Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

Баруун Монгол интернэйшнл ХХК-ны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэртэй, Баруун монгол интернэйшнл ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Түвдэндорж түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ний хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Манай компани нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 105, 117 дугаартай тогтоолын дагуу 350 сая төгрөгийн зээлийг халил аргаар нядлах махны үйлдвэр барих зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 5 жилийн хугацаатай 2010 оны 06 сарын 02-ны өдөр гэрээ байгуулан авсан. Улмаар Ховд аймгийн ЗДТГ-аас 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд 350 сая төгрөгийн зээлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн гэрээ байгуулан зээлийг 2015 оны 06 сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2012 оны 10 сарын 08-ны өдөр 389 дугаартай “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан.

Баруун Монгол интернэйшнл ХХК нь дээрх зээлийн эргэн төлөлтөд тооцож 123,720,000 төгрөгийн өртөг бүхий 2 орон сууцыг 2015 онд Ховд аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Мөн үлдэгдэл 226,280,000 төгрөгийг аймгийн ИТХ-н Тэргүүлэгчдийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 115 дугаартай тогтоолын дагуу аймгийн Засаг даргатай 2016 оны 04 сарын 26-ны өдөр Г-2016-Ажил-01 дугаартай Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээг байгуулан гэрээний нийт санхүүжилт 226,280,000 төгрөгийг Баруун Монгол интернэишнл ХХК бүрэн хариуцан барьж, 2016 оны 09 сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Баруун Монгол интернэишнл ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд хангалттай бүрэн биелүүлсэн ба нийт 232,075,498 төгрөгийн санхүүжилт гаргаж гэрээнд зааснаас 5 сая гаруй төгрөгийн илүү санхүүжилт гарган бохирын шугам, цахилгааны шугам татах, худаг гаргах зэрэг ажлуудыг нэмэлт барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь Баруун Монгол интернэишнл ХХК-ний барилга угсралтын ажлын гүйцэтгэл, аудитын 2017 оны 09 сарын 05-ны өдрийн дугаартай дүгнэлт, аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 05-ны өдрийн Хан Алтайн Дуулал цогцолборын нээлтэд оролцохдоо орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгэндээ “Ховд аймгийн ЗДТГ-аас 235 сая төгрөгийн санхүүжилт гарган хөрөнгө оруулалт хийн барьсан” гэж албан ёсоор мэдэгдсэн зэргээр нотлогдоно.

Улмаар Ховд аймгийн Аудитын газарт 350 сая төгрөгийн зээл барагдуулалтын талаар дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан ба аудитын дүгнэлтээр гүйцэтгэгч компани нь гэрээний үүргээ гүйцэтгэсэн тул 2017 оны 10 сарын 01-ний дотор багтаан улсын комисс шалгаж хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.

Мөн Ховд аймгийн Засаг даргад зээлийн эргэн төлөлтийг тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нь ямар ч үндэслэлгүйгээр гэрээг дүгнэж ажлыг хүлээж авах боломжгүй, мөнгийг нь авна, комисс томилох шаардлагагүй гэж амаар хэлдэг ба бичгээр албан ёсны хариу өгөлгүй байсаар өдий хүрлээ. Ингээд аймгийн Засаг дарга Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 2017 оны 06 сарын 13-ны өдөр 153/Ш32017/01186 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай компаний данс болон захирлын хувийн харилцах дансуудыг хаасны улмаас компаний хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож хохироож байна. Үүний улмаас манай компани болон миний бие арилжааны банкнаас бизнесийн 1,8-2,0 хувийн хүүтэй зээл авах боломжгүй болж Улаанбаатар хотын Марико банк бус санхүүгийн байгууллагаас сарын 3.5 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хүүний зөрүүд 7,116,000 төгрөгийн алдагдал хүлээж  хохирч байна. Энэхүү хохирол нь Ховд аймгийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэн нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгыг ашиглалтад оруулах, түүнд хяналт тавихтай холбоотой харилцаа Барилгын тухай хуулиар зохицуулна. Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар аймгийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх хэмжээтэй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм байгаа. Барилгыг яаж ашиглалтад хүлээж авдаг талаар Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл, ашиглалтад оруулах дүрэмд заасан байгаа. Зохих баримт бичгийн шаардлагыг хангасан үндсэн дээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн Засаг дарга шийдвэрлэдэг. Барилгын тухай хуулийн 48.5 дугаар зүйлд зааснаар захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт зэргийг хавсаргадаг. Энэ 7 төрлийн баримтыг улсын комисс хүлээж авах бөгөөд хүсэлтээ бичиж өгдөг. Хуульд заасан энэ 7 төрлийн бичиг баримт байхгүй тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудал шийдэгдэхгүй. Эдгээр баримт бичиггүйгээр улсын комисс хүлээж авах нь хууль зүйн үндэслэлгүй. Хан Алтайн цогцолбор барилгыг хүлээж авах талаарх хүсэлтийг гаргаагүй. Улсын комисс байгуулагдаж үзэж, шалгасан зүйл байхгүй.

Баруун Монгол интернэйшнл ХХК Хан Алтайн дуулал цогцолбор барилгын ажлыг барихдаа барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, захиалагчийн хяналтын гэрээ байгуулаагүй, магадлалаар батлагдсан зураг, төсөв байхгүй. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглодог. Аймаг, орон нутгийн төсвөөс Баруун Монгол интернэйшнл ХХК-ний авсан зээлийн үлдэгдэл 226 сая төгрөг бий. Хэрэв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар нэгэн засвар үйлчилгээ явсан тохиолдолд заавал зураг, төсөв дээр Барилгын хөгжлийн төвөөс заавал хянан магадлал хийгдэж, баталгаажсан байх ёстой. Барилга байгууламжийг Ховд аймгийн Засаг дарга шууд хүлээж авах эрх зүйн үндэслэл байхгүй. Баруун Монгол интернэйшнл ХХК-ний гаргаж өгсөн зураг бол схез зураг байгаа. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д зааснаар барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж байдаг.

Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга байгууламжийн чиг үүргийг хэрэгжүүлэх, Барилгын хөгжлийн төв ОНААТГ байгуулсан. Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар улсын төсвөөр хийгдэж байгаа барилга байгууламжийн зураг, төсөв, магадлал хийх эрхийг Барилгын хөгжлийн төв ОНААТҮГ-т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, зураг, төсөвт магадлал хийгддэг. Магадлал хийгдсэн төсвөөр энэ ажил хийгддэг. Улсын төсвөөр хийгдэж байгаа бол манай барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэх ёстой гэж хэлсэн бөгөөд тодруулж үзсэн. Баруун Монгол интернэйшнл ХХК-ны схез зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлагдаагүй. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай шүүгчийн захирамжаар Баруун Монгол интернэйшнл ХХК 350 сая төгрөг авснаа төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэж эвлэрлийг баталсан. Энэ захирамжид зааснаар 127 сая төгрөгт нь орон сууц өгсөн, үлдэгдэл төлбөр 226,280,000 төгрөгийг Баруун Монгол интернэйшнл ХХК одоо хүртэл төлөөгүй байна. Аймагт буцааж төлөх татвар төлөгчийн мөнгө, энэ 226,280,000 төгрөгийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан учраас дахиж хэлэлцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалт байгаа. Энэ төлбөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой. Хуульд нийцээгүй зүйлийг хүлээж авахгүй. Ховд аймгийн төсөв хуулийн дагуу явагдаж байх эсэхэд аудитын байгууллага хяналт тавьдаг. Ховд аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд Баруун Монгол интернэйшнл ХХК-тай холбоотой 226,280,000 төгрөгийг төлөөгүй зөрчил илэрлээ. Зөрчлөө арилгахыг Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст хугацаатай албан шаардлага өгсөн байсан. Нэгэнт аудиторын газраас албан шаардлага өгсөн учраас түүний биелэлтийг хангуулах талаар Аудиторын байгууллагын өмнө хариуцдаг үүрэгтэй. Төрийн аудитын тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.12-д зааснаар аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих эрхтэй. Хэрвээ хариу мэдэгдээгүй тохиолдолд аудитын байгууллагаас хариуцлага тооцох асуудлыг тавьдаг. Хуулиар тогтоосон процесс ажиллагааны журамтай. Тийм учраас аудитын байгууллагын шаардлага, Төсвийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.8-д зааснаар төсвийг зохистой удирдаж, ямар нэгэн өр авлага үүсгэхгүй ажиллана. Хэрэв өр авлага байгаа бол түүнийгээ барагдуулна. Шүүгчийн захирамжид дурдсан өр авлагыг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн.

Аудитын байгууллагаас хоёр янзын байр суурь гарсан. Үүний нэг нь өр авлага барагдуулах тухай шаардлага ирсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу баримт, бичгийг явуулсан. Аудитын байгууллагаас дахиад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гарсан. Гэхдээ урд өгсөн албан шаардлагаасаа эрс зөрүүтэй байсан. Аудитын байгууллага руу дүгнэлт, албан шаардлага хоёрын алийг нь барих вэ гэж дээд шатны байгууллага руу бичиг явуулсан. Төрийн аудитын газар манай газар хэзээ ч ийм бичиг баримт үйлдэхгүй гээд шууд Авилгатай тэмцэх газар луу шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газар дээр дүгнэлт гаргасан аудитор шалгагдаад явж байгаа гэсэн. Бид нарын зүгээс аудиторын дүгнэлттэй ямар нэгэн хохирол гараагүй, шүүхийн шийдвэрийн дагуу 226.280000 төгрөг гарах боломжтой гэж явуулсан. Аудиторын дүгнэлт бол хууль зүйн үндэслэлтэй баримт биш. Энэ барилгыг бид нар шууд 226.280000 төгрөгт тооцож авах боломж байхгүй. 226,280,000 төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийхийг эцсийн шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргадаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгч шийдвэр гаргадаг, хурлаас сонгогдсон 7-9 тэргүүлэгч шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ хоёр хурлын эрх хэмжээ хоорондоо ялгаатай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1-д зааснаар хурлын төлөөлөгчийн чөлөөт цагт хурлын тэргүүлэгч байдаг. Хурлын төлөөлөгч нарын шийдэх асуудлыг хурлын тэргүүлэгчид шийдвэрлэдэггүй. Хурлын 41 төлөөлөгч төсвийн асуудлыг шийддэг бол тэргүүлэгчид шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хохирол гэж нэхэмжилж байгаа асуудал бол энэ нь үндэслэл муутай байна. Засаг даргын гэрээ байгуулсан асуудалтай энэ хохирол ямар ч хамаагүй. Барилгын ажлыг барилгын тухай хуульд заасан журмаар явуулна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн Засаг даргаас Баруун Монгол интернэйшнл ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээ нь Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл. Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.7-д “аймаг, орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрдүүлэн хуваарилан зарцуулахыг хэлнэ” гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д зааснаар тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнд хамаардаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2б-д зааснаар Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах эрх Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаардаг. Баруун Монгол интернэйшнл ХХК-иас авах 226,280,000 төгрөг аймгийн төсөвт суугаад дараагийн ямар зүйлд хэдий хэмжээний төгрөгийг зарцуулагдах вэ гэдэг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэгддэг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 226,280,000 төгрөгийг юунд зарцуулагдах талаар одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараагүй байхад Засаг дарга Хан Алтайн дуулал цогцолбор барилгыг өрөндөө бариулах нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн эрхийг ялгавартай зааж өгсөн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаартай, төсөл дэмжих тогтоолоор 226,280,000 төгрөгийг Хан Алтайн дуулал цогцолборт зориулах талаар зөвшөөрсөн үндэслэл байхгүй байна. Энэ тогтоолыг уншиж үзэх юм бол Хан Алтайн дуулал цогцолборын суурийн хэсгийг цутгах талаар эх үүсвэрийг ол гэж Засаг даргад даалгасан болохоос биш 226,280,000 төгрөгийн өртөгт багтааж барь гэсэн шийдвэрийг тэргүүлэгчид гаргаагүй. Хуульд зааснаар энэ 226,280,000 төгрөгийг юунд зарцуулах талаар тэргүүлэгч биш, Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэдэг. Энэ өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоол хоёрыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр гэрч асуугдсан байгаа. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь дээрх хурлын тэмдэглэл, тогтоол хоёроос эрс зөрүүтэй. Яагаад гэхээр эх сурвалж нь тодорхойгүй. Үнэхээр 226.280000 төгрөгийн оронд барилгын ажил гүйцэтгэхээр байсан юм бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэх ёстой байсан.

Засаг даргын Тамгын газар нэг талдаа төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж өгнө үү. Төсвийн тухай хуулиар Засаг даргад энэ гэрээг байгуулах эрх байсан уу гэхээр байхгүй байсан. Яагаад гэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөгүй байхад Засаг даргад тийм эрх хэмжээ байхгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах байр суурьтай байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Түвдэндорж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээнд 226,800,000 төгрөгийн гэх үг, өгүүлбэр оруулаагүй гэдэг асуудал яриад байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд байгаа. Эх үүсвэрийг олж, үүний хий гэсэн үүрэг, даалгавар Засаг даргад өгсөн байсан. Үүний дагуу төсвийг захиран зарцуулагч өр барагдуулж хийсэн ажил юм. Мөнгөгүй зүйл дээр тендер зарлахгүй. Хуулийн цоорхойг ашиглаад хүлээж авахгүй гэж байна. Энэ ажлыг гүйцэтгэж байхад төр, засаг солигдсон бөгөөд төрийн үйлчилгээг үзүүлээгүй, хүлээлгэж өгөх гэхээр хүлээж аваагүй. Би хууль зөрчөөгүй бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Би хийсэн зүйл дээр ял үүрмээргүй байна. Буруутай эзэн нь хэн байгааг би ойлгохгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК-ний хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг Ховд аймгийн Засаг даргад даалгасугай.

2.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар Ховд аймгийн Засаг дарга Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 7,116,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Ховд аймгийн Засаг дарга, Баруун Монгол интернэйшнл ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,620  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баруун Монгол интернэйшнл ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугайгэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилга байгууламжийг барих хүлээн авч ашиглалтанд оруулах зэрэг үйл ажиллагаа нь гэрээний нэг тал нөгөө талдаа шаардлага тавигдсанаар хийгддэг дур зоргын үйл ажиллагаа огтхон ч биш. Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг Барилгын тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл нэхэмжлэгч “Баруун Монгол Интернейшнл” ХХК нь Хан Алтайн дуулал цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, захиалагчийн гэрээ байгуулаагүй, барилгын хяналт хийгдээгүй, магадлалаар батлагдсан зураг төсөлгүй зэрэг үйл баримтууд Ховд аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2 удаагийн албан бичгээр нотлогддог. Үүнээс үзэхэд Баруун Монгол Интернейшнл” ХХК нь Барилгын тухай хуулийг зөрчсөн. Хуулийн заалтуудыг зөрчсөн барилга байгууламжийн ажлыг Ховд аймгийн Засаг дарга хүлээн авч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах эрх зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх гэрээний гүйцэтгэсэн барилгын ажлыг хүлээн авахыг даалгасан нь хууль журмын дээрх заалтуудыг ноцтой зөрчиж байгаагаас гадна шүүхийн шийдвэрийг бодит байдалд биелүүлэх ямар ч боломжгүй байна.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаас Баруун Монгол Интернейшнл” ХХК нь Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1 дүгээр давхрын барилгын ажлын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн төсвийн орлогод төвлөрч, дараагийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулах эсэхийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар шийдвэрлэгддэг.Ийм байхад тухайн үеийн Ховд аймгийн Засаг дарга нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрөлгүйгээр, Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчин Баруун монгол Интернейшнл” ХХК-иас орон нутгийн төсөвт төвлөрөх 226280000 төгрөгийн өрөнд Хан Алтайн дуулал цогцолборын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Шүүхээс гэрч Б.Баярсайхан, Д.Цэвээнравдан нарын мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаас зөрүүтэй байх тул мэдүүлгийн эх сурвалжид анхаарал хандуулж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхийг хүсэж байна.

Учир нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар Төсөл дэмжих тухай тогтоол уг хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудад гэрч нарын мэдүүлэгт дурдсан асуудал огтхон ч тусгагдаагүй байна. Уг гэрээний хавсралт гэх 1 хуудас баримтад гэрээний талууд гарын үсэг зурж тамга тэмдгээр албажуулаагүй нь Иргэний хуулийн 42 дугаар  зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн шаардлагыг зөрчиж байна.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т энэ хуулийн 8.1.1-т заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгжтэй барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар байхад Ховд аймгийн Засаг даргаас Баруун Монгол Интернейшнл ХХК-тай  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан алтайн дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1 дүгээр давхрын барилгын ажлын гэрээг шууд байгуулсан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Ийм байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн заалтыг зөрчиж байна. Дээрх нөхцөл байдал үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Баруун монгол интернэйшнл ХХК-ийн захирал Ө.Түвдэндорж нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ийн хооронд байгуулсан Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг даалгах, уг үүргээ биелүүлээгүйгээс учирсан 7116800 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баруун монгол интернэйшнл ХХК-ийн захирал Ө.Түвдэндоржид холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ийн хооронд байгуулсан Г-2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ховд аймгийн Засаг дарга болон Баруун монгол интернэйшнл ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2016-Ажил-01 дугаартай “Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээ” буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээнд талуудын хүлээх үүргийн талаар тодорхой тусгаагүй боловч гүйцэтгэгч Баруун монгол интернэйшнл ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.

Харин захиалагч тал болох Ховд аймгийн Засаг дарга нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авахгүй татгалзаж байгаа үндэслэлээ “гүйцэтгэгч тал Барилгын тухай хууль зөрчсөн, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл аваагүй, захиалагчийн гэрээ байгуулаагүй, барилгын хяналт хийгдээгүй, магадлалаар батлагдсан зураг төсөлгүй” гэж тайлбарлажээ.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.3-т зааснаар ”барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”-ийг тус тус захиалагчийн үүрэг болгож хуульчилсан байна.

Гэтэл захиалагч тал Барилгын тухай хуульд заасан дээр дурдсан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг гүйцэтгэгч тал буруутгах боломжгүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь барилгын ажлын зураггүй, уг барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй гэх боловч хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Хан алтайн дуулал” цогцолборын Эскиз зургийг Ховд аймгийн Ерөнхий архитектор З.Өмиртэй баталсан байна. 

Гүйцэтгэгч тал буюу Баруун монгол интернэйшнл ХХК нь уг барилгын ажлыг Ховд аймаг хөгжүүлэх сангаас 2010 онд 5 жилийн хугацаатай авсан 350.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 226.280.000 төгрөгийн өрөндөө тооцуулж барьсан гэх үйл баримт нь “нэхэмжлэгчийн тайлбар, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3, 4 дэх заалт, Ховд аймаг дахь Төрийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт, гэрч Д.Цэвээнравдан, Б.Баярсайхан нарын мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Баруун монгол интернэйшнл ХХК-ийн захирал Ө.Түвдэндоржийн “...аймгийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хан алтайн дуулал цогцолбор-ын нээлтэнд оролцож, тууз хайчлах үедээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгэндээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 235 сая төгрөгийн санхүүжилт гарган хөрөнгө оруулалт хийн барьсан гэж албан ёсоор мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээн авахгүй байгаа гэх” тайлбар нь хэрэгт авагдсан CD-д хураагдсан бичлэгээр тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч тал нь бодит ажлын үр дүнг үгүйсгээгүй бөгөөд ажлын үр дүнг хүлээн авахгүй байгаа үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, захиалагч Ховд аймгийн Засаг даргад гүйцэтгэгч Баруун монгол интернэйшнл ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахыг даалгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Баруун монгол интернэйшнл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний улмаас учирсан хохирол 7116000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Баруун монгол интернэйшнл ХХК энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно. Мөн Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж Баруун монгол интернэйшнл ХХК нь тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

             ШҮҮГЧИД                                         Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР