Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2018/00145

 

 

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2018/00145

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 15 дугаар хороо, Хос өргөө 70-18 тоотод оршин суух, Холбооч овогт Жигжидсүрэнгийн Цэрэнхүү /ДЮ71070200/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Холбооч овогт Жигжидсүрэнгийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 41 дүгээр байрны 22 тоотод оршин суух, Тайж овогт Лувсангийн Эрдэнэчимэг /ДБ75050207/,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Хөгжил хорооллын 4 дүгээр гудамжны 3 байрны а б тоотод оршин суух, Урианхай овогт Очирбатын Оюунсувд /ДД78022500/ нарт холбогдох

Үндсэн зээл 23,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 34,500,00 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 7,850,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 19,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Ж.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Л.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч О.Оюунсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ж.Цэрэнхүүгээс Л.Эрдэнэчимэг нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж авсан байдаг. 2016 оны 05 сарын 25-ны өдөр үндсэн мөнгөнөөс 2,000,000 төгрөг, хүүнд нь 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг өгөөд үндсэн мөнгө 23,000,000 төгрөг үлдсэн. Тэгээд Л.Эрдэнэчимэг рүү утастаад үлдэгдэл мөнгөө өг. Хугацаа хэтрээд байна гэсэн чинь миний боломж гарахгүй байна. Өгнө. Би О.Оюунсувд гэдэг хүнд өгчихсөн байгаа. Тэр хүн Улаанбаатар хотод байгаа. Тэр хүн таниас гэрээ хийгээд, үргэлжлүүлээд авна. Та уулзаач гэж хэлсэн байдаг. Тэгээд манай дүү Л.Цэрэнхүүтэй О.Оюунсувд ажил дээр нь ирж уулзаад 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 12,650,000 төгрөг, 2016 оны 08 сарын 08-ны өдөр 12,075,000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу шууд хоёр хувааж төлөөгүй. Эхний сарын хүү гэж 2016 оны 7 сарын 8-ны өдөр Л.Цэрэнхүүгийн дансанд 1,200,000 төгрөг О.Оюунсувдаас орсон. Хоёрдох сарын хүү 1,150,000 төгрөг 2016 оны 08 сарын 10-ны өдөр орсон. Нийт 2,350,000 төгрөгийн хүүг О.Оюунсувдаас гэж орсон. Тэгэхдээ би зээлсэн мөнгөнийхөө хүүг өглөө. Үндсэн мөнгийг нь дараа өгье гээд хийсэн байдаг. Үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Одоо утсаар ярих гэхээр утсаа авахгүй, зугтаагаад уулзалдахгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа буюу 2017 оны 12 сарын 04-ний өдөр үндсэн мөнгөнөөс 15,150,000 төгрөгийг дансанд нь хийсэн. Ж.Цэрэнхүү, О.Оюунсувд хоёрын хооронд байгуулсан гэрээний 3-д зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу алданги тооцохоор нилээн их мөнгө гарч байгаа ба алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасны дагуу алданги 11,500,000 төгрөг, үндсэн мөнгө 7,850,000 төгрөг, нийт 19,350,000 төгрөгийг...О.Оюунсувдаас гаргуулж өгнө үү...Л.Эрдэнэчимэгтэй тооцоо дууссан...гэв.

Хариуцагч Л.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Лувсангийн Эрдэнэчимэг нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр Ж.Цэрэнхүүгээс мөнгө зээлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр хүний хооронд 2 хоногийн хугацаатай 25,000,000 төгрөгийг зээлье гэсэн хэлцэл хийгдсэн байдаг. Ингэж авчихаад уг мөнгөө өгч чадалгүй явж байгаад 2016 оны 07 сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016 оны 08 сарын 10-ны өдөр 1,150,000 төгрөг, 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2017 оны 12 сарын 04-ний өдөр 15,150,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгөө өгч дуусгасан. Л.Эрдэнэчимэг, Ж.Цэрэнхүү хоёрын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй. Энэ нь хавтаст хэргээс нотлогдож байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хүү алданги нэхэмжлэх эрхгүй. Тийм учраас 19,350,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогч нар тайлбараа үнэн зөв гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа тайлбарууд нь зөрдөг. О.Оюунсувдтай гэрээ хийсэн гэж 23,000,000 төгрөгийн гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ гэрээ нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр хийгдсэн байдаг. Гэтэл 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөгийг Л.Эрдэнэчимэг төлчихсөн байдаг ба 17,500,000 төгрөг үлдэж байгаа. Гэтэл 23,000,000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ гэрээний үндсэн дээр Л.Эрдэнэчимэгээс мөнгө нэхэж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Л.Эрдэнэчимэг, Ж.Цэрэнхүү нарын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. 7,500,000 төгрөгийг төлчихсөн байхад түүнийг хасалгүйгээр 23,000,000 төгрөгийн гэрээг О.Оюунсувдтай хийчихээд, үндэслэлгүй мөнгөн дээр тулгуурлаж хийсэн гэрээгээрээ хүү, алданги тооцож мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн төлсөн мөнгийг хүү төлсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл эдгээр мөнгийг төлөх тухайн үед хүү, алданги тооцох үндэслэл байгаагүй. Хэдийгээр аман гэрээ, хэлцэл хийсэн хэдий ч хуульд зааснаар нэхэмжлэх эрхгүй. 2 хоногийн хугацаатай зээлийн гэрээ хийчихээд, О.Оюунсувдтай хийсэн гэрээг үндэслэж Л.Эрдэнэчимэгээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн байдлаар Л.Эрдэнэчимэгийн хувьд 25,000,000 төгрөгийг төлж барагдуулсан....гэв.

Хариуцагч О.Оюунсувд шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч О.Оюунсувдын тухайд 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.Эрдэнэчимэгээс 23,000,000 төгрөгийг зээлж авсан ба Ж.Цэрэнхүүгээс мөнгө зээлээгүй. Ж.Цэрэнхүү гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлсэн. 2016 оны 06 сард О.Оюунсувдыг Улаанбаатар хотод явж байхад нь Л.Эрдэнэчимэг наана чинь миний мөнгө зээлсэн хүн байгаа. Уулзчихаад ир гэсний дагуу Ж.Цэрэнхүүтэй уулзахад чи Л.Эрдэнэчимэгээс мөнгө зээлсэн байна. Чамтай зээлийн гэрээ байгуулна гээд зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.Эрдэнэчимэгээс мөнгө зээлж авсан болохоос биш 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.Цэрэнхүүгээс мөнгө зээлж аваагүй. Уг зээлийн гэрээг 2016 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан байдаг. 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдрийн хооронд Ж.Цэрэнхүүгээс О.Оюунсувдын данс руу нэг ч төгрөг орж ирээгүй. Үүнээс харахад 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.Цэрэнхүүгээс мөнгө зээлээгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 2016 оны 5 сарын 12-ны өдөр Л.Эрдэнэчимэгтэй зээлсэн гэх мөнгийг тэдний хооронд хийгдсэн зээлийг халхавчлах зорилгоор уг гэрээг хийсэн байна гэж үзэж байна. 2016 оны 06 сарын 08-ны өдөр О.Оюунсувд, Ж.Цэрэнхүү нарыг зээлийн гэрээ байгуулахаас өмнө Л.Эрдэнэчимэг Ж.Цэрэнхүүд 7,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээл 25,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг хасахаар 17,500,000 төгрөг үлдсэн байхад О.Оюунсувдтай 23,000,000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй юм. Тийм учраас О.Оюунсувдад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.Эрдэнэчимэг, Ж.Цэрэнхүү хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээний харилцаанд О.Оюунсувд хамаагүй. О.Оюунсувд нь энэ хэрэгт хариуцагч биш юм....гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Цэрэнхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг нь Л.Эрдэнэчимэг, О.Оюунсувд нарт холбогдуулан үндсэн зээл 23,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 34,500,00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээл 7,850,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 19,350,000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаарнэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Л.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ ....2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж.Цэрэнхүүгээс 25 сая төгрөгийг зээлж авсан, ямар нэгэн бичгийн хэлбэртэй гэрээ хэлцэл хийгдээгүй, уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан.... гэж, хариуцагч О.Оюунсувд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нар ....2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны дансаар Ж.Цэрэнхүүгээс О.Оюунсувдад мөнгө шилжүүлээгүй, Л.Эрдэнэчимэгээс 23 сая төгрөг зээлж авсан, Ж.Цэрэнхүүтэй байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, хариуцагч биш.... гэж тус тус маргав.

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ж.Цэрэнхүү нь Төрийн банкны дансаар 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэчимэгт шилжүүлсэн бөгөөд мөн өдрөө Л.Эрдэнэчимэг нь хариуцагч О.Оюунсувдад 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийг өгч, уг зээлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ж.Цэрэнхүү, О.Оюунсувд нар нь Зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Ж.Цэрэнхүү, О.Оюунсувьд нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ж.Цэрэнхүү нь 23,000,000 төгрөгийг О.Оюунсувдад 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /ХХ-ийн 65 дугаар тал/

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны дансаар Ж.Цэрэнхүүгээс Л.Эрдэнэчимэгт 25 сая төгрөгийг шилжүүлж, мөн өдрөөс Л.Эрдэнэчимэг нь 23 сая төгрөгийг О.Оюунсувдад өгсөн болох нь хариуцагч талын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Ж.Цэрэнхүүгээс О.Оюунсувдад 23 сая төгрөгийг шилжүүлсэн гэж үзлээ.

Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн нөхцлийг өөрчлөх, амаар хийсэн тохиролцоог бичгийн хэлбэрт шилжүүлэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул Ж.Цэрэнхүү, О.Оюунсувьд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Хариуцагч О.Оюунсувд нь Ж.Цэрэнхүүд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,150,000 төгрөг, нийт 2,350,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Төрийн банкны Орлогын мэдүүлэг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбаруудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 61, 63 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15,150,000 төгрөгийг Ж.Цэрэнхүүд төлсөн болох нь Төрийн банкны Орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /ХХ-ийн 33 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,150,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Ж.Цэрэнхүү, хариуцагч О.Оюунсувд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу 23,000,000 төгрөгийн зээлийн хүүг мөнгөн дүнгээр тооцвол сарын 1,150,000 төгрөгийг зээлийн хүүд төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч О.Оюунсувдын Ж.Цэрэнхүүд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 1,200,000 төгрөгөөс зээлийн хүү болох 1,150,000 төгрөгийг хасч, илүү төлсөн 50,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

Алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож  үзвэл төлөх  ёстой төлбөрийн  50  хувиас  хэтэрч  байх тул  Иргэний хуулийн 232 дугаар  зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, төлөгдөөгүй  үндсэн зээл 7,800,000  төгрөгийн 50  хувь  болох 3,900,000 төгрөгийг үндсэн зээлийн хамт, нийт  11,700,000  төгрөгийг  хариуцагч О.Оюунсувдаас гаргуулан нэхэмжлэгч Л.Цэрэнхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Л.Эрдэнэчимэг нь О.Оюунсувдын гуйлтаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж.Цэрэнхүүгээс 25 сая төгрөгийг дансаараа шилжүүлэн авч, мөн өдрөө 23 сая төгрөгийг О.Оюунсувдад өгч, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөгийг Ж.Цэрэнхүүд Төрийн банкиар шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /ХХ-ийн 32, 62 дугаар тал/

Хариуцагч О.Оюунсувд, Ж.Цэрэнхүү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг нь ....Л.Эрдэнэчимэг, Ж.Цэрэнхүү нарын хооронд тооцоо дууссан....19,350,000 төгрөгийг хариуцагч О.Оюунсувдаас гаргуулна гэх тайлбар зэрэгт үндэслэн Л.Эрдэнэчимэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Оюунсувдаас үндсэн  зээл 7,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэнхүүд олгож, 7,650,000 /долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг, хариуцагч Л.Эрдэнэчимэгт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оюунсувдаас улсын тэмдэгтийн хураамж 202,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цэрэнхүүд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Оюунсувдаас үндсэн зээл 7,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэнхүүд олгож, 7,650,000 /долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг, хариуцагч Л.Эрдэнэчимэгт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оюунсувдаас улсын тэмдэгтийн хураамж 202,150 /хоёр зуун хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цэрэнхүүд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 133/ШЗ2017/01699 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагч Л.Эрдэнэчимэг, О.Оюунсувд нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ буюу 34,500,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ