” ХХК-иас АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэр, БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02- ны өдрийн 2020/10 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Увс аймгийн Түргэн сумын нутаг “Нүүрст уул-3” нэртэй 7725.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ КХ-ийн даргын 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийдвэрээр “А****с*вд” ХХК-д олгож, мөн тус газрын КХ-ийн даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 322 дугаар шийдвэрээр  ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг “А****с*вд” ХХК-д олгосныг бүртгэсэн байна. Түүнчлэн АМГТГ-ын КХ-ийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр MV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2046 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар “Г***-****н” ХХК-д олгосон байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй байна.

АМГТГ-ын КХ-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/3964 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/10 дугаар дүгнэлтийг үндэслэн КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар 04-ний өдрийн ... дүгээр шийдвэрээр “Г***-****н” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар нэхэмжлэгч “Г***-****н” ХХК-д мэдэгджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулж, маргаан бүхий БОАЖЯ-ны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 тоот дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Увс аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг үндэслэн “Г***-****н” ХХК нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан байх ба Увс аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Цуцлуулах санал хүргүүлэх тухай” 1/299 тоот, Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын “Хүсэлт уламжлах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот, мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот болон Түргэн сумын Засаг даргын 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/17 тоот албан бичгүүдийг тус тус судлан үзээд “Г***-****н” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-0205524 дугаартай “Нүүрст уул-3” тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул цуцлах нь зүйтэй байна” гэжээ.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/299 тоот “Цуцлуулах санал хүргүүлэх тухай” албан бичигт “Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутаг “Элжигний боом” орчны “Нүүрст уул-3” нэртэй талбайд алт ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Г***-****н” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сумаас нь цуцлуулах санал ирүүлснийг дэмжиж байна”гэх саналыг БОАЖЯ-нд хандан ирүүлжээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/17-ны өдрийн БОАЖЯ-ны сайд Н.Ц-д хүргүүлсэн албан бичгүүдэд “...”Г***-****н” ХХК-ийн бичиг баримттай танилцаж үзэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ Рашаант багийн багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гарын үсэг, багийн иргэдийн нэрс, гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдсэн байна. Мөн тухайн ашиглалтын лиценз бүхий талбайд түүх соёлын дурсгалт 2 хүн хөшөө, булаг, рашаан, голын эх бүрэлддэг, ойн сан бүхий газар орсон учраас нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчиж байна гэж үзэж байна” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасан байна.

Тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/5839 тоот албан бичгээр БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/3964 тоот албан бичгээр хүргүүлсэн 2020/10 дугаар дүгнэлт, уг дүгнэлттэй холбоотой бүх баримтыг шаардахад тус яамны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06/5424 тоот албан бичгээр БОАЖЯ-ны 2020/10 дугаар дүгнэлт, дүгнэлттэй холбоотой баримтуудыг ирүүлсэн боловч хавсарган ирүүлсэн баримтуудаар “Г***-****н” ХХК-тай холбоотой хяналт шалгалт явуулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан бөгөөд Увс аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч “Г***-****н” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсэн ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг БОАЖЯ-ны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 тоот дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдал, үндэслэл, шаардлагыг бүрэн тодруулах боломжтой бөгөөд үүрэгтэй байсан.

Хэдийгээр хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... Увс аймгийн Засаг дарга саналаа ирүүлсэн байхад манайх цуцлахгүй байх үндэслэл байхгүй” гэж тайлбарлах хэдий ч тус яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлж шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч компанид энэ талаар мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Засаг даргын “Цуцлуулах санал хүргүүлэх тухай” 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/299 тоот, Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын “Хүсэлт уламжлах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот, мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот болон Түргэн сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/17 тоот албан бичгүүдээр ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэж, “Г***-****н” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-***** дугаартай “Нүүрст уул-3” тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/10 тоот дүгнэлтийг гаргаж зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн болно” гэх тайлбар, тус яамнаас ирүүлсэн баримтуудаар тогтоогддог.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/17-ны өдрийн албан бичгүүдэд “...”Г***-****н” ХХК-ийн тухайн ашиглалтын лиценз бүхий талбайд түүх соёлын дурсгалт 2 хүн хөшөө, булаг, рашаан, голын эх бүрэлддэг, ойн сан бүхий газар орсон учраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчиж байна”, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/299 тоот албан бичигт “Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутаг “Элжигний боом” орчны “Нүүрст уул-3” нэртэй талбайд алт ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Г***-****н” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сумаас нь цуцлуулах санал ирүүлснийг дэмжиж байна”, БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 дугаар дүгнэлтэд“... байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн байх боловч БОАЖЯ-ны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн албан бичигт “Увс аймгийн Түргэн сумын нутагт орших “Г***-****н” ХХК-ийн MV-0205524 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байна” гэжээ.

Хэдийгээр дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж шууд дүгнэх боломжгүй ч “Г***-****н” ХХК-ийн эзэмшлийн MV-0205524 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэрэг шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой болно.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж заасан бөгөөд хариуцагч АМГТГ-ын КХ-ийн даргаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд тухайн шийдвэрийн талаар мэдэгдээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан болон цаг хугацааны хувьд мэдэгдэх боломжгүй гэх тайлбар, тодруулбал Увс аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Цуцлуулах санал хүргүүлэх тухай” 1/299 тоот албан бичгийг үндэслэн БОАЖЯ 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 тоот дүгнэлтийг гаргаж, хоёр өдрийн дараа буюу АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг гаргахдаа асуудлыг нягталж тодруулалгүй яаран шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул “АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэр, БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г***-****н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “АМГТГ-ын КХ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр шийдвэр, БОАЖЯ-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОДМАА