Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0095

 

                                                      “Г.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                    захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “Г.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ хүрээнд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйл Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчмын 1-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.” 15 дугаар зүйл “Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, 15 дугаар зүйлийн 1.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж хуульчилж зохицуулсны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/3964 тоот албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн.

Уг дүгнэлтэд ““Г.Э” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын МV-020524 дугаартай “Нүүрст Уул-3” тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га талбайд давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул “Г.Э” ХХК-ийн эзэмшдэг МV-020524 дугаартай “Нүүрст Уул-3” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахыг төрийн захиргааны байгууллагад үүрэгжүүлж хуульчилсан. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг төрийн захиргааны байгууллага хянах хууль эрх зүйн боломжгүй харилцаа юм. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “Гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Хуулийн дээрх заалтуудыг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна.

“Г.Э” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-020524 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэрээр цуцалсныг Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 дугаар албан бичгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлснийг тус компани хүлээн авч мэдсэн тухайгаа 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Үүнээс үзэхэд төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.4, 43.8-д заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн.

Захиргааны акг нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу гомдол гаргахыг хуулиар нарийвчлан зохицуулсан. Гэтэл “Г.Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 дугаар албан бичгээр “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандаагүй байдаг.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд мөн хуулийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана...” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн нөхцөл бүрдсэн байна.

Дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6076 дугаартай /давж заалдах эрхгүй/ захирамжид 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9185 захирамжаар өөрчлөлт оруулах хэлбэрээр хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Шүүх ямар тохиолдолд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зайлшгүй хийхийг шаардаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ямар тохиолдолд нэгэнт хэрэг үүсгэсэн гэх шалтгаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан хуулийн шаардлагыг хангуулах шаардлагагүй гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь хуулийг нэг мөр зөв ойлгож, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх хуулийн зарчим зөрчигдсөн.

Мөн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6076, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9185 дугаартай захирамжууд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 795 дугаар шийдвэрт шууд нөлөөлсөн гэж үзэж байх тул хянан үзэж дүгнэлт өгөх нь зүйтэй байх тул шийдвэр, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг гаргахдаа “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д ““Байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасныг, 15 дугаар зүйлийн 1.1 -д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна” гэж заасныг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...”, 56.1.8-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасныг тус тус үндэслэсэн.

Яамны дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн хуулийн дээрх зохицуулалтыг бүрэн үндэслэсэн.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Цуцлуулах санал хүргүүлэх тухай” 1/299 дүгээр албан бичиг, Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 03, Түргэн сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/17 дугаар албан бичгүүд яаманд ирсэн учраас энэхүү дүгнэлтийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх нь “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020/10 тоот дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж шаардлагатай ажиллагааг хийгээгүй” гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай 16 дугаар зүйлийн 2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж, 2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 2.10-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж, 2.4-т “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 2.8-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ...” гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасан эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллага нь тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлж ажиллуулах үүргийг хүлээдэг эрх бүхий субъект болохын хувьд дээр дурдсан эрх, үүргийнхээ дагуу хяналт шалгалтаа хийж хариуцагч байгууллагуудад “санал”-аа ирүүлсэн байдаг.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д ““байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулаагүй гэдэг ч энэ нь байгаль орчинд хортой нөлөөлөх эс үйлдэхүй болж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг” төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна гэж заасан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ...” гэж заасан байдаг.

Хуулийн дээрх заалтаас үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хяналт, шалгалтын байгууллага мэтээр дүгнэн хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Мөн Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах” гэж заасан байдаг бөгөөд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолоор орон нутгийн энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа байгааг тогтоосон байхад анхан шатны шүүх дээр нотлох баримтыг үнэлж дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн болно.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээснээр нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж, цаашлаад нутгийн иргэдийн ундны ус, байгаль орчныг бохирдуулах эс үйлдэхүй байгааг харгалзан үзээгүй тул шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 6.2-т зааснаар “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болж чадсангүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Г.Э” ХХК “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч  бодит байдалд 184 дүгээр шийдвэр гэж байхгүй  бөгөөд 194 дүгээр шийдвэрийг 184 гэж бичиглэлийн алдаа гаргасныг анхан шатны шүүх зөвтгөлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаан бүхий акт нь 184 бус 194 дугаартай шийдвэр...” гэж, нэхэмжлэгчийн “... нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо анхаараагүй, энэ нь техникийн шинжтэй засаж болох алдаа” гэж шүүх хуралдаанд тайлбарласныг харгалзан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэрийг хянасан.

Маргааны үйл баримтаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтээр Увс аймгийн Засаг даргын Цуцлуулах санал хүргүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/299, Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын Хүсэлт уламжлах тухай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03, мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11, Түргэн сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 1/17 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзээд, Г.Э ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-0205524 дугаартай Нүүрст уул-3 тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай байгаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргасан, энэ дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дүгээр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг баталсан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн MV-0205524 дугаартай Нүүрст уул-3 нэртэй тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 282.22 га давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 140.36 га давхцалтай болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь дээрх 9/01 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэн эс зөвшөөрч буйгаа илэрхийлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...мэдээллийн санд бүртгэгдсэнээс үзвэл энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай нь тогтоогдсон, онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай нь тогтоогдоогүй” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан зөвхөн энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн байдлаар давхцалтай” гэж тайлбарласан.

Хэдийгээр нэхэмжлэгчээс 2018 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт орших Элжигэн боомын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан боловч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дүгээр тогтоолоор орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг баталсан бөгөөд Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар албан бичигт “...иргэдийн нийтийн хурлаас 20524А талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй гэж шийдвэр гарсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүйг мэдэгдэж байна”, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичигт “... “Г.Э” ХХК нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ Рашаант багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын даргын гарын үсэг, багийн иргэдийн нэрс, гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдсэн байна” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлах ба уг маргааны хувьд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тухайн талбайд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг баталсан хирнээ дараа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, мөн маргаан бүхий актуудыг гаргахдаа хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд мэдэгдэх, сонсох, оролцоог нь хангах ажиллагааг явуулаагүй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчин тусгай зөвшөөрлийг цуцалсан, хамгаалалтын бүсийн давхцалтай талбайн хэмжээ, солбицлыг бүрэн шалгаж, нотолсон үйл баримт тогтоогдоогүй боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангах үндэслэл болохгүй юм.

Учир нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээснээр нэхэмжлэгч нь тухайн талбайд хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх эсэх нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх зарчмын үүднээс “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” эсэхийг зайлшгүй тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Товчхондоо MV-0205524 дугаартай Нүүрст уул-3 нэртэй тусгай зөвшөөрлийн талбай нь бодит байдалд орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх, давхцалтай бол энэ нь төрийн захиргааны байгууллагын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр байгаа эсэх, хэдий хэмжээгээр, ямар солбицлоор давхцаж байгааг тодорхой болгох,  түүнчлэн уг талбай нь Усны тухай хууль болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайд хамаарах эсэх, хэрэв хамаарах бол нэхэмжлэгч нь зохих шатны захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан эсэх, байгуулсан бол гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэл, байгуулаагүй бол гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг шүүх тодруулсны дараагаар маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй ... гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн маргаан бүхий 194 дүгээр шийдвэрт холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх шаардлага, боломж цаг хугацааны хувьд байгаа эсэхийг харгалзан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН