Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

 “Энич Финанс ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05558 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч “Энич Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 658 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               Х.Идэрбулган

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                          Г.Чинбат

Хариуцагчийн өмгөөлөгч                                              Б.Баттөмөр

                                                                                        В.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                    Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Энич Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн болон Г.Чинтөр нар нь тус ББСБ-тай 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13/10 тоот зээлийн гэрээг байгуулж, 20 000 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 00041506 тоот гэрчилгээний дугаартай, Г-2201010615 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 06 тоот хувийн өмчлөлийн газрыг барьцаалж, Зээлийн барьцааны гэрээг байгуулсан байдаг. Гэтэл дээрх иргэд нь зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бид танаас авсан зээлийн мөнгөөр байшингаа барьчихсан, уг барьсан байшиндаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах шаардлагатай байгаа тул газрын гэрчилгээг түр хугацаагаар өгнө үү гэсэн хүсэлтийг гарган, ББСБ-ын ажилтнаас гэрчилгээгээ авч яваад өнөөг хүртэл буцаан өгөөгүй. Байгууллагын зүгээс удаа дараа зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардсан, барьцааны газрын гэрчилгээг буцаан өгөхийг шаардсан мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч зээлдэгчид нь элдэв шалтаг гаргасаар 6 жил болж байна. Зээлдэгч Г.Чинтөр нарын авсан зээл нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, хүү 21 972 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 686 000 төгрөг, нийт 45 658 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч болон Г.Чинтөр нарын тус байгууллагатай байгуулсан 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 13/10 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 45 658 000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.Дуламсүрэнгийн тус банк бус санхүүгийн байгууллагад хандан гаргасан хүсэлтийн дагуу Г.Чинтөр, Н.Дуламсүрэн нартай “Энич Финанс ББСБ” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн хоёр зээлдэгч нь гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд хувийн эзэмшлийн газар дээрээ амины орон сууц барина гэдэг үндэслэлээр зээл авсан. Тэр зориулалтаар нь зээл олгосон. Зээлийн мөнгийг  2010 оны 5 дугаар сарын 4, 2010 оны 6 дугаар сарын 4, 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрүүдэд тус тус олгосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан кассын зарлагын баримтуудаар нотлогддог бөгөөд зээлдэгч нар мөнгийг хүлээн авсан байдаг. Зээлийн гэрээ байгуулагддаг өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 06 тоот 700 м.кв талбайтай, Н.Дуламсүрэнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Уг газрын гэрчилгээг 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н.Дуламсүрэн амины орон сууцныхаа гэрчилгээг гаргуулах гэсэн юм гэж хүсэлт гаргасны үндсэн дээр буцааж олгоод, дахин барьцаалаагүй. Мөнгө олгосноос хойш 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Зээл олгосноос хойш тухайн хоёр иргэнд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар нэхэмжлэгч байгууллагаас хэд хэдэн албан шаардлагыг амаар болон бичгээр хүргүүлсэн боловч хариуцагч нар авсан зээлийнхээ өрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийг авч хариуцагч нар орон сууцаа барьж гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр гарсан учир зээл авсан зорилго нь биелэгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү 21 972 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 686 000 төгрөг болсон. Зээлийн үндсэн төлбөр дээр эдгээрийг нэмээд нийт 45 658 000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч нарын байр суурь хоорондоо зөрчилдөж байгаа. Хариуцагч Г.Чинтөрийн хувьд уг зээлийг орон сууц барихад зориулж зээлж авсан нь үнэн гэсэн тайлбар өгдөг бол хариуцагч Н.Дуламсүрэнгийн төлөөлөгч зээл аваагүй, зээлийг Г.Чинтөр авч хэрэглэсэн гэсэн тайлбар өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад зээл авсан нь хангалттай нотлогдож байгаа. Хамгийн чухал баримт нь Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нарын гэрлэлт цуцлалтын асуудлыг шийдвэрлэсэн 2015 оны шүүхийн шийдвэр юм. Энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Н.Дуламсүрэнгийн өгсөн мэдүүлэгт: ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 102 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах 213 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууц, гараажийг 2010 онд 20 000 000 төгрөгийг зээлж барьсан... гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгээс харахад Н.Дуламсүрэн нь хувийн хэрэгцээндээ зориулаад Г.Чинтөртэй хамт амьдрах хугацаандаа уг хувийн орон сууцыг “Энич Финанс ББСБ” ХХК-иас олгосон зээлийн хөрөнгөөр барьсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Чинтөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие нь Н.Дуламсүрэнтэй анх 2008 онд танилцаж, улмаар гэр бүл болж хамтран амьдарсан юм. Ийнхүү хамтран амьдрах болсноор бид өөрийн гэсэн гэр оронтой болъё гэж шийдээд 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “Энич Финанс ББСБ” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 102 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах 215 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, гараажийг барьсан юм. Бид энэ зээлээс өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь үнэн юм. Тухайн үед зээлийн зохих хэсгийг төлөх мөнгө байсан боловч Н.Дуламсүрэн надад уурласаар байгаад 2012 онд 19 000 000 төгрөгөөр “Harrier” маркийн машин худалдан авч байсан. Үүнээс хойш зээлийг төлөх хэмжээний орлого байхгүй болсон учраас зээлээр барьсан байшингаа зарж зээлийн төлөхөөр оролдсон буюу зар тавьж, зуучлалын компанид хандаж байсан боловч хашаа байшин зарагдаагүй учир өнөөдрийг хүртэл зээлээ төлж чадаагүй байгаа юм. Мөн үүнээс хойш Н.Дуламсүрэн бид хоёр хувийн тохиромжгүй харьцааны улмаас гэр бүлээ цуцлуулах болж, 2015 онд шүүхээр орсон юм. Шүүх 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрээ гаргасан бөгөөд Г.Чинтөр, Н.Дуламсүрэн бид хоёрын сууц, гараажийг 30 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг бөгөөд энэхүү хөрөнгийг Н.Дуламсүрэнгийн өмчлөлд үлдээж, түүнээс 10 000 000 төгрөгийг гаргаж надад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Н.Дуламсүрэн нь шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа юм. Шүүх шийдвэрээ гаргахдаа зээлээр барьсан хувийн сууц, гараажийн гуравны нэг буюу 33,3 хувь нь надад оногдох ёстой гэж үзсэн байдаг. Иймээс би зээлийн мөнгөөр барьсан сууц, гараажийн хувьд өөрийн өмчлөх эрхтэй хэмжээнд буюу 33 хувийн хэмжээнд банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хариуцах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 15 204 114 төгрөгийн зээлийг хариуцаж төлөх боломжтой бөгөөд үлдсэн хэсгийг Н.Дуламсүрэн төлөх ёстой. Мөн өөрийн хариуцах зээлээс 5 204 114 төгрөгийг 5 сарын дотор хувааж төлөх бол, үлдсэнийг Н.Дуламсүрэн нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүрэг болох 10 000 000 төгрөгөө өгсөн даруй гүйцэтгэх саналтай байна. Газрын гэрчилгээ буцааж авсны хувьд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахын тулд банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Ийнхүү гэрчилгээгээ авчихаад дараа нь ахуйн шаардлагаар Хас банкнаас 10 000 000 төгрөг авсан. Гэрлэлт цуцлах үед 10 000 000 төгрөгийн үлдэгдлийг 3 хүнд адил хувааж хариуцуулсан. Тиймээс энэ 20 000 000 төгрөгийг мөн адил 3 хүнд адил тэнцүү хувааж хариуцуулмаар байна. Зээлсэн мөнгийг намайг хувьдаа хэрэглэсэн гэж Н.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Мөн орон сууц барьсан мөнгийг Н.Дуламсүрэнгийн хамаатан садангаас авсан гэдэг. Гэтэл тухайн үед Н.Дуламсүрэнгийн хамаатан садан гээд байх хүмүүс байгаагүй, төрсөн эгч нь Япон улсад, ганц дүү нь цагдаагийн алба хаагч, цалингаас цалингийн хооронд амьдардаг байсан. 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан хугацаа, байшин барьсан хугацаа хоёрыг харахад цаг хугацааны хувьд ч таарч байгаа гэжээ.

 

Хариуцагч Н.Дуламсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие “Энич Финанс ББСБ” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл аваагүй. Зээл болон барьцааны гэрээнд Г.Чинтөр болон “Энич Финанс ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Г.Чинтөрийн эгч Г.Чинтуяа хоёрын ятгалга, шахалтаар гарын үсэг зурсан. Учир нь тухайн үед Г.Чинтөр тус банк бус санхүүгийн байгууллагад 2006 оны 3 дугаар сарын 1-ний 01/06 тоот тушаалаар аудиторын туслах албан тушаал дээр ажиллаж байсан. Намайг нэг гэрээнд гарын үсэг зураад өг, хэрэгтэй байна гээд байсан. Г.Чинтуяагийн хувьд ч ажилд ороод удаагүй, гэрлэлтээ батлуулаагүй байхад төрсөн дүүгээсээ зайлуулан миний нэр дээр зээл болон барьцааны гэрээг хийсэн. Уг гэрээнүүд албан ёсоор нотариатаар батлуулаагүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Мөн барьцаалж байсан газар нь Д.Гүрсүрэн гэсэн хамтран өмчлөгчтэй байсаар байтал зүгээрээ чи гарын үсэг зурчих гэсэн. Би 20 000 000 төгрөг аваагүй, зарцуулалт ч хийгээгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Дуламсүрэн нь 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас зээлж аваагүй. Барьцаалсан гэх газарт барьсан орон сууцыг Н.Дуламсүрэнгийн хамаатан садангаас авсан зээлээр барьсан бөгөөд одоо хүртэл энэ зээлээ төлөөд явж байгаа. 20 000 000 төгрөг зээлсэн цаг хугацаа нь байшин барьсан хугацаатай таардаг гэж Г.Чинтөр яриад байгаа боловч шүүхийн шийдвэр гарсны дараа Г.Чинтөр өөрөө ийм байдлаар тааруулсан байна. Г.Чинтөр өөрөө 20 000 000 төгрөгөө хариуцах ёстой гэж бодож байна. Энэ 20 000 000 төгрөгөөр орон сууц барьсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримтуудын хоёр дээр нь Н.Дуламсүрэнгийн гарын үсэг зурагдсан, мөн давхардаад Г.Чинтөр гарын үсэг зурсан байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч тал хоёр хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлж тайлбарлаж чадахгүй байгаа. Н.Дуламсүрэнгийн хувьд огт мөнгө аваагүй гэдэг бол Г.Чинтөр нь 20 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, төлнө гэж мэдүүлсэн. Хэдийгээр өөрөө бүгдийг нь төлнө гэдэггүй боловч төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрдөг. Г.Чинтөр энэ мөнгийг авчихсан учраас ийм тайлбар өгч байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас Н.Дуламсүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 526 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энич Финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 240 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 385 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Н.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иргэн Н.Дуламсүрэн нь “Энич Финанс ББСБ” ХХК-аас зээл аваагүй байж авсан болж, их хэмжээний өрөнд орж, төлбөр төлөх болсон. Зээл болон барьцааны гэрээнд Г.Чинтөр болон “Энич Финанс” ББСБ-ын хувь эзэмшигч Чинтөрийн эгч Г.Чинтуяа хоёрын ятгалгаар гарын үсэг зурсан байдаг. Учир тухайн үед Г.Чинтөр нь “Энич Финанс” ББСБ-д 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 01/06 тоот тушаалаар аудиторын туслах албан тушаал дээр ажиллаж байсан учраас чи гэрээнд гарын үсэг зураад өгчих, чи бид хоёрт ч хэрэгтэй гээд гарын үсэг зуруулсан байдаг. Гэрээ байгуулсан гэх хугацаанаас хойш удаан хугацаа өнгөрсөн буюу хэрвээ зээл өгсөн бол буцаан шаардах хангалттай хугацаа өнгөрсөн байхад шаардаагүй мөртлөө Н.Дуламсүрэнгийн зүгээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасны дараа зээл өгсөн мэт, түүнийг шаардаж албан бичиг өгч байсан мэт хуурамч нотлох баримтуудыг бүрдүүлэн өгч эхэлсэн байдаг. Н.Дуламсүрэн нь 20 000 000 төгрөг аваагүй, зарцуулалт ч хийгээгүй. Хариуцагч Г.Чинтөр нь мөнгийг авснаа хүлээн зөвшөөрөөд, Н.Дуламсүрэн нь аваагүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Мөн Г.Чинтөр нь “Энич Финанс” ХХК-д Н.Дуламсүрэнгийн хамт хүсэлт гаргаж байсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр хүсэлтүүдийг цаг хугацааны хувьд 2013-2015 онд хийгдэж байсан мэтээр үйлдэж, мэдэгдлүүд дээр гарын үсэг зурж байгаа. Н.Дуламсүрэн нь уг нотлох баримтуудыг огт харж байгаагүй, мэдээгүй байдаг. Мөн Н.Дуламсүрэнгийн гарын үсэг байхгүй. Гэрлэлт цуцлуулж байхад шүүхээс Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилсон ба уг байгууллагаас ирүүлсэн хариуд Н.Дуламсүрэн нь “Энич Финанс” ББСБ-аас 20 000 000 төгрөгийн зээл аваагүй гэдэг нь нотлогдож байгаа. ББСБ нь санхүүгийн зохицуулах хороонд мэдээ тайлангаа үнэн зөв гаргаж егөх үүрэгтэй. Хэрвээ худлаа гаргаж өгсөн бол энэ талаараа нотлох ёстой. Мөн хариуцагч тал нь бодит нөхцөл байдлыг тодруулахын тулд “Энич Финанс” ХХК-ийн татварын тайланг гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 102/Ш32016/21947 тоот захирамжаараа “хэрэгт ач холбогдолгүй” гэж хүсэлтийг хангахаас татгалзсан. Нэхэмжлэгч байгууллагын татварын тайлан нь хэрэгт чухал ач холбогдолтой баримт юм. Учир нь уг баримтаар Н.Дуламсүрэнд зээлсэн гээд байгаа мөнгө нь тухайн байгууллагаас гарсан эсэх нь тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл татварын тайланг гаргуулан хэргийн материалд хавсаргуулсны дараа хэргийг шийдвэрлүүлэх нь илүү шударга болно. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Энич Финанс ББСБ” ХХК нь хариуцагч  Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 658 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Дуламсүрэн эс зөвшөөрөн маргаж, хариуцагч Г.Чинтөр Н.Дуламсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын хөрөнгөө хуваарилсан учир зээлийн гэрээний үүргийг мөн адил хэмжээгээр хариуцна гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13/10 зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нар 20 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлбэл сарын 0.3 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр тохиролцсон байна.

 

Зээлийн барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 102 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг барьцаалсан байсан боловч хариуцагчийн хүсэлтээр барьцаанаас чөлөөлсөн байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч “Энич Финанс ББСБ” ХХК нь хариуцагч Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндсэн зээл,зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвхөн гэрээ цуцлах хүртэл хугацаатайгаар тооцон шаардах эрхтэй.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийг биелүүлж, үндсэн зээл болон хүүд мөнгө төлөөгүй асуудлаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч нарт 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зээлээ төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хариуцагч нар “нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх” талаар хариу хүсэлт гаргаж байсан бичгийн баримтууд хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

Анхан шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тус бүрт хуваахгүйгээр Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нараас гаргуулахаар шийдвэрлэсэн зөв болжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдлын нэг үндэслэлдээ “…нэхэмжлэгч байгууллагын тайланг гаргуулах тухай хүсэлт”-ийг шүүх хангаагүй гэсэн үндэслэл заасан байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа У.Түвшингээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                               М.НАРАНЦЭЦЭГ     

 

                                                                           Ц.ИЧИНХОРЛОО