Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 775

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/00775

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг  дугаар хороо Г ХХК

 Хариуцагч: Баянгол дүүрэг  дүгээр хороо  дугаар хороолол 21 дүгээр байр 13 тоотод оршин суух, 1983 онд төрсөн 35 настай, Бат овогт Ц.Г

            Гэрээний үүрэгт 37.624.275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч  П.А, хариуцагчийн төлөөлөгч Ж.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г ХХК нь 2015 оны  08 дугаар сарын 10-ны өдөр Ургах наран дунд сургуулийн захирал Ц.Г той Шилэн хана хаалга угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ц.Г манай компани дээр ирээд “сургууль цуглаагүй болохоор санхүүгийн хувьд төлбөрөө хийж чадахгүй нь, 9 сарын 15 гэхэд үйл ажиллагаа жигдрээд сургалтын төлбөр ороод ирнэ тэр үед төлбөрөө 100 хувь төлж барагдуулъя” гэснээр гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.1-д зааснаар 236.2 мкв хэмжээ бүхий шилэн ханыг 22.439.000 төгрөгөөр, 9 ширхэг хаалгыг 3.420.000 төгрөгөөр буюу нийт 25.859.000 төгрөгийн ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээгээр тохирсон ажлыг хийж Ургах наран дунд сургуулийн ажилтанг байлцуулж хэмжилт хийн хүлээлгэн өгч талууд гарын үсэг зурсан. Хэмжилт хийхэд шилэн хананы нийт хэмжээ 228.03 мкв байсан ба үүнийг тооцвол 21.662.850 төгрөг, 9 ширхэг хаалганы үнэ 3.420.000 төгрөг нийт 25.082.850 төгрөгийг ажлын хөлсөнд авахаар гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн. Захиалагч 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлын хөлсийг 100 хувь төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Ургах наран бүрэн дунд сургууль одоо үйл ажиллагаа явуулдаггүй, сургуулийн байранд өөр сургууль үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад Ургах наран бүрэн дунд сургууль улсын бүртгэлд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн лавлагаа ирсэн тул хариуцагчийг сольсон. Ц.Г өөрөө ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Сургуульд 100 хувийн хөрөнгө оруулалт өөрөө хийсэн. Лавлагаагаар сургуулийн нэр дээр ямар ч хөрөнгө байхгүй гэж гарсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардан шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул эрэн сурвалжилж хугацаа алдсан. Хоёр тал үндсэн төлбөр дээр маргадаггүй. Хариуцагч Ц.Г үндсэн төлбөр 25.082.850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг мөртлөө алданги төлөхгүй гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд хариуцагч Ц.Гоос гэрээний үлдэгдэл төлбөр 25.082.850 төгрөг, алданги 12.541.425 төгрөг нийт 37.624.275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч Ц.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК нь Шилэн хана, хаалга угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг Ц.Гын захирлаар нь ажилладаг Ургах наран бүрэн дунд сургуультай байгуулсан. Ц.Г хуулийн этгээд буюу сургуулийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “сургалтын байгууллага гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг хэлнэ” 12 дугаар зүйлийн 12.1-д “Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ” гэж тус тус заасан. Хуулийн энэ зохицуулалтаар Ургах наран бүрэн дунд сургууль нь хуулийн этгээдийн хувьд иргэний эрх зүйн харилцаанд эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог бие даасан эрх зүйн этгээд юм. Үүргийн эрх зүйн харилцаа нь туйлын биш харьцангуй шинжтэй байдаг бөгөөд гэрээ байгуулагч тал зөвхөн нөгөө талаасаа үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд өөр этгээдээс үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2 хуулийн этгээд болох Г ХХК, Ургах наран бүрэн дунд сургуулийн хооронд үүргийн эрх зүйн харьцангуй харилцаа үүссэн тул хариуцагч нь Ургах наран бүрэн дунд сургууль юм. Ургах наран бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч нь М.Ганцэцэг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 08-нд Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр сургуулийн эрх үүргийг бүрмөсөн Ц.Год шилжүүлсэн. Хариуцагч нь Ургах наран бүрэн дунд сургууль учир Ц.Г хариуцагч биш. Сургуулийн тусгай зөвшөөрлийг Боловсролын газраас түдгэлзүүлсэн бөгөөд сургуулийг татан буулгасан болон тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Хариуцагчийн хувьд алдангиас чөлөөлж, үндсэн төлбөр 25.082.850 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг Ургах наран бүрэн дунд сургуулийн нэр дээр гаргуулах хүсэлтэй байгаа. Хуулийн этгээд, Ц.Г  хоёрын аль алинд алданги төлөх хүндрэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ц.Год холбогдох гэрээний үүрэгт 37.624.275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

            Г ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ хариуцагч Ургах наран бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Ц.Гоор сольж гэрээний үүргийг шаардсан байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

           Ургах наран бүрэн дунд сургууль нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Г ХХК-тай Шилэн хаалга хана угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгэгч Г ХХК нь шилэн хаалга, хана угсрах, суулгах ажлыг захиалагчийн хүсэл сонирхолын дагуу өнгө үзэмжтэй чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч Ургах наран бүрэн дунд сургууль ажлын хөлс 25.859.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувь төлөхөөр тохиролцож харилцан үүрэг хүлээж гэрээг байгуулжээ.

            Зохигчийн байгуулсан Шилэн хаалга хана угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үлдэгдэл хөлс  25.082.850 төгрөгийн үнийн дүнд маргаагүй байна.

            Шүүх хуралдаанд хариуцагч нь “гэрээ хуулийн этгээдийн хооронд хийгдсэн тул Ц.Г хариуцагч биш. Сургуулийн тусгай зөвшөөрлийг Боловсролын газраас түдгэлзүүлсэн бөгөөд сургуулийг татан буулгасан болон тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй” гэж тайлбарлан маргажээ.

           Ургах  наран бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч нь М.Ганцэцэг бөгөөд 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдаж Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож Баянгол дүүрэг 3 дугаар хороонд оршин үйл ажиллагаа явуулж байсан болох нь 2011018 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл гэсэн баримтуудаар тогтоогдож, Ургах наран бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч М.Ганцэцэг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сургуулийн эрх үүргийг Ц.Год Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр бүрмөсөн шилжүүлсэн байна.

            Хариуцагч Ц.Г нь Ургах наран бүрэн дунд сургуулийн захиралаар ажиллаж байхдаа Г ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний гүйцэтгэлийг хэмжилт хийн хүлээн авч ажлын хөлс 25.082.850 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, гэрээгээр тогтоогдсон.

            Ургах наран бүрэн дунд сургуулийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/468 дугаар захирамжаар тус сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болох нь  Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн албан бичгээр тус тус тогтоогдсон байна.

            Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж зааснаар хариуцагч Ц.Гоос гэрээний үүргийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Ц.Г нь гэрээний 3.6, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар ажлын хөлсийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай тул гэрээний 3.2-т зааснаар хугацаа  хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.

            Иймд хариуцагч Ц.Гоос гэрээний үүрэг 25.082.850 төгрөг, алданги 12.541.425 төгрөг нийт 37.624.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ  нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Гоос 37.624.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346.071.38 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос 346.071.38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.

             

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

 

                                  

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА