Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00086

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Г.Эсэн,

хохирогч Э.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Г.Гочоо

шүүгдэгч Г.Гантөмөр, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ганбатын Гантөмөрт холбогдох 132/2016/0072/Э индекстэй, эрүүгийн 201606000154 дугаартай хэргийг 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Баян-Агт сум Хүрэмт багийн Бургаст хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Гөрөөчин овгийн Ганбатын Гантөмөр /РД:ГА87091376/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Гантөмөр нь /яллагдагчаар татах тогтоолоор/ 2016 оны 06 дугаар сарын 02-03-нд  шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын "Хүрэмт" багийн төвд Э.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантөмөр мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Алтанхуяг, Борхүү нар Орхон аймгаас Булган аймгийн Баян-Агт суманд ирсэн. Би тэднийг шовгор байшинд оруулсан. Тэд надад клуб орчихоод ирье гэж хэлсэн. Бид клуб дээр очсон боловч клубын тог тасарсан байсан. Борхүү надад 6000 төгрөг өгөөд, намайг дээр нь мөнгө нэмээд архи авчих гэж хэлсэн. Би түүнд мөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд бидний мөнгө архи авч хүрэхгүй байсан учраас пиво авсан. Бид авсан пивоо манай шовгор байшинд уусан. Үүний дараа Алтанхуяг бид хоёр манайхаас архи авахаар мотоцикльтой явсан. Би архи авахаар гэртээ ороход манай дүү ирсэн. Дүү надаас мотоциклийн түлхүүр авах гэхэд байхгүй байсан. Би дүүдээ Алтанхуягт байгаа гараад авчих гэж хэлсэн. Удалгүй дүү гэрт орж ирээд Алтанхуягийг өгөхгй байна гэж хэлсэн. Би гараад Алтанхуягийг түлхүүр өг гэж хэлээд отвёркоор хамар руу нь цохьсон. Үүний дараа Алтанхуяг намайг ах, дүүтэйгээ хамтарч зодсон гээд байсан. Дүү маань Алтанхуягийг очиж харахад би отвёркоор нүүр рүү хатгасан байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Алтанхуяг мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Борхүү бид хоёр Орхон аймгаас Булган аймгийн Баян-Агт сум руу явсан. Борхүү замдаа архи уугаад байхаар нь би түүнийг болиулсан. Булган аймгийн Баян-Агт суманд Гантөмөрийнд оччихоод Борхүү бид хоёр Гантөмөрийг клуб хүргэж өгөхийг гуйсан. Бид клуб дээр очиход клубын тог тасарсан байсан. Үүний дараа Борхүү Гантөмөрт 6000 төгрөг өгсөн. Борхүү Гантөмөрийг мөнгө нэмээд архи авчих гэж хэлсэн. Харин Гантөмөр мөнгө байхгүй гэсэн. Ингээд бид 6000 төгрөгөөрөө пиво авсан. Бид авсан пивоо Гантөмөрийн шовгор байшинд очиж уусан. Пиво дуусахад Борхүү дахиад архи уумаар байна гэж хэлсэн. Энэ үед Гантөмөр ээжийн авдаранд архи байгаа гээд бид хоёр түүний гэр рүү архи авахаар мотоцикльтой явсан. Би Гантөмөрийг архиа аваад хурдан гарч ирээрэй гэж хэлээд гадаа мотоцикль дээр суугаад хүлээсэн. Гэтэл Гантөмөр гарч ирэхгүй 30-40 минут болсон. Түүнийг гэртээ орсоны дараа дүү нь ирсэн. Гантөмөрийн дүү нь мотоциклийг нь хашаандаа оруулсан. Үүний дараа Гантөмөрийн дүү надаас мотоциклийн түлхүүр өгөхийг шаардсан. Харин би түүнд мотоциклийн түлхүүр надад байхгүй гэж хэлсэн. Үүний дараа Гантөмөр гарч ирээд надаас мотоциклийн түлхүүр өг гэж шаардсан. Мөн намайг хэл амаар доромжлоод, нүүр рүү цохьсон. Би Борхүүгийн байгаа газар руу алхаад явж байхад миний хамараас цус гарсан. Би цагдаад мэдэгдэхэд намайг шинжээчийн дүгнэлт гаргуулж, гэмтлийн зэрэг тогтоолгохыг зөвлөсөн. Маргааш өглөө Гантөмөрийн ах ирээд намайг эмнэлэгт хамт үзүүлье гэж хэлсэн. Ингээд Гантөмөрийн ах бид хоёр Орхон аймаг руу явж эмнэлэгт үзүүлсэн. Эмч нар намайг үзээд яаралтай хагалгаанд орохыг зөвлөсөн. Гантөмөрийн ах Орхон аймгийн эмнэлэгт рентгэн зураг авхуулахад 200000 төгрөгөөр өгсөн. Намайг Улаанбаатар хот руу хагалгаа хийлгэхээр явахад 300000 төгрөг өгсөн. Мөн хагалгааны мөнгө өгнө гэж хэлсэн. Намайг Орхон аймгаас Улаанбаатар хот руу явах гэж байхад Гантөмөрийн ээж над руу утсаар яриад дахиж мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Иймд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хохирол төлбөрийг барагдуулсан тохиолдол гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 201606000154 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Г.Билгүүний өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 02-ны орой цагийг нь сайн мэдэхгүй байна. Намайг ажлаасаа ирээд гэртээ хувцасаа солиод байж байхад гадаа хүмүүс хашгиралдаад байхаар нь гараад очтол манай ах Гантөмөр хашааны том хаалганы түгжээ болох модны наана цаана нь Э.Алтанхуяг зогсчихсон байсан. Тэгээд манай дүү Дагвасүмбэрэл бид хоёр ах Гантөмөрийг яаж байгаан юу болж байгаан гээд гэртээ аваад орсон. Тэгээд би гэрт оруулж загнаад зогсож байсан чинь утас дуугарахаар нь аваад ярьтал пизданууд минь ах дүүгээрээ нийлж зодлоо гэхээр нь яасан юу болсон гээд асуусан чинь ирээд хар явдаг газраар нь явж шийдүүлнэ танай алуурчин ахыг чинь гэж хэлээд утсаа салгахаар нь буцаагаад залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд байгаа газар нь очоод энэ хавьдаа шийдчихье цагдаа гээд яах юм бэ гэж хэлсэн чинь ирж зургаа авахуул гэсэн гээд гараад явсан гэх мэдүүлэг /хх 26 тал/,

Гэрч Б.Борхүүгийн өгсөн: Э.Алтанхуягтай нэг нутгийнх учраас багаас нь мэднэ. Харин Г.Гантөмөртэй Улаанбаатар хотод барилга дээр 2009 онд ажиллаж байхдаа танилцсан. Түүнээс хойш найзлаж, нөхөрлөж байна. Би 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр найз Э.Алтанхуягын хамт Орхон аймгаас Баян-Агт сум орохоор таксигаар 14-15 цагийн үед явсан юм. Тэгээд орой 20 цагийн үед Баян-Агт суманд очоод барьж байсан байшин дээрээ очоод тэндээсээ Г.Гантөмөрийнд очсон. Г.Гантөмөр, Э.Алтанхуяг бид 3 соёлын төвд бүжиг болох гэж байгаа гэсэн учраас тэнд очиход тог тасарсан байсан. Тэгэхээр нь бид гурав Байгаль гэдэг айлд очиж мөнгө аваад дэлгүүрээс пиво аваад барьж байсан байшин дээрээ очиж бид гурав хувааж ууж суухад Г.Гантөмөр манайд нэг шил архи байгаа гэхээр нь пиво ууж дуусаад Г.Гантөмөрийн хашааны гадаа очиход Г.Гантөмөр гэртээ ороод бид хоёр гадаа үлдсэн юм. Тэгээд Г.Гантөмөрийг хүлээгээд зогсож байтал Г.Гантөмөрийн дүү гэх залуу нэг залуугийн хамт мотоцикльтой ирээд, гэртээ ороод хэсэг байж байгаад гарч ирээд мотоциклийн түлхүүр асуухаар нь Э.Алтанхуяг би мэдэхгүй гэж хэлэх нь сонсогдсон /би тухайн үед хашаа налаад сууж байсан/ тэгээд дүү нь буцаж гэртээ ороод удаагүй зөрөөд Г.Гантөмөр гарч ирээд Э.Алтануягийн цээж рүү нь өшиглөөд нэг удаа цохиод авсан тэр үед гэрээс нь Г.Гантөмөрийн эмэгтэй дүү нь эхэлж гарч ирээд араас нь эрэгтэй дүү нь гарч ирээд тэр хоёр Г.Гантөмөрийг гэрлүүгээ авч орсон. Би Э.Алтанхуягийг барьж байсан байшин руугаа аваад явсан юм. Намайг харж байхад цээж рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Түүнээс өөр цохиогүй. Намайг харж байхад дүү нь гар хөл хүрээгүй. Харин Э.Алтанхуяг дүү нь бужигнаан дунд миний цээж рүү өшиглөчих шиг боллоо гэж надад хэлж байсан. Даруухан зантай залуу байгаа юм. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 108 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ¹191 тоот дүгнэлтэнд: 1. Э.Алтанхуягийн биед баруун ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун гайморын хөндийн цус хуралт, зүүн хөмсөгний нэвтэрсэн шарх, баруун нүдний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 29 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 907 тоот дүгнэлтэнд: 1. Э.Алтанхуягийн биед баруун ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, баруун нүдний дотор булан хэсгийн нэвтэрсэн шарх, баруун нүдний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Урьд гаргасан Булган аймгийн ШША-ны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 191 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх 37 тал/,

Гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 3-4 тал/, хэрэг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 42 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гантөмөр нь 2016 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн төвд Э.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Алтанхуягын өгсөн... Гантөмөр гарч ирээд надаас мотоциклийн түлхүүр өг гэж шаардсан. Мөн намайг хэл амаар доромжлоод, нүүр рүү цохьсон. Би Борхүүгийн байгаа газар руу алхаад явж байхад миний хамараас цус гарсан гэх, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантөмөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би гараад Алтанхуягийг түлхүүр өг гэж хэлээд отвёркоор хамар руу нь цохьсон гэх, мөрдөн байцаалтанд гэрч М.Борхүүгийн…Г.Гантөмөр гарч ирээд Э.Алтануягийн цээж рүү нь өшиглөөд нэг удаа цохиод авсан тэр үед гэрээс нь Г.Гантөмөрийн эмэгтэй дүү нь эхэлж гарч ирээд араас нь эрэгтэй дүү нь гарч ирээд тэр хоёр Г.Гантөмөрийг гэрлүүгээ авч орсон. Би Э.Алтанхуягыг барьж байсан байшин руугаа аваад явсан. Намайг харж байхад цээж рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Түүнээс өөр цохиогүй. Намайг харж байхад дүү нь гар хөл хүрээгүй. Харин Э.Алтанхуяг дүү нь бужигнаан дунд миний цээж рүү өшиглөчих шиг боллоо гэж надад хэлж байсан гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 907 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Гантөмөр нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Г.Гантөмөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.  

Хэрэгт хураагдаж иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөгийн хохирлыг барагдуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Г.Гантөмөр нь хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч шүүгдэгийн хувийн байдал /хх 60/ зэргийг харгалзан хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөргүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өнгө үү гэж мэтгэлцэж байгаа хэдийч шүүхэд ирүүлсэн баримтанд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэх боловч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Улсын дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ?2 тоот зөвлөмжид..."сайн дураараа эвлэрсэн..." гэж гэмт хэргийн улмаас хохирсон этгээд хөндлөнгийн ямар нэгэн дарамт, шахалт, төөрөгдөлд оролгүйгээр, өөрийн хүсэл зоригийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй эвлэрсэн байхыг анхаарвал зохино гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эм тариа, шатахууны зардалд нийт 5600000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогч Э.Алтанхуягт 500000 төгрөг төлсөн байх ба нотлох баримтын шаардлага хангахгүй 5600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гөрөөчин овогт Ганбатын Гантөмөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Гантөмөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 /есөн зуун жаран мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Г.Гантөмөр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг отвёркыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гантөмөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН