Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/01800

 

2019 оны 08 сарын 30 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01800

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ... тоотод оршин суух, А-ы нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоотод оршин суух Д.О-д  холбогдох,

 

 

 

Гэрээний үүрэгт 49 960 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

 

 

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч нь Д.О 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 5 000 америк доллар, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5 000 америк доллар, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 америк долларыг өөрийн Г ны 120510576 тоот данснаас хариуцагчийн 107500067215 тоот Т ны дансанд нийт 20 000 америк долларын зээлийг олгосон. Уг зээлийг талууд тохиролцон 35 - 40 өдрийн хугацаанд буцааж төлөх нөхцөлтэй байсан бөгөөд О нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зөвхөн 3 сая төгрөгийг өгсөн. Ийнхүү шилжүүлснээр хариуцагч нэхэмжлэгчээс зээл авсныг баталж байна. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлиийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэсний дагуу миний бие хариуцагч Д.О эс 49 960 000 төгрөгийг бэлнээр эсхүл түүний өмчлөлийн Toyata Land-Cruiser маркийн автомашин болон орон сууцнаас гаргуулан буцаан авахыг хүсч байх ба миний бие мөнгөө буцаан аваагүй хугацаа алдсанаар өөрийн бизнест хохирол учирч байна гэжээ.

 

 

 

Хариуцагч Д.Ошүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Агэх хүнээс ямар ч зээл аваагүй. Энэ хүн манай нөхөр болох Х тай хамтран бизнес хийдэг байсан. Би нөхөртэйгээ Тинд дундын данстай ба уг дансыг манай нөхөр бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг. Уг дундын дансруу нэхэмжлэгчээс мөнгө орж ирэхэд нь тухайн үед нөхрөөсөө асуухад “…Абид хоёрын дундын хийж байгаа бизнесийн зориулалттай мөнгө байгаа юм.” гэж хэлсэн. Уг орж ирсэн мөнгөн хөрөнгө цаашаа бүхлээрээ энэ хоёрын бизнесийн харилцагч нарын дансруу орсон байгаа нь дансны хуулгаар харагдана. Миний нөхөр Казакстан улсруу яваад холбоогүй, сураг чимээгүй болсон. Энэ байдлаас болсон уу Ань манай нөхрөөс авах ёстой мөнгөө миний дундын данс эзэмшдэгээр далимдуулан надад зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргажээ. Нэг гэр бүлийн байлаа гээд нөхрийн бусдын өмнө хүлээсэн үүргийн эхнэрт нь нялзааж болохгүй.

 

Тэрээр үнэхээр надад мөнгө зээлүүлсэн юм бол энэ их хэмжээний мөнгийг зээлдүүлэхдээ бичгийн гэрээ байгуулахгүйгээр зээлдүүлэх байсан уу. Намайг бараг танихгүй байж надад итгэж энэ их мөнгийг зээлдүүлсэн байсан уу. Надтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ байхгүй атлаа миний орон сууцнаас зээлийн төлбөрийг гаргуулах эрхгүй. Тэрээр нэхэмжлэлдээ зээл авснаа баталж 3 000 000 төгрөгийг өгсөн гэжээ. Миний нөхрийг олохгүй болохоороо муу арга хэрэглэж байсан байна. Учир нь надруу 5 сарын турш өдөр бүр залгаж ”…нөхөрт чинь мөнгөө өгсөн, та яаж ийгээд аргалаад надад мөнгө олоод өгөөч гэж гуйгаад салахгүй байсан. Би түүнд “… надад өгөх мөнгө байхгүй, мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө авах нь зүйтэй, би та хоёрын бизнест огт оролцдоггүй тул та хоёрын асуудал надад хамаагүй, чи мөнгөгүй байгаа бол надад байгаа 3 000 000 төгрөгийг түр зээлж болно” гэж хэлсэн юм. Тэрээр “…өө тэгье гээд надад байсан 3 000 000 төгрөгийг дансруу шилжүүлчих” гээд надаас зээлж авсан. Нэхэмжлэгчийн шаардаж буй зээлийн мөнгөн хөрөнгө гэх 49 960 000 төгрөг надад ямар ч хамааралгүй, би уг хүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Д.Ошүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :

 

Миний бие 2019.5.24-ний өдөр А д 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тэрээр уг зээлийн мөнгийг буцааж надад өгөхгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь заль хэрэглэж намайг зээлийн төлбөрт унагахын тулд надаас гуйж гувшиж байж  3 000 000 төгрөг зээлсэн байна. Би уг нь 3 000 000 төгрөгийг нөхрийнхөө авсан зээлийн төлбөрт төлөөгүй, нэхэмжлэгчид өөрт нь түр хэрэглэх мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зээлдүүлсэн болно. Иймд А аас 3 000 000 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа :

 

Хариуцагч этгээдээс зээлээ эргүүлэн төлөхийг нэхэмжлэгчийн зүгээс хүссэн бөгөөд тухайн үед хариуцагч этгээд цаг давчуу байна, надад ямар ч мөнгө алга, энэ чинь их мөнгө шүү дээ, хэрэв хугацаа өгвөл би банкуудаас бизнесийн зээл асуугаад зээл авч өгье, тэр үед чинь та нар ямар мөнгө алдаад байгаа тэр тооцоотойгоо ав гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч тухайн үед О давчуу байгаа бол өгөх баталгаа болгон урьдчилгаа мөнгө өгөөрэй гэсний дагуу тэрээр 3 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэрээр өөрийн нөхөрт олгосон зээлийн төлбөрт төлөөгүй гэх боловч түүнд олгосон зээлийн зарлага тооцоог тэрээр хийдэг байсан бөгөөд өөрийн нөхрийг гадагш явсныг далимдуулан зээлийн үүргээс бултаж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн худал хуурмаг үгс нотлох баримтаар батлагдах бөгөөд түүний дансруу шилжүүлсэн 20 000 ам.долларыг тэрээр өөрийн бизнесийг хөгжүүлэх гэж ашигласан бөгөөд өөрийн гадагш явсан нөхрийг далимдуулан зээлийн үүргээс зайлсхийж байна. Бодит байдлаар түүний данс руу зээлийн мөнгө шилжсэн бөгөөд тэрээр сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 3 000 000 төгрөгийг өөрийн зээлийн эргэн төлөлтөд урьдчилгаа болгон шилжүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

         Хариуцагч Д.Од холбогдуулан нэхэмжлэгч Азээлийн гэрээний үүрэгт 49 960 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

 

 

          Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

 

 

          Нэхэмжлэгч Ань хариуцагч Д.Од нийт 20 000 ам доллар буюу 52 965 800 төгрөгийг зээлсэн, хариуцагч  3 000 000 төгрөг төлсөн үлдэх 49 960 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

 

 

 

           Хариуцагч Д.Оминий Гны дансанд нийт 20 000 ам доллар А гаас орсон, уг 20 000 ам долларыг би өөрөө данснаасаа авсан, аваад нөхөртэй шууд өгсөн уг үйл баримтад маргахгүй. Гэхдээ нэхэмжлэгч бидний хооронд ямар нэгэн зээлийн харилцаа болоогүй, би түүнээс уг мөнгийг зээлж аваагүй, дээрх 20 000 ам долларыг манай нөхөр тайлбарлахдаа хамтарч бизнес хийж байгаа, гээд тухай үедээ захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

 

 

         Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 20 000 ам доллар буюу 52 965 800 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /х.х-ийн 9-12 дугаар тал/

 

 

 

        Гэвч талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж шууд үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, хариуцагч түүнийг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хариуцагчийн дансруу шилжиж орсон мөнгөн хөрөнгийг шууд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

 

 

          Хариуцагч Д.Онь өөрийн Гин дахь дансанд орсон 20 000 ам долларыг өөрөө зарлага хийж, данснаасаа авч захиран зарцуулж нөхөртөө шилжүүлсэн үйл баримтад маргаагүй байх тул шүүх түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн байна гэж үзлээ. Учир нь хариуцагч Д.Охэн нэгэн этгээдээс уг мөнгөн хөрөнгийг авахаар тохиролцоогүй, өөрийн мөнгө хөрөнгө биш бол захиран зарцуулах эрхгүй бөгөөд банкнаас тодруулах, андуурсан мөнгөн гүйлгээг залруулах, орж ирсэн дансны гүйлгээгээр нь буцаан шилжүүлэх атал гүйлгээ хийн, түүнийг захиран зарцуулсан нь буруу байна.

 

 

 

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч  этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ...” заасан үндэслэлээр хариуцагч Д.Оэс 49 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

 

 

             Хариуцагч Д.Онэхэмжлэгчээс нийт 20 000 ам доллар буюу 52 965 800 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан, хариуцагчийн шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан  учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр авч захиран зарцуулсан тул нэхэмжлэгчид уг мөнгөн төлбөрийг төлөх үүрэгтэй  байна.

 

 

 

           Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А гаас зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах хариуцагч Д.О сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Оэс 49 960 000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А д олгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 750  төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Оэс   улсын тэмдэгтийн хураамжинд 407 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А д олгосугай.

 

 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ