Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2016/00888 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Г.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Инженеринг Авардс” ХХК-д холбогдох

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 330 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              В.Мөнх-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                Т.Шүрэнцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа:

Миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Инженеринг Авардс” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших дөрвөн бэрх хотхоны үйл ажиллагаагаа явуулж буй байрны 6-12 давхар хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд 192 м.кв таазны хар замаск, 192 м.кв цагаан замаск, 588 м.кв хананы цагаан замаск, нийт 972 м.кв талбайг 1 м.кв тус бүрийг 2 000 төгрөгөөр тооцож нийт 1 944 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Мөн 108 метр тор уусгалтын ажлыг 1 метрийг нь 800 төгрөг нийт 86 400 төгрөг, нийт ажлын хөлс 2 030 400 төгрөг болсон. Гүйцэтгэгч миний зүгээс эдгээр бүх ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгч акт үйлдсэн. Захиалагчийн зүгээс гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс 700 000 төгрөг л өгсөн. Үлдсэн хөлс 1 330 400 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд гэрээний үүргийн дагуу “Инженеринг Авардс” ХХК-с 1 330 400 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашмягмар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас нэхэмжлэгч хийсэн ажлынхаа баримтыг гаргаж өгвөл төлбөрийг төлнө гэсэн. Г.Батдэлгэр одоо гэрчээр оролцоод энэ талаар тайлбар хэлэх байх. Г.Ариунтуяа хар цагаан замаск хийх талаар харилцан тохиролцсон. Харин тор татах талаар ярилцаагүй. Гэвч ажил сайн хийгээгүй, муу хийгээд хаяад явсан. Бид өөр бригадаар хийлгэж хохирсон тул үлдэх мөнгийг өгөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч “Инженеринг авардс” ХХК-иас 1 244 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ариунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 86 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Инженеринг авардс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 34 406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2016/00888 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Ариунтуяа нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, гүйцэтгэж байсан ажил үүргээ орхиж явсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас Г.Ариунтуяагийн ажил үүргийг хүлээн авсан гэж гарын үсэг байгаа бөгөөд уг гарын үсгийг нь захиалагч болох Э.Дамдинпүрэв, Г.Батдэлгэр нарын гэрчийн мэдүүлэгт уг гарын үсгийг зураагүй гэсэн тул хуурамчаар бүрдүүлсэн байх боломжтой тул уг нотлох баримтыг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байгаа боловч нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Нэхэмжлэгч Г.Ариунтуяа нь хариуцагч “Инженеринг авардс” ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд 1 330 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Ариунтуяа нь хариуцагч “Инженеринг авардс” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу гүйцэтгэгч Г.Ариунтуяа нь “Дөрвөн бэрх” хотхоны нийтийн эзэмшлийн хар, цагаан замаскийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “Инженеринг авардс” ХХК нь хөлс төлөх үүргийг тохиролцсон байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн заалттай нийцэж байгаа бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч Г.Ариунтуяа нь хариуцагч буюу захиалагч “Инженеринг авардс” ХХК-аас ажлын хөлс шаардах эрхтэй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд зохигчид ажлын гүйцэтгэл болон ажлын хөлсний талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч Г.Ариунтуяа нь нэг м.кв талбайн замаскийн ажлыг хувьд 2 000 төгрөгийн өртөгтэйгээр 1 944 000 төгрөгийн, тор угсралтын ажлыг 86 400 төгрөгийн өртөгтэйгээр 2 030 400 төгрөгийн ажил хийснээс 700 000 төгрөгийг хүлээн авсан гэсэн тайлбарыг гаргасныг хариуцагч байгууллагын зүгээс няцаан ажлын үр дүнг үгүйсгэсэн, өөр төсөвтэй байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

 

Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул  талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын нийт төсвийг 2 030 400 төгрөг байсан гэж үзлээ.

 

Талууд ажлын гүйцэтгэлийн хувь дээр маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Ажлын гүйцэтгэлийн акт” гэсэн нэхэмжлэгчийг ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн агуулга бүхий бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч захиалагчийн буюу хариуцагч нь уг баримттай танилцсан талаар баримт байхгүй, харин хариуцагч байгууллагын инженер Э.Дамдинпүрэв шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “…ажлыг бүрэн хийж дуусгаагүй, 100 хувийн ажлаас 70 хувийн ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн” гэсэн мэдүүлэг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгч Г.Ариунтуяа нь ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаж энэ талаар гаргасан гэрчийн мэдүүлгээс өөр баримт байхгүй, уг нотлох баримтыг талууд няцааж чадаагүй тул гүйцэтгэлийг нотлогдсон хэмжээгээр тогтоох боломжтой гэж үзлээ. 

 

             Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй гэж үзээд /2 030 400*70%/ 1 421 280 төгрөгөөс нэхэмжлэгчийн авсан 700 000 төгрөгийг хасахад 721 280 төгрөгийг хариуцагчаас хөлс олгогдоогүй гэж үзнэ.  

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй тул хариуцагч “Инженеринг авардс” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдлийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунтуяад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Харин анхан шатны шүүх талууд тор татах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч уг ажлыг хийсэн талаарх шаардлагаа нотолсон баримтыг ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 86 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна. 

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2016/00888 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг  “…1 244 000 төгрөг… “ гэснийг “ …721 000 төгрөг” гэж, “…86 400 төгрөг …” гэснийг “…609 000 төгрөг..” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “ …34 406 төгрөг…” гэснийг “…21 350 төгрөг “ гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 410 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                Ц.ИЧИНХОРЛОО