Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

С.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01122 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч С.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдох

 

            Гэм хорын хохиролд 976 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                С.Батдэлгэр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                       Л.Эрдэнэтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орсон борооноор ус зайлуулах шугамаар ус алдаж гэр, орцонд ус орж ирсэн. Өмнө нь манай гэрт болон орцонд ус орж ирж байгаагүй. Ус алдсанаас хойш “Ус Ду” ХХК-нд ус алдсан шалтгааныг тогтоолгохоор дуудлага өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бороо ороход гэрт дахин ус орж ирсэн. 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас орон сууц нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн ирж Хонхорын 11 дүгээр байрны 3 дугаар орцны дээрх засварын ажил, ус алдаж буй нөхцөл, хэний буруутай үйл ажиллагаанаас ус алдаж буйг тогтоосон. Уг дүгнэлтээр Говьсүмбэр аймгийн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн албан хаагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж 11 дүгээр байрны дээврийн ус зайлуулах хоолойн таваг гэмтэж 3 дугаар орцонд ус их хэмжээгээр орсон байна. Тухайн орцноос өөр орцонд ус ороогүй бөгөөд дээврийн засварын буруугаас болоогүй болно гэсэн дүгнэлт гарсан юм. Дүгнэлт гарсан даруй 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Гэрэлт жим” ХХК-аас инженер н.Сүрэнжав, аймгийн Холбооны газраас дарга н.Эрдэнэзаяа, инженер н.Чинзориг, аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас орон сууц, нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн н.Амарсайхан, н.Дэлгэрдалай нар ирж 11 дүгээр байрны ус алдаж буй ус зайлуулах хоолойн тавгийн гэмтлийг ирж үзээд аймгийн холбооны газрын албан хаагч нар ус зайлуулах хоолойны тавгаар оруулсан шугамын утас кабелиа татаж авч зассан гэсэн боловч маргааш өдөр нь орсон борооноор дахин ус алдсан. Аймгийн холбооны газрын албан хаагч нарын буруугаас болж манай том өрөө, жижиг өрөө, коридорт ус алдаж таазны шохой, хананы обой норж, хуурч унасан, паркетан шал норсноос хөөж дахин ашиглах боломжгүй болсон. Өөрийн байранд ус алдсаны улмаас учирсан хохирлын тооцоо, засварын ажлын хөлсийг “Хос стандарт” ХХК-иар хийлгэсэн болно. Говьсүмбэр аймагт үнэлгээний компани байхгүй учир Улаанбаатар хотоос дуудлагаар үнэлгээний компанийн албан хаагч нарыг авчирч үнэлгээ хийлгэсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэсэн боловч Говьсүмбэр аймгийн холбооны газар нь хуулийн этгээдийн эрхгүй учраас толгой компани болох “Монголын цахилгаан холбоо” ХК-иас Иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлд зааснаар хохирлоо нэхэмжилж байна. Иймд “Монголын Цахилгаан Холбоо” ХК-иас Говьсүмбэр аймгийн Хонхор хотхоны 11 дүгээр байрны 45 тоотод учирсан хохирлын 911 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс, зардал 65 000 төгрөг, нийт 976 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 45 тоотод ус алдсан асуудлыг манай байгууллага хариуцах боломжгүй бөгөөд манай ажилчдын буруутай үйл ажиллагаанаас болсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэж нэхэмжилж байгааг хууль болон холбогдох дүрэм журамд нийцээгүй гэж үзэж байна. 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр холбогдох байгууллагын төлөөлөл “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Говь-Сүмбэр аймаг дахь салбарын ажиллагсад ирж кабелийн утсаа татан авч зассан гэсэн боловч маргааш нь орсон борооноор дахин ус алдсан асуудал нь манай компанитай үйл ажиллагаатай холбогдолгүй болохыг нотлож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Монголын Цахилгаан холбоо” ХК-иас 941 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Батдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27 980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Монголын Цахилгаан холбоо” ХК-иас 27 134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Батдэлгэрт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хос стандарт” ХХК-ийн үнэлгээгээр гарсан хохирол 911 000 төгрөг, үнэлгээний хөлс 65 000 төгрөг, нийт 976 000 төгрөг болж байгаа гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр их хэмжээгээр орсон борооны ус Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 3 дугаар орцны дээврийн хэсэгт нэвтэрч 45 тоотод оршин суух нэхэмжлэгч С.Батдэлгэрийн гэрийн коридорт ус алдаж, таазны шохой, ханын обой норж хуурч унасан, паркетин шал хөөж дахин ашиглах боломжгүй болж хохирсон байна гэсэн нь хууль зүйн үндэслэл муутай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Говьсүмбэр аймгийн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Орон сууц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Амарсайханы 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудаст хариуцагч “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн ямар буруутай үйлдэл нь холбогдох ямар дүрэм, стандарт зөрчсөн талаар дурдаагүй, ямар хэмжилт аргачлалаар “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн буруу болж тогтоогдож байгаа талаар тайлбарлаагүй эргэлзээтэй баримт, түүнчлэн нэхэмжлэгч С.Батдэлгэр шүүхэд мэдүүлэхдээ одоог хүртэл байраа засуулаагүй гэх боловч “Хос стандарт” XК-ийн үнэлгээний дийлэнх хэсэг нь ажлын хөлсний зардал гэж тусгасан байгаа бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ирээдүйд бий болох гэм хорын зардал буюу байранд засвар хийх ажлын хөлсний зардлыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хууль болон анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар учирсан хохирол нь нэхэмжлэгч С.Батдэлгэрийн гэрийн коридорт ус алдаж, таазны шохой, ханын обой норж хуурч унасан, дахин ашиглах боломжгүй болсон паркетин шал байх бөгөөд аль нэг хуулийн этгээд, хувь хүнд төлбөр төлж байраа засуулсан баримт байдаггүй. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01122 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Батдэлгэр нь “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдуулан тус байгууллагын ажилтнуудын учруулсан гэм хорын хохиролд 976 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагын ажилчдын буруутай үйл ажиллагаанаас болж орон сууцны барилгын дээврийн ус зайлуулах хоолойн таваг гэмтсэнээс ус алдаж, орон сууцны таазны шохой, хананы обой норж хуурсан, паркетан шал хөөж дахин ашиглах боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

 

Гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгүүлэхийн тулд гэм хор учруулагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, гэм хор учирсан нөхцөл байлын талаар шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн буруутай ажиллагааны улмаас нэхэмжлэгч С.Батдэлгэрт гэм хорын хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

 

Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон Говьсүмбэр аймгийн ГХБХБГазрын ҮСНАА асуудал хариуцсан мэргэжилтний Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны дээврийн дээврийг шалгасан илтгэх хуудас болох бичгийн баримтаас үзэхэд хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ажилчдын буруутай ажиллагаанаас болж дээврийн ус зайлуулах хоолойн таваг гэмтэж 3 дугаар орцонд ус их хэмжээгээр орсон гэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу тус ажилтны буруугаас гэм хор учраагүй гэх нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй байна.

 

Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотолх баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шалгуулах, үүний үндсэн дээр нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримт, гэм буруугийн талаар үнэлж, хариуцагч байгууллагын буруутай ажиллагааны улмаас гэм хорын хохирол учирсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.  

 

Нэхэмжлэгч С.Батдэлгэр нь эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгаж, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээсэн, гэмтсэн эд хөрөнгөө зассанаас гарсан зардлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч анхан шатны шүүх засварын зардлын талаарх эрх бүхий байгууллага болох “Хос стандарт” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээ тогтоолгосныг үндэслэн хохирлыг тооцсоныг буруутгах боломжгүй байна. / хэргийн 13-14 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол 911 000 төгрөг, үнэлгээний төлбөр 35 000 төгрөг, нийт 941 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 27 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                                  ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               Ц.ИЧИНХОРЛОО