Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0666/З |
Дугаар | 221/МА2016/0178 |
Огноо | 2016-03-17 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0178
Т.Э нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Э.Ч, хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, Э.У, гуравдагч этгээд С.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О гаргасан давж заалдах гомдлоор Т.Э нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Иргэн Т.Э 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26-77 тоотод 2 өрөө орон сууцыг 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр иргэн С.О нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 26 дугаар байрны 77 тоот орон сууц нь төрөөс хувьчилсан орон сууц байна. Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулж бүртгэхэд нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос өмчлөгчийг тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосноор тус газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.2-т зааснаар иргэдийн гаргасан мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн дугаар олгож бүртгэдэг болно.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, 26 дугаар байрны 77 тоот төрөөс хувьчилсан орон сууцыг нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос ирүүлсэн материалд иргэн С.О, О.Ц, Г.М нарыг өмчлөгчөөр тогтоож 0035206 тоот гэрчилгээ олгосон байна.
Иргэн С.О гаргасан 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, орон сууц эзэмших эрхийн бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн конторын тодорхойлолт, нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, хорооны Засаг даргын тодорхойлолт, нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 0035206 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002999 дугаарт бүртгэсэн нь холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн бүртгэл юм.
Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээний дагуу иргэн А.Х; 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 223 дугаартай нотариатын гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Б шилжүүлэн бүртгэсэн байна.
Иймд иргэн Т.Э нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхиж өгнө” гэжээ.
Гурав. Хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороо 26 дугаар байрны 77 тоотод 2 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон 967612 тоот эзэмших эрхийн бичгийг үндэслэн 1998 онд С.О хувьчилсан байна. Уг 2 өрөө орон сууцыг Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хувьчилсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ” гэжээ.
Дөрөв. Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Б 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Орон сууц эзэмшилтэй холбоотой маргааны тухайд:
Нэхэмжлэгч Т.Э нь 12 дугаар хороолол, 26 дугаар байрны 5 дугаар орцны 77 тоот орон сууцны эзэмшигч байгаагүй, одоо ч эзэмшигч биш бөгөөд уг орон сууцыг 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 913620 дугаар эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр Б.Д эзэмшиж байжээ. Орон сууц эзэмших эрхийн бичигт эзэмшигчийн овог, нэр бичигддэг бөгөөд эзэмшигч нь орон сууц хөлслөх гэрээг орон сууц ашиглалтын контортой хийдэг.
Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.7-д зааснаар Орон сууц хөлслөгч нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдарч, хамтын ахуй эрхэлж байсан гэр бүлийн гишүүдэд хөлслөгчийн эрх, үүрэг шилжих бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд нь энэ хуулийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах эрхтэй байсан. Гэтэл орон сууцны эзэмшигч Б.Д нь 2009 онд буюу уг орон сууцны эзэмшил иргэн С.О шилжсэнээс хойш 13 жилийн дараа нас барсан байна. Энэ нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т зааснаар Б.Д төлөөлүүлэх эрх дуусгавар болсон, уг орон сууцны эзэмшилтэй холбоотой асуудлаар иргэн Т.Э маргах эрх бүхий этгээд биш болох нь нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч амьдарч байсан орон сууцаа 1994 онд орхин явсан нь нэхэмжлэгч өөрийн эзэмших эрхээс сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь уг орон сууц нь төрийн мэдлийнх бөгөөд төр өөрийн өмчийн орон сууцанд хөлслүүлэх гэрээгээр иргэдийг амьдруулж байсан бөгөөд С.Д орон сууцыг эзэмшүүлэхээр олгосон эрхийн акт буюу орон сууц эзэмших эрхийн бичгийг бусдад сайн дурын үндсэн дээр эх хувиар нь шилжүүлсэн тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан байна. Энэ нь уг байрыг иргэн С.О шилжүүлж өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Орон сууц эзэмших эрхийн бичгийн тухайд:
Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотод улс хоршоолол, олон нийтийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн газраас орон сууцыг хуваарилах журмын 5 дугаар хэсгийн 5.3-т “...хүндэтгэх шалтгаанаар сууц эзэмшигчийн нэр солиход өргөдөл гаргуулсны дараа ОСГ /харьяалагдах хороо/, ОСА-ын трест /ОСА-ын контор/-ын тодорхойлолтыг харгалзан шийдвэрлэж, тухайн байранд эрхийн бичиг олгоно” гэж заасан байдаг.
Иргэн С.Д нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон сууц хуваарилалтын хэлтэст ар гэрийн гачигдлаар Увс аймаг руу шилжин суух шаардлагатай болсон тул төрсөн эгчийн хүү С.О орон сууц эзэмших эрхээ шилжүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. Хүсэлтэд холбогдох эрх бүхий этгээдүүдийн тодорхойлолтууд авагдсан бөгөөд хүсэлтийн дагуу иргэн С.О 967612 дугаар орон сууц эзэмших эрхийн бичиг олгож 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн орон сууц ашиглалтын контортой орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх олгосон нь дээрх журмын заалттай нийцэж байна.
Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Нэхэмжлэгч уг орон сууцыг түрээсийн гэрээгээр бусдад түрээслүүлж байсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа 1995 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дуусах байсан тухайгаа нэхэмжлэлдээ дурджээ. Түрээслүүлэх гэрээний хугацаа дуусах үед буюу 1995, 2001, 2002 онуудад нэхэмжлэгч орон сууцны асуудлаа шийдвэрлэхээр Улаанбаатар хотод ирж байжээ. Мөн Орон сууц хувьчлах тухай хууль 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдан гарсан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч 1995, 1996 оноос эхлэн өөрийн “хууль ёсны” эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх боломжтой байсныг нотолж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил. Энэ хугацааг уг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолохоор заасан.
Дээрх үндэслэл, баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй, орон сууц эзэмших эрхийн бичгийн шилжилт, хөдөлгөөн хийсэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй нь илт байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 828 дугаар шийдвэрээр:
“...Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Улаанбаатар хотын Захирагчийн албанаас С.О олгосон 1996 оны 967612 тоот үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26-77 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр С.О нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.
Зургаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 536 дугаар тогтоолоор батлагдсан “Улс хоршооллын орон сууц ашиглалтын дүрэм” нь хэзээ батлагдсан, тухайн үед үйлчилж байсан эсэх нь тодорхой бус байхад шүүгч хариуцагчаас авсан хуулбарыг үндэслэн шийдвэртээ тусгасан байдаг. Хэрэв уг тогтоолыг эх сурвалж болгон ашиглах тохиолдолд эрх зүйн факт болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан гэж үзэж байна.
Энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.
С.Д болон С.О нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд С.О нь С.Д нэрийн өмнөөс талбай ашиглалтын төлбөр болон бусад үйлчилгээний хөлсийг төлж байх үүргийг хүлээж авсан болох нь тодорхой тусгагдсан байдаг. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр С.Д Увс аймгийн Ховд сум руу шилжин явснаар өөрийн үүргээсээ сайн дураараа татгалзсан гэж дүгнэсэн байна. Энэ нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэхэд хүргэж байна.
Мөн С.О уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй гэж ойлгож байсан нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн үед холбогдох журмын дагуу шүүхэд гомдлоо гаргах боломжтой байсан гэж үзсэн тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэзээ дууссан болохыг тогтоох шаардлагатай байсан гэж үзэж байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт болох хариуцагчдаас татгалзах болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтүүдийг шүүх хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтийг хүлээн авсан атлаа хариуцагчдаас татгалзах хүсэлтийг хүлээн аваагүй билээ. Гэтэл шүүх хуралдаан цаашаа үргэлжлэх үед нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнөөр бидний хэлэлцэж буй асуудал бүхэлдээ өөрчлөгдсөн байтал анх гаргасан буюу өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцсэн нь шүүх хуралдаанд процессийн ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж үзэн 88 дугаар зүйлийн 88.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэн Т.Энхжилээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“1.Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсээс 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26-77 тоот 2 өрөөг С.Отгонбаярт эзэмшүүлэхээр олгосон 967612 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг;
2.Дээрх орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр С.Отгонбаярын нэр дээр улсын бүртгэлийн 2204002999 дугаарт бүртгэснийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн ч анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил зөвхөн эхний шаардлагаа хэлэлцүүлэхээр дэмжсэн, харин 2 дахь шаардлагаасаа татгалзаагүй байх тул энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн бус харин багасгасан гэж дүгнэж болохоор байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон ОСНААУГ-ын Орон сууц хувьчлах товчоог хариуцагчаас хасуулах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч Т.Э, Д.О олгосон 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг олгосон, түүнчлэн уг шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Э биечлэн оролцсон зэргээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаас бус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлээ багасгасантай холбогдуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2 дахь шаардлагыг хэлэлцэх шаардлагагүй болсон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 8312 дугаар захирамжаар ОСНААУГ-ын Орон сууц хувьчлах товчоог хамтран хариуцагчаар татсан ч энэ байгууллагатай холбоотой нэхэмжлэлийн ямар нэгэн шаардлага анхнаасаа гаргаагүй байна.
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсээс 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26-77 тоот 2 өрөөг нэхэмжлэгчийн нөхөр Б.Д /асан/-т эзэмшүүлэхээр олгосон 913620 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг нь нэхэмжлэлд дурдсанчлан уг орон сууцыг өмчлөх эрхийг дангаар үүсгэхгүй.
Өөрөөр хэлбэл 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль батлагдан тухайн байранд оршин сууж амьдарч байгаа, хуульд заасан үүргээ биелүүлсэн, эрхийн бичиг бүхий иргэд болон түүний гэр бүлийн гишүүдэд орон сууцыг нь үнэгүй өмчлүүлж байснаас бус ийнхүү хувьчлагдах хүртэлх хугацаанд дээрх орон сууц төрийн өмчид хамаарах бөгөөд энэ талаар болон нэхэмжлэлд дурдсан үйл баримт, тухайн үед мөрдөгдөж байсан БНМАУ-ын СнЗ-ийн 1964 оны 536 дугаар тогтоолоор батлагдсан Улс, хоршооллын орон сууцны ашиглалтын дүрэм, Улаанбаатар хотын АДХ-ын 1989 оны 171 дүгээр тогтоолын талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Уг дүрэмд зааснаар орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээр зөвхөн тухайн байранд амьдрах эрх олгогддог байсан бөгөөд энэ нь орон сууцны асуудал эрхлэх төрийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр байраа бусдад шилжүүлэхийг хориглосон талаарх дүрмийн 5.б/ заалтаар батлагдана.
Гэтэл нэхэмжлэгчийн тухайд 1994 онд эзэмшиж байсан орон сууцаа иргэн С.О түр хөлслүүлснээс хойш 2013 оныг хүртэл Увс аймгийн Ховд суманд шилжин амьдарсан, тэр тусмаа 450.000 төгрөг хүүгүй зээлсний хариунд энэ хүү үйлдэл хийгдсэн байгаас үзэхэд энэ нь дээрх журмыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд үндсэндээ төрийн өмчийн орон сууцыг энэ мэтчилэн хууль бусаар ашигласнаар, мөн орон сууц эзэмших эрхийн бичгээ С.О үлдээж явснаар нэхэмжлэгчийн тухайн орон сууцыг эзэмших эрх дуусгавар болсон байна.
Мөн Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсээс 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26-77 тоот 2 өрөөг С.О эзэмшүүлэхээр олгосон 967612 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг хууль бус гэж үзсэн тохиолдолд тухайн орон сууцыг хувьчлахаас өмнө Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1/, 2/, 4/-т заасны дагуу Орон сууц хувьчлах товчоо, Төрийн өмчийн хороо болон харьяалах шүүхэд гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байгаагүй, мөн дээрх эрхийн бичгийг илт хууль бус гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
БНМАУ-ын СнЗ-ийн 1964 оны 536 дугаар тогтоолоор батлагдсан Улс, хоршооллын орон сууцны ашиглалтын дүрэм 1964 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан, харин тухайн үед үйлчилж байсан эсэх талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ямар ч маргаан үүсээгүй, мөн уг тогтоолыг хэрэглэснийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5/-д “сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг сууц эзэмших эрхийн бичиг, /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” ойлгохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд энэхүү эрхээ нэгэнт алдсан, уг хуулийн 12 дугаар зүйлийн 1/, 2/-т тус тус заасан “хууль ёсоор эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах иргэн орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ, иргэний бичиг баримтаа ямар нэгэн зөрчилгүй байлгах, сууцныхаа хөлсийг бүрэн төлсөн байх зэрэг үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, цаг хугацаа болон бусад нөхцөл байдлаар хангалттай нотлогдож байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин хууль хэрэглээний тухайд нэгэнт улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах шаардлагагүй, мөн тухайн орон сууцыг хувьчилсан нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа байхгүй байхад Орон сууц хувьчлах тухай хуулийн тухайн маргаанд хамааралгүй заалтыг баримталсан, мөн ийнхүү баримтлахдаа хуулийн заалтыг болон хуулийн нэрийг “Монгол Улсын ....” гэж тус тус буруу бичсэн байх тул зохих өөрчлөлтийг оруулав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 828 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5/, 7 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1/, 2/-т заасныг баримтлан Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсээс 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26-77 тоот 2 өрөөг С.О эзэмшүүлэхээр олгосон 967612 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН