Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00311

 

 Азиз Атиф Ихсан /AZIZ ATIF IHSAN/-ын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлалтай,

 Азиз Атиф Ихсан /AZIZ ATIF IHSAN/-ны нэхэмжлэлтэй,

Д.Оюун-Эрдэнэд холбогдох,

 Гэрээний үүрэгт 49,960,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийн Голомт банк ХХК-ийн 1205130576 тоот данснаас хариуцагчийн Төрийн банк ХХК дах 107500067215 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 5 000 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5 000 ам.доллар, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 ам.доллар, нийт 20 000 ам.доллар шилжүүлж зээлүүлсэн. Үүнийг 35-40 өдрийн дараа буцааж төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч Д.Оюун-Эрдэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг өгсөн. Ийнхүү мөнгө буцаан шилжүүлснээр хариуцагч нэхэмжлэгчээс зээл авсныг баталж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлиийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 49 960 000 төгрөгийг бэлнээр эсхүл түүний өмчлөлийн Тоёота ланд круйзер маркийн автомашин болон орон сууцнаас гаргуулан буцаан авахыг хүсч байна. Мөнгөө буцаан аваагүй хугацаа алдсанаар бизнест хохирол учирч байна гэжээ. 

Хариуцагч тал тайлбартаа: Азиз Атиф Ихсан гэх хүнээс ямар ч зээл аваагүй. Энэ хүн манай нөхөр болох Хурам Шахзад Баттай хамтран бизнес хийдэг байсан. Төрийн банк ХХК-ийн данс нь нөхөр бид хоёрын дундын данс ба уг дансыг манай нөхөр бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг. Нэхэмжлэгчээс мөнгө орж ирэхэд нь тухайн үед нөхрөөсөө асуухад Азиз Атиф Ихсан бид хоёрын хийж байгаа бизнесийн зориулалттай мөнгө гэж хэлсэн. Тус мөнгө нь бүгд энэ хоёрын бизнесийн харилцагч нарын дансруу орсон байгаа нь дансны хуулгаар харагдана. Миний нөхөр Казакстан улс яваад холбоогүй, сураггүй болсон. Энэ байдлаас болсон уу нэхэмжлэгч нь манай нөхрөөс авах ёстой мөнгөө миний дундын данс эзэмшдэгээр далимдуулан надад зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргажээ. Нөхрийнх нь бусдын өмнө хүлээсэн үүргийг эхнэрт нь хамааруулж болохгүй. Тэрээр үнэхээр надад мөнгө зээлүүлэх байсан бол бичгийн гэрээ байгуулах байсан. Намайг бараг танихгүй байж энэ их мөнгийг зээлдүүлэхгүй. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй атлаа миний орон сууцнаас зээлийн төлбөрийг гаргуулах эрхгүй. Нэхэмжлэгч нь надруу 5 сарын турш өдөр бүр залгаж нөхөрт чинь мөнгөө өгсөн, та яаж ийгээд аргалаад надад мөнгө олоод өгөөч гэж гуйгаад салахгүй байсан. Би түүнд надад өгөх мөнгө байхгүй, мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө авах нь зүйтэй, би та хоёрын бизнест огт оролцдоггүй, надад хамаагүй, чи мөнгөгүй байгаа бол надад байгаа 3 000 000 төгрөгийг түр зээлж болно гэхэд тэгье гээд надаас зээлсэн. Нэхэмжлэгчийн шаардсан зээл гэх 49 960 000 төгрөгт би ямар ч хамааралгүй, түүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ : Миний бие 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Азиз Атиф Ихсанд 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, буцааж өгөхгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдсон. Нэхэмжлэгч заль хэрэглэж намайг зээлийн төлбөрт унагахын тулд надаас гуйж гувшиж байж 3 000 000 төгрөг зээлсэн байна. Үүнийг би нөхрийнхөө авсан зээлийн төлбөрт төлөөгүй, түүнд түр хэрэглэх мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зээлдүүлсэн тул Азиз Атиф Ихсанаас 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа : Хариуцагчаас зээлээ эргэн төлөхийг хүсэхэд, цаг давчуу байна, надад ямар ч мөнгө алга, энэ чинь их мөнгө, хэрэв хугацаа өгвөл би банкуудаас бизнесийн зээл асуугаад зээл авч өгье гэсэн. Нэхэмжлэгч тухайн үед Д.Оюун-Эрдэнийг мөнгө эргэн өгөх баталгаа болгож, урьдчилгаа мөнгө өгөөрэй гэсний дагуу тэрээр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрийн нөхөрт олгосон зээлийн төлбөрт төлөөгүй гэх боловч түүнд олгосон зээлийн зарлага тооцоог тэрээр хийдэг байсан бөгөөд өөрийн нөхрийг гадагш явсныг далимдуулан зээлийн үүргээс бултаж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Хариуцагчийн худал хуурмаг үгс нотлох баримтаар батлагдах бөгөөд түүний дансанд шилжүүлсэн 20 000 ам.долларыг Д.Оюун-Эрдэнэ өөрийн бизнесийг хөгжүүлэх гэж ашигласан. Нөхрөө гадагш явснаар далимдуулан зээлийн үүргээс зайлсхийж байна. Бодит байдлаар түүний дансанд зээлийн мөнгө шилжсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 3 000 000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд урьдчилгаа болгон шилжүүлсэн. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Азиз Атиф Ихсангаас зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Оюун-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 49 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Азиз Атиф Ихсанд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 750 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 407 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Азиз Атиф Ихсанд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлалаар: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01800 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт гэснийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 422 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Нэхэмжлэгч Азиз Атиф Ихсангаас зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Оюун-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 49 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Азиз Атиф Ихсанд олгосугай...гэж шийдвэрлэсэныг Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т зааснаар гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн, шүүх хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөны зэрэгцээ ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасан хуулийн заалтыг зөрчсөн байх тул ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т заасны дугуу дахин хэлэлцүүлэх анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг бүрэн мэтгэлцүүлж, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангаагүй. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох мэтгэлцэх эрхтэй. Өөрөөр хэлбэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэр ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардллагыг хангаагүй байна. Учир хариуцагч нь хэргийн материалтай 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр танилцсан \хавтаст хэргийн 28 дугаар хуудас\ бөгөөд үнээс хойш хэргийн материал танилцуулаагүй хэргийг шүүх хуралдаанаас хэлэлцүүлэх захирамж 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан байдаг. \хавтаст хэргийн 50 дугаар хуудас\ Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс хавтаст хэргийн 28 дугаар хуудаснаас 55 дугаар хуудас хүртэлх материалыг танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт, хүсэлт гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан захирамж тоггоолтой танилцуулаагүй нь хариуцагчийн мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Мөн хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардаж авах эрхгүй этгээд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авч хариу тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Оюу овогтой Хуланд олгосон итгэмжлэлд сөрөг нэхэмжлэл гардан авах, хариу тайлбар өгөх эрх олгогдоогүй байна. \Хавтаст хэргийн 5 дутаар хуудас\ Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Төрийн банкны 2019 06 дугаар сарын 21-ны өдрийн А\85 дугаартай албан бичигээр 107 5000 672 15 тоот дансыг Дондоо овогтой Оюун-Эрдэнэ, KHURAM SHANZAD BUTT нар хамтран эзэмшдэг 2015 оны 03 дугаар 10-ны өдөр тус дансыг нээсэн болохыг нотолдог. Гэтэл пгүүхээс дан ганц Оюун-Эрдэнээс дээрх дансаар орж ирсэн төлбөр мөнгийг хариуцуудахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн 9, 10, 11 хуудсанд нэхэмжлэгчээс Дондоо овогтой Оюун-Эрдэнэ, KHURAM SHANZAD BUTT нарыш Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд гүйлгээний утга дээр Дондоо овогтой Оюун-Эрдэнэ, KHURAM SHANZAD BUTT мөн зээлийн гэрээ 1, 2 гэж бичдэг. Тэгэхээр энэхүү дансаар орж ирсэн төлбөрийг дан ганц Д.Оюун-Эрдэнэ нь хариуцах үндэслэлгүй юм. Гүйлгээний утга дээр зээлийн гэрээ 1 , 2 гэж бичигдсэний дагуу нэхэмжлэгч болох KHURAM SHANZAD BUTT нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ эх хувиараа нэхэмжлэгч талд байдаг бөгөөд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Энэ баримт нь бидэнд эх хувиараа байхгүй хуулбараар байгаа болно. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй мөнгөн төлбөр шаардаж байгаа эсэх, эсвэл орон сууц авто машин шаардаж байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Азиз Атиф Ихсан /AZIZ ATIF IHSAN/ нь Д.Оюун-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 49 960 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж, 3 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Нэхэмжлэгч Азиз Атиф Ихсан /AZIZ ATIF IHSAN/ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Голомт банк дахь өөрийн эзэмшлийн 120510576 тоот данснаас Төрийн банк дахь Д.Оюун-Эрдэнийн эзэмшлийн 107500067215 дансанд 20 000 ам.долларыг зээлээр шилжүүлж өгсөн гэж тайлбарлан, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр буцаан төлсөн 3 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 49 960 000 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хэрэгт нэхэмжлэгчийн эзэмшлийн данснаас Д.Оюун-Эрдэнэ, Хурам Шахзамд зээл олгов гэсэн утгаар 3 удаагийн зарлагын гүйлгээгээр 20 000 ам.долларыг хариуцагчийн эзэмшлийн дансанд шилжин орсон тэрээр мөнгийг захиран зарцуулсан нь үгүйсгэгдээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зээлийн гэрээг хэлэлцэн тохирсноор амаар байгуулж болох бөгөөд амаар байгуулсан тохиолдолд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар хүү, алданги авах эрхээ алдах боловч үндсэн зээлийг шаардах эрхтэй.

Талууд зээл олгох талаар амаар хэлэлцэн тохирч, мөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн нь хэргийн дээрх баримтаар тогтоогдсон, гэрээ хүчин төгөлдөр байна.

3. Анхан шүүх хариуцагчийн буцаан шилжүүлсэн 3000 000 төгрөгийг хасаж тооцон энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэсэн боловч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн маргааны харилцаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримталсан нь буруу болжээ.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь тухайн эд хөрөнгийг шилжүүлэн өгөх талаар хүсэл зорилгогүй буюу хэлэлцэн тохиролцоогүй байхад эд хөрөнгө нь бусдын эзэмшилд байгааг ойлгох бөгөөд энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид зээлээр олгов гэж хүсэл зоригийг илэрхийлэн шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан байна. Иймээс хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, мөн зээлийг авах эсэх талаар тохиролцоогүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зассан зөв боловч нэхэмжлэгчийн нэрийг албан ёсны баримт бичиг /гадаад паспорт/-т бичигдсэн хэлбэрээр шийдвэрийн тогтоох хэсэгт зөвтгөн өөрчлөөгүй байгааг залруулж энэ үндэслэлээр магадлал өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1806 дугаар магадлалын тогтоох хэсгийн ... заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт.. гэснийг ... заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 49,960,000 төгрөгийг гаргуулж Азиз Атиф Ихсан /AZIZ ATIF IHSAN /-д олгосугай...гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 470,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                             ШҮҮГЧ                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                          Б.УНДРАХ

                                                                                                           Г.ЦАГААНЦООЖ.

                                                                                                         Д.ЦОЛМОН