Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 153/2015/00448/и |
Дугаар | 117 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 117
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ........ оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Ж.Н,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ..........оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Х.Г,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ............. оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар П.О,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ............... оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар М.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ................ оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар М.О,
Хариуцагч: Ховд аймгийн ........... тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Х.С,
Хариуцагч: Ховд аймгийн ............ оршин суух, 1948 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Ж.Д,
Хариуцагч: Ховд аймгийн ............тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Б.Ц,
Хариуцагч: Ховд аймгийн ..........тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Н.Э,
Хариуцагч: Ховд аймгийн ............оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар С.Э,
Хариуцагч: Ховд аймгийн ........... оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Э.Э,
Хариуцагч: Ховд аймгийн ............оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар Б.Б,
Хариуцагч: Ховд аймгийн .........тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Ц.Б,
Хариуцагч: Ховд аймгийн ........оршин суух, 1953 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Ж.О нарт холбогдох,
“Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ж.Н, Х.Г, М.Э, П.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Х, Б.Б, М.Э /цахимаар/, хариуцагч М.О, Э.Э, С.Э /цахимаар/, Н.Э /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О /цахимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, М.Э, П. нар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ховд аймагт том оврын ачаа тээврийн машинаар хувиараа тээвэрлэлт эрхлэн ажилладаг жолооч нар нэгдсэн зохион байгуулалтад орж, эрх ашгаа хамгаалж ажиллах талаар жолооч нараас санал ихээр гарч, нэр бүхий жолооч нар аймгийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьж түүний хурлын танхимыг ашиглах зөвшөөрөл авч, 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр жолооч нарын хурал зохион байгуулсан. Энэ хурлаас “Цаст алтайн жинчид” ХХК-ийг байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, жолооч нараас хөрөнгө оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй байхаар тохиролцоод, Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Э нарт тус компанийг албан ёсоор үүсгэн байгуулж, бүргүүлэх ажлыг даалгаж, тэдгээр 9 хүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар санал нэгтэй тохиролцсон. Гэхдээ энэхүү хурлаас албан ёсны бичгийн шийдвэр гараагүй. Асуудлыг хэлэлцээд санал хураагаад тарсан. Энэ хурлын шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх 9 гишүүн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулах хурал хийж, компанийн дүрэм баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх захирлаа томилж, албажуулан баталгаажуулсан. 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолооч тус бүр 300.000 төгрөг нийлүүлэн компанийн үндсэн хөрөнгийг бий болгож, хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд компанийг үүсгэн байгуулах болон дараа Мо Эн Ко ХХК-тай гэрээ байгуулах явцад дээрх 9 хүнээс гарсан зардлыг хувьцаа эзэмшигч /хувь нийлүүлэгч/ бид гаргаж өгсөн. Гэтэл “Цаст алтайн жинчид” ХХК-ийн дүрмийг анх 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлд бүргүүлэхдээ дээрх 9 хүнийг үүсгэн байгуулагч гэж бүртгүүлснийг залруулан тус 9 хүнийг 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж бүртгүүлсэн байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн ямар нэгэн шийдвэр, тогтоолгүйгээр 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх хуульд үл нийцэх дүрмийг бүртгүүлсэн байсныг хожим хувьцаа эзэмшигч бид мэдсэн. Уг дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнийг компанийн нийт хувьцаа эзэмшигч байх, эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байх гэсэн заалтуудыг оруулж, нийт хувьцаа эзэмшигч жолооч нарын эрх ашгийг хохироосноос гадна Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг зөрчсөн байна. Энэ байдлыг мэдээд нийт хувьцаа эзэмшигч бид Төлөөлөн удирдах зөвлөлд энэ байдлыг залруулах шаардлага хүргүүлсэн боловч Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Н.Г нарын 5 хүн 74 хүний хамтран байгуулсан дундын өмч болох “Цаст алтайн жинчид” ХХК-ийг хууль бусаар авахын тулд дээрх ажиллагаагаа хууль ёсны гэж үзээд үл зөвшөөрч, нийт хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаад гомдолтой байна. ... Иймд нэр бүхий 65 иргэн биднийг “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, М.Э, П.О нар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл[1] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Цаст алтайн жинчид” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнд холбогдуулан тус компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, иргэний хэрэг үүсгэн, танай шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэлийн шаардлага болох “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай” гэснийг болон “65 хүн биднийг тус компанийн хувьцаа эзэмшигч мөн болохыг яаралтай тогтоож өгнө үү” гэснийг эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргахад итгэмжлэл олгосон нэр бүхий 58 иргэний болоод бид өөрсдийгөө нэмээд 62 хүн болж байгаа бөгөөд үүнээс “Цаст алтайн жинчид” ХХК-д хувь нийлүүлээгүй Г.М, С.Э, Г.М, М.Д, Н.А, Г.А, Д.Т нар болон нэр нь давхардсан Д.Б, Б.Г нарыг хасаад 53 иргэний эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг “Цаст алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж тодруулан өөрчилж байна” гэжээ.
Хариуцагч Ж.Д, Н.Э, С.Э, Ц.Б, Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.С, Ж.Д, Ц.Б, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Э нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн юм. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс манай компанийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимтай болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад тусгасан. Тэр ч утгаараа “Цаст алтайн жинчид” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар анхнаасаа тодорхой байсан бөгөөд одоо ч тодорхой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Хариуцагч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь “Мо Эн Ко” ХХК нь Хөшөөтийн нүүрсийг экспортод гаргахаар аймаг орон нутагтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нэг нөхцөлд Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчдээр тээвэрлэлтийн 30 хувийг гүйцэтгүүлэх шаардлага тавигдсан. Иймээс Ховд аймгийн тээвэрлэгчид зохион байгуулалтад орж, компани байгуулсан ба анх 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр компанийн дүрмийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэйгээр баталж, улсын бүртгэлд бүргүүлэх гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар компанийн үүсгэн байгуулагчдын тоо 50-аас дээшгүй байна гэсэн заалтад нийцүүлэхийн тулд тухайн үед 120 хүн бүртгэлтэй байсныг төлөөлж, 9 хүн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Энэ үед би Х.Г, Х.Г, Х.Г, Э.Э, З.М, М.Э, П.О, Д.Э, З.Б нарыг төлөөлж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Ер нь үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн 9 хүн над шиг ах дүү, найз нөхдийгөө төлөөлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид 9 хүн үүсгэн байгуулагч дангаараа биш бөгөөд бүх тээвэрлэгчид компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид юм. 2012 онд нийт гишүүдийн хурлыг хийж, компанийн хувьцаа эзэмшигчид хувь тэнцүү 300.000 төгрөгийг өгч, 4 хоногийн дотор компанийн нягтлан бодогчид хураалгасан. Харин хувьцаа эзэмшигчдийг бүртгүүлээгүйгээс маргаан үүсэж, уг дүрмээ шинэчлэн баталж, уг дүрмийн хавсралтад хувьцаа эзэмшигчдийн нэрсийг гарган баталгаажуулсан боловч Улсын бүртгэлийн хэлтэст бүргүүлэхдээ хавсралтаа бүртгүүлэхгүй орхигдуулсан. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Цаст алтайн жинчид” ХХК-ийн дансанд хувь нийлүүлэгч тус бүр 10-12 сая 800 мянган төгрөгийг хийж, мөн өдөртөө 362.000.000 төгрөгийг байршуулсан. Энэ нь 2014 онд компани сэргэж, үйл ажиллагаагаа дахин хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчид 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь 74 хувьцаа эзэмшигчтэй компани болохыг давхар нотолж байна. Тус компани улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрхийг авахын тулд хууль ёсны дагуу компанийн нэр бүхий 26 хувь нийлүүлэгч нь өөрийн өмчлөлийн 100, 100 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээ компанийнхаа нэр дээр шилжүүлсэн. Гэтэл бүх ажил эхэлсний дараа ичгүүргүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 хүний компани гээд зогсож байгаа хүмүүс, маргааш энэ бидний өмч гээд зогсож байхгүй гэх баталгаа алга байна. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд удаа дараа хөрөнгө оруулалт хийсэн компанийн нийт хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэл гаргасан 65 хүн гэдэг нь тодорхой харагдаж байна” гэжээ.
Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Цаст алтайн жинчид” ХХК нь хувь нийлүүлэгч, тээвэрлэгчдийн төлөө байгуулагдсан. Цаашид энэ утгаараа оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байна. Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчид аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд нэгдэн нийлж, Хөшөөтийн нүүрс тээвэрлэлтэд оролцохын тулд компани болон түүнийг өөрсдийн хувь нийлүүлэгчдийн хурлаар удирдан чиглүүлж байгааг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... “Цаст алтайн жинчид” ХХК-ийг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О, Н.Г, Н.Э, С.Э, Э.Э нарын 9 хүн албан ёсоор үүсгэн байгуулж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Үүнээс хойш 2012 он хүртэл 9 хүн компанийн санхүүжилтийг хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.С Хөшөөтийн уурхайтай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. 2012 оны 2 дугаар сараас эхлэн Хөшөөтийн уурхайд гадаад тээвэрлэлт эхэлсэнтэй уялдаж Ховд аймгийн нийт тээвэрлэгчид гадаад тээвэрлэлтэнд явахын тулд оролцоотой байх үүднээс түс бүр 300.000 төгрөгийг хугацаа товлон цуглуулж, мөнгөө өгсөн тээвэрлэгчдийг компанид оролцоотойг хавсралтаар баталж, дүрэмд оруулахыг зөвшөөрсөн. 2012 оны 6 дугаар сард гадаад тээвэр зогсож, компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2014 онд Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт дахин эхэлсэн тул “Цаст алтайн жинчид” ХХК-нд 36 машиныг түрээсээр авах тендерийн урилга “Мо Эн Ко” ХХК-иас ирсэн. Үүнээс шалтгаалж машины түрээсийн барьцаа болох шинэ машинд 10.000.000 төгрөг, хуучин машинд 7.000.000 төгрөг, мөн ажил эрхлэх хүртэл машин тус бүрт гарах зардал 3.000.000 төгрөг хурааж тендерт оролцсон. “Мо Эн Ко” ХХК нь Ховд аймгийн 5 компанийг тендерт шалгаруулж, 15 машиныг “Цаст алтайн жинчид” ХХК-д өгсөн. Барьцаа өгсөн жолооч нар сугалаа сугалж, 15 жолооч тус бүр нэг машин авсан. Эдгээр жолооч нар компанид хураамжаа төлөөд үлдсэн тээврийн хөлсөө өөрсдөө авдаг. Тендерийн урилга ирсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс тусгай зөвшөөрөл авах болсон тул “Цаст алтайн жинчид” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байх шаардлага гарахад Э.Э миний бие 70.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг тээврийн хэрэгслээ “Цаст алтайн жинчид” ХХК-д шилжүүлсэн байдаг. Компанийн тухай хуульд зааснаар бид анхнаасаа хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан учир хичнээн эдгээр жолооч нараас хөрөнгө татсан боловч тухайн хөрөнгийг компанийн дансанд оруулахгүйгээр зарцуулсан. Би ямар ч 10 хүнийг төлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Цаст алтайн жинчид” ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулах бүхий л ажилд тасралтгүй оролцож, 2010 онд компанийг байгуулж, түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаа билээ. Энэ компанид менежер, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил, алба хашиж байсан. 2012 онд Хөшөөтийн уурхай ажиллаж эхлэхэд компанид санхүү, мөнгө дутагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Ингээд жолооч нарыг компанид оролцоотой болгоё гэж яриад Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч, үүсгэн байгуулагч нар жилийн эцсийн ашгийн 30 хувийг, 300.000 төгрөг өгсөн хүмүүс 70 хувийг үүсгэн байгуулагч нар хийхээр 2 тал тохироцсон. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг, хоёр хүний ашиг сонирхол, шунал тачаалаас болж энэ асуудал үүсээд байгаа. Би анх удаа энэ хэргээр шүүхэд ирлээ. Урьд өмнө нь Ховд аймгийн шүүх дээр ашиг сонирхлын зөрчил үүсээд хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхгүй байсан юм билээ. Монгол Улсад Компанийн хууль, компанийн дүрэм, Улсын бүртгэлийн газар гэж байгаа, хэрэгжиж байгаа тул хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн байгууллагад үнэн мөнөөр нь шийдэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.
Хариуцагч Б.Ц, С.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэр бүхий 5 жолоочийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Цаст алтайн жинчид” ХХК нь 2010 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн сангаа өөрсдөө хувиараа гаргаад Монгол Улсын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн “Цаст алтайн жинчид” ХХК-ийг байгуулан гэрчилгээ авсан юм. Гэтэл хууль бус захирал М.О гэдэг хүн нэхэмжлэл бичүүлж байгаа нь ямар ч хуулийн үндэслэлгүй юм. Энэ М.О нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний нэг. Тус компани 2012 онд нүүрсний тээвэр хийх жолооч нараас гэрээ хийж, 300.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо энэ нэхэмжлэл гаргасан жолооч нарын хөрөнгө оруулалт хийсэн гэх тоо бол өөрсдийн машины үнэ, тээврийн хөлсөө компанид хөрөнгө оруулсан мэтээр бичсэн байна. Жолооч нар тээврийн хөлсөө өөрсдөө бүрэн авч, запас сэлбэг, шатахуун, татвар гэх мэт бүх зардлаа өөрсдөө хариуцдаг. Харин компани машин тус бүрээс тонн тутамд 3.000 – 2.000 төгрөгийн хураамж авдаг. “Цаст алтайн жинчид” ХХК-ийг олон түмний нэр барьж ах дүү, хамаатан садан, найз нөхөд хэдэн хүмүүс хуйвалдаж, тус компанийг луйвардаж авах гэсэн санаа юм. Өнгөрсөн 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 2 жилийн ажлын зураг харагдаж байна. Энэ хугацаанд “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хууль бус захирал М.О компанийн хөрөнгө мөнгийг ганцаараа дур мэдэн захиран зарцуулж, хувьдаа ашиглаж байгаа нь тодорхой юм. Энэ нь тооцоогоор гарах болно. Одоо энэ хүн “Төгрөгийн гол” ХХК-ийг хувиараа байгуулаад “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хашаа дотор хамт байж байна. ... Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ц, Ч.Б нарын тайлбартай санал нэг байгаагаа илэрхийлэв. С.Э” гэжээ.
Хариуцагч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ж.Н нарын нэхэмжлэлтэй, “Цаст алтайн жинчид” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдан хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Цаст алтайн жинчид” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан зорилго гэвэл Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчид Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх зорилгоор аж ахуйн нэгж, компани болон үүсгэн байгуулагдсан. Ингээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд зайлшгүй үүсгэн байгуулагч байх ёстой гэсэн шаардлагын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон 9 хүнээ үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Миний хувьд өөрийн хүүхэд О.Б, төрсөн дүү Ж.Б, дүүгийн хүүхэд Б.Э, Б.Г болон хөрш Энгээ, түүний хүү Э.Б гэх мэт 10 хүнийг төлөөлж компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдсон. Харин тэтгэврийн нас болж Улаанбаатар хот руу шилжих шалтгаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа 2012 онд Ц.Б өгөөд явсан. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Компани үйл ажиллагаагаа эхлэхдээ бүх тээвэрлэгчдээс 300.000 төгрөг авч эхэлсэн. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хариуцагчаар оролцож байна. “Цаст алтайн жинчид” ХХК нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дэлгэрэнгүй лавлагаа хавсаргаж өгсөн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ байна. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн захирамжаар улсын бүртгэгч П.А нь лавлагаа гаргаж өгсөн байна. Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхой хуульчилсан байна. “Цаст алтайн жинчид” ХХК нь 2014 онд “Мо Эн Ко” ХХК-тай 15 ширхэг Норд бенз маркийн машинуудыг 4 жилийн хугацаатай гэрээгээр авч ажиллуулсан. 2014 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.О байсан. 2015 оны 1 дүгээр сард “Цаст алтайн жинчид” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Н.Э сонгогдсон. 2015 оны 3 дугаар сард М.О нь “Цаст алтайн жинчид” ХХК-ийн тамгыг сейф эвдэж аваад, өөрийгөө захирал гэж нэрлэх болж, удаа дараа хууль бус үйлдлүүд хийх болсны нэг жишээ энэ юм. Нэхэмжлэгч нар 70.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй 17 автомашинаа “Цаст алтайн жинчид” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэжээ. Гэтэл бодит байдалд Автотээврийн төвөөс авсан лавлагаагаар “Цаст алтайн жинчид” ХХК-д бүртгэлтэй 22 ширхэг Howo, Shaahi, Hyundai, Nortnbenz, Beiben, Toyto, Ssangyong автомашинууд нь “Мо Эн Ко” ХХК-ийн өмчлөлийн автомашинууд бөгөөд “Мо Эн Ко” ХХК болон “Цаст алтайн жинчид” ХХК-иудын хооронд 4 жилийн хугацаатай автомашин түрээслэх гэрээгээр авч ажиллуулж байна. Энэ мэтчилэн нэхэмжлэгч нар шүүхэд үнэн зөв нэхэмжлэл гаргах ёстой байтал зориудаар М.Одсүрэнг дагаж худал, хуурмаг зүйлс их бичжээ. Нэхэмжлэгч нар нь “Цаст алтайн жинчид” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон ажилладаг юм. Эдгээр жолооч нар зөвхөн хөлсөөр ажилладаг этгээдүүд болохоос, хувьцаа эзэмших эрхтэй хүмүүс биш юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Д, Б.Б, Б.Ц, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Н.Э, С.Э болон хариуцагч Б.Б, С.Э, Н.Э, Ж.Д нарын өмгөөлөгч Ж.Э нараас 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус компани нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан ба албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Мөн улсын бүртгэлээр “Цас алтайн жинчид” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч Ж.Дамбий юм. Тус компанийн хөрөнгийн хэмжээ нь 1.008.000 төгрөг ба нэг бүр нь 1.000 төгрөгийн нэрэлсэн үнэ бүхий 108 ширхэг энгийн хувьцаатай. 9 гишүүн тус бүр 112 ширхэг буюу 112.000 төгрөгийн үнэ бүхий 11,1 хувийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй. Компанийн дүрмийн 7.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж, 7.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох эрхтэй” гэж, 7.4-т “Компанийн менежментийн багийн орон тоо цалин, санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө” гэж, 7.9-т “Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно” гэж, 7.10-т “Эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах, компанийн гүйцэтгэх захирал батлах, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцана” гэж тус тус заасан. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр компанийн дүрэм батлагдсан. Иймд нэхэмжлэгч нарын тодруулан өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э нар хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Н.Б, Ж.О нарт холбогдуулан “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нар ““Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай” шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э нар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Нэр бүхий 65 хүн биднийг “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг яаралтай тогтоож өгнө үү. Бидний 65 хүн бүгдээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зэрэг оролцох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар Ж.Н нарыг төлөөлүүлэн оролцуулж байна” хэмээн илэрхийлээд 1 дүгээр хавтасны 31-32 дугаар талд авагдсан “Нэхэмжлэгчид” гэх жагсаалтаар нийт 65 иргэн гарын үсэг зурсан хавсралтыг шүүхэд ирүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэх 65 иргэн шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-т тус тус заасан шаардлагыг хангасан “Итгэмжлэл” олгох ба уг итгэмжлэлд эдгээр 61 иргэн /4 нэхэмжлэгчийг хасвал/ тэдний нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тодорхой заах ёстой байжээ.
Гэтэл нийт 65 иргэний нэрийг жагсаалтаар гарын үсэг зуруулж, 61 иргэнийг төлөөлж 4 хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Итгэмжлэл”[2] дахин олгоход нэхэмжлэгч нарын тоо “59” болж, мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч 4 иргэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчлөхөд “53” болж тус тус өөрчлөгдсөн байна.
Түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Итгэмжлэл”-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.7, 25.2.1-25.2.6-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тодруулсан байх ба шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Нэхэмжлэгч 4 иргэн нийт 61 /53/ хүнийг төлөөлөх эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй” гэж маргаж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх саналыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа өнгөрч, удааширсан байдлыг харгалзан шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийн 1 дүгээр хавтасны 137-167 дугаар хуудаст авагдсан “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувийн хэргээс үзэхэд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн дүрмийг бүртгэхдээ Х.С, Ж.Д, Ж.Олдох, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Э нарыг үүсгэн байгуулагчаар бүртгэж, улсын бүртгэлийн 1611003094, регистрийн 4068777 дугаарын гэрчилгээг олгосон, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр компанийн оршин байгаа хаягийн өөрчлөлтийг оруулж бүртгэсэн, улмаар 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.О-ыг хасч, Ц.Б-ыг нэмж бүртгэсэн бүртгэл тус тус хийгджээ.
Ингээд хэргийн 1 дүгээр хавтасны 15-29 дүгээр хуудаст авагдсан нэр бүхий 84 иргэнээс 300.000, 300.000 төгрөгийг “Цаст алтайн жинчид”-д бэлэн болон бэлэн бусаар хураалгасан гэх баримт, 1 дүгээр хавтасны 139 дүгээр хуудаст авагдсан “Цаст алтайн жинчид” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1 тоот хурлын тогтоол, тэмдэглэл зэрэгт дурдагдсан “Ховд аймгийн Тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналыг үндэслэн” компани байгуулах тухай гаргасан шийдвэр, 1 дүгээр хавтасны 163-167 дугаар хуудаст авагдсан дүрмийн 14.3, 14.4 дэх заалт, мөн 2 дугаар хавтасны 40-41 дүгээр хуудаст авагдсан 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Цаст алтайн жинчид” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2 дугаар хавтасны 46-47 дугаар хуудаст авагдсан “Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Х.Б-д Ховд аймгийн Тээвэрчдийн зүгээс гаргасан хүсэлт, 2 дугаар хавтасны 48-49 дүгээр хуудаст авагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1737 дугаартай Ховд аймгийн Засаг даргын албан тоот, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 94 дугаартай Ховд аймгийн Тээвэр авто замын газрын даргын албан тоот, 2 дугаар хавтасны 50-52 дугаар хуудаст авагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн С.Б-д гаргасан 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлт, 2 дугаар хавтасны 53-56 дугаар хуудаст авагдсан “Цаст алтайн жинчид” ХХК-ийн тээвэрчид, түүний багийн ахлагчдын нэрсийн жагсаалт, 2 дугаар хавтасны 67-70 дугаар хуудаст авагдсан 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Нийт тээвэрчдийн хурлын протокол” гэх баримт, 2 дугаар хавтасны 77-78 дугаар хуудаст авагдсан 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “Бүх тээвэрчдийн нэгдсэн хурал” гэх баримт, 2 дугаар хавтасны 147-148 дугаар хуудаст авагдсан “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувь оруулсан тээвэрчдийн жагсаалт, 3 дугаар хавтасны 194-196 дугаар хуудаст авагдсан Х.С-ын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны үеэр шинжлэн судалсан “Цаст алтайн жинчид” ХХК-д хувь оруулсан гэх тээвэрчдийн захиалгат нэвтрүүлэг, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Б-той хийсэн хурлын бичлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч нар өөрсдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, мөн тус компанид 57,081 хувийн хувьцаа эзэмших эрхтэй хэмээн маргасан байна.
Гэтэл дээрх нотлох баримтуудаас үзэхэд “Цаст алтайн жинчид” ХХК-ийг 2010 онд 9 үүсгэн байгуулагчтай бүртгүүлсэн ба 2012 оны 2 дугаар сарын 13-27-ны өдрийн хооронд тээвэрчдийн хурлыг хийж, улмаар хүн тус бүр 300.000 төгрөгийг компанид “хөрөнгө оруулсан” гэх боловч тухайн мөнгийг компанийн санхүүгийн анхан шатны бүртгэлд бүртгээгүй байх ба тухайн хуримтлагдсан хөрөнгөөс “Тээвэрчдийн шинэ жилийн арга хэмжээ, компанийн 2010 оноос хойш гаргасан зардал, сандал ширээ, компьютер, жолооч нарын амрах байрны тохижилт, хоол унд” зэрэгт зарцуулсан хэмээн хариуцагч М.О-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х.С-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэгт дурдагджээ.
Мөн 1 дүгээр хавтасны 182-183 дугаар хуудаст тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж, 300.000 төгрөгийн хурааж, “Мөнгө өгсөн баталгаа” гэх баримтыг олгосон гэх Б.О-аас шүүх мэдүүлэг авахад “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрийн дагуу тухайн мөнгийг хураан авч, Х.С-д хүлээлгэн өгсөн. Компанийн санхүүгийн баримтад тусгаагүй” гэжээ.
Өөрөөр хэлбэл, аливаа аж ахуй нэгж, байгууллага нь өөрийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, орлого, зарлага, ажил үйлчилгээний талаарх бүх мэдээллийг тусгасан байх үүрэгтэй боловч энэхүү үүргээ “Цаст алтайн жинчид” ХХК биелүүлээгүй ба хэрэгт компанийн тухайн үеийн санхүүгийн ямар нэгэн баримт авагдаагүй байх бөгөөд тухайн 22.000.000 төгрөгийг хэний шийдвэрийн үндсэн дээр юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нар “Бид компанид хөрөнгө оруулсан тул түүндээ ногдох ногдол ашиг авах, хувьцаа эзэмших эрхтэй” гэж маргаж байгаа боловч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ““Хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж болно” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах эрхтэй” гэж, 5.1.2-т “Хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах”-аар тус тус хөрөнгө оруулалт хийж болно гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд Монгол Улсын иргэн тус улсад аливаа хэлбэрээр хөрөнгө оруулж, аж ахуйн нэгж байгуулах, түүний үнэт цаас, хувьцааг худалдан авч болох боловч тухайн хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тусгахыг шаардсан байх ба нэр бүхий 74 иргэний тус бүрийн 300.000 төгрөгийг “Цаст алтайн жинчид” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.5, 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамааруулах ба тухайн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгаж, уг хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчилж болохоор зохицуулсан.
“Цаст алтайн жинчид” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн дүрмийн 7.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага Төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг зөрчсөн байх боловч албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэмд зааснаар нэр бүхий 9 гишүүн нь үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч байхаар, мөн хүн тус бүр 112 ширхэг буюу нийт 112.000 төгрөгийн үнэ бүхий, 11,1 хувийн хувьцааг эзэмшигч байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтуудад “Нийт тээвэрчдийн гаргасан санал”, “Нийт тээвэрчдийн хурлын шийдвэр” гэж, мөн компанийн дүрмийн 14.3-т “Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар оруулна” гэж, мөн дүрмийн 14.4-т “... тээвэрчдээс хуримтлуулсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст Төлөөлөн удирдах зөвлөл 30 хувь, хувь оруулсан тээвэрчид 70 хувиар тооцож олгоно” хэмээн тус тус бичигдсэн байх боловч үүнийг албан ёсоор компанийн хөрөнгө оруулагч, эсхүл хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй нөхцөлд шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн энэхүү компанийн 9 хувьцаа эзэмшигч нар л өөрсдийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшигч байх бөгөөд тэд өөрсдөө шийдвэрээ гаргаж, нэмж хувьцаа эзэмшигчийг оруулах, эсхүл хувьцаа эзэмшигчээс хасах шийдвэрийг гаргах, мөн компанийн дүрмийн 14.3-т заасан шаардлагыг хангуулж, улсын бүртгэлд бүргүүлээгүй гэх жолооч нарын нэрсийг бүртгүүлэх эрхтэй байгаа учир одоогоор Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх” зарчимыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нөгөө талаар, 2 дугаар хавтасны 189-250, 3 дугаар хавтасны 1-8 дугаар хуудаст авагдсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, мөн “Хөдөлмөрийн гэрээ”-г иргэн Х.Ж, Х.Г, З.А, Д.Э, Д.Хишигт, Л.Х, Б.Э, Т.Ц, О.Б, Б.М, П.Д, Д.Б, М.Э нартай “Цаст алтайн жинчид” ХХК-ийг төлөөлж М.О байгуулсан, мөн нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд “Бид тээвэрлэлтийн хөлснөөсөө 2.000 төгрөгийг компанид хураалгадаг” гэх тайлбар гаргасан байх ба үүнээс үзэхэд тухайн нэхэмжлэл гаргасан иргэдийг компанид хөдөлмөрийн харилцаатай ажиллаж буйг гэрчилж байгаа бөгөөд тэднийг “компанийн хөрөнгө оруулагч”, “хувьцаа эзэмшигч” гэх нөхцөл байдлыг няцаасан үндэслэлийн нэг болж байгааг дурдах нь зүйтэй байна.
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж, мөн зүйлийн 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж эрхтэй” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулсан, түүнийг үндэслэж санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж тус тус заасан бөгөөд нэр бүхий 53 иргэний “Цаст алтайн жинчид” ХХК-ийн “хувьцаа эзэмшигч” гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул тэднийг “хувьцаа эзэмшигчээр тогтоох”, эсхүл “компанийн хувьцааны нийт 57,081 хувийн хувьцаа эзэмшигч” гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн “хувьцаа эзэмшигч” болох нь тогтоогдохгүй байх тул тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Н.Б, Ж.О нарт холбогдох, “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нямзундуйгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Харин хэрэгт авагдсан “Мо Эн Ко” ХХК-тай “Цаст алтайн жинчид” ХХК-ийн байгуулсан гэрээ[3], уг компаниас заралсан тендерт оролцохын тулд жолооч нараас цуглуулсан нийт 362.600.000 төгрөгийн дансны хуулга[4], “Мо Эн Ко” ХХК-иас түрээсэлж буй 15 автомашины жагсаалт[5], “Мо Эн Ко” ХХК-ийн дэд захирал Ж.О-ийг асуусан мэдүүлэг[6], Ж.О-ийн шүүхэд ирүүлсэн албан хариу[7], хариуцагч М.О, Х.С нарыг эрүүгийн журмаар шалгуулсан гэх холбогдох баримтууд[8] зэргийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Н.Б, Ж.О нарт холбогдох, ““Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
[1] 3 дугаар хавтас, 182 дугаар тал.
[2] 1 дүгээр хавтас, 223-224 дүгээр тал
[3] 2 дугаар хавтас, 134-141 дүгээр тал
[4] 2 дугаар хавтас, 35 дугаар тал
[5] 2 дугаар хавтас, 133 дугаар тал
[6] 3 дугаар хавтас, 42-44 дүгээр тал
[7] 3 дугаар хавтас, 45 дугаар тал
[8] 3 дугаар хавтас, 52-57, 191-193, 197-216 дугаар тал