Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 136

 

“Магнайдисковери” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Х.Батсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0140 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Магнайдисковери” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5-д заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдэл, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “Магнайдисковери” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шинэ акт гаргаагүй бол “Магнайдисковери” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 тоот мэдэгдэл, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “Магнайдисковери” ХХК-д холбогдох хэсэг /захиргааны акт/ хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0140 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Магнайдисковери” ХХК-ийн захирал Д.Батчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-аас маргаан бүхий Говь-Алтай аймгийн Алтай сумын Өндөр нэртэй 3169.31 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч ашигт малтмалын тухай хуульд заасан ажиллагааг явуулсан байх бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар саналаар тус талбарт “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэх саналыг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6/2611 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7/2461 дугаар албан бичгээр маргаан бүхий Говь-Алтай аймгийн Алтай сумын Өндөр нэртэй 3169.31 гектор талбайд гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй болохыг мэдэгдсэн байх бөгөөд нэгэнт маргаан бүхий талбарт гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгоогүй байхад зөвхөн өргөдөл гаргасан этгээдийг эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй хэмээн гуравдагч этгээдээр оролцуулахыг шаардсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1-д заасан хуулийн зохицуулалттай нийцэхгүй гэж үзэж байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч “Магнайдисковери” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газарт маргаан бүхий Говь-Алтай аймгийн Алтай сумын Өндөр нэртэй 3169.31 гектор талбайд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байх, тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг мэдэгдсэн бөгөөд “Магнайдисковери” ХХК-ийн нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсний дараа “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн гаргасан өргөдлийг төрийн байгууллага шийдвэрлэхээр байгаа юм.

Иймд маргаан бүхий талбарт хайгуулын тусгай зөвшөөрөл аваагүй, зөвхөн өргөдөл гаргасан этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй гэж үзсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн үйл баримт, хуульд үндэслээгүй байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ашигт малтмалын тухай хуульд заасан ямар үндэслэлээр аймгийн Засаг дарга татгалзсан, тодорхой хугацааны дараа мөн ямар үндэслэлээр дэмжсэн хариу өгсөн зэргээр энэ талаарх нутгийн захиргааны болон аймгийн засаг даргын оролцоо хуульд нийцсэн эсэх нь тодорхойгүй байна" хэмээн үндэслэж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн хэдий ч шүүхийн шийдвэрт дурдсан дээрх үндэслэлүүд захиргааны хэргийн баримтад нэгэнт бүрэн авагдсан болно.

Тухайлбал Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон 52 дугаар өргөдөлд өгөх саналаар сумын иргэдийн санал, сумын иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн санал, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд дээрх татгалзлын үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй гэж нэхэмжлэгч нь маргадаг юм. Мөн Аймгийн Засаг даргын саналд дурдсан Сумын иргэдийн хурын Тэргүүлэгчдийн санал гэх баримт нь байхгүй, тус хурлын тэргүүлэгчид нь татгалзсан хариу өгөөгүй, уг өргөдөлд санал огтоос өгөөгүй болох нь Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шүүхэд ирүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01/08 дугаар "...тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол болон хуралдааны тэмдэглэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2015 оны архивд байхгүй" гэх хариунаас тодорхой харагдана.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Засаг даргад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авахаар 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 6/1219 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд Аймгийн Засаг даргын мэдэгдлийн хариуг 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авсан нь өргөдлийн дотоод хяналтын хуудсанд тодорхой тэмдэглэгдсэн байна.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ", Ашигт малтмалын газрын даргын баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.4 дэх хэсэгт "Санал авах мэдэгдлийг явуулсан өдрөөс хойш аймаг, нийслэлийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд хариу ируулээгуй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хариу ирүүлэх хугацаа хэтэрснээс хойш ажлын 10 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр..... шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчид хүлээлгэн өгнө хэмээн тодорхой заасан байхад санал авах мэдэгдлийг явуулсан өдрөөс хойш 48 хоногийн дараа ирсэн саналыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэх нь хууль, журамд нийцэхээр байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу Аймгийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай санал өгөх үүрэгтэй байхад Говь-Алтай аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй, хуульд нийцэхгүй үндэслэлээр татгалзах хариуг 48 хоногийн дараа өгснийг Ашигт малтмалын газар нь хүлээн авч уг саналыг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 18.1, 19.4, 19.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа юм.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь захиргааны байгууллагын хувьд өөрийн үйл ажиллагааг шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж явуулсан өргөдөлд аймгийн засаг дарга нь хуульд нийцсэн үндэслэлээр татгалзах хариу өгсөн эсэхийг шалган үзсэний эцэст шийдвэрээ гаргах үүрэгтэй бөгөөд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5 дахь хэсэгт тодорхой заасан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Магнайдисковери” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, түрүүлж өргөдөл гаргасан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, өргөдлийн дагуу дахин шийдэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Магнайдисковери” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт 3169.31 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр цахимаар гаргаж, өргөдлийн дугаарт бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүлт хийсэн тодорхойлолт, өргөдөл хүлээн авсан хугацаа зэрэг баримтаар тогтоогдсон байна. Улмаар Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 1-нд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, энэ дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр гаргаж, нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Гэтэл энэхүү үйл баримтын дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргаас дэмжсэн санал гаргасан байх бөгөөд хариуцагчаас “нэхэмжлэгчийн өргөдлийг нэгэнт шийдээд дууссан, дахин шийдэх ойлголт байхгүй, аймгийн Засаг даргын дэмжсэн санал манай байгууллагад ирээгүй” гэж, нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын газрын татгалзсан үндэслэл арилсан, аймгийн Засаг даргаас дэмжсэн тул дахин өргөдөл гаргах шаардлагагүй” гэж тус тус маргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар шүүх маргааны үйл баримт, захиргааны актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, хэргийн оролцогчдын тайлбарыг хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлах үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд анхан шатны шүүхээс талуудын маргаж байгаа “өргөдөл шийдээд дууссан” эсэх үйл баримтад эрх зүйн тайлбар хийгээгүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгчийн “түрүүлж өргөдөл гаргасан болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн төрөлтэй хэрхэн уялдах нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, мөн “өргөдлийн дагуу дахин шийдэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, зөвхөн “...хэн нэгэн этгээдэд маргаан бүхий талбай олгогдоогүй байгаа нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэж, хариуцагч энэ талаар дахин шинэ акт гаргах боломжтой” гэсэн дүгнэлт хийж, захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтын талаар дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэхгүй.

Түүнчлэн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, илт хууль бус захиргааны актад тооцогдох хуулийн шаардлагыг хангасан эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа багтсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахаар зохицуулсан байна. Маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал болох аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дэмжсэн саналын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулсан эсэх, өөрөөр хэлбэл дэмжсэн санал өгөхдөө Иргэдийн Хурлаас санал авсан эсэх нь тодорхойгүй, шүүх энэ асуудлаар нотлох баримт цуглуулаагүй байх тул хэргийг эцэслэн шийдэх боломжгүй байна.

Энэ хүрээнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаар судалж, Ашигт малтмалын газраас өөр бусад этгээд тухайн талбайд өргөдөл гаргасан эсэхийг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах нь маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0140 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ