Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 01113

 

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Цийн хариуцагч МҮОНРТ-д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/712 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 433 дугаар тушаалаар “М” сувгийн шуурхай мэдээний редакцийн редакторын ажилд томилогдон ажиллаж,  ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл “...7 хоног ажил тасалсан” гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/712 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халж, тушаалыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж өгсөн. Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Өдрийн мэдээ хөтөлбөр”-ийн зочинтой ярилцах цаг, бямба гараг бүрт хөтлөн явуулдаг “Я” шууд нэвтрүүлгийн хөтлөх эрхийг МҮОНРТ-ийн удирдлагын зүгээс тодорхойгүй шалтаанаар зогсоосон. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш надад ямар нэгэн ажил олгоогүй. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд миний бие ажил дээр ирэхээс гадна гадуур явж эх сурвалжуудтай уулзан улс төр, эдийн засгийн чиглэлээр судалгааны ажил хийсэн. Ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй байхад ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.3 дах хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь МҮОНРТ-ийн “М” сувгийн шуурхай мэдээний редакторын ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа. Мөн зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл үүсээгүй байна. Иймд Б.Цийг ажлаас халсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/712 дугаар тушаалыг хучингүйд тооцож, ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэж 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 cap 10 хоногийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 2 457 420 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа ирэхгүй байсан тул 12 дугаар сарын 01-ний өдрөөс нь тооцоод 7 хоног ажилдаа ирээгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн дотоод журмаар 1 өдөр, эсхүл цагийн нийлбэр 8 цаг болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалдаг. Нэхэмжлэгч ажилд томилогдсоноос хойш цалин хөлс аваад, тодорхой үүрэг гүйцэтгээд өдийг хүрсэн. Нэхэмжлэгч нь ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ тухайн үедээ байгуулагдаагүй байсан шалтгаан нь ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам, холбогдох журамтай холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байсан тул тухайн үед ажилд авсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан. Хожим хөдөлмөрийн гэрээг байгуулах саналыг тавьсан боловч нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирж,  хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй гэсэн. Б.Цийг ажилд авсан тушаал нь гарсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн цалингаа аваад холбогдох ажил, үүргээ гүйцэтгээд явж байсан зэрэг үйл баримтаар хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй байсан нь нотлогдоно. Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 сард 1 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл ажил тасалсан цагийн нийлбэр нь нэг өдрийн ажлын цагт хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасны дагуу энэ хүн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учраас түүнийг ажлаас халсан байна. Нэхэмжлэгч анх өгсөн тайлбартаа “...би ажлаа таслаагүй...” гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хэлтсийн дэлгэрэнгүй тайлангаас харахад Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 01-12-ны хооронд нийт 5 цаг 39 минут ажлын байранд байсан гэдэг нь харагдана. Ажлын 7 хоног ажилдаа ирээгүй тасалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Монголын мэдээ” сувгийн Шуурхай мэдээний редакцийн редакторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс 2 384 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 53 103 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан боловч нэхэмжлэгч тодорхой бус шалтгаанаар гарын үсэг зураагүй. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ч нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлс авч байсан талаар талууд маргаагүй. Ноцтой зөрчлийн асуудал нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл биш, хөдөлмөрийн дотоод журамд тусгай харилцааг зохицуулах хууль зүйн боломжийг олгосон. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 7 хоног тасалсан тул Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.в, 7.1.в заалтуудыг үндэслэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан. Ажилдаа ирээгүй нь ажилтны ирцийн дэлгэрэнгүй тайлангаар нотлогдоно. Шүүх хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй учир ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв тийм бол ажил олгогч нь цалин хөлс төлөх үүрэг хүлээхгүй байхад цалин хөлс төлөх үүргийг ажил олгогчид хүлээлгэж буй нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизид холбогдуулан тус байгууллагын Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/712 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.14/

Хариуцагч байгууллагын Ерөнхий захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/433 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Цийг Монголын мэдээ телевизэд редактороор томилж /хх.60/, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/712 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.4/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоног ажил тасалсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон байх учиртай. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд зөвхөн ажил олгогчийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарсан, ажилтан Б.Ц гарын үсэг зураагүй байна. /хх.23-24/ Иймд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй. Түүнчлэн мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж болно. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.в-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл ажил тасалсан цагууд нийлбэрээрээ нэг өдрийн ажлын цагт хүрсэн бол ажлаас чөлөөлөгдөх”-өөр заажээ. /хх.35/ Гэвч уг журамтай нэхэмжлэгч Б.Цийг танилцуулсан талаар баримт байхгүй тул хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлаас сахилгын шийтгэлээр халагдаж болох зөрчилд ямар ямар тохиолдлыг тооцох талаар нэхэмжлэгч мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргахдаа хуулийг зөв хэрэглэжээ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй бөгөөд энэ нь дээрх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн буруу шийдвэрийн улмаас ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 732 000 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 70 хоногт харьцуулан тооцоход 2 384 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч Б.Ц нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч энэ нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг, ажилгүй байсан хугацааны олговор олгохтой холбоотой үр дагаврыг арилгаж анхан шатны шүүх шийдвэртээ заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт нийцсэнээс гадна, зохигчид энэ талаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 53 103 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

                                           ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ