Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00160

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр        Дугаар 153/ШШ2018/00160               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баруун монгол интернэйшнл ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг даалгах, уг үүргээ биелүүлээгүйгээс учирсан 7,116,800 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Түвдэндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 105, 117 дугаартай тогтоолын дагуу 350 сая төгрөгийн зээлийг халил аргаар нядлах махны үйлдвэр барих зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 5 жилийн хугацаатай 2010 оны 06 сарын 02-ны өдөр гэрээ байгуулан авсан. Улмаар Ховд аймгийн ЗДТГ-аас 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд 350 сая төгрөгийн зээлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн гэрээ байгуулан зээлийг 2015 оны 06 сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2012 оны 10 сарын 08-ны өдөр 389 дугаартай “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан.

Баруун Монгол интернэйшнл ХХК нь дээрх зээлийн эргэн төлөлтөд тооцож 123,720,000 төгрөгийн өртөг бүхий 2 орон сууцыг 2015 онд Ховд аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Мөн үлдэгдэл 226,280,000 төгрөгийг аймгийн ИТХ-н Тэргүүлэгчдийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 115 дугаартай тогтоолын дагуу аймгийн Засаг даргатай 2016 оны 04 сарын 26-ны өдөр Г-2016-Ажил-01 дугаартай Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээг байгуулан гэрээний нийт санхүүжилт 226,280,000 төгрөгийг Баруун Монгол интернэишнл ХХК бүрэн хариуцан барьж, 2016 оны 09 сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Баруун Монгол интернэишнл ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд хангалттай бүрэн биелүүлсэн ба нийт 232,075,498 төгрөгийн санхүүжилт гаргаж гэрээнд зааснаас 5 сая гаруй төгрөгийн илүү санхүүжилт гарган бохирын шугам, цахилгааны шугам татах, худаг гаргах зэрэг ажлуудыг нэмэлт барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь Баруун Монгол интернэишнл ХХК-ний барилга угсралтын ажлын гүйцэтгэл, аудитын 2017 оны 09 сарын 05-ны өдрийн дугаартай дүгнэлт, аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 05-ны өдрийн Хан Алтайн Дуулал цогцолборын нээлтэд оролцохдоо орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгэндээ “Ховд аймгийн ЗДТГ-аас 235 сая төгрөгийн санхүүжилт гарган хөрөнгө оруулалт хийн барьсан” гэж албан ёсоор мэдэгдсэн зэргээр нотлогдоно.

Улмаар Ховд аймгийн Аудитын газарт 350 сая төгрөгийн зээл барагдуулалтын талаар дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан ба аудитын дүгнэлтээр гүйцэтгэгч компани нь гэрээний үүргээ гүйцэтгэсэн тул 2017 оны 10 сарын 01-ний дотор багтаан улсын комисс шалгаж хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.

Мөн Ховд аймгийн Засаг даргад зээлийн эргэн төлөлтийг тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нь ямар ч үндэслэлгүйгээр гэрээг дүгнэж ажлыг хүлээж авах боломжгүй, мөнгийг нь авна, комисс томилох шаардлагагүй гэж амаар хэлдэг ба бичгээр албан ёсны хариу өгөлгүй байсаар өдий хүрлээ. Ингээд аймгийн Засаг дарга Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 2017 оны 06 сарын 13-ны өдөр 153/Ш32017/01186 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай компаний данс болон захирлын хувийн харилцах дансуудыг хаасны улмаас компаний хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож хохироож байна. Үүний улмаас манай компани болон миний бие арилжааны банкнаас бизнесийн 1,8-2,0 хувийн хүүтэй зээл авах боломжгүй болж Улаанбаатар хотын Марико банк бус санхүүгийн байгууллагаас сарын 3.5 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хүүний зөрүүд 7,116,000 төгрөгийн алдагдал хүлээж  хохирч байна. Энэхүү хохирол нь Ховд аймгийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэн нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгыг ашиглалтад оруулах, түүнд хяналт тавихтай холбоотой харилцаа Барилгын тухай хуулиар зохицуулна. Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар аймгийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх хэмжээтэй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм байгаа. Барилгыг яаж ашиглалтад хүлээж авдаг талаар Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл, ашиглалтад оруулах дүрэмд заасан байгаа. Зохих баримт бичгийн шаардлагыг хангасан үндсэн дээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн Засаг дарга шийдвэрлэдэг. Барилгын тухай хуулийн 48.5 дугаар зүйлд зааснаар захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт зэргийг хавсаргадаг. Энэ 7 төрлийн баримтыг улсын комисс хүлээж авах бөгөөд хүсэлтээ бичиж өгдөг. Хуульд заасан энэ 7 төрлийн бичиг баримт байхгүй тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудал шийдэгдэхгүй. Эдгээр баримт бичиггүйгээр улсын комисс хүлээж авах нь хууль зүйн үндэслэлгүй. Хан Алтайн цогцолбор барилгыг хүлээж авах талаарх хүсэлтийг гаргаагүй. Улсын комисс байгуулагдаж үзэж, шалгасан зүйл байхгүй. Баруун Монгол интернэйшнл ХХК Хан Алтайн дуулал цогцолбор барилгын ажлыг барихдаа барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, захиалагчийн хяналтын гэрээ байгуулаагүй, магадлалаар батлагдсан зураг, төсөв байхгүй. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглодог. Аймаг, орон нутгийн төсвөөс Баруун Монгол интернэйшнл ХХК-ний авсан зээлийн үлдэгдэл 226 сая төгрөг бий. Хэрэв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар нэгэн засвар үйлчилгээ явсан тохиолдолд заавал зураг, төсөв дээр Барилгын хөгжлийн төвөөс заавал хянан магадлал хийгдэж, баталгаажсан байх ёстой. Барилга байгууламжийг Ховд аймгийн Засаг дарга шууд хүлээж авах эрх зүйн үндэслэл байхгүй. Баруун Монгол интернэйшнл ХХК-ний гаргаж өгсөн зураг бол схез зураг байгаа. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д зааснаар барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж байдаг.

Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга байгууламжийн чиг үүргийг хэрэгжүүлэх, Барилгын хөгжлийн төв ОНААТГ байгуулсан. Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар улсын төсвөөр хийгдэж байгаа барилга байгууламжийн зураг, төсөв, магадлал хийх эрхийг Барилгын хөгжлийн төв ОНААТҮГ-т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, зураг, төсөвт магадлал хийгддэг. Магадлал хийгдсэн төсвөөр энэ ажил хийгддэг. Улсын төсвөөр хийгдэж байгаа бол манай барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэх ёстой гэж хэлсэн бөгөөд тодруулж үзсэн. Баруун Монгол интернэйшнл ХХК-ны схез зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлагдаагүй. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай шүүгчийн захирамжаар Баруун Монгол интернэйшнл ХХК 350 сая төгрөг авснаа төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэж эвлэрлийг баталсан. Энэ захирамжид зааснаар 127 сая төгрөгт нь орон сууц өгсөн, үлдэгдэл төлбөр 226,280,000 төгрөгийг Баруун Монгол интернэйшнл ХХК одоо хүртэл төлөөгүй байна. Аймагт буцааж төлөх татвар төлөгчийн мөнгө, энэ 226,280,000 төгрөгийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан учраас дахиж хэлэлцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалт байгаа. Энэ төлбөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой. Хуульд нийцээгүй зүйлийг хүлээж авахгүй. Ховд аймгийн төсөв хуулийн дагуу явагдаж байх эсэхэд аудитын байгууллага хяналт тавьдаг. Ховд аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд Баруун Монгол интернэйшнл ХХК-тай холбоотой 226,280,000 төгрөгийг төлөөгүй зөрчил илэрлээ. Зөрчлөө арилгахыг Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст хугацаатай албан шаардлага өгсөн байсан. Нэгэнт аудиторын газраас албан шаардлага өгсөн учраас түүний биелэлтийг хангуулах талаар Аудиторын байгууллагын өмнө хариуцдаг үүрэгтэй. Төрийн аудитын тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.12-д зааснаар аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих эрхтэй. Хэрвээ хариу мэдэгдээгүй тохиолдолд аудитын байгууллагаас хариуцлага тооцох асуудлыг тавьдаг. Хуулиар тогтоосон процесс ажиллагааны журамтай. Тийм учраас аудитын байгууллагын шаардлага, Төсвийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.8-д зааснаар төсвийг зохистой удирдаж, ямар нэгэн өр авлага үүсгэхгүй ажиллана. Хэрэв өр авлага байгаа бол түүнийгээ барагдуулна. Шүүгчийн захирамжид дурдсан өр авлагыг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн.

Аудитын байгууллагаас хоёр янзын байр суурь гарсан. Үүний нэг нь өр авлага барагдуулах тухай шаардлага ирсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу баримт, бичгийг явуулсан. Аудитын байгууллагаас дахиад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гарсан. Гэхдээ урд өгсөн албан шаардлагаасаа эрс зөрүүтэй байсан. Аудитын байгууллага руу дүгнэлт, албан шаардлага хоёрын алийг нь барих вэ гэж дээд шатны байгууллага руу бичиг явуулсан. Төрийн аудитын газар манай газар хэзээ ч ийм бичиг баримт үйлдэхгүй гээд шууд Авилгатай тэмцэх газар луу шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газар дээр дүгнэлт гаргасан аудитор шалгагдаад явж байгаа гэсэн. Бид нарын зүгээс аудиторын дүгнэлттэй ямар нэгэн хохирол гараагүй, шүүхийн шийдвэрийн дагуу 226.280000 төгрөг гарах боломжтой гэж явуулсан. Аудиторын дүгнэлт бол хууль зүйн үндэслэлтэй баримт биш. Энэ барилгыг бид нар шууд 226.280000 төгрөгт тооцож авах боломж байхгүй. 226,280,000 төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийхийг эцсийн шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргадаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгч шийдвэр гаргадаг, хурлаас сонгогдсон 7-9 тэргүүлэгч шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ хоёр хурлын эрх хэмжээ хоорондоо ялгаатай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1-д зааснаар хурлын төлөөлөгчийн чөлөөт цагт хурлын тэргүүлэгч байдаг. Хурлын төлөөлөгч нарын шийдэх асуудлыг хурлын тэргүүлэгчид шийдвэрлэдэггүй. Хурлын 41 төлөөлөгч төсвийн асуудлыг шийддэг бол тэргүүлэгчид шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хохирол гэж нэхэмжилж байгаа асуудал бол энэ нь үндэслэл муутай байна. Засаг даргын гэрээ байгуулсан асуудалтай энэ хохирол ямар ч хамаагүй. Барилгын ажлыг барилгын тухай хуульд заасан журмаар явуулна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Засаг даргаас Баруун Монгол интернэйшнл ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээ нь Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл. Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.7-д “аймаг, орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрдүүлэн хуваарилан зарцуулахыг хэлнэ” гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д зааснаар тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнд хамаардаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2б-д зааснаар Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах эрх Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаардаг. Баруун Монгол интернэйшнл ХХК-иас авах 226,280,000 төгрөг аймгийн төсөвт суугаад дараагийн ямар зүйлд хэдий хэмжээний төгрөгийг зарцуулагдах вэ гэдэг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэгддэг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 226,280,000 төгрөгийг юунд зарцуулагдах талаар одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараагүй байхад Засаг дарга Хан Алтайн дуулал цогцолбор барилгыг өрөндөө бариулах нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн эрхийг ялгавартай зааж өгсөн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаартай, төсөл дэмжих тогтоолоор 226,280,000 төгрөгийг Хан Алтайн дуулал цогцолборт зориулах талаар зөвшөөрсөн үндэслэл байхгүй байна. Энэ тогтоолыг уншиж үзэх юм бол Хан Алтайн дуулал цогцолборын суурийн хэсгийг цутгах талаар эх үүсвэрийг ол гэж Засаг даргад даалгасан болохоос биш 226,280,000 төгрөгийн өртөгт багтааж барь гэсэн шийдвэрийг тэргүүлэгчид гаргаагүй. Хуульд зааснаар энэ 226,280,000 төгрөгийг юунд зарцуулах талаар тэргүүлэгч биш, Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэдэг. Энэ өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоол хоёрыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр гэрч асуугдсан байгаа. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь дээрх хурлын тэмдэглэл, тогтоол хоёроос эрс зөрүүтэй. Яагаад гэхээр эх сурвалж нь тодорхойгүй. Үнэхээр 226.280000 төгрөгийн оронд барилгын ажил гүйцэтгэхээр байсан юм бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэх ёстой байсан.

Хан Алтайн дуулал цогцолбор ажлын гүйцэтгэлийн гэрээний тусгай нөхцөл гэж байдаг. Гэрээний тусгай нөхцөл дээр гарын үсэг зураагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн энэ шаардлагад нийцэхгүй байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ. Нээлттэй тендер зарлахдаа Засгийн газраас баталсан босго үнийг баримталдаг. 80 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй барилга, байгууламжийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, 80 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй барилга, байгууламжийг барихдаа харьцуулалтын аргаар, 10 сая төгрөгөөс доош бол шууд худалдан авалтаар явах ёстой. Энэ ажил үнэхээр 226,280,000 төгрөг байсан гэж үзэх юм бол энэ дээр нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан. Гэтэл шууд гэрээ байгуулсан явдал хууль зөрчсөн. Засаг даргын Тамгын газар нэг талдаа төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж өгнө үү. Төсвийн тухай хуулиар Засаг даргад энэ гэрээг байгуулах эрх байсан уу гэхээр байхгүй байсан. Яагаад гэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөгүй байхад Засаг даргад тийм эрх хэмжээ байхгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах байр суурьтай байна гэв.

Нэхэмжлэгч Ө.Түвдэндорж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээнд 226,800,000 төгрөгийн гэх үг, өгүүлбэр оруулаагүй гэдэг асуудал яриад байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд байгаа. Эх үүсвэрийг олж, үүний хий гэсэн үүрэг, даалгавар Засаг даргад өгсөн байсан. Үүний дагуу төсвийг захиран зарцуулагч өр барагдуулж хийсэн ажил юм. Мөнгөгүй зүйл дээр тендер зарлахгүй. Хуулийн цоорхойг ашиглаад хүлээж авахгүй гэж байна. Энэ ажлыг гүйцэтгэж байхад төр, засаг солигдсон бөгөөд төрийн үйлчилгээг үзүүлээгүй, хүлээлгэж өгөх гэхээр хүлээж аваагүй. Би хууль зөрчөөгүй бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Би хийсэн зүйл дээр ял үүрмээргүй байна. Буруутай эзэн нь хэн байгааг би ойлгохгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баруун монгол интернэйшнл ХХК-ний захирал Ө.Түвдэндорж нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг даалгах, уг үүргээ биелүүлээгүйгээс учирсан 7,116,800 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Харин хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь нэхэмжлэгч Баруун монгол интернэйшнл ХХК-ний захирал Ө.Түвдэндоржид холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Баруун монгол интернэйшнл ХХК нь Ховд аймаг хөгжүүлэх сангаас 2010 онд халил аргаар нядлах махны үйлдвэр барих зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 5 жилийн хугацаатай 350,000,000 төгрөгийн зээлийг авч, тус зээлийн талаар Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан болох нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-21/ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Улмаар Баруун монгол интернэйшнл ХХК нь дээрх 350,000,000 төгрөгийн зээлийн 123,720,000 төгрөгт 2 орон сууцыг хүлээлгэн өгч зээлийн төлбөрт тооцуулсан, үлдэгдэл 226,280,000 төгрөгийг төлөөгүй байна.

Энэхүү зээлийн үлдэгдэл 226,280,000 төгрөгийг нэхэмжлэгч Баруун монгол интернэйшнл ХХК-ний захирал Ө.Түвдэндорж тайлбарлахдаа “2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга, Баруун монгол интернэйшнл ХХК хоёр “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г байгуулан тус ажлыг гүйцэтгэж, зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулахаар тохирсон ба одоо хүлээлгэн өгөх гэхэд Засаг дарга гэрээний дагуу хүлээн авахгүй байна” гэж, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Баруун монгол интернэйшнл ХХК-ний аймаг хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 226,280,000 төгрөгийг Баруун Монгол интернэйшнл ХХК нь өнөөдрийг хүртэл төлөөгүй, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга, Баруун монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан “Ховд аймгийн Хан алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн тул аймгийн Засаг дарга хүлээн авах боломжгүй” гэж мэтгэлцлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Торгууд өв соёлын холбооны санаачилсан Хан Алтайн дуулал цогцолборыг барьж байгуулан орон нутгийн өмчлөлд шилжүүлэх саналыг дэмжиж тус цогцолборын суурь болох барилгын хэсгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэн барьж байгуулахыг аймгийн Засаг даргад даалгасан болох нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаартай “Төслийг дэмжих тухай” тогтоолын хуулбар /хх-49/, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай тэмдэглэлийн хуулбар /хх-95-97/, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Улмаар Ховд аймгийн Засаг дарга Баруун Монгол интернэйшнл ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ” байгуулан Баруун Монгол интернэйшнл ХХК нь тус цогцолборын суурь карказ цутгах, нэгдүгээр давхрын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Харин аймгийн Засаг дарга нь Баруун Монгол интернэйшнл ХХК-ний хийж гүйцэтгэсэн энэхүү цогцолборын суурь карказ цутгах, нэгдүгээр давхрын барилгын ажлыг хүлээн авахгүйгээр, зээлийн үлдэгдэл 226,280,000 төгрөгийг төлүүлэхийг хүссэн болох нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 17/80 дугаартай мэдэгдэл, Үндэсний аудитын газрын харьяа Ховд аймгийн Аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/55 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын хуулбар /хх-68/, түүний хавсралтын хуулбар /хх-70/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Ховд аймгийн Засаг дарга, Баруун монгол интернэйшнл ХХК-ний захирал нар нь  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Ховд аймгийн Хан алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г байгуулсан талаар зохигчид маргаагүй бөгөөд энэхүү гэрээг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байдаг.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар талууд хуульд заасан эрх үүргийг эдлэх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...тус цогцолбор нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөлгүй, магадлал хийгдээгүй, баталгаажсан зураг төсөлгүй, гүйцэтгэлд хяналт тавигдаагүй” гэж тайлбарлах боловч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан “Захиалагч бараа, ажил үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”, 46.1.4-д “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.6-д “бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих” гэсэн эрх, үүргээ захиалагч нь хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл захиалагч байгууллага болох Ховд аймгийн Засаг дарга нь ажил гүйцэтгэгч Баруун Монгол интернейшнл ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажил, үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа талаар хяналтаа тавих ёстой.

Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч байна, мөн хуулийн 14.3-д төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засгийн газар, Улсын их хурлын өмнө бүрэн хариуцаж ажиллах үүрэгтэй байна.

Иймд аймгийн Засаг дарга Торгууд өв соёлын холбооны санаачилсан санаачилгыг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, Хан Алтайн дуулал цогцолборыг барьж байгуулан орон нутгийн өмчлөлд шилжүүлэх саналыг дэмжүүлэн улмаар тэргүүлэгчдийн тогтоол гаргаж Баруун Монгол интернэйшнл ХХК-тай ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн тус цогцолборыг  аймаг хөгжүүлэх сангаас Баруун Монгол интернэйшнл ХХК-д олгосон зээлийн үлдэгдэл 226,280,000 төгрөгт суутган тооцохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан CD-д хураагдсан бичлэг, гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн барилгын ажлыг хүлээн авахыг захиалагч Ховд аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нь Баруун Монгол интернэйшнл ХХК-ний ямар дансыг хаасны улмаас Баруун Монгол интернэйшнл ХХК ямар ажлыг гүйцэтгэхээр санхүүжилт дутагдаж Улаанбаатар хотын Марико банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч зээлийн зөрүүд 7,116,000 төгрөгийн алдагдал хүлээж хохирсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн зээлийн зөрүү 7,116,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Марико банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлж байснаа нотлохоор Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх-28-29/, кассын орлогын ордер /хх-30/-ыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд энэ нь  Ховд аймгийн Засаг дарга, Баруун монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн барилгын ажлыг аймгийн Засаг дарга хүлээн аваагүйгээс учирсан хохирол болох нь нотлогдохгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Баруун Монгол интернэйшнл ХХК-д холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Ховд аймгийн Засаг даргаас Баруун Монгол интернэйшнл ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээ нь  Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж мэтгэлцлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  Ховд аймгийн Засаг даргаас Баруун Монгол интернэйшнл ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулсан ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан хэлцлийг хийгээгүйг дурдах нь зүйтэй байна.

Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК нарын хооронд  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь талууд гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, улмаар гэрээний заалтыг хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болсон талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн ба хариуцагчийн төлөөлөгчийн эдгээр үндэслэлүүд баримтаар нотлогдоогүй буюу тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Энэхүү шаардлагыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийгдэх  хэлцлүүдийг хамааруулж ойлгохоор байна.

Талуудын хооронд байгуулагдсан Ховд аймгийн Засаг даргаас Баруун Монгол интернэйшнл ХХК-тай байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээнд заагдсан барилгын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулаагүй, газрын зөвшөөрөл аваагүй, барилгын ажилд захиалагч тал хяналт тавиагүй нь гэрээг байгуулсан талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй тул хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх, энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тогтоох үндэслэлгүй юм. Түүнчлэн, дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хожим нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэргүйгээр Засаг дарга гэрээ байгуулсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Иймд Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,620  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн барилгын ажил хүлээн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Баруун Монгол интернэйшнл ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 6-д авагдсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаартай “Төслийг дэмжих тухай” тогтоол нь хавтаст хэргийн 49-д авагдсан, хавтаст хэргийн 13-д авагдсан Ховд аймгийн Засаг даргын албан тоот нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 11-23-д авагдсан “Барилга угсралтын ажлын гүйцэтгэл”-ийн материал нь захиалагчийг төлөөлсөн этгээдийн гарын үсэг, тамга тэмдэггүй, хавтаст хэргийн 9-д авагдсан “Гэрээний тусгай нөхцөл” гэх материал нь нотлох баримтын шаардлага хангаагүй, энэхүү тусгай нөхцөл нь Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК-ний хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээний нэг хэсэг болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр, мөн зүйлийн 44.4-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэх зохицуулалт нь талуудын тэгш эрхийн зарчмын дагуу хэргийн оролцогч талд хамааралгүй болно.

Иймд хавтаст хэргийн 100 дугаар хуудас болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4/2300 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/25 дугаартай албан бичгүүд, Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1904 дугаартай албан бичгүүд нь нотариатаар гэрчлэгдээгүй, хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажсан тул мөн нотлох баримтаар үнэлээгүй болно. Ховд аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийн Засаг даргын ажлын алба юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК-ний хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг Ховд аймгийн Засаг даргад даалгасугай.

2.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар Ховд аймгийн Засаг дарга Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 7,116,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,620  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баруун Монгол интернэйшнл ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА