Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/00755

 

 

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/00755

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

 

            Нэхэмжлэгч: ДБҮЭГ ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Г ХХК-д холбогдох

 

            Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот бүхий 2 давхар 637 м.кв байрыг чөлөөлүүлэх, албадан суллуулах, түрээсийн төлбөрт 77.937.625,81 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б /1179/, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

 

ДБҮЭГ нь Голден бридж боловсролын төвд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот, 637м.кв бүхий 2 давхар байрыг 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 3 /гурав/ жилийн хугацаатай ажлын байрны зориулаптаар түрээслүүлэхээр Түрээсийн гэрээ байгуулсан.

 

Г ХХК нь түрээсийн гэрээ байгуулснаас хойш хугацаанд түрээсийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасан зөрчлийг удаа дараа гаргаж түрээсийн төлбөрийг байнга хожимдуулан төлөх, түрээсийн авлага үүсгэж, Монгол улсын Иргэний хуулийн 323.1 дэх заалт, Түрээсийн гэрээний 8.3-т заалтыг тус тус зөрчин түрээсийн байрыг өөр гурван компанид буюу Баухаус ХХК, Эй Кэй Юу ХХК, Билштайн ХХК-уудад дамжуулан давхар түрээсэлж 33 сая төгрөгийн хууль бус ашиг олсон.

 

ДБҮЭГ-аас тус компанид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн боловч шаардлагыг хүлээж аваагүй тул 2014 оны  3  дугаар сарын 12-ны өдрөөс талуудын хооронд байгуулсан турээсийг тасалбар болгож цуцлах тухай мэдэгдэл, байр чөлөөлөх, түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн.

 

 Гэвч Голден бридж сургалтын төв нь төлбөрийг барагдуулах тухай амлалт хүсэлт бүхий албан бичиг ирүүлж өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг барагдуулалгүй түрээсийн гэрээний 3.2-т заасан зөрчил гаргасан. Түрээсийн гэрээ дуусгавар болох хугацаа 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавзр болсон боловч түрээслэгч ГХХ К нь Монгол улсын Иргэний хуулийн 321.5, 326-д заасан түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй төрийн өмчийн эд хөрөнгийг чөлөөлөхгүй, байр хүлээж авах, шаардлагыг хүлээж авахгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

 

1. Төрийн өмчийн эд хөрөнгөд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол, Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12тоот бүхий 2 давхар 637м.кв байрыг чөлөөлүүлэх, албадан суллуулах.

 

2. Түрээслэгч Голден бридж сургалтын төвөөс нийт 77,937,625.81 төгрөгийг гаргуулах. /2014 оны 10 дугаар сарын 20-оос 2015 оны 01 сар хүртэлх түрээсийн төлбөрийн нийт 51,958,417.20 төгрөг / , түрээсийн гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам нэхэмжилсэн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож 25,979,208.60 төгрөг/

 

3. Нотлох баримт нотариатаар гэрчлүүлсний зардал 21.900 төгрөгийг тус тус гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч одоо нэг дэх шаардлага буюу Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол, Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот бүхий 2 давхар 637м.кв байрыг чөлөөлүүлэх, албадан суллуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна.

 

Учир нь манай байгууллага Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол, Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот бүхий 2 давхар 637м.кв байрыг чөлөөлүүлэн, суллуулж уг байрыг хүлээгээд авсан байгаа.

 

Иймд 2014 оны 10 дугаар сарын 20-оос 2015 оны 01 сар хүртэлх түрээсийн төлбөрт 51,958,417.20 төгрөг, Түрээсийн гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам нэхэмжилсэн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги 25,979,208.60 төгрөг, нийт 77,937,625.81 төгрөгийг нотариатын зардал 21900 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Голден бридж боловсролын төвтэй  Түрээсийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний үүргийг  Голден бридж нью монголия ХХК –иас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Түрээсийн гэрээний Голден бридж боловсролын төвийн тамга дээр Их Монголын удам ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төв гэсэн бичвэр байгаа тэгэхээр Голден бридж боловсролын төв нь Голден бридж нью монголия ХХК-д хамаарахгүй.

 

Голден бридж боловсролын төвийн захирал П.Мэндбаяр, Г  ХХК-ийн захирал Д.Мэндбаяр гэж байгаа нь Голден бридж боловсролын төвтэй байгуулсан гэрээний үүргийг Голден бридж нью монголия ХХК-иас нэхэмжлэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

 

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 77.937.625,81 төгрөгийг нотариатын зардал 21900 төгрөгийн хамт нэхэмжилжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Гадаад хэргийн яамны ДБҮЭГ ТӨҮГ нь хариуцагч Голден Бридж боловсролын төвтэй Түрээсийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 9-23-р хуудас/

 

Уг түрээсийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот бүхий 2 давхар 637 м.кв талбайтай, 2 давхар барилгыг ажлын байрны зориулалтаар Голден Бридж боловсролын төвд түрээслэхээр харилцан тохиролцжээ.

 

Голден Бридж боловсролын төв нь Их Монголын уудам ХХК-ийн дэргэдэх төв болох нь хариуцагчийн тайлбар болон 2012 оны  8 дугаар сарын 01-ний өдөр ДБҮЭГ  ТӨҮГ, Голден бридж боловсролын төвийн хооронд хийгдсэн Түрээсийн гэрээ, түүнд  дарсан тамга болон бусад баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9-13,25-33,45-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь Их Монголын уудам ХХК-ийн дэргэдэх Голден Бридж боловсролын төвтэй байгуулсан Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд болох Г ХХК-иас нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороолол, Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот бүхий 2 давхар 637м.кв байрыг чөлөөлүүлэн, суллуулж уг байрыг хүлээж авсан тул уг байрыг чөлөөлүүлэн, суллуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзаж байгаа нь бусдын эрх, ашгийг хөндөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ –ын төлөөлөгч нь  Г төв, Г ХХК-ийн захирал нь адилхан П.М тул аль ч хуулийн этгээдээс нь нэхэмжилж болно гэж мэтгэлцэж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Мөн хариуцагч Г ХХК нь хариуцагч Голден бридж  боловсролын төвтэй 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч ДБҮЭГ ТӨҮГ –ын  өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ДБҮЭГ ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэсэн байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617.948,12 төгрөгийг улсын төсвийн 2609006167 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээ байгуулсан Их Монголын удам ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төвөөс Түрээсийн гэрээний үүргийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т зааснаар хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэгч ДБҮЭГ ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617.948,12 төгрөгийг улсын төсвийн 2609006167 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО