| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/0000/Э |
| Дугаар | 018 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 018
Т.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Ж-д холбогдох эрүүгийн 1913001600103 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч Т.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт С сумын 2 дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Т-ын Ж /РД:БА00000000/ Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор амьтан буюу 1 цоохор ирвэсийн арьсыг 2015 оны 1 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хадгалж, улмаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тээвэрлэж Улаанбаатар хотод худалдах зорилгоор хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч А овогт Т-ын Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж-д оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ж-гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулж уг төлбөрөөс амьтны аймагт учруулсан хохирлын төлөгдөөгүй 21.400.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлж илүү гарсан 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ж-гийн гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохиролд нөхөн төлсөн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны данснаас гаргаж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Т.Ж миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эс зөвшөөрч” давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-д заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” хэмээн үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэсэгт “шүүгдэгч Т.Ж-гийн амьтны аймагт учруулсан хохирол 11.200.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж 22.400.000 төгрөгөөр тогтоосон 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт үндэстэй байна” гэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр буудагдсан цоохор ирвэсийг С.С гэдэг хүн чоно гэж андуурч харанхуй шөнө буудаад, түүний идэвхтэй үйл ажиллагааны улмаас амьтны аймагт ирвэс буюу эдийн засаг экологийн үнэлгээгээр 11.200.000 төгрөгийн хохирол учирсан байхад шүүх энэ талаар намайг Эрүүгийн хуулийн энэ зүйл ангид заасан гэм буруутай гэж буруу дүгнэлт хийсэн. Мөн надаас тээврийн хэрэгслийн үнэ 35.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтыг буруу дүгнэж намайг эдийн засгийн хувьд их хэмжээгээр хохироосон буруу үнэлсэн гэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч Т.Ж миний бие өөрийн эзэмшиж байсан “Даево” маркийн 6371 БӨА улсын дугаартай 30т даацтай ачааны тээврийн хэрэгслээр С.Е гэдэг хүний хөлсөлж авснаар, түүний бэлтгэсэн “малын махыг” Улаанбаатар хотод хөлсөөр тээвэрлэж явахад тухайн цоохор ирвэсийн арьсыг уутанд хийж авч явсан. Гэтэл анхан шатны шүүх цоохор ирвэсийн арьсыг тээвэрлэж очсон гэж буруу дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй цоохор ирвэсийн арьс нь тал шуудайн хэмжээтэй учир “Даево” маркийн 6371 БӨА улсын дугаартай 30т даацтай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн уг тээврийн хэрэгслийг С.Е гэх хүн хөлслөн авч, мах тээвэрлэж очсон болох нь нотлогдсон байхад “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан” хэмээн үзэж, тухайн тээврийн хэрэгслийн үнийг төлүүлэх шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Т.Ж би хөлслөгч С.Е гэх хүний ачаа болох малын махыг уг машинаар тээвэрлэж, түүнийг Улаанбаатар хотод хүргэх гэсэн зорилгоор очсон болохоос бус цоохор ирвэсийн арьсыг тээвэрлэх зорилгоор очоогүй. Цоохор ирвэсийн арьс нь овор хэмжээ багатай, гар тээш, жижиг цүнх, үүргэвчид хийж авч явах бүрэн боломжтой, хөнгөн зэргийн зөөлөн эдлэл учраас ямар ч унаа хөлөг, тээврийн хэрэгслээр авч явах боломжтой учир “тээвэрлэсэн” гэж үзэж Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцох үндэслэл байхгүй. Уг арьсыг аливаа газарт хүргэхэд тусгайлан унаа хөлөг, тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага байхгүй, ямар ч нөхцөлд хүн өөрийн биеэр ямар ч унаа, тээврийн хэрэгсэлд гар тээш хэлбэрээр авч явах боломжтой тул “тээврийн хэрэгсэл ашигласан” гэж үзэх боломжгүй. Зорчигчийн гар тээшийг ачаа тээвэрлэсэн гэж үздэггүй, 20 кг хүртэлх жинтэй, бага оврын зүйлийг гэр тээш гэж үздэг жишиг журамтай.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх хуулийн заалт үйлчилж байна. Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Гэтэл Т.Ж би цоохор ирвэсийг буудаж хороогоогүй, амьтны аймагт ямар ч хохирол учруулаагүй, Амьтны тухай хууль тогтоомж зөрчөөгүй тул хохирол болон нөхөн төлбөр төлөх ёсгүй. Тэгээд ч уг амьтныг андуурч чоно хэмээн харанхуй шөнө буудаж алсан үйлдлийг мөрдөн байцаалтын шатнаас хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх энэ талаар буруу, ташаа дүгнэлт хийсэн гэж гомдож байна.
3. Нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр анчин С.С буудан хороож, мөн өдрөөс эхлэн тухайн цоохор ирвэсийн арьсыг шүүгдэгч Т.Ж би нууцлан, хадгалсан. Өөрөөр хэлбэл цоохор ирвэсийн арьсыг хадгалах үйлдэл 2015 оны 01 дүгээр сарын сүүлд бүрдэл төгс үйлдэгдсэн гэж үзэж байна. Харин 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьсыг Т.Ж миний хадгалж байсан нуугдмал гэмт хэрэг илэрсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар цоохор ирвэсийн арьсыг анх хадгалах сэдэлт, зорилгод хөтлөгдөн, 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр нууж, хадгалсан Т.Ж миний үйлдэл нь төгссөн ба харин 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Цагдаад илчлэгдсэн явдал нь нэн ховор амьтны түүхий эдийг хадгалах гэмт үйлдлийн хор уршиг илэрч буй явдал гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж хэргийг буруу зүйлчилсэн.
4. Нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьсыг шүүгдэгч Т.Ж би 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр хадгалсан үйлдэл хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ж миний цоохор ирвэсийн арьсыг хадгалах үйлдэлд тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай гэж гомдол гаргаж байна.
5. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж , 2 дах хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, ялыг хүндрүүлсэн,...эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байдаг. Тэгвэл Т.Ж миний нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьсыг анх хадгалсан үе болох 2015 оны 01 дүгээр сард үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох заалт болох Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 203.2 дахь хэсэгт нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд гэмт хэрэгт тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заагдаагүй. Харин уг үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинээр гэмт хэрэгт тооцсон тул одоогийн мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт шинээр тооцсон, шүүгдэгч миний эрх зүйн байдлыг доордуулсан тул буцаан хэрэглэхгүй гэж үзэж байна.
Шүүгдэгч Т.Ж намайг 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 26-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр нэн ховор амьтан болох цоохор ирвэс мөн арьсыг хадгалсан, энэ нь нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт үйлдэл гэж үзэх юм бол тухайн хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хууль тус тус давхар үйлчилж байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинээр гэмт хэрэгт тооцсон,... эрх зүйн байдлыг дордуулсан” байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэм буруутайд тооцож, ял шийтгэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.”
6. Шүүгдэгч Т.Ж би цоохор ирвэсийн арьсыг 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр хадгалсан тул Анхны ардчилсан сонгууль болж, байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн үйлчлэл надад нэгэн зэрэг хамаарах учиртай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 39.6, 39.7 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Т.Ж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Т.Ж-гийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Т.Ж нь Монгол улсын улаан номонд орсон нэн ховор амьтан буюу 1 цоохор ирвэсийн арьсыг 2015 оны 1 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хадгалж, улмаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод худалдах зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
1. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай яллах дүгнэлтээр “Уг цоохор ирвэсийг 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр буудсан нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Баймырзагийн гаргасан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай мөр судлалын оношлогооны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр адууг идсэн чоныг буудлаа гэж андуурч ирвэс буудсан байсан нь тогтоогдож, санаатайгаар ирвэс алсан нь нотлогдоогүй тул ирвэс буудсан үйлдэлд гэмт хэргийн шинжгүй байна.” гэжээ.
2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор “нэн ховор болох цоохор ирвэсийг чоно хэмээн андуурч буудсан болох нь гэрч нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокурор уг үйлдэл нь санаатайгаар ирвэс агнасан нь нотлогдоогүй тул ирвэс буудсан иргэн С.Сын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна” гэжээ.
Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээх бөгөөд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахаар байна.
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 4 дүгээр заалтад “Яллагдагч Т.Ж нь 22.400.000 /11.200.000*2=22.400.000/ төгрөгийн хохирлыг амьтны аймагт учруулсан байна.” гэж дүгнэжээ.
Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй зарчмаар шүүгдэгч Т.Жгийн хувьд үйлдсэн гэмт хэрэг, ниймийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт амьтны аймагт учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Прокурор нь хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн шинжгүй бол мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэхээр зохицуулжээ.
2. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийн асуудлыг анхан шатны шүүх хэргийн хамт шийдвэрлэвэл зохино.
Яллах дүгнэлтийн хавсралтын 4 дүгээр заалтад “Яллагдагч Т.Ж нь 1 сая төгрөг төлсөн” гэх бөгөөд хавтаст хэргийн 50 дугаар хуудаст авагдсан гэрч С.С-ы “миний мэддэгээр ямар ч байсан нэг сая төгрөгийг манай байгууллагын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтын нэг хувийг надад өгсөн байгаа” гэж мэдүүлснээр ямар тоот дансанд, ямар зорилгоор яллагдагч Т.Ж нь 1.000.000 төгрөг тушаасан нь тодорхой бус байна.
Иймд хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн шинжгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурор нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамаарах асуудлын хүрээнд эрх зүйн хэлбэр, төрлийн аль нэгийг буюу чиг үүргийн хүрээнд тогтоол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн гэрчийн мэдүүлгээр 1.000.000 төгрөг төлөгдсөн гэх баримтыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна.
Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бөгөөд шүүх, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг үндэслэл журмын дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Ж-ийн давж заалдах гомдлоос “Амьтны тухай хууль зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэсэн агуулгатай хэсгийг нь хүлээн авч, давж заалдах гомдлын бусад үндэслэлд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул дүгнэлт өгөх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ж-д холбогдох 1913001600103 дугаартай хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Т.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ