Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 127/2016/0022/З |
Дугаар | 221/МА2016/0693 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2016/0693
Иргэн Л.Х нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.С, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Л гаргасан давж заалдах гомдлоор Г.Л нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Л.Х 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б/12 дугаар “Г.Л ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр:
“1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Л гаргасан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б/12 дугаар “Г.Л ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Г.Л дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны нийтлэг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүний дагуу Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр 5-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргын үүрэгт албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж байна.
Г.Л миний бие 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон бөгөөд тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн томилогдсон. Авилгатай тэмцэх газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/3576 тоот албан бичигтэй дарга Б.С танилцан тушаал гаргаж томилсон.
Тухайн бичигт “ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн болно. Ажиллаж байх хугацаанд аль нэг дээд шатны байгууллага болон Төрийн албаны зөвлөлөөс миний биеийг тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага хангаагүй гэх дүгнэлт гараагүй. Мэргэжлийн хяналтын байгууллага бол бүх төрлийн хяналт байдаг, миний эзэмшсэн мэргэжил, ажилласан туршлага хангаж байна гэж үзэж байна.
Гэтэл Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны нийтлэг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт нь намайг ажиллаж байх цаг хугацаанд огт баталгаажаагүй байсан бөгөөд баталгаажаагүй ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэн үүрэгт ажлаас чөлөөлснийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүрэгт албан тушаалд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Давж заалдах гомдолд дурдсанчлан Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгчийг ажиллаж байх үед батлагдаагүй байсан гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч Г.Л Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилохоос өмнө Авлигатай тэмцэх газарт Г.Л хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулсан байх бөгөөд тус газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/3576 дугаар албан бичигт “...Г.Л нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй байна. Иймд тус албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 болон бусад хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилоход анхаарна уу” гэсэн байх бөгөөд батлагдаагүй ажлын байрны тодорхойлолтыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх, эсхүл мөн ийм тодорхойлолтод үндэслэн дээрх дүгнэлт гаргах ёсгүй.
Нэхэмжлэгчийн томилогдон ажиллаж байсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлагыг “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй, төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж тодорхойлсон бөгөөд Г.Л хувьд энэхүү шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Түүнчлэн харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх нь төрийн албан хаагчийн хувьд нийтлэг үүрэг бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийг томилсон шийдвэрээ хууль нийцүүлэх байдлаар түүнийг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.
Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд энэхүү харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт байхад Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь буруу байх тул шийдвэрийн энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд нэхэмжлэгчийн тухайд ийм үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар ямар ч дүгнэлт гараагүй, харин ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэдгийг хуулийн дээрх зохицуулалттай адилтган ойлгож үл болно.
Хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийн хүсэлтээр ажилгүйдлийн тэтгэмж олгосныг болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Г.Л гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН