Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00892

 

 Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00755 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1921 дүгээр магадлалтай,

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй

Голден бридж нью Монголиа ХХК-д холбогдох

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот 2 давхар 637 м.кв байрыг чөлөөлүүлэх, албадан суллуулах, түрээсийн төлбөрт 77,937,625.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ичинхорлоогийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-аас Голден бридж нью Монголиа ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот 2 давхар 637 м.кв байрны түрээсийн төлбөрт 77,937,625.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00755 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Голден бридж нью монголия ХХК-д холбогдох нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,948.12 төгрөгийг улсын төсвийн 2609006167 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1921 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ичинхорлоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.03-ны өдрийн 755 дугаар шийдвэр илт үндэслэл муутай талаар.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Голден Бридж боловсролын төв нь Их Монголын уудам ХХК-ийн дэргэдэх төв болох нь хариуцагчийн тайлбар болон 2012.08.01-ний өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ, Голден бридж боловсролын төв-ийн хооронд хийгдсэн Түрээсийн гэрээ, түүнд дарсан тамга болон бусад баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9-13,25- 33,45-р хуудас/, ...Нэхэмжлэгч нь Мх Монголын уудам ХХК-ийн дэргэдэх Голден Бридж боловсролын төв-тэй байгуулсан Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд болох Голден бридж нью Монголиа ХХК-иас нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. гэж дүгнээд нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээ байгуулсан Их Монголын удам ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төв-өөс Түрээсийн гэрээний үүргийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагчийг шүүхийн шийдвэрт шууд нэр зааж тодорхойлсон бөгөөд уг шүүхийн шийдвэрт Их Монголын удам ХХК, Их Монголын Уудам ХХК гэж зөрүүтэй байдлаар хуулийн этгээдийн нэрийг дурдаж хариуцлагагүй хандахын зэрэгцээ, нэхэмжлэгч бус шүүх хариуцагчийг нэр зааж тогтоодог жишиг бий болгосон. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, манай байгууллагын зүгээс дээрх шүүхийн шийдвэрт зааснаар Их Монголын удам ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төв-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 12221 дугаартай захирамжаар Их Монголын Удам ХХК-д холбогдуулан гаргаж буй эсэх, Голден бридж боловсролын төвд холбогдуулан гаргаж буй эсэх нь тодорхойгүй байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус дүүргийн шүүхэд Их Монголын Удам ХХК-д холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.10-ны өдрийн 932 дугаар захирамжаар Их Монголын удам ХХК-ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, ...Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс гүйцэтгэж, Их номгоны удам ХХК-ийн захирлаар ажиллаж байсан П.Мэндбаярыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тэрээр Их Монголын Удам ХХК-тай ямар нэг хамааралгүй, миний нэр дээр Их Номгоны удам ХХК харьяалагдаж байгаад татан буугдаж, одоо улсын бүртгэлд уг хуулийн этгээд байхгүй гэх тайлбарыг гаргасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Их номгоны удам ХХК нь 2013.01.15-ны өдөр татан буугдаж, 2013.05.08-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Манай байгууллага хариуцагчаа зөв тодорхойлсон байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.03-ны өдрийн 755 дугаар шийдвэрт Их Монголын удам ХХК нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.12.06-ны өдрийн 11/3991 дугаартай албан бичигт дурджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад огт бүртгэлгүй, урьд бүртгэгдэж байгаагүй хуулийн этгээдээс шаардах эрхтэй болохыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан.

Түүнчлэн, Голден бридж нью монголиа ХХК нь Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т холбогдуулан засварын зардал гаргуулах тухай нэхэмжlэл гаргахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан атал, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь Голден бридж нью монголиа ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад Голден бридж нью монголиа ХХК нь Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж 2018.04.03-ны өдрийн 755 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ...Голден бридж сургалтын төвд олгосон гэрчилгээ, Голден бридж нью монголиа ХХК-ийн дэргэдэх Голден бридж сургалтын төвийн гэрчилгээг сунгах хүсэлтийг гаргаж байсан болох баримтыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.03-ны өдрийн 755 дугаар шийдвэрт заасан хавтаст хэргийн 25-33 талд байгаа баримт нь манай байгууллага болон Голден бридж нью монголиа ХХК нарын хооронд харилцаж байсан албан бичиг бөгөөд уг баримт Их Монголын Удам ХХК гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй болно.

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 77,937,625 төгрөгийг шаардах эзэнгүй болж байгаа бөгөөд нотлох баримтад үндэслээгүй шүүхийн шийдвэрээс үүдэн төрийн өмчит үйлдвэрийн газар хохироход хүрээд байна. Дээр үйл баримт, нотлох баримтаас дүгнэж үзэхэд Голден бридж нью Монголиа ХХК нь уг түрээсийн төлбөрийг хариуцах хариуцагч мөн.

4.2. Давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1921 дугаартай магадлалын хууль зүйн үндэслэлийн талаар.

Голден бридж боловсролын төвтэй байгуулсан 2012.08.01-ний өдрийн Түрээсийн гэрээний дагуу төлбөр 2014.10.20-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрт 51,958,417 төгрөг, алданги 25,979,208 төгрөг, нотариатын зардал 21,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Голден бридж нью Монголиа ХХК-д төлбөрийг төлөхийг удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан ба Голден бридж нью Монголиа ХХК-иас манай байгууллагад 2014.04.24-ний өдрийн 14/01/31 тоот албан бичигт ...2014.05.10-ны дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулж цаашид цаг хугацаа алдуулж, хэтрүүлэхгүй гэдгээ баталж байна гэж, 2014.10.30-ны өдрийн 14/01/67 тоот албан бичигт ...түрээсийн үлдэгдэл төлбөр 20 гаруй сая төгрөгийг 2014.11.30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж, 2015.01.29-ний өдрийн 15/01/07 тоот албан бичгээр ...Энэхүү уулзалтаас гарах түрээсийн тооцоог манай тал биелүүлэхээс татгалзах зүйлгүй болно гэж, 2015.02.02-ны өдрийн 15/01/09 тоот албан бичгээр ...Түрээсийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлнө... гэж түрээсийн төлбөрийг төлөх хүсэл зоригийг удаа дараа илэрхийлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар хангалттай нотлогддог ба хариуцагч нь олон удаагийн албан бичгээр түрээсийн төлбөр, болон ашиглалтын зардлыг үлдэгдэл байгаа талаар маргаагүй болно.

Мөн Голден бридж нью Монголиа ХХК нь түрээсийн байрыг бидэнд мэдэгдэлгүй дамжуулан түрээслэн ашиг олж байсан болох нь Билштайн Монгол ХХК, Боухаус ХХК, Эй Кэй Юу ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. Хариуцагч нь шүүхэд түрээсийн төлбөрийн тооцоололд маргаж, шүүхэд хариу тайлбар гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 12.2-1 заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд Голден бридж нью монголиа ХХК нь түрээсийн гэрээтэй холбоотой үүргийг зөвшөөрсөн агуулга бүхий баримт бичиг, нотлох баримт авагдсан байхад эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, талууд уг асуудлаар мэтгэлцсэн эсэх нь тодорхойгүй байна, мөн Голден бридж нью монголиа ХХК нь нэхэмжлэгч байгууллагын өөр компанитай байгуулсан түрээсийн гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн авч гүйцэтгэж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр Иргэний хуулийн холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэг хоорондоо зөрчилтэй, уг магадлалд ...Голден бридж нью монголиа ХХК нь түрээсийн гэрээтэй холбоотой үүргийг зөвшөөрсөн агуулга бүхий баримт бичиг, нотлох баримт авагдсан байхад... гэж зөв дүгнэсэн атлаа Голден бридж нью монголиа ХХК нь нэхэмжлэгч байгууллагын өөр компанитай байгуулсан түрээсийн гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн авч гүйцэтгэж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн ба хариуцагч Голден бридж нью монголиа ХХК нь маргаагүй үйл баримтыг дахин нотлохыг шаардсан, мөн Голден бридж нью монголиа ХХК нь түрээсийн гэрээтэй холбоотой үүргийг зөвшөөрсөн агуулга бүхий баримт бичиг үйлдэж өгснөөр Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан эрхийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байхад уг байдлыг илт хууль зүйн үндэслэлгүй тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих хуулийн зохицуулалттай байхад мэтгэлцсэн эсэх нь тодорхойгүй гэж шийдвэрийг хүчингүй болгосон нь илт үндэслэл муутай. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчим хамааралгүй гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. гэж заасан ба нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээ байхад заавал үнэлээгүй байна гэх үндэслэл зааж байгаа нь учир дутагдалтай юм. Хариуцагч нь нэхэмжлэгч төрийн байгууллагыг луйвардах, гэрээний үүргийг хариуцахгүй байх бүх арга замыг хайж, манай байгууллагатай гэрээ байгуулсан атлаа уг гэрээний төлбөрийг төлөлгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээ байгуулсан хуулийн этгээдийг татан буулгаж, шинэ хуулийн этгээд байгуулан манай байгууллагатай харилцаж байсан болох нь баримтаар хангалттай нотлогдож байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, /318.1/ 232 дугаар дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Голден бридж нью Монголиа ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага 77,937,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар нь Голден бридж боловсролын төвд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот, 637м.кв бүхий 2 давхар байрыг 2012.08.01-ний өдрөөс 2015.08.01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай ажлын байрны зориулалтаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Голден бридж нью Монголиа ХХК нь түрээсийн гэрээ байгуулснаас хойш гэрээний 3.2 дахь хэсэгт заасан зөрчлийг удаа дараа гаргаж түрээсийн төлбөрийг байнга хожимдуулан төлж, авлага үүсгэсэн. ...Голден бридж сургалтын төвөөс төлбөрийг барагдуулах тухай амлалт, хүсэлт бүхий албан бичиг ирүүлж байсан ч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг барагдуулалгүй гэрээний 3.2-т заасан зөрчил гаргасан. ...Иймд 2014.10.20-ны өдрөөс 2015 оны 01 сар хүртэлх түрээсийн төлбөрт 51,958,417.20 төгрөг, түрээсийн гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож, алданги 25,979,208.60 төгрөг, нийт 77,937,625.81 төгрөгийг нотариатын зардал 21,900 төгрөгийн хамт нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 2012.08.01-ний өдөр Голден бридж боловсролын төвтэй түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний үүргийг Голден бридж нью монголия ХХК-аас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Түрээсийн гэрээний Голден бридж боловсролын төвийн тамга дээр Их Монголын удам ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төв гэсэн бичвэр байгаа. Голден бридж боловсролын төв нь Голден бридж нью монголия ХХК-д хамаарахгүй. Голден бридж боловсролын төвийн захирал П.Мэндбаяр, Голден бридж нью монголия ХХК-ийн захирал П.Мэндбаяр гэж байгаа нь Голден бридж боловсролын төвтэй байгуулсан гэрээний үүргийг Голден бридж нью монголия ХХК-аас нэхэмжлэх үндэслэл болохгүй... гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч Голден бридж нью Монголиа ХХК нь нэхэмжлэгч байгууллагын өмнө 2012.08.01-ний өдрийн Түрээсийн гэрээний дагуу ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талуудыг мэтгэлцүүлээгүй, маргааны зүйлийг тодруулаагүй гэх үндэслэл тус тус заажээ.

8. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

10. Нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГазар нь Голден бридж нью Монголиа ХХК, захирал П.Мэндбаярт холбогдуулан 2012.08.01-ний өдөр Голден бридж боловсролын төвтэй байгуулсан Түрээсийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд хариуцагчийг тодорхойлохдоо Голден бридж нью Монголиа ХХК, Голден бридж боловсролын төв хоёулангынх нь гэрээнд дээр П.Мэндбаяр гэдэг хүн гарын үсэг зурсан гэж тайлбарласан бөгөөд зохигч шүүх хуралдаанд хариуцагчийн эрх зүйн байдлын талаар маргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт хариуцагч Голден бридж нью Монголиа ХХК нь нэхэмжлэгч байгууллагын Голден бридж сургалтын төвтэй байгуулсан Түрээсийн гэрээтэй холбоотой үүргийг тодорхой хугацаанд төлж барагдуулах талаар хүсэлт хүргүүлж, түрээсийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах талаар албан бичгээр харилцсан, түрээсийн төлбөрийг зөвшөөрсөн агуулга бүхий баримт бичиг, албан тоот илгээж байсан зэрэг нотлох баримтууд авагдсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эдгээр баримтын талаар тодруулаагүй, зохигч мэтгэлцсэн эсэх нь тодорхой бус байхаас гадна анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, үйл баримтыг үнэлээгүй байхад хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Энэ талаар гаргасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1921 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ичинхорлоогийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-аас 2020.10.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                         ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД