Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 907

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 33 дугаар байр, 76 тоотод оршин суух, Урьд овогт Бадмаабазар овогт Цондовдорж /РД: НП62082178/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам-3, өөрийн байранд байрлах, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /РД: 1191055/-д холбогдох,

 

Тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цондовдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие МҮОНРТ-ийн даргын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 433 дугаар тушаалаар “Монголын мэдээ” сувгийн шуурхай мэдээний редакцийн редакторын ажилд томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, идэвхи зүтгэл гарган чин сэтгэлээс ажилласан. Гэтэл намайг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/712 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай тушаалыг надад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж өгсөн. Намайг “...7 хоног ажил тасалж” гэх үндэслэлээр ажилаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний хөтөлсөн “Ярилцая” шууд нэвтрүүлгийн дараа миний “Өдрийн мэдээ хөтөлбөр”-ийн зочинтой ярилцах цаг, бямба гараг бүрт хөтлөн явуулдаг “Ярилцая” шууд нэвтрүүлгийн хөтлөх эрхийг МҮОНРТ-ийн удирдлагын зүгээс тодорхойгүй шалтаанаар зогсоосон. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ноос хойш надад ямар нэгэн ажил олгоогүй. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд миний бие ажил дээр ирэхээс гадна гадуур явж эх сурвалжуудтай уулзан улс төр, эдийн засгийн чиглэлээр судалгааны ажил хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн. Гэтэл ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийх үүргээ биелүүлээгүй байх тул ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ байхгүй тул ажлаас халж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй. Мөн хуулийн 40 дүгээр  40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг мөн зөрчсөн. Учир нь МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн Шуурхай мэдээний редакторын ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл мөн зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх нөхцөл үүсээгүй байх тул энэ заалтыг тушаалдаа хэрэглээгүй байгаа нь өөрөө редакторын ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгааг давхар баталж байна. Иймд Б.Цондовдоржийг ажлаас халсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/712 дугаар тушаалыг хучингүйд тооцож, ажил эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн түүний ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэж 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 cap 10 хоногийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээ 2 457 420 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, өмгөөлөгч Ц.Одмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цондовдорж нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд 11 дүгээр сарын 21-ний өдөр 3 цаг ажил дээрээ байсан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 30 минут, 12 дугаар сарын 05-ны өдөр 3-4 цаг, 12 дугаар сарын 08-ны өдөр 2 цаг тус тус ажил дээрээ байсан. Ийнхүү ажилдаа ирэхгүй байсан тул 12 дугаар сарын 01-ний өдрөөс нь тооцоод 7 хоног ажилдаа ирээгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Манай дотоод журмаар 1 өдөр, эсхүл цагуудын нийлбэр 8 цаг болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалдаг. Нэхэмжлэгч ажилд томилогдсоноос хойш цалин хөлс аваад, тодорхой үүрэг гүйцэтгээд өдийг хүрсэн. Нэхэмжлэгч нь ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, мөн хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүрэгтэй”, 5 дугаар зүйлд “ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдүүлэх эрхтэй” гэж тус тус заажээ. Хөдөлмөрийн гэрээ тухайн үедээ байгуулагдаагүй байдаг. Шалтгаан нь ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам, холбогдох журамтай холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байсан тул тухайн үед ажилд авсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан. Хожим хөдөлмөрийн гэрээг байгуулах саналыг тавьсан боловч нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирж,  хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй гэсэн. Б.Цондовдоржийг ажилд авсан тушаал нь гарсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн цалингаа аваад холбогдох ажил, үүргээ гүйцэтгээд явж байсан зэрэг үйл баримтаар хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй байсан нь нотлогдоно. Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 сард 1 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл ажил тасалсан цагуудын нийлбэр нь нэг өдрийн ажлын цагт хүрсэн байх юм бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн...” гэж заасны дагуу энэ хүн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учраас түүнийг ажлаас халсан байна. Нэхэмжлэгч анх өгсөн тайлбартаа “...би ажлаа таслаагүй...” гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хэлтсийн дэлгэрэнгүй тайлангаас харах юм бол Б.Цондовдорж нь 2017 оны 12 дугаар сарын 01-12-ны хооронд нийт 5 цаг 39 минут ажлын байранд байсан гэдэг нь харагдана. Гэтэл ажлын 7 хоног ажилдаа ирээгүй тасалсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цондовдорж нь хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизид холбогдуулан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Нэхэмжлэлд дурдсан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байх тул шүүх түүнийг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/433 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Цондовдоржийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ телевизэд редакторын ажилд томилсон байх бөгөөд уг үйл баримтыг талаар талууд маргаагүй байна.

 

Улмаар хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/712 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.В, 7.1.В дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Цондовдоржийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажлын 7 хоног ажил тасалсан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй нь ажилтны ирцийн дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь дээрх үйл баримтыг тушаалын үндэслэлээ болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиодолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд талууд хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болдог. Гэтэл хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурж, тамга дарсан, харин нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн, хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчлийн талаар заасан нь талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч нь хэдийгээр дээрх хугацаанд ажилдаа ирээгүй байх боловч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул ажил олгогч нь уг гэрээнд заасан үүргийг ажилтанаас шаардах эрхгүй, мөн талууд хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтын талаар буюу ямар зөрчлийг ноцтой зөрчил болох талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүний ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн “хөдөлмөрийн гэрээг ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам, холбогдох журамтай холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байсан” гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна энэ нь талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 732 400 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 70 хоногийн цалин, хөлс 2 384 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хэдийгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийх шаардлага гаргаагүй боловч шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 384 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цондовдоржийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Монголын мэдээ” сувгийн Шуурхай мэдээний редакцийн редакторын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 2 384 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цондовдоржид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цондовдоржийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 53 103 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН