Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ариун-Энхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05458 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Э.Ариун-Энхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Алтанцэцэгт холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 289 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                 Э.Ариун-Энх

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                         Г.Өлзий-Орших

Хариуцагч                                                    Л.Алтанцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Ариун-Энх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би анх хариуцагч Л.Алтанцэцэгтэй найзаараа дамжуулан танилцаж байсан. Тэр үед караоке ажиллуулдаг байсан. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Л.Алтанцэцэгийн гуйлтаар н.Батчимэгт 550 000 төгрөгийг өөрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2906000171 тоот данснаас н.Батчимэгийн Хаан банкны 5069046789 тоот данс руу “Алтаагаас” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Л.Алтанцэцэг миний дүү данснаасаа 400 000 төгрөгийн зээл аваад эгчдээ зээлээч гэх гуйлтаар нь 400 000 төгрөгийг өөрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2900005871 тоот зээлжих эрхтэй данснаас Л.Алтанцэцэгийн Хаан банкны 5077018264 тоот данс руу “Ариун-Энхээс Алтаа эгчид зээлэв” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Мөн 7 000 000 төгрөгийг өөрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2906000171 тоот данснаас Л.Алтанцэцэгийн Хаан банкны 5077018264 тоот данс руу Ариун-Энхээс гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Л.Алтанцэцэг нь гуйсан 16 000 000 төгрөгийн үлдэгдэл 9 000 000 төгрөгийг надаар Капитал банкнаас зээл авахуулж, банкны сарын зээлийн хүүг миний өмнөөс төлж байхаар тохиролцон 8 700 000 төгрөгийг би өөрийн Төрийн банкны 360000373877 тоот данснаас авч, Л.Алтанцэцэгт бэлнээр өгсөн. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мөн Л.Алтанцэцэгийн гуйлтаар 710 000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 360000373877 тоот данснаас Л.Алтанцэцэгийн Хаан банкны 5077018264 тоот данс руу Аригаас гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр өөрийнхөө захирлаас 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж өөрийн Төрийн банкны 360000373877 тоот данснаас Л.Алтанцэцэгийн Төрийн банкны 104300245050 тоот данс руу 5 000 000 төгрөгөөр 2 салган Аригаас зээлүүлэв гэх гүйлгээний утгатайгаар зээлүүлсэн. Л.Алтанцэцэг зээлсэн нийт 27 360 000 төгрөгөөсөө 2015 оны 8 дугаар сарын 25-нд 100 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 12-нд 200 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-нд 712 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 15-нд 712 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 210 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 1 117 700 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 12-нд 1 000 000 төгрөг, 1 дүгээр сарын 15-нд 689 000 төгрөг, 2 дугаар сарын 15-нд 710 000 төгрөг, 3 дугаар сарын 16-нд 300 000 төгрөг, 3 дугаар сарын 24-нд 320 000 төгрөг, нийт 6 070 700 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Иймээс Л.Алтанцэцэгийг зээлийн үлдэгдлээ төлж барагдуулахыг удаа дараа гуйж, шаардсан боловч утсаа авахгүй зугтааж, банкны зээл төлөлт хугацаа хэтэрснээс болж би найдваргүй зээлдэгч болж, дахин зээл авахад муугаар нөлөөлөх нөхцөл байдал тулгарсан. Иймд хариуцагч Л.Алтанцэцэгээс нийт 21 289 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.Ариун-Энх болон Л.Алтанцэцэг нар нь танилууд байсан учир мөнгө зээлүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид 27 360 000 төгрөг зээлүүлсэн болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт хангалттай цугларсан байна. Л.Алтанцэцэг нь нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуулийн хугацаанд хариу тайлбараа өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өнөөдрийн шүүх хуралдааныг хийх нотлох баримт бүрдсэн учраас хариуцагчийг заавал оролцуулахгүй байх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Ариун-Энх нь 2015-2016 оны хооронд 27 360 000 төгрөгийг Л.Алтанцэцэгт зээлдүүлсэн, хариуцагч нь зээлийн эргэн төлөлт хийж 6 070 700 төгрөгийг Э.Ариун-Энхэд төлсөн байдлаар талуудын дунд зээлийн гэрээ хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар мөнгө шилжүүлэхдээ шилжүүлгийн утга дээр “зээлэв” гэсэн үгийг бичсэн байдаг бөгөөд мөн хариуцагчийн зээлийн эргэн төлөлт хийсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бодитой зээлийн гэрээ хийгдсэн гэдэг нь харагдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧЗ64102685 регистртэй, Боржигон ургийн овогт Лхамсүрэн овогтой Алтанцэцэгээс 21 289 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чинтогуу ургийн овогт Эрдэнэбилэг овогтой Ариун-Энхэд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Л.Алтанцэцэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Л.Алтанцэцэг миний бие иргэн Э.Ариун-Энхийн нэхэмжлэлтэй БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 102/ШШ2016/05458 тоот шүүхийн шийдвэрийг 2016 оны 11 дугаар сарын 24-ний өдөр өөрийн биеэр очиж хүлээн авсан болно. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч Э.Ариун-Энхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр өөрийн биеэр хүлээн авч 10 дугаар сарын 6-ны өдрийн дотор хариу тайлбарыг өгөх байсан боловч 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Англи улсад ажиллаж амьдарч байсан миний төрсөн ганц эрэгтэй дүү минь зуурдаар таалал төгсөж надад болоод манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсон билээ. Энэ нь хуульд заасан хүндэтгэн үзэх үндэслэл болох тул нотлох бичиг баримтуудыг хавсаргав. Миний бие нэхэмжлэлд хариу тайлбар өгч амжаагүй, хариуцагч Э.Ариун-Энх нь нэхэмжлэлийн утгыг маш өөр байдлаар гарган хууль шүүхийг хууран мэхэлсэн. Шүүх хуралдаан болох товыг зарласан мэдэгдлийг надад болон миний ойр дотны хүмүүст мэдэгдээгүй, Шуудангаас миний утас холбогдохгүй байгаа тухай асуухад эгч маань зохих мэдээллийг өгсөн тул надад тохиолдсон үйл явдлыг сонссон гэж үзэж, хариуцагч Ариун-Энх надад тохиолдсон золгүй явдлын талаар тодорхой мэдээллийг авсан мөртлөө шүүх хурлыг хуралдуулж өөртөө ашигтайгаар шийдвэрийг гаргуулсан. Шүүх хуралдаан хэт нэг талыг барин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шүүх тэнцвэртэй байдлыг ханган ажиллах үүргээ биелүүлээгүй. Дээр дурдсан үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/05458 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэлэлцэж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Хэргийн 37 дугаар талд шүүх хуралдаан болох товыг шүүхээс хэргийн оролцогчдод мэдэгдсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “хариуцагч Л.Алтанцэцэг 2016.10.13” гэсэн бичиглэл байгаа боловч шүүх хуралдааныг хариуцагчид мэдэгдсэн цаг хугацаа болон мэдэгдсэн талаарх тэмдэглэл бичигдээгүй байх тул хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгааныг “Дүү нь нас бараад Австрали руу ажил явдалд оролцохоор явсан, хүлээн авах боломжгүй” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн шуудангийн дугтуй хэрэгт авагдсан байна /хх 38/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдэх үүрэгтэй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Л.Алтанцэцэгт шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. 

 

Анхан шатны шүүх шүүх хуралдаан болох товыг хариуцагч талд мэдэгдээгүй, үүний улмаас шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй.

 

Иймд хариуцагч Л.Алтанцэцэгийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч Л.Алтанцэцэгээс төлсөн 264 400 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО