Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 011

 

      А.Ардахт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/00114 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч А.Ардахт холбогдох эрүүгийн 201726020423 дугаартай, 9 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, прокурор Х.Өрен, шүүгдэгч А.Ардах, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хохирогч К.Рахат, С.Лира, З.Күлан нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, ам бүл-2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон гудамжийн 2-6 тоотод оршин суух, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шеруши санырау овогт Айболатын Ардах /РД:БЮ92012926/

 

Шүүгдэгч А.Ардах нь иргэн Х.Жанарбекийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол Тамхи Со" ХХК-аас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банкны 5013130122 тоот данснаас 87,000,000 төгрөгийг “Монгол тамхи Со” XXКомпани Хаан банкны 5007079477 тоот данс руу шилжүүлж авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлж авч залилан мэхлэн авсан,

2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Содон хороолол 103-168 тоотод оршин суудаг Бурмаа овогтой Энхбаярт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хананы материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 дугаар байр, 314 тоот хаягт байршилтай 52 м.кв хоёр өрөө орон сууцны байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэж барьцаалан 35,800,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн К.Рахатаас өөрийгөө “Монгол Тамхи Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын сарын 11-ээс 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 8,641,4000 төгрөгийг иргэн А.Хуандых, Х.Хумарбек нарын Хаан банкин дахь 5031523315, 5926003447 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

Мөн тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн З.Күланаас өөрийгөө “Монгол Тамхи Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын 21-ээс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр 24,000,000 төгрөгийг иргэн А.Хуандых, Х.Хумарбек, Х.Естай нарын Хаан банкин дахь 5031523315, 5926003447, 5024711830 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

Тус аймгийн Булган сумын эрүүл мэндийн төвийн сувилагч ажилтай А.Сандигүлээс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг “...би ОХУ-аас бараа оруулж ирэх гэж байна, Өлгий сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан 14 хоногийн дотор мөнгийг чинь 5 хувийн хүүтэй буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан мэхэлж авсан,

Тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай Д.Досымхан, С.Лира нарт Айболат овогтой Ардах нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө нэрийг Еркегүл гэж танилцуулж “Монгол Тамхи Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, одоо Улаанбаатар хотод 2 их дэлгүүртэй, “Монгол Тамхи Со” компаниас авах 2,000,000 төгрөгийн урамшууллыг авахад 8,000,000 төгрөг шаардлагатай байна. Та нарын мөнгийг 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй эргүүлж өгнө гэж итгүүлэн 5,000,000 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн иргэн Б.Нуржауарын нөхөр К.Бахытбергенийг Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж хууран мэхэлж 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр 01-ний өдрийн хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 5,970,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суугч Д.Айгүлийн гэрээс очиж 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Би “Тамхи Со” ХХК-аас тамхи худалдаж авах ба том оноо /бал/ цуглуулж байгаа, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад шагналын мөнгө орж ирэхээр нь өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 3,900,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/00114 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ардахт холбогдох, 201726020423 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж  шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Шүүх И.Болат, Х.Еркежан нар нь яллагдагч А.Ардахын хохирогч К.Рахат, К.Еркин, З.Күлан нараас авсан мөнгөтэй холбоотой эсэхийг зөв тогтоох шаардлагатай байна. ...Ингэснээр И.Болат, Х.Еркежан нар өөрсдийн өр төлбөрийг барагдуулж авахын тулд үнэхээр яллагдагч А.Ардахтай үгсэн тохирч З.Рахат, О.Еркин, З.Күлан нарыг зааж өгч мөнгө зээлдүүлж өөрсдийн өр төлбөрөө барагдуулж авсан эсэх нь тогтоогдох болно гэжээ. Уг асуудлыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоосон ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий гэрч Х.Еркежаны 1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудаст авагдсан мэдүүлэг, мөн К.Еркежаны гэрчээр дахин байцаахад өгсөн 9 дүгээр хавтаст хэргийн  73-74 дүгээр хуудаст авагдсан мэдүүлэг, гэрч И.Болатын 1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар хуудаст авагдсан мэдүүлэг, мөн И.Болатын гэрчээр дараах удаа өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар хуудаст авагдсан мэдүүлэг, И.Болатыг гэрчээр дахин асуухад өгсөн 9 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудаст авагдсан мэдүүлэг, яллагдагч А.Ардахын 5 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст авагдсан мэдүүлэг болон И.Болатад яллагдагч А.Ардахаас шилжүүлсэн гэх мөнгөний тооцоог хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгануудтай тулгалт хийж гаргасан бүдүүвчээр /9 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ И.Болат, Х.Еркежан нар нь яллагдагч А.Ардахын хохирогч К.Рахат, К.Еркин, З.Күлан нартай холбож өгсөн, И.Болат, Х.Еркежан нар нь А.Ардахтай бүлэглэн бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй ба хэргийн хохирогч К.Рахат, К.Еркин, З.Күлан нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр Х.Еркежан, И.Болат нарт ямар нэгэн мөнгө төгрөг зээлээгүй, тэр хоёроос авах авлага, өглөг болоод залилуулсан асуудал байхгүй талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь яллагдагч А.Ардахын гэм буруутайг шүүхээр хянан хэлэлцүүлэх үндэслэл болно. /Рахат, Күлан нараас мөнгө авсан хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж байгаа ба Болатаас мөнгө зээлдсэн хугацаа 2017 оны 01 сараас өмнө бөгөөд мөн оны 04 сараас хойш Болатад огт мөнгө шилжүүлээгүй байгааг шүүх зориуд анзаарсангүй юу./ Шүүх хэргийг буцаах үндэслэлээ болгосон 2 дахь заалт бүхий яллагдагч А.Ардахын хохирогч Б.Нуржауарын нөхөр К.Бахытбергенийг “Цэрэг, цагдаагийн сургуульд оруулж өгнө” гэж 5,300,000 төгрөг авсан үйлдэлд Өлзий гэгч холбоотой эсэхийг тогтоох шаардлагатай байна гэх боловч энэ нь хохирогч Б.Нуржауарын 6 дугаар хавтаст хэргийн 209 дүгээр хуудаст авагдсан мэдүүлэг, яллагдагч А.Ардахын 6 дугаар хавтаст хэргийн 215-218 дугаар хуудаст авагдсан мэдүүлгүүдээр тэрээр анхнаасаа хохирогч Б.Нуржауар болон түүний талийгаач нөхөр Бахытбергенийг залилах санаа зорилгоор өөрийнхөө нэрийг зориудаар нууж, нэрээ өөрчлөн Еркегүл гэж танилцуулсан, Хууль сахиулах их сургуульд ажилладаг хурандаа Мандах, Наранжамц гэдэг хоёр хүний талаар хэлж байсан боловч хэрэгт шалгагдах явцад Өлзий гэдэг хүний талаар мэдүүлж /мөрдөн байцаалтад санаатай саад учруулж/ түүний оршин суух хаяг, овог, нэр, оршин суух хаяг, утасны дугаар зэргийг хэлж мэдүүлээгүй, өөрт ашигтай мэдүүлгийн эх сурвалжийг зааж өгөөгүй зэрэг байдал нь түүний мэдүүлгүүд үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул түүний гэмт үйлдэлд Өлзий гэгч холбоотой эсэхийг шалган тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтаар Монгол Улсын хэмжээнд оршин суух хаягтай Өлзий нэртэй хүнийг А.Ардахт холбогдох хэрэгт холбогдуулан шалгах, тэднээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулах боломжгүй юм. Харин Ардах нь Б.Нуржауарыг залилсан, мөнгийг авч ашигласан нь нэгэнт тогтоогдсон тул Өлзийд өгсөн эсэх, өөр хүнд өгсөн эсэх нь огт ач холбогдолгүй, мөрдөн байцаалтыг төөрөгдүүлэх, өөрийнхөө гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхгүй удаашруулж цаг хожих гэсэн атгаг санаа буюу “чулуу хөөлгөсөн" үйлдэл байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/00114 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа хоёр үндэслэлээр мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

           

            1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Рахатын “...Дараа нь би Х.Еркежанаас “А.Ардах гэгч хэн юм бэ. Энэ хүнд итгэж болох юм уу” гэхэд Х.Еркежан надад “итгэж болно найдвартай хүн” гэж хэлсэн. Дараа нь миний нөхөр Еркин Болаттай уулзаж А.Ардахын талаар асуухад “Бид нар 3 жил гаруй харилцаа холбоотой байгаа. Ямар нэгэн асуудал гаргаагүй. Бид мөнгөө өгч цаг хугацаанд нь авч байгаа” гэж хэлсэн гэж,

            Хохирогч З.Күланы “...Би А.Ардахт итгэх болсон учир нь Х.Еркежан бид нараас авсан мөнгийг А.Ардахт 5-10 хувийн хүүтэй зээлдүүлж дундаас нь ашиг олж байсан ба Х.Еркежан бид нарт зээлсэн мөнгөний хүүг цаг тухайд өгч байсан болохоор А.Ардахыг найдвартай хүн гэж итгэсэнтэй холбоотой байсан юм. Нөгөө талаар Х.Еркежан А.Ардахыг том бизнес хийдэг найдвартай гэж ярьдаг байсан. Өдөрт бараг 8 сая төгрөгийн тамхины бизнес хийдэг гэж хэлж байсан.” гэж тус тус мэдүүлжээ.

            Өмгөөлөгч С.Нургайып болон шүүгдэгч А.Ардах нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: “...Х.Еркежан, И.Болат хоёр нь өөрсдийн зээлсэн мөнгөө авахын тулд К.Рахат, З.Күлан нарыг зааж өгч тэд нараас мөнгө зээлдүүлж авч өөрсдийн өр төлбөрөө надаас авсан. Энэ хугацаанд А.Ардахаас И.Болатад 100 гаруй сая төгрөг өгсөн байна. Хэрэв И.Болат нь эдгээр хүмүүсийг зааж өгч мөнгө зээлдүүлж өөрсдийн өр төлбөрөө барагдуулж аваагүй бол энэ хүмүүсээс мөнгө авах шаардлагагүй байсан.” гэв.

            Үүнээс үзэхэд И.Болат, Х.Еркежан нар нь яллагдагч А.Ардахын хохирогч К.Рахат, К.Еркин, З.Күлан нараас авсан мөнгөтэй холбоотой эсэхийг зөв тогтоох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл яллагдагч А.Ардах нь И.Болат, Х.Еркежан нараас хэзээнээс эхлэн ямар хугацаанд нийт хэдэн төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгөө хэзээ төлж барагдуулсан болон хохирогч К.Рахат, К.Еркин, З.Күлан нараас мөнгө зээлсэн хугацаанд И.Болат, Х.Еркежан нарт өр төлбөр төлсөн эсэхийг нарийн тогтоох шаардлагатай байна. Ингэснээр “И.Болат, Х.Еркежан нар өөрсдийн өр төлбөрийг барагдуулж авахын тулд үнэхээр яллагдагч А.Ардахтай үгсэн тохирч К.Рахат, К.Еркин, З.Күлан нарыг зааж өгч мөнгө зээлдүүлж өөрсдийн өр төлбөрөө барагдуулж авсан эсэх нь тогтоогдох болно.” гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

 

            Шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт яллагдагч А.Ардах нь “Еркежан надад З.Күлан гэдэг хүнийг танилцуулсан. 2015 оны 11 дүгээр сард З.Күланы дугаарыг өгсөн. Тэрнээс өмнө Улаанбаатар хотод байхад Болат мөнгөө төлүүлж авсан. Эдгээр хүмүүсийг Болат, Еркежан нар холбож өгөөгүй гэж хэлж байгаа. Би эдгээр хүмүүсийн өр төлбөрийг төлж өгөхгүй гэж хэлээгүй. Одоо хүртэл бага бага хэмжээгээр төлж өгч байгаа. Эдгээр хүмүүс бие биетэйгээ барьцаж байна. З.Күланыг танихгүй байсан. Болат, Еркежан нар танилцуулсан. Гэхдээ би Болат, Еркежан нараар бүх мөнгийг төлүүлнэ гэж байгаа зүйл биш. Болат, Еркежан нарт та нар танилцуулсан гэдгийг хэлж өгөөч гэхэд Еркежан өөрөө мэдүүлэгтээ энэ талаар хэлж өгсөн.” гэж мэдүүлсэн.

           

            Харин гэрч К.Рахат нь “Х.Еркежан бид нараас түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад буцааж өгч байсан ба би мөнгийг А.Ардахад өгч хүүг нь авч ашиг олдог гэж хэлж байсан. Дараа нь 2017 оны 4 дүгээр сарын эхээр Х.Еркежан надад таны утасны дугаарыг би А.Ардахад өгсөн таньтай ярих байх та яриарай гэж хэлсэн. Тэр үеэр А.Ардах гэгч надад утсаар ярьж Болат, Еркежан нар 10.000.000 төгрөг өгсөн. Та тэр мөнгийг надад өгвөл би эргэлдүүлж өгье, надад мөнгө шаардлагатай байна гэж хэлсэн ба тэр мөнгийг би өгч чадахгүй гэж хэлсэн. Тэр над руу байнга залгаж таны мөнгийг өсгөж өгнө, хүүтэй өгнө гэж хэлдэг байсан. Дараа нь би Х.Еркежанаас “А.Ардах гэгч хэн юм бэ. Энэ хүнд итгэж болох юм уу” гэхэд Х.Еркежан надад “итгэж болно найдвартай хүн” гэж хэлсэн. Дараа нь миний нөхөр Еркин Болаттай уулзаж А.Ардахын талаар асуухад “Бид нар 3 жил гаруй харилцаа холбоотой байгаа. Ямар нэгэн асуудал гаргаагүй. Бид мөнгө өгч цаг хугацаанд нь авч байгаа гэж хэлсэн болохоор нь миний бие Ардахад итгэж хадгаламжид байсан данснаас 9 сая 300 мянган төгрөгийг А.Ардахын явуулсан данс руу шилжүүлсэн.” гэжээ.     

            Хохирогч З.Күлан нь “Ардах надад утсаар ярих үед миний ямар хүн болохыг Х.Еркежан, И.Болат нар мэднэ гэж хэлсэн. Би А.Ардахт итгэх болсон учир нь Х.Еркежан бид нараас авсан мөнгийг А.Ардахт 5-10 хувийн хүүтэй зээлдүүлж дундаас нь ашиг олж байсан ба Х.Еркежан бид нарт зээлсэн мөнгөний хүүг цаг тухайд өгч байсан болохоор А.Ардахыг найдвартай хүн гэж итгэсэнтэй холбоотой байсан юм. Нөгөө талаар Х.Еркежан А.Ардахыг том бизнес хийдэг найдвартай гэж ярьдаг байсан. Өдөрт бараг 8 сая төгрөгийн тамхины бизнес хийдэг гэж хэлж байсан. Х.Еркежан би жирэмсний амралт авах гэж байна би цаашид уг үйл ажиллагааг явуулах боломжгүй болж байна, та зээлийн хүүгээ Ардахаас шууд данс руу авч байх болно гэж хэлж байсан. Би Ардах гэгч эмэгтэйд тухайн үед биеэр уулзаж байгаагүй. Ямар хүн болохыг нь зүс царайг нь харж байгаагүй. ...Би тамхины компаниас 56 сая төгрөгийн урамшуулал авах гэж байгаа гэх мэтээр хэлж намайг итгүүлсэн болохоор би түүнд удаа дараа 2 сая, 2.4 сая, 1.5 сая гэх мэтээр нийт 24 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн.” гэжээ.

 

            Дээрх хохирогч З.Күлан, гэрч К.Рахат нарын мэдүүлгүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлт нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд И.Болат, Х.Еркежан нар нь яллагдагч А.Ардахтай үгсэн тохиролцсон байдал нь тогтоогдоогүй, З.Күлан, К.Рахат, К.Еркин нар нь өөрсдийн мөнгөө яллагдагч А.Ардахтай утсаар ярьж шилжүүлж байсан нь удаа дараагийн мэдүүлгүүдээр батлагдаж байна. 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар байна.

            Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

           

            2. Яллагдагч А.Ардахын хохирогч Б.Нуржауарын нөхөр К.Бахытбергенийг “Цэрэг, Цагдаагийн сургуульд оруулж өгнө” гэж 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөг авсан үйлдэлд Өлзий гэгч холбоотой эсэхийг тогтоох шаардлагатай байна гэжээ.

 

            Яллагдагч А.Ардах нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өлзийгийн жинхэнэ нэр Өлзий болно. Утасны дугаарыг тэмдэглэлийн дэвтрээс харж байгаад хэлж өгье. БЗД-ийн 13 хороо “Ногоон төгөл” хотхонд оршин суудаг гэж хэлж байсан. Өлзий надаас 4.5 сая төгрөг авсан. Тэр мөнгийг юунд зарцуулсан болохыг мэдэхгүй. Мөн Өлзийгийн хэлсэн Оюука гэдэг эмэгтэйд 340000 / гурван зуун дөчин мянга/ төгрөгийг өгсөн.” гэжээ.          

            Хавтаст хэрэгт уг мэдүүлгийн дагуу Өлзий, Оюука гэгч нарыг хаана ямар ажил албан тушаал эрхэлж байсан, эрхэлдэг хүн болох, яллагдагч А.Ардахаас Өлзий нь “К.Бахытбергенийг Цэрэг, Цагдаагийн сургуульд оруулж өгнө” гэж үнэхээр 4.5 сая төгрөг авсан эсэх. Мөн Оюука гэх хүн нь яллагдагч А.Ардахаас 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг авсан эсэх. Хэрэв авсан бол ямар учраас авах болсон талаар асууж тодруулсан зүйл байхгүй байна гэжээ. 

           

            Хохирогч Б.Нуржауарын “Би утсаар залгаж чи миний нөхрийг 11 дүгээр сарын 04-ний өдөр сургуульд оруулна гэсэн биз дээ яасан бэ нөгөө уулзуулна гэсэн хүн чинь хаана байна гэхэд тэр хүн 11 дүгээр сарын 05-ны өдөр уулзахаар болсон гэж худлаа хэлсэн. Дараа нь 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Бахытберген А.Ардахтай уулзаж чи бид нараас авсан мөнгөнд баталгаа гаргаж өг гэхэд гэрээ хийе гэж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10.0 сая төгрөгийг А.Ардах, Бахытбергенээс зээлдэж авсан гэсэн гэрээ хийсэн.” гэж мэдүүлжээ.

           

Яллагдагч А.Ардахын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэгт “Тэгээд би Нуржауараас дүү Хуандахын 5031523315 тоот дансаар 4.5 сая төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 800.0 мянган төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлж авсан. ...Б.Нуржауараас шилжүүлсэн 4.5 сая төгрөгийг би өөрөө дансаар зарцуулсан. Б.Журауараас шилжүүлсэн 800.0 мянган төгрөгийг би өөрөө дансаар зарцуулсан. Харин Өлзийд өөр мөнгөнөөс 4.5 сая төгрөг бэлэн өгсөн. Би тухайн үед тамхины наймаа хийж байгаад ажил маань зогссон. Дээрх хүмүүсийн хувьд сургуульд оруулж өг гэж мөнгө өгсөн. Өлзийгийн жинхэнэ нэр Өлзий болно. Утасны дугаарыг нь тэмдэглэлийн дэвтрээс харж байгаад хэлж өгье.  БЗД-ийн 13 дугаар хороо Ногоон төгөл хотхонд оршин суудаг гэж хэлж байсан. Гэрт нь очиж байгаагүй. Тодорхой хаягийг нь мэдэхгүй.” гэж мэдүүлсэн.

            Зургаа дугаар хавтаст хэргийн 198 дугаар хуудаст “2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд нэг талаас К.Бахытберген, нөгөө талаас А.Ардах нарын хооронд 10.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл 2 сар тав хоногийн хугацаатай олгов” гэсэн гэрээ байгуулагджээ.

                       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүгчийн захирамжид заагдсан хоёр үндэслэлийг бүрэн шалгаж тодруулах нь холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах үндэслэлтэй байна.

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/00114 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.Ардахт холбогдох 201726020423 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Ардахт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ