Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

иргэдийн төлөөлөгч Б.Ариунжаргал,

улсын яллагч Б.Энхтуул,

хохирогч Х.Цэцэгмаа,

шүүгдэгч С.Тулгабаатар, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэр-Одын Тулгабаатарт холбогдох эрүүгийн 201625012790 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, Шар ус, 1-р баг, Рашаант тосгонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 336.000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн 3 хонь хурааж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Сэр-Одын Тулгабаатар, /РД:МК80042216/.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч С.Тулгабаатар нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 09 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 39-1962 тоотод эхнэр Цэцэгмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар дух ясны баруун хэсэгт сүхний ар хэсгээр цохиж, бие махбодид нь дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд ханын суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, субарахнойдаль зайнуудад цус харвалт, духанд шарх, зулгаралт, баруун дээд зовхи, умдаг, зүүн цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Тулгабаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хотод ирээд хадам ах Сайнхүүгийнд очиж хоносон. Тэгээд өглөө нь эхнэртэйгээ маргалдаад сүхээр айлгах гээд далайж байгаад  цохичихсон юм. Цус гарахаар нь айгаад сүхээ барьж зугтаад замын цагдаа явж байхаар нь урдуур нь орж зогсоогоод хэргээ хүлээсэн. Тэгээд намайг цагдаагийн хэлтэс дээр аваачсан. Айлгах гэж далайтал нэг мэдсэн цохисон байсан гэв.

Хохирогч Х.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тараад ах Сайнхүүгийн гэр рүү явж байгаад Сансарын шатахуун түгээх станцийн буудал дээр нөхөртэйгөө таарсан. Тэгээд нөхрөө дагуулаад ахындаа очиж хоносон. Манай нөхөр намайг дандаа айлгаж дарамталдаг, би нөхрөөсөө айдаг. Хээр хөдөө хонодог байсан. Би бүтэн 7 хоног өдөр шөнөгүй ажиллаад их ядарсан. Өглөө нь босоод би нөхөртөө “архи уусан үедээ дандаа намайг дарамталж байх юм, би залхаж байна. Дөрвөн хүүхдээ аваад сална” гэж хэлсэн. С.Тулгабаатарын ах, эгч нар нь намайг өрөнд оруулсан гэж ярьдаг. Үүнээс болоод бид хоёр маргалдаад С.Тулгабаатартай ярилцаад амбаарт ороход миний араас гутлаа өмсөөд зогсож байсан. Би сойзон дээр оо тавиад эргээд хартал С.Тулгабаатар сүх бариад далайгаад зогсож байсан. Би өөр юм санахгүй байна. Нэг ухаан ороход би том өрөөнд байж байсан. Би дүүгээсээ хаалгаа түгжсэн үү гэж 2 удаа асууснаа санаж байна. Би Гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн. Надад дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд хана суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт /би сайн санахгүй байна/ зэрэг гэмтэл учирсан. Одоогоор Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүүхдүүдийн хамт амьдарч байна. Шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардал гэж 900.000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Нэг удаа хагалгаанд орсон. Цаашид утаж тусдаг болно гэж эмч хэлсэн. Өрнөөс болж Тулгабаатартай маргалдаж хэрэлдэж байсан зүйл байгаагүй гэв.

Шүүгдэгч С.Тулгабаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өглөө Сайнхүү ах ажилдаа явсан, би эхнэр Цэцэгмаагийн хажуугаар орж хэвтэх гэтэл Цэцэгмаа намайг зайл гээд хэл амаар доромжлохоор нь би эхнэрээсээ уучлалт гуйсан. Эхнэр Цэцэгмаа босоод цай чанаж байх хоорондоо над руу уурлаад, манай ах дүү нарыг үзэхгүй тухай хэлж надаас 4 хүүхдээ аваад сална, чам шиг архичинд хүүхдүүдээ өгөхгүй гээд намайг элдвээр хэлээд доромжилсон. Тэр үүдний амбаарт байх угаалтуурын хажууд шүдээ угаагаад зогсож байхаар нь би Цэцэгмаагийн араас нь уучлалт гуйгаад нуруун дээр нь үнсэх гэтэл намайг цаашаа бай гэхээр нь миний гэнэт уур хүрээд дүрс гээд энэ амьдрал ингээд сүйрч байгаа юм байна гэж хэлээд эргээд харахад, үүдний амбаарын гарах хаалганы зүүн хананд босоогоор нь байрлуулсан байсан модон иштэй сүхийг аваад сүхний хойд талын хэсгээр эхнэрийг цохих үед эхнэр Цэцэгмаагийн толгойны хэсгээс цус гарсан. Энэ үед дүү Буяннэмэх сэрээд гарч ирэхээр нь би түүнд ахынх нь амьдрал ингээд дууслаа гэж хэлсэн. Би өөрөө эхнэрийгээ цохиод алчихлаа гэж бодоод хашаанаас нь өөрийн ухаангүй гүйж байгаад цагдаатай таарахаар нь би өөрөө зогсоож байгаад үнэнээ хэлсэн. Би Цэцэгмаагийн толгойн тус газар нь сүхээр нэг удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан.” гэх мэдүүлэг, /хх 62-72 дугаар хуудас/

Хохирогч Х.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гал тогооны өрөөнд Тулгабаатартай ярилцаад сууж байхдаа “архи, дарс уусан үедээ яах гэж намайг дарамталж байдаг юм бэ, ингэж амьдарч яахав дээ, чи хүүхдүүд сургуульд орох гэж байхад ажил төрөл хийхгүй бол” гэж хэлчихээд хоорондоо бага зэрэг маргалдсан. Гар нүүрээ угаахаар байшингийн үүдний амбаарт шүдээ угаах гээд угаалтуурын урд зогсоод эргээд хартал Тулгабаатар миний урдаас сүх гартаа барьсан дээш өргөөд далайж байсан. Тэгээд би яаснаа мэдэхгүй гэнэт хартал манай дүү намайг тэврээд том өрөөнд оруулсан, миний нүүр рүү цус урсаж байсан. Тэгээд би нэг мэдэхэд ухаан санаа балартсан байсан. Тулгабаатар хэдэн сараар гэрээсээ яваад бид нарыг хаяад хэцүү байдаг болохоор л бид энэ шалтгаанаас болоод хэрэлддэг байсан, үүнээс болоод би Тулгабаатарыг хашраах гээд Улаанбаатар хотод ирсэн юм. Намайг урьд өмнө Тулгабаатар нь зодож байгаагүй, архи уусан үедээ, хааяа хэрүүл хийхээрээ над руу юм шидэх гээд гартаа юм бариад байдаг, би айгаад гэрээсээ гараад зугатаадаг байсан. Ерөнхийдөө бид сүүлийн хэдэн жил өрөнд ороод гэр бүлийн таарамжгүй харьцаатай, жижиг сажиг хэрүүлтэй байдаг байсан.” гэх мэдүүлэг, /хх 28-31 дүгээр хуудас/

Гэрч С.Буяннэмэхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 сарын 30-ны өглөө 09:40 цагийн орчим манай байшингийн үүдний амбаарт түг түг гээд дуугарахаар нь очоод хартал эгч Цэцэгмаагийн толгойноос нь цус урссан байдалтай газар хэвтэж байсан. Түүний нөхөр Тулгабаатар гадаа байшингийн урд сүх барьсан зогсож байгаад “Цээгий эгчийг чинь би алчихлаа, миний амьдрал дууссан” гэсэн. Цээгий эгч намайг “хаалгаа түгж, намайг өргөөд ор, би айгаад байна” гэхээр нь эгчийг өргөж оруулсан. Цэцэгмаа болон Тулгабаатар нар нь үүдний амбаарт хоорондоо маргалдаад байх шиг байсан, маргалдсаны улмаас Тулгабаатар Цэцэгмаа эгчийг сүхээр цохисон юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг, /хх 32-33 дугаар хуудас/

Гэрч Х.Сайнхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 09:00 цагийн орчим манай хүү Буяннэмэх утсаар залгаад “Цэцэгмаа эгчийг Тулгабаатар ах зодчихлоо, цус алдаад байна” гэсэн. Би Цайз зах дээр ачаа буулгачихаад гэртээ очиход Цэцэгмаа том өрөөнд газар дээшээ харсан, түүний баруун нүдний дээд хэсгээс цус гарсан, цөмөрсөн, ухаангүй байдалтай байсан. Тэгээд түргэн ирээд аваад явсан. Өмнө нь Цэцэгмааг Тулгабаатар зодож байсан талаар би сонсоогүй, хараагүй.” гэх мэдүүлэг, /хх 34-35 дугаар хуудас/

Гэрч У.Бадамын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тулгабаатар болон Цэцэгмаа нар сууснаас хойш өдийг хүртэл 12 жил хамт амьдарч байгаа юм. Цэцэгмаа Тулгабаатар нар маргалдахаараа Цэцэгмаа гэрээсээ гараад явдаг байсан. Энэ хугацаанд Тулгабаатар архи уусан үед л энэ гэр бүлд хэрүүл болдог.” гэх мэдүүлэг, /хх 36-37 дугаар хуудас/

Гэрч С.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дүү Тулгабаатар нь Цэцэгмаатай хамт амьдраад 13 жил болж байгаа. Дундаасаа 13, 11, 6, 4 насны 4 хүүхэдтэй. Бид нэг суманд хамт амьдардаг, Тулгабаатар хөдөө мал маллаж амьдардаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, дүү маань их төлөв даруу. Цэцэгмаа Тулгабаатар нар сүүлийн хэдзн жил хоорондоо байнгын хэрүүл хийдэг болсон.” гэх мэдүүлэг, /хх 38-39 дүгээр хуудас/

           Гэрч Н.Сувданчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Одоогоос 13 жилийн өмнө Цэцэгмаа гэх эмэгтэйтэй албан ёсны гэр бүл болж, аав нь бүх мал, эд хөрөнгөө эдгээр хүмүүст шилжүүлсэн. 2015 онд манайд Тулгабаатар өр ширэнд ороод байна гэж хэлээд ах дүү нараасаа тусламж авах гэж ирсэн. Тулгабаатарыг архи уусан явж байхыг би харж байгаагүй, их үг дуу цөөтэй хүн байдаг. Цэцэгмаа Тулгабаатар нар нь сүүлийн 6-7 жил хоорондоо их харилцаа муутай, хэрүүл тэмцэлтэй байна гэж хүмүүс хэлдэг байсан. Би Цэцэгмаа Тулгабаатар нарыг ямар шалтгааны улмаас маргалддаг байсан талаар мэдэхгүй, хүмүүс хэлэхдээ Цэцэгмаа нь нөхрийгөө өдөржин нас барсан эцгийнх нь ясыг өндөлзүүлж хэрүүл хийдэг гэж байсан.” гэх мэдүүлэг, /хх 40-41 дүгээр хуудас/

Гэрч Х.Мишигмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хадам дүү Тулгабаатар хэвийн зан харилцаатай их сайхан зантай хүн байдаг. Сүүлийн үед байнга архи ууж байдаг болсон, архи уусан үедээ Цэцгмаа болон гэр бүлийхэндээ агсан тавьдаг гэж Цэцэгмаа хэлдэг байсан. С.Тулгабаатар залуу байхдаа их томоотой хүн байдаг байсан, сүүлийн үед архи уухаараа ийм сонин зан ааш гаргаж байгаад нь би гайхаж байна.” гэх мэдүүлэг, /хх 46-47 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ¹10668 дугаар:

1. Х.Цэцэгмаагийн биед дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд хана суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, субарахнойдаль зайнуудад цус харвалт, духанд шарх, зулгаралт, баруун дээд зовхи, умдаг, зүүн цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тсгтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 50 дугаар хуудас/

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Субарахнойдаль гэж тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалтыг хэлж байгаа юм. Умдаг, зүүн цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гишгэх болон өшиглөх аль алинд нь үүссэн байх боломжтой…” гэх мэдүүлэг, /хх 51-52 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хх 27 дугаар хуудас/

Хохирогч Х.Цэцэгмаагийн өвчний түүх, /хх 88-89 дүгээр хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 73 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Тулгабаатарын хорооны тодорхойлолт /хх 75, 79 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Тулгабаатарын гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх 76-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Тулгабаатар нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 09 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 39-1962 тоотод эхнэр Цэцэгмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар дух ясны баруун хэсэгт сүхний ар хэсгээр цохиж, бие махбодид нь дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд ханын суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, субарахнойдаль зайнуудад цус харвалт, духанд шарх, зулгаралт, баруун дээд зовхи, умдаг, зүүн цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Тулгабаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...модон иштэй сүхийг аваад сүхний хойд талын хэсгээр эхнэрийг цохих үед эхнэр Цэцэгмаагийн толгойны хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 62-72 дугаар хуудас/, хохирогч Х.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...эргээд хартал Тулгабаатар миний урдаас сүх гартаа барьсан дээш өргөөд далайж байсан. Тэгээд би яаснаа мэдэхгүй гэнэт хартал манай дүү намайг тэврээд том өрөөнд оруулсан, миний нүүр рүү цус урсаж байсан...” гэх мэдүүлэг /хх 28-31 дүгээр хуудас/, гэрч С.Буяннэмэхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...байшингийн үүдний амбаарт түг түг гээд дуугарахаар нь очоод хартал эгч Цэцэгмаагийн толгойноос нь цус урссан байдалтай газар хэвтэж байсан. Түүний нөхөр Тулгабаатар гадаа байшингийн урд сүх барьсан зогсож байгаад “Цээгий эгчийг чинь би алчихлаа, миний амьдрал дууссан” гэсэн. Цэцэгмаа болон Тулгабаатар нар нь үүдний амбаарт хоорондоо маргалдсаны улмаас Тулгабаатар Цэцэгмаа эгчийг сүхээр цохисон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/ болон шинжээчийн 10668 дугаар дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Тулгабаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд С.Тулгабаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь гэмт хэргээ сайн дураараа илчилж цагдаагийн байгууллагад очсон гэх боловч хэрэгт авагдсан Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Амарсанаа, цагдаагийн ахлагч Н.Мөнгөншагай нарын илтгэх хуудас, гэрч С.Буяннэмэхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх мэдээл зэргээс үзэхэд энэ байдал нь нотлогдохгүй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.Тулгабаатарын цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч хохирогч Х.Цэцэгмаад эмчилгээний зардалд 900.000 төгрөг төлсөн, мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.