Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэн Б.Г  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Г  гаргасан давж заалдах гомдлоор Б.Г  нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Г 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ. 

Хоёр. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргыг төлөөлж тус газрын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Б 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Б.Г Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид тус газрын даргаас зөвшөөрөл авч, 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Горхи-Мэлхий хад нэртэй амралтын газарт амарсан.

Тухайн өдөр амралтанд амарч байсан Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагч Ө нь мөн хэлтсийн алба хаагч Х-тэй маргалдаж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдэгдэж, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. Дээрх асуудалд Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулсан.

Албаны шалгалтаар амралтанд явсан алба хаагчид нь удирдлага, зохион байгуулалт муутай, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсоноос гадна цагдаагийн ахлах ахлагч Б.Г болон нэр бүхий алба хаагч нар согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон байна.

Б.Г  дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 2.3-т “...цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх үүрэгтэй”, 4 дэх хэсгийн 4.1.6-д заасан “Ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, мөн газрын даргын 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.12-д заасан “Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах,... бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол ...тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Тухайн үед Б.Г удирдлагын зөвшөөрөлтэйгөөр амарч байгаа хэдий ч тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийн хувьд олон нийтийн газарт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, бусадтай зүй бус харилцахгүй байх, цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байж, удирдах алба хаагчаас өгсөн үүрэг, зааварчилгыг биелүүлэх учиртай.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 31 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар сахилгын шийтгэл хүлээсэн нь мөн хуулийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан байна.

Б.Г сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг мөн сарын 13-ны өдөр танилцуулж, тушаал танилцуулсан мэдэгдэлд гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан.

“Төрийн албаны зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 13-т “Эрх бүхий албан тушаалтан мөн зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар холбогдох этгээдэд заавал мэдэгдэж, баримтжуулах бөгөөд ийнхүү мэдэгдсэн хугацаанаас хойш энэ зүйлийн 26.8-д заасан хугацааг тоолно” гэж заасан нь түүний эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон, Цагдаагийн албаны тухай уулийн 13 дугаар зүйлийн 13.2, 20 дугаар зүйлийн 20.1, 12 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.З-т заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Б.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх Цагдаагийн байгууллагад мөрдөгдөж буй Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болон Сахилгын дүрмүүдийг зөрчсөн гээд “...бусад алба хаагч нарын хамт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж маргаан хэрүүл үүсгэн, улмаар албан хөөгч Ө нь албан хаагч Х-ын амь насыг хөнөөсөн байна” гэж шүүхийн шийдвэрт үндэслэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайн өдөр амралтанд миний бие хойноос нь хоёр цагийн үед ганцаараа машинаа бариад эрүүл очсон бөгөөд, очиход бүгд нэлээд халсан байсан. Нээлт болж байсан үеэр нэлээд халсан хошууч Д.Батзаяа над руу хэл амаар дайрч давшилсан. Харин би “...энд ажил яриад яах бэ” гээд өөр юм урдаас нь хэлж хэрүүл муудалцаан ч болоогүй зүйлийг улмаар хүний амь нас хохирсон байна гэж хоорондоо огт холбоогүй намайг дөнгөж очоод нээлтэн дээр болсон зүйлийг орой бүрэнхийнд болсон үйл явдлыг хамаатуулж шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

Нээлтийн үеэр над руу хэл амаар дайрахад нь би цоо эрүүл байсан байхад “...согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн байсан” гэж үзсэнд ямар нотлох баримтаар ингэж үзээд байгаад гайхаж байна.

Хэрэгт авагдсан албан хаагч нарын тайлбарыг сайтар уншвал тодорхой бөгөөд тухайн үед болсон над руу дайрсан асуудал тэгээд л учраа олоод намдсан байсан гэдгийг хангалттай тодорхой хэлсэн гэж бодож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т алба хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзсэн албан тушаалтан энэ тухай тэмдэглэл үйлдэж, зөрчил гаргасан байж болох албан хаагчид заавал мэдэгдэж, хариу тайлбарыг авна. Шаардлагатай тохиолдолд албаны шалгалт явуулж сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооно”, 3.3-т “Зөрчил гаргасан нь тогтоогдсон бол зөрчлийн шалтгаан нөхцөлийг заавал судалж тогтоон байгууллагын удирдлагад танилцуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Г  гаргасан гэх сахилгын зөрчлийн талаар дотоодын хяналт, албаны шалгалтыг явуулж Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боловч танилцуулга, хурлын тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдаагүй,

“...2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ажлын шаардлагын улмаас амралтад ажлынхантайгаа хамт явж чадаагүй, харин үдээс хойш 14 цаг өнгөрч байхад машинаа өөрөө барин араас нь очсон, намайг очиход хошууч Д.Батзаяа “...чамайг ажлаа хийж чадахгүй бол явуулна шүү...” гэх зэргээр өөдөөс хэл амаар доромжлох үед ахлагч Р.Батсуурь намайг өмөөрч түүнтэй маргалдсан, энэ үед би архи огт амсаагүй эрүүл байсан, маргааныг эхлүүлээгүй...” гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбогдуулан, түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн орой гарсан хүн амины хэрэгт Б.Г  гаргасан гэх зүй зохисгүй үйлдэл хэрхэн шууд бусаар нөлөөлсөн эсэх талаар, “...өдрийн маргаан алба хаагчдын уур амьсгалыг таагүй болгосон...” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулан орой нь хүн амины хэрэг гарах хүртэлх хугацаанд энэхүү таагүй байдал үргэлжилсээр байсан эсэх талаар албаны шалгалтын үеэр тайлбар өгсөн Эрүүгийн цагдаагийн газрын холбогдох алба хаагчид болон холбогдох бусад этгээдээс гэрчийн мэдүүлэг авах, тэдгээрийн албаны шалгалтын явцад өгсөн тайлбарыг тодруулан шалгах зэргээр нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй,

-хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд албаны шалгалтын хүрээнд тухайн үед амралтад явсан 18 хүнээс бүгдээс нь тайлбар авсан гэх боловч хэрэгт зөвхөн нэр бүхий 8 алба хаагчийн тайлбар авагдсан, гэтэл бусад албан хаагчдын тайлбарт үнэхээр нэхэмжлэгчийн гаргасан гэх зүй зохисгүй үйлдлийн талаар тусгагдсан эсэхийг шалгаж тодруулаагүй,

-маргаанд оролцсон гэх Д.Б, Р.Б нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хэрэгт авагдаагүй,

“...сахилгын зөрчилгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад сахилгын зөрчлийг давтан үйлдсэн нь нэхэмжлэгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал болсон...” гэх хариуцагчийн тайлбарыг шүүхээс үгүйсгээгүй атлаа “хүндрүүлэх нөхцөл байдал” гэдгийг нэхэмжлэгчид өмнө нь ногдуулсан сахилгын шийтгэл, одоогийн гаргасан гэх зөрчлийг зөвхөн давтамжаар нь, эсхүл эдгээр зөрчлийн үр дагавар, шинж байдал зэргийн алинтай нь холбогдуулж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаагаас анхан шатны шүүхээс зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Б.Г  гомдлыг шийдвэрлэсэн хүрээнд, мөн уг тогтоолын үндэслэл болсон нэр бүхий 8 албан хаагчийн гаргасан тайлбарт үндэслэж маргааныг шийдвэрлэжээ гэж дүгнэж болохоор байна. 

Анхан шатны шүүхээс маргааныг дахин шийдвэрлэхдээ Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах болон бусад шаардлагатай холбогдуулан албан тушаалтан бус харин байгууллагыг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй эсэхийг тодруулбал зохино.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ  

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН