Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 101/2016/05845/И |
Дугаар | 001/ХТ2021/00255 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/00255
Ремикон ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01285 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1696 дугаар магадлалтай,
Ремикон ХК-ийн нэхэмжлэлтэй,
Тэнгэрлэг бүтээмж ХХК, Л.Энхтүвшин нарт холбогдох
Гэрээний үүргийн төлбөрт 23 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн төлөөлөгч Б.Нямдорж, түүний өмгөөлөгч Б.Солоно, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ремикон ХК нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд бетон зуурмаг хүлээн авсан. Бид бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч Тэнгэрлэг бүтээмж ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний 15,480,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тэнгэрлэг бүтээмж ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул цагдаад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарсан. Энэ үеэс Тэнгэрлэг бүтээмж ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлээд байгаа юм. Иймд 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,480,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 7,740,000 төгрөгнийт 23,220,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Б.Нямдорж хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Тэнгэрлэг бүтээмж ХХК нь Ремикон ХК-иас ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Б.Нямдоржоос ямар нэгэн гэрээний үүрэг шаардаагүй байдаг. Нэхэмжлэлийг 2016 онд гардаж авсан. Энэ үйл явдал нь 2012 онд болсон байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд Л.Энхтүвшин төлөөлж гарын үсэг зурсан. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн захирал Б.Нямдорж мэдсэн. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээн дээрх Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистрийн дугаар Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийнх биш юм. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу бараа нийлүүлснээр мөнгө авах эрх нь үүсч байгаа. Гэтэл Тэнгэрлэг бүтээмж ХХК гэж хүлээж авсан баримтан дээрх гарын үсэг нь дандаа М.Баярмагнайгийн гарын үсэг байна. Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийг төлөөлж нэг ч ажилтан үүнийг хүлээж аваагүй. Бетон зуурмагийг Жинст заан ХХК хүлээж авсан байхад Тэнгэрлэг бүтээмж ХХК-иас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хэлцлийг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан бөгөөд тэр нь улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар Б.Нямдорж юм. 2014 онд байгуулагдсан 1 гишүүнтэй компани бөгөөд Л.Энхтүвшин Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ремикон ХК нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж байгаагүй бөгөөд манай компанийн тамгыг дараад Л.Энхтүвшин гэх хүн гарын үсэг зурсан байна. Мөн уг гэрээнд дарагдсан тамга нь бүдэг бөгөөд шүүхэд гэрээнд дарагдсан тамгыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжлүүлье гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй, мөн гэрээнд дурдагдсан компанийн регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн дугаарууд биш байсан. Энэ гэрээнд дурдагдсан регистрийн дугаар улсын бүртгэлийн дугаарыг мөн ямар байгууллагын бүртгэлтэй болохыг Оюуны өмч улсын бүртгэлийн газраас лавлах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгч хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтийг хангахгүй нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр шийдвэр гарах үндэслэл болохоор байгаа тул тамга тэмдэг нь бүдэг, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар нь зөрүүтэй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байна. Иймд Ремикон ХК нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тэнгэрлэг бүтээмж ХХК нь Нью тур ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Бага тэнгэрийн аманд байрлах барилгыг Тэнгэрлэг бүтээмж ХХК-иар бариулж, 555,750,000 төгрөгийн хөлсийг олгосон байна. Нью тур ХХК болон Тэнгэрлэг бүтээмж ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн захирал Л.Энхтүвшин гарын үсэг зурж, тамга дарж, уг гэрээний ажлын хөлс 450,349,902 төгрөгийг Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Нью тур ХХК-иас Тэнгэрлэг бүтээмж ХХК, түүнийг төлөөлж захирал Л.Энхтүвшинтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлж, гүйцэтгэсэн ажлыг мөн хүлээн авсан болох нь хэргийн материалд авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны дансны хуулга, барьцаа олгож гэрээ хаасан протокол, шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 123/17 тоот албан тоот зэргээр тогтоогддог. Гэтэл Б.Нямдорж нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн үүсгэн байгуулсан цагаас хойш тус компанийн захирал байсан Ремикон ХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулаагүй ба Л.Энхтүвшин нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэсэн тайлбарыг гаргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан атлаа Нью тур ХХК болон Тэнгэрлэг бүтээмж ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, өөрийн компанийн Хаан банкны дансаар Нью тур ХХК-иас шилжүүлсэн 450,349,902 төгрөгийн ажлын хөлсийг захиран зарцуулсан нь ойлгомжгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болоод шүүхэд гаргасан тайлбар нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, Нью тур ХХК-иас санхүүжилт авахдаа Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн захирал Л.Энхтүвшин байсан болохыг зөвшөөрч, 450,349,902 төгрөгийн ажлын хөлс авсан атлаа уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай барилгын бүтээгдэхүүнийг Ремикон ХК-иас авсан 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Л.Энхтүвшин байгуулах эрхгүй этгээд гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн зүгээс Ремикон ХК-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01285 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК-иас 22 987 800 төгрөг гаргуулах тухай Ремикон ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 232 200 төгрөгийг хариуцагч Л.Энхтүвшингээс гаргуулан нэхэмжлэгч Ремикон ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Тэнгэрлэг бүтээмж ХХК нь 2012 оны 09 дүгээрсарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасны дагуу Ремикон ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 050 төгрөг, хариуцагч Тэнгэрлэг бүтээмжХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхтүвшингээс 7 616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ремикон ХК-д олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1696 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК, Л.Энхтүвшин нараас 23 220 000 төгрөгийг гаргуулан Ремикон ХК-д олгосугай. гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т ...хариуцагч Л.Энхтүвшингээс 7 616 төгрөг... гэснийг хариуцагч нараас 274 050 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгийн хураамж 274 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1696 тоот магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн тул энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК нь Нью тур ХХК-иас Бага тэнгэрийн аманд барилга барих ажил авч, тухайн ажлаа Жинст заан ХХК /захирал нь тухайн хэрэгт гэрчээр асуугдсан М.Баярмагнай/, Стандарт марк ХХК /захирал нь уг хэргийн хамтран хариуцагч Л.Энхтүвшин/-уудаар тус тус гүйцэтгүүлж, тухай бүрт нь тооцоо хийж байсан. /хх-ийн 271, 272, 285, 286/ Дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ажилд хэрэглэгдэх барилгын материалыг туслан гүйцэтгэгч Жинст заан ХХК, Стандарт марк ХХК нар өөрсдөө хариуцах, гэрээт ажлын хөлсөнд 1,050,000,000-1,200,000,000 төгрөг хүлээн авахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 271-285 дугаар талын арын нүүр/. Маргаан бүхий хэлцэл буюу Бүтээгдэхүүн нийлүүлэх тухай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг нэг талаас Тэнгэрлэг бүтээмж ХХК, нөгөө талаас Ремикон ХК нар байгуулсан /хх-ийн 7-10/ гэх боловч тухайн гэрээнд заасан компанийн регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар нь Тэнгэрлэг бүтээмж ХХК- ний дугаар биш.
Ремикон ХК-аас бетон зуурмагийг нийлүүлэх хугацаанд тус байгууллагын дансанд Тэнгэрлэг бүтээмж ХХК-иас гэж орсон төлбөрийг ямар компаниас шилжүүлж байсан нь тодорхойгүй. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. Гэтэл Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн захирал өөрийг нь төлөөлж бусадтай хэлцэл хийх эрхийг н.Энхтүвшинд олгоогүй, бөгөөд түүний хийсэн хэлцлийг зөвшөөрөөгүй байгаа нь тухайн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр бус юм.
Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх шаардлагатай гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь маргаан бүхий гэрээ 2012 оны гэрээ, гэтэл 2016 он хүртэл Тэнгэрлэг бүтээмж ХХК-ний захирал Б.Нямдоржийг "Ремикон ХК-иас эрүүгийн болон иргэний журмаар, утсаар ч ямар нэг байдлаар уг гэрээтэй холбогдуулан шалгаж байгаагүй байна. Тухайн асуудлаар эрүүгийн журмаар шалгуулахаар гаргасан гомдлыг Г.Галбадрах гэх хүн гаргасан, тухайн хүн нь Ремикон компаний ажилтан мөн эсэх, мөн түүнчлэн уг асуудлаар Тэнгэрлэг бүтээмж ХХК цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн захирал Б.Нямдорж юу ч мэдээгүй, учир нь Галбадрах гэх хүн Энхтүвшин гэх хүнд холбогдуулан гомдол гаргаж, гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан.
Дээрх асуудлуудыг хариуцагчийн өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбарлах тул шүүх хуралд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү.
Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1696 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ремикон ХК, Тэнгэрлэг бүтээмж ХХК болон Л.Энхтүвшин нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 23 220 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар татгалзжээ. Хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч Л.Энхтүвшингээс 232 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Тэнгэрлэг бүтээмж ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Тэнгэрлэг бүтээмж ХХК сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолд Бүтээгдэхүүн нийлүүлэх тухай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээнд заасан регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн дугаар биш, тус компанийн захирал өөрийг нь төлөөлж бусадтай хэлцэл хийх эрхийг Л.Энхтүвшинд олгоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр бус, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэсэн агуулгыг заажээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт баримтаар Тэнгэрлэг бүтээмж ХХК, Ремикон ХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ, мөн Тэнгэрлэг бүтээмж ХХК, Нью тур ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус авагджээ. (хх-324-327, 210-215)
Дээрх гэрээнүүдэд Тэнгэрлэг бүтээмж ХХКийг төлөөлж Л.Энхтүвшин гарын үсэг зурсан ба Ремикон ХК-иас гэрээний дагуу хүлээн авсан бетон зуурмагийг Нью тур ХХК-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгэж буй барилгын ажилд зарцуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.(хх-288)
Хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК нь Нью тур ХХК-иас Бага тэнгэрийн аманд барилга барих ажил авч, тухайн ажлаа М.Баярмагнай захиралтай Жинст заан ХХК, Л.Энхтүвшин захиралтай Стандарт марк-аар ХХК тус тус гүйцэтгүүлж, тооцоог хийж гэрээт ажлын хөлсийг төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзаж байгаа боловч зуурмаг нийлүүлэх гэрээ Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн нэрээр хийгдэж, төлбөрийн зарим хэсэг төлөгдсөн ба энэхүү төлбөрийг тус компаниас өөр этгээд төлсөн болохыг, мөн Л.Энхтүвшин тус компанийн барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан гэх гэрч М.Баярмагнайн мэдүүлэг болон Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн захирал Б.Нямдорж зөвшөөрөл өгсний үндсэн дээр тамгыг авч Ремикон ХК- тай гэрээ байгуулсан гэх тайлбарыг (хх-57) няцаасан баримтыг гаргаагүй байна.
Түүнчлэн барилгын зарим ажлыг Л.Энхтүвшингийн Стандарт марк ХХК гэрээний дагуу гүйцэтгэж, төлбөр тооцоог хийж хөлсөө авсан тухай хэргийн 58 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдоно, иймд уг барилгын ажилд зориулж Ремикон ХК-иас авсан бетон зуурмагийн тооцоог Л.Энхтүвшингийн Стандарт марк ХХК хариуцах ёстой гэж татгалзсан тохиолдолд тус компанийн хийсэн ажил, төлбөр тооцоог нэг бүрчлэн гаргаж нотлох үүрэгтэй болно.
Харин гэрээнд заасан бетон зуурмаг түүний үнийг нэхэмжлэгчид хэн нь хариуцан төлөх талаар хариуцагч Л.Энхтүвшин маргаж байгаа тохиолдолд хэргийн 58 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг Тэнгэрлэг бүтээмж ХХК, Л.Энхтүвшин хоорондын тооцоог дуусгасан баримт гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу хариуцагч нар үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна гэж тайлбарлан хэрэглэсэн нь маргааны харилцаанд нийцжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан байна.
Хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлээс, анхан шатны шүүхийн хэрэг хянан ажиллагааны явцад татгалзсан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад, хяналтын журмаар гаргасан гомдолд гэрээ хүчин төгөлдөр бус гэж зааж буй нь ойлгомжгүйгээс гадна Л.Энхтүвшинд тус компанийг төлөөлөх зөвшөөрөл олгоогүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэв.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1696 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 274,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ