Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 979

 

 

 “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00775 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Г-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 37 624 275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2015 оны  8 дугаар сарын 10-ны өдөр Ургах наран дунд сургуулийн захирал Ц.Г-той шилэн хана хаалга угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ц.Г манай компани дээр ирж “сургууль цуглаагүй болохоор санхүүгийн хувьд төлбөрөө хийж чадахгүй нь, 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд үйл ажиллагаа жигдрээд сургалтын төлбөр ороод ирнэ тэр үед төлбөрөө 100 хувь төлж барагдуулъя” гэснээр гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.1-д зааснаар 236,2 м.кв хэмжээ бүхий шилэн ханыг 22 439 000 төгрөгөөр, 9 ширхэг хаалгыг 3 420 000 төгрөгөөр буюу нийт 25 859 000 төгрөгийн ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээгээр тохирсон ажлыг хийж “У” дунд сургуулийн ажилтанг байлцуулж хэмжилт хийн хүлээлгэн өгч талууд гарын үсэг зурсан. Хэмжилт хийхэд шилэн хананы нийт хэмжээ 228.03 м.кв байсан ба үүнийг тооцвол 21 662 850 төгрөг, 9 ширхэг хаалганы үнэ 3 420 000 төгрөг, нийт 25 082 850 төгрөгийг ажлын хөлсөнд авахаар гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн. Захиалагч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын хөлсийг 100 хувь төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Ургах наран бүрэн дунд сургууль одоо үйл ажиллагаа явуулдаггүй, сургуулийн байранд өөр сургууль үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад У бүрэн дунд сургууль улсын бүртгэлд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн лавлагаа ирсэн тул хариуцагчийг сольсон. Ц.Г өөрөө ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Сургуульд 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Лавлагаагаар сургуулийн нэр дээр ямар ч хөрөнгө байхгүй гэж гарсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардан шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул эрэн сурвалжилж хугацаа алдсан. Хоёр тал үндсэн төлбөр дээр маргадаггүй. Хариуцагч Ц.Г үндсэн төлбөр 25 082 850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги төлөхгүй гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд хариуцагч Ц.Г-с гэрээний үлдэгдэл төлбөр 25 082 850 төгрөг, алданги 12 541 425 төгрөг, нийт 37 624 275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Г” ХХК нь Шилэн хана, хаалга угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг Ц.Г-ын захирлаар нь ажилладаг Ургах наран бүрэн дунд сургуультай байгуулсан. Ц.Г хуулийн этгээд буюу сургуулийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан. ...Ургах наран бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч нь М.Г бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр сургуулийн эрх, үүргийг бүрмөсөн Ц.Г-д шилжүүлсэн. Хариуцагч нь У бүрэн дунд сургууль учир Ц.Г-д хариуцагч биш. Сургуулийн тусгай зөвшөөрлийг Боловсролын газраас түдгэлзүүлсэн бөгөөд сургуулийг татан буулгасан болон тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Хариуцагчийн хувьд алдангиас чөлөөлж, үндсэн төлбөр 25 082 850 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг Ургах наран бүрэн дунд сургуулийн нэр дээр гаргуулах хүсэлтэй байгаа. Хуулийн этгээд, Ц.Г хоёрын аль алинд алданги төлөх хүндрэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Г-с 37 624 275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 071.38 төгрөгийг улсын төсөвтхэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-с 346 071.38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ц.Г нь хувь иргэнээр бус "У" бүрэн дунд сургуулийн захирлын хувьд хуулийн этгээд буюу сургуулийг төлөөлөн "Г" ХХК-тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь "Ургах наран" бүрэн дунд сургууль, гүйцэтгэгч нь "Г" ХХК мөн гэдэг нь тодорхой, нэхэмжлэгч тал ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Үүргийн эрх зүйн харилцаа нь туйлын биш харьцангуй шинжтэй байдаг бөгөөд гэрээ байгуулагч тал зөвхөн нөгөө талаасаа үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой бөгөөд өөр бусад гуравдагч этгээд /эрх залгамжлал хийгдээгүй байхад/-ээс үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй. Иймд нэхэмжлэгч "Г" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гэрээний нөгөө тал болох "У" бүрэн дунд сургуулиас шаардах ёстой байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гэрээний төлбөр буюу үүргийг сургуулийн захирал Ц.Г-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, У бүрэн дунд сургуулийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон. "У" бүрэн дунд сургууль нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө буюу 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан тул "ашгийн төлөө бус" боловсролын байгууллага бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй тул энэхүү маргаанд Компанийн тухай хуулийг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна.

            Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/468 дугаар захирамжаар иргэн М.Г-ийн "У" бүрэн дунд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэсэн байхад шүүх "Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/468 дугаар захирамжаар тус сургуулийн сургалтын сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон болох нь тоггоогдсон" гэж нотлох баримтыг илт буруугаар үнэлсэн. Хариуцагчийн зүгээс 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г нотлох баримтаар өгсөн шалтгаан нь Ц.Г-ыг "У" бүрэн дунд сургуулийн захирал, тус сургуулийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхтэй хүн болохыг нотлох зорилгоор энэхүү нотлох баримтыг шүүхэд өгсөн. Тухайн үед "У" бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч М.Г Ц.Г-ыг захирлаар томилж, сургуулийн удирдлагын эрхийг шилжүүлэхдээ нотариатын зөвлөсний дагуу энэхүү гэрээ байгуулж, сургуулийг төлөөлөх эрхийг олгосон байдаг бөгөөд уг гэрээний агуулгаас ч Ц.Г нь сургуулийн удирдах, төлөөлөх эрхийг авсан гэдэг нь харагддаг. Компанийн хувьцаа эзэмшигч солигдохын тулд хувьцааг бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцэл, түүний дагалдан компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгддэг. Гэтэл шүүх "У" бүрэн дунд сургуулийг компанийн хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд мэт ойлгон уг гэрээгээр компанийн бүх эрх, үүрэг шилжсэн хэмээн дүгнэсэн, үндэслэлгүй бөгөөд "У" бүрэн дунд сургуулийн гэрчилгээнд үүсгэн байгуулагч солигдсон талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй, тус сургуулийн үүсгэн байгуулагч нь иргэн М.Г хэвээр байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь анх хариуцагч “У” бүрэн дунд сургуульд холбогдуулан гэрээний үүрэгт 37 624 275 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольж Ц.Г-д холбогдуулж, дээрх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “У” бүрэн дунд сургуультай шилэн хаалга хана угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Г” ХХК 236,2 м.кв шилэн ханыг 1 м.кв-ыг 95 000 төгрөгөөр тооцож, нийт 22 439 000 төгрөгийн үнэ бүхий шилэн хана, 1 ширхэг шилэн хаалгыг 380 000 төгрөгөөр тооцож, нийт 3 420 000 төгрөгийн үнэ бүхий шилэн хаалгыг тус тус 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээлгэн өгөх, тус сургууль ажлын хөлс 25 859 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувь төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба талууд энэ үйл баримтын талаар маргаангүй байна.

   /хх-7-9 дүгээр тал/

 

Мөн нэхэмжлэгч нь гэрээний дагуу 1 м.кв шилэн ханыг 95 000 төгрөгөөр тооцон, нийт 21 662 850 төгрөгийн үнэ бүхий 228,03 м.кв шилэн хана, 1 ширхэг шилэн хаалгыг 380 000 төгрөгөөр тооцон, нийт 3 420 000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг шилэн хаалгыг тус тус хийж гүйцэтгэн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэмжилт хийж хариуцагч Ц.Г-д хүлээлгэн өгч, хариуцагч нь ажлын хөлс 25 082 850 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 228,03 м.кв шилэн хана, 9 ширхэг шилэн хаалгыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний дагуу ажлын хөлсөө төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “У” бүрэн дунд сургуулийг 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр М.Г үүсгэн байгуулсан, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр захирамжаар сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдон Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан болох нь У бүрэн дунд сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримтуудаар, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ургах наран бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулагч М.Ганцэцэг компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр тус сургуулийн эрх, үүргийг Ц.Г-д шилжүүлсэн үйл баримт хэргийн 19, 27, 29 дүгээр талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогджээ.

 

Хариуцагч Ц.Г нь М.Г-с “У” бүрэн дунд сургуулийг шилжүүлэн авсаны дараа нэхэмжлэгч “Г” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр шилэн хана хаалга угсаруулж, суурилуулсан боловч тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Нийслэлийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/468 дугаар захирамжаар түдгэлзүүлсэнээс өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Г-с гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй юм.

“У” бүрэн дунд сургууль нь боловсролын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд атал хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй, өөрийн эд хөрөнгөгүй, тус хуулийн этгээдийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлснээр үйл ажиллагаа нь зогссон байх тул  тус сургуулийн захирал Ц.Гэрэлт-Одод ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хариуцуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т “захиалагч төлбөр мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй эсхүл бүрэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон тул хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Г-с гэрээний үүрэг 25 082 850 төгрөг, алданги 12 541 425 төгрөг, нийт 37 624 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 346 100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ