Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 134/ШШ2018/00043

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М-д холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд нийт 2 340 124 775 төгрөг 36 мөнгө гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр,Н А хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, Д.Одонтунгалаг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “М” ХХК нь дараах зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан зээл авсан. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1 250 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийн зээл, мөн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1 035 180 000 төгрөгийг 26 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийг тус тус авсан. Тус зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүргийн 17-р хороонд байршилтай 2192 м2, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 00048823, соёл урлаг үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж-20 дугаар бүхий хуучнаар Од кино театрын барилга, гэрчилгээний дугаар 000142155, улсын бүртгэлийн дугаар Ү-2205022497, 1320 м2  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 1-р хороо Рапид харш 1 дүгээр байрны 61 тоот, 37.6 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай Жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай эзэмших эрхтэй газар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 4.2 га газар 15 жилийн хугацаатай хаягдал далан барих зориулалттай эзэмших эрхтэй газруудыг тус тус баталгаа болгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл хүүгээ хугацаандаа төлөхгүй байгаа бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа сануулж байсан ч төлөөгүй юм. Иймээс “М, ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээний төлбөрт зээлийн хүү 194 971 019 төгрөг 86 мөнгө төлсөн. Үндсэн зээл 608 513 363 төгрөг, 24 мөнгө, нийт 803 484 383 төгрөг 10 мөнгийг төлсөн байна. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны зээлийн төлбөрт 224 787 415 төгрөг 20 мөнгө, үндсэн зээл 82 817 646 төгрөг, 30 мөнгө, нийт 307 605 061 төгрөг  50 мөнгийг төлсөн. Нийт хоёр зээлийн төлбөрт 1 111 089 444 төгрөг 60 мөнгийг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлага нь  “М” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул дараах зүйлийг нэхэмжилж байна. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээнд нэг талын санаачлагаар цуцлан үндсэн зээл 641 486 336 төгрөг 76 мөнгө, зээлийн хүү 139 939 201 төгрөг 50 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 27 987 840 төгрөг, 30 мөнгө, нийт 809 413 678 төгрөг 56 мөнгө, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 952 362 353 төгрөг 70 мөнгө, зээлийн хүү 481 957 285 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 96 391 457 төгрөг,18 мөнгө, нийт 1 530 711 096 төгрөг, 80 мөнгө, нийт 2 зээлийн төлбөрт 2 340 124 775 төгрөг 36  мөнгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс тус тус гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр тодруулж хэлэхэд нийт хоёр зээлийн төлбөр бүгд гэдэгт 484 тоот зээлийн гэрээний нийлбэр дүн 803 484 383 төгрөг 10 мөнгө, 346 тоот зээлийн гэрээнд 307 605 061 төгрөг  50 мөнгө хоёрын нийлбэрийг гаргахдаа буруу бичсэн байсан. Мөнгөн дүнг тус тусдаа гаргахдаа зөв бодсон мөртлөө нийлбэр дүнг нь буруу бичсэн байсан. Гэхдээ нэхэмжлэлийн нийт мөнгөн дүн зөв байгаа гэв.

Хариуцагч “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №484 тоот гэрээнд заасан санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүйн улмаас үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч хугацаандаа зээлийн төлбөрөө хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. /хх-47/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Бид анх “К” ХХК-тай 2 тэр бум төгрөгийн төслийн зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл долоон зуун таван сая төгрөгийг бизнесийн зээл хэлбэрээр “М” ХХК-д өгсөн. Энэ хооронд маш их хугацаа алдаж, “М” ХХК үйлдвэрээ ашиглалтанд оруулж чадахгүй маш их удсан. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“М” ХХК болон К банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ барьцаанд хувь хүний өмчийг байрьцаалсан нь /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 61 тоот/ хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “М” ХХК нь “К” ХХК-с 2012 оны 07 дугаар сарын 25-нд жижиг дунд үйлвэрлэлийн бизнесийг дэмжих зорилгоор зээл авсан. “К” ХХК-иас зээл авахдаа 2 000 000 000 төгрөгийн зээл авах зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний 3.1-т олгосон зээлийн хэмжээ 2 000 000 000 төгрөг, жилийн 0.58 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай  гэрээ байгуулсан. Гэтэл “К” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 1 250 000 000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк хуулийн этгээдээс олгох зээл гэдэг нь  банк зээл олгоод зээлдэгч нь хүлээж аваад үйл ажиллагаагаа явуулаад гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэтэл “К” ХХК өнөөдрийг хүртэл хугацаанд 2 000 000 000 төгрөгийг шилжүүлээгүй. Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан 1 дэх зээлийн гэрээ буюу 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээний 809 413 678 төгрөг 56 мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр дахь зээлийн гэрээний хувьд хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Яагаад гэвэл “К” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2 000 000 000 төгрөгийг шилжүүлээгүй. Үүний улмаас “М” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон. Хоёр дахь зээлийн гэрээгээр нэг дэх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх зорилгоор 694 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээ нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн данс руу мөнгөө шилжүүлээд зээлдэгч нь захиран зарцуулах эрхээ эдэлсэн тохиолдолд энэ зээлийн гэрээ төгс болно. Гэтэл “Капитал банк” ХХК өмнөх зээлийн гэрээгээр хоёр дахь зээлийн гэрээг хаасан байна. Хоёр дахь зээлийн гэрээгээр зээлдэгч нь захиран зарцуулах эрхээ эдлээгүй. Тухайн мөнгө дансанд ороод л гарсан байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж байна. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан субъект нь банкны захирал С, хувьцаа эзэмшигч Л.Б, Ж.П нар байгаа. Гэтэл зээл олгоход хувьцаа эзэмшигч нар зөвшөөрөл өгөөгүй. Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл хийж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авснаар банк компанид зээл олгоно гэсэн заалт байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй зээл олгосон байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй, зөвхөн 3 субъект гарын үсэг зурсан байсан. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр гарах ёстой. Тиймээс эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Нэгдүгээрт “М” ХХК-ийн захиран зарцуулах эрхийг эдлүүлээгүй. Тиймээс хоёр дахь хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Зээлийн гэрээ нь тэгш эрхийн зарчимд хамааралгүй. Гэрээнд зээлдэгчийн 3 эрх байгаа. Зээлдүүлэгч буюу банкны 13 эрх байна. Банк анх зээл олгохдоо жижиг дунд үйлдвэрлэлийн үүргийг биелүүлээгүй. 2 000 000 000 төгрөгийн зээл олгох байтал 1 250 000 000 төгрөгийн зээл олгосон. Нэг дэх зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хоёр дахь зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учраас 694 000 000 төгрөгөөс 307 605 061 төгрөг 50 мөнгийг “М” ХХК төлсөн байна. Тиймээс өгсөн авсан зарчмаараа үлдсэн 386 000 000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тэгэхээр “М” ХХК  нийт 1 188 119 504 төгрөг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Үлдэгдэл 1 152 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай зүгээс хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тодорхой нарийвчлан гарсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 484, 346 тоот зээлийн гэрээний задаргааг хэргийн материалд байгаа нотлох баримтыг тал бүрээс нь үндэслээд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарсан гэж үзэж байна. Тэгэхээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэх нь үндэслэлтэй байх. Шинжээчийн дүгнэлтийн 9-р талд “М” ХХК нь зээлийн төлбөрт нийт 1 986 281 348 төгрөг 44 мөнгө төлөхөөр байгаа нь “К” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөнөөс зөрүүтэй байна гэж байна. Тэгэхээр 346 154 317 хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан нотлох баримтын хэмжээнд дүгнэгдэн гарсан тул хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёр зээлийн төлбөрт бүгд нэмэгдсэн байгаа. 484, 346 тоот зээлийн гэрээнд 2 332 000 000 төгрөг байна. 2 340 000 000 төгрөгөөс 7 689 000 төгрөгийн зөрүүтэй байна гэсэн байна. Шинжээчийн дүгнэлт нь хавтас хэрэгт авагдсан хүснэгт, тайлан мэдээ, холбогдох дүрэм журмыг үндэслэн гарсан учраас үнэлэх нь үндэслэлтэй байна. Хоёр дахь гэрээ буюу 346 тоот гэрээ Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр байх үндсэн шаардлагыг хангаж байна уу гэдгийг харахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл байгаа. Мөн Компанийн тухай хуулийг зөрчсөн. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 88 дугаар зүйлийн 88.1-д заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтыг харахад тухайн компани 3 эзэмшигчтэй байгаа. 346 тоот гэрээнд Бямба гарын үсэг зурдаг. Бямбад 346 тоот гэрээг хийх нөхцөл боломжийг хэн өгсөн бэ. Энэ гэрээнд Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 88 дугаар зүйлийн 88.1-д заасан их хэмжээний хэлцэл хийх үндсэн шаардлага байхгүй байна. 346 тоот гэрээгээр 694 000 000 төгрөгийг авахдаа Бямба компаниа төлөөлж гарын үсэг зураагүй. Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна гэж заасан. Тиймээс энэ гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна. Манай зүгээс гэрээг хүчин төгөлдөрт тооцсон учраас өгсөн авсанаа буцаая гэсэн зарчмыг баримталж байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах ёстой гэж заасан. Тэгэхээр гэрээний эрх чөлөө гэдэг зүйл байна. Гэтэл “К” ХХК өөрийнхөө давуу байдлыг ашиглаад 346 тоот гэрээг хийсэн. Уг гэрээний зорилго нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих зорилгоор жилийн 7 хувийн хүүтэй олгодог зээл байгаа. “К” ХХК 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 000 төгрөгийн зээл олгох үүргээ хүлээсэн мөртлөө 8 удаагийн үйлдлээр 1 250 000 000 төгрөг шилжүүлсэн. “М” ХХК нь 2 000 000 000 төгрөгийн зээл авсан бол дараагийн зээлийг авах шаардлагагүй байсан гэдгээ тайлбарласан байгаа. Гэрээний эрх зүй буюу бие даасан байдал, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан байгаа учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 346 тоот гэрээгээр 694 000 000 төгрөгөөс төлсөн үнийн дүнг хасаад 386 000 000 төгрөгийг төлнө. Мөн зээлийн гэрээний өөрчлөлт буюу 484 тоот гэрээний 01 хавсралтаар гэрээ хийсэн. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй зээл олгоно гэсэн мөртлөө 1 250 000 000 төгрөг шилжүүлээд дараа нь 346 тоот гэрээг хийсэн. Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үндсэн гэрээний зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ гэж хийсэн. Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнд Бямба гарын үсэг зурсан. Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь жилийн 25 хувийн хүүтэй хийгдсэн. Тэгэхээр “К” ХХК давуу байдлаа ашиглаад зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хийсэн. Гэрээний талууд эрх тэгш байх зарчмыг алдагдуулаад  Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн байгаа энэ гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаж байна. 346 тоот гэрээний хувьд “К” ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл 952 362 353 төгрөг, зээлийн хүү 481 957 285 төгрөг 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 96 391 457 төгрөг 18 мөнгө, нийт 1 530 711 096 төгрөг гэж дурдсан байна. 346 тоот гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г агуулж байгаа. 346 тоот зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учраас “М” ХХК 694 000 000 төгрөгөөс 307 605 061 төгрөг 50 мөнгийг төлсөн байна. Үлдэгдэл 386 000 000 төгрөгийг тооцож төлнө. Тиймээс зээлийн гэрээ, хавсралт нь хүчин төгөлдөр бус учраас холбогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүчингүй болгож 1 100 000 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Л.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Л.Б төлөөлөгчөөр оролцож байна. Гуравдагч этгээд Л.Б 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр тайлбар, нэмэлт нотлох баримтыг өгсөн. Нэмэлтээр дараах зүйлийг хэлье. Гуравдагч этгээд Б яагаад барьцаа хөрөнгөөр хангуулахыг эсэргүүцэж байгаа. Гуравдагч этгээд Л.Б “М” ХХК-д өөрийн хоёр хөрөнгөө барьцаалуулах болсон гол шалтгаан нь 2 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, урт хугацаатай, хөнгөлттэй нөхцөлөөр олгоно, энэ төслийг хэрэгжүүлэхэд 2 000 000 000 төгрөг хангалттай юм байна. Нэгэнт 2 000 000 000 төгрөгийн гэрээ хийгдсэн байгаа учраас банк зээл олгоод төсөл хэрэгжүүлэгч нь төслөө амжилттай хэрэгжүүлээд зээлээ төлөөд явна гэсэн итгэлийн хүрээнд барьцаа хөрөнгөө барьцаалуулсан. “К” ХХК нь “М” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн гэрээ байгуулаад 8 удаагийн үйлдлээр 1 250 000 000 төгрөг шилжүүлсэн. 750 000 000 төгрөгийг дутуу олгосон байгаа. Дутуу олгосон санхүүжилтээс болж төсөл хэрэгжүүлэгч компани төслөө хэрэгжүүлэх боломжгүй болоод хугацаа алдаад өөрт байсан хөрөнгөө барьцаалсан болохоор нэмэлт санхүүжилт авахад хүндрэлтэй болсон. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс болоод ийм асуудал гарсан. Тийм учраас барьцаа хөрөнгөөр хангуулахыг эсэргүүцэж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “К” ХХК нь 1 250 000 000 төгрөгийг 8 хувааж 750 000 000 төгрөг дутуу олгосон нь хүчин төгөлдөр болсон зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлж ажлаагүй, зээлийг бүрэн олгох боломжгүй болсон тухай харилцагчид албан ёсоор мэдэгдэж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн хэмжээнд тохирсон зээл, зээлийн хэмжээг буцаан төлөх талаар санал гаргаж өөрчилсөн материал хавтас хэрэгт байхгүй байна. Энэ нь “К” ХХК-ийн буруу гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан байна. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот барьцааны гэрээ байгаа. Барьцааны гэрээний нийтлэг үндэслэлийн 1.4-т нэг талаас “К” ХХК барьцаалагч, нөгөө талаас “М” ХХК хуулийн этгээдийг төлөөлж ерөнхий захирал Д.Б, хамтад нь талууд гээд доор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү барьцааны гэрээг байгуулав гэж байна. Барьцааны гэрээний 1.4 дэх заалтыг харахад хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулсан барьцааны гэрээ гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж байна. Үгийн шууд утгыг харахад “К” ХХК “М” ХХК хоорондоо хуульд заасан нөхцөлөөр харилцан тохироод гэрээг байгуулсан байна. Энэ нь тухайн хоёр компанид үүргийн эрх зүйн харилцаа үүсгэж байгаа болохоос биш иргэн Л.Б болон “К” ХХК-ийн хооронд ямар нэгэн барьцааны эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Энэ үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. Өмнөх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр гуравдагч этгээд Б хорооны тодорхойлолт, гэр бүлийн лавлагаа гэх мэт баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүнд гэр бүлийн гишүүний хамтран өмчлөгчийн дундын хөрөнгө яригдаж болно. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг дурдах нь зүйтэй. Хэрвээ гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзвэл тухайн хөрөнгийг захиран зарцуулах, барьцаанд тавихтай холбоотой асуудалд насанд хүрсэн гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл шаардлагатай гэсэн зүйл гарч ирнэ. Барьцааны гэрээ нь хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байна, барьцаанд тавьсан хөрөнгө нь Б гэдэг хүний өмчлөлийн хөрөнгө, тухайн барьцааны гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдэг нь харагдаж байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 346 тоот зээлийн гэрээ байгаа. Үүнд гуравдагч этгээдийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгсөн. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанаас харахад тухай зээлийн гэрээг “К” ХХК-тай байгуулахад “М” ХХК нь Л Б, Д Б, Ж П гэсэн хувьцаа эзэмшигч нар байсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ нь нэг хувьцаа эзэмшигтэй бол ямар нэгэн байдлаар хурал хийхгүйгээр өөрөө бие дааж эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Хоёр буюу түүнээс хувьцаа эзэмшигчтэй болбол өөрөө хэрэгжүүлэх боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл, заавал хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол шийдвэр гараад зөвшөөрөл олгосон байх ёстой. Мөн хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага бол хувьцаа эзэмшигчийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд компанийг төлөөлж хэлцэл хийх эрхтэй субъект байгаа. 346 тоот гэрээний хувьд “М” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Б гарын үсэг зурсан. Д.Б Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д  их хэмжээний хэлцэл батлах эрхийг хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Мөн Компанийн тухай хуульд ХХК Төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан материалыг харахад “М” ХХК тухайн үед ТУЗ-гүй байсан. ТУЗ-н эрхийг хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой байсан. Мөн Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд их хэмжээний хэлцэл гэдгийг тодорхойлж өгсөн. 87.1.1-д .хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл нь их хэмжээний хэлцэл байна гэж заасан.  346 тоот гэрээ 2013 онд байгуулагдсан учраас Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д зааснаар 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд байгаа активын нийт дүнгийн 25 хувиас хэтэрвэл энэ нь их хэмжээний хэлцэл болж байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар “М” ХХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ 748 365 050 төгрөг 31 мөнгөний балансын активтай байсан. Үүний 25 хувь нь 187 091 263 төгрөг болж байна. Энэ дүнгээс дээш давсан байдал нь тухайн үеийн байдлаас их хэмжээний хэлцэлд тооцогдоно. Тэгэхээр 346 тоот гэрээний зээлийн хэмжээ 694 000 000 төгрөг байгаа. Энэ нь 187 091 263 төгрөгөөс давж байгаа учраас “М” ХХК-ийн хувьд их хэмжээний хэлцэл гэж үзэж байна. Тийм учраас зайлшгүй хувьаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл авсан байх ёстой. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байгаа. Хэлцэл хийсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн шинжийг агуулж байна. Мөн гуравдагч этгээд Б харилцагчийн зөвшөөрөлгүй хийсэн гүйлгээ хууль бус болох тухай талаар тайлбартаа бичсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 341 000 000 төгрөгийн зээл төлсөн нь зээлийн гэрээ байгуулаагүй байхад хийгдсэн байна гэдэг нь тодорхой болсон. Өмнөх хурал дээр “М” ХХК- ийн зүгээс тайлбар гаргаад 484 тоот гэрээнээс татгалзаж байна гэсэн байгаа. Үүнийг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байгаа. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гарахгүй бол гэрээний нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ яригдаж байгаа учраас нэмэлт хугацаа тогтоох шаардлага байхгүй. Гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй. Тийм учраас 346 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болбол барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно. Гэрээнээс татгалзсан гэж үзвэл өгсөн, авсан зүйлээ буцааж өгөх харилцаа үүсэхээр мөн адил барьцааны гэрээ дуусгавар болно. Тиймээс хариуцагчийн гаргасан нэмэлт тайлбарыг дэмжиж байна гэв.

 Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 641 486 636.76 төгрөг, зээлийн хүү 139 939 201.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 987 840.30 төгрөг, нийт 809 413 678.56 төгрөг, /хх-6/

        -2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 952 362 353.70 төгрөг, зээлийн хүү 481 957 285.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96 391 457.18 төгрөг, нийт 1 530 711 096.80 төгрөг, /хх-7/

Нийт 2 зээлийн төлбөрт 2 340 124 775.36 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           1. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 000 000 000 төгрөгийг хайлуур жонш боловсруулах үйлдвэр барих зориулалтаар, 60 сарын хугацаатай, /сарын 0.58 хувь/ жилийн 7 хувийн хүүтэйгээр /хх-8-11/,

2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 694 000 000 төгрөгийг Хайлуур жонш боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зориулалтаар, 6 сарын хугацаатай, /сарын 2.1 хувь/ жилийн 25.2 хувийн хүүтэйгээр тус тус зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

Улмаар зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗГ-484/01 гэрээгээр өмнөх 484 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийг 1 250 000 000 төгрөг болгож, хүүг буцаан төлөх хуваарийг өөрчилж, зээлийн хүүг банкны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлэхээр тохиролцож,

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗГ-346/01 гэрээгээр өмнөх 346 тоот зээлийн гэрээний хугацааг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 20 сараар сунгаж, үндсэн зээлд нэмж 341 180 000 төгрөгийг нэгтгэж 1 035 180 000 төгрөг болгож, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг тус тус өөрчилж, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулжээ.

Хариуцагч “М” ХХК нь “… 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №484 тоот гэрээнд заасан санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүйн улмаас үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч, хугацаандаа зээлийн төлбөрөө хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй …” хэмээн маргана.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заажээ.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь хэдий гэрээний үүргээ зөрчин 750 000 000 төгрөгийг дутуу шилжүүлсэн ч хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг хийж байгаа нь зээлийн гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр дээрх зөрчил нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлдэгч буюу хариуцагч “М” ХХК нь зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан бөгөөд улмаар зээлийн эргэн төлөлт доголдож, гэрээний үүрэг зөрчигдөн, зээлийн төлөлтийг тогтмол биш хугацаагаар төлж, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн зүгээс зээл төлөх талаар мэдэгдэл өгч зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах болсон тухай, хугацаа хэтэрсэн зээл, хүү болон зээлд бодох алдангийн тухай албан бичгүүдээр тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1-8.3.17-д зааснаар банк зээлийн гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, түүнийг цуцлахаар заасан боловч шүүхийн шийдвэр гарах үед зээлийн гэрээний хугацаа нэгэнт дууссан байх тул гэрээг цуцлах гэсэн шаардлага үндэслэлгүй.

Уг гэрээний хугацаа дууссан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр 484, 346 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч “К” ХХК нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчээс нийт хоёр зээлийн төлбөрт 1 111 089 444 төгрөг 60 мөнгийг хариуцагч төлсөн талаар маргаагүй. Хариуцагч нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 801 724 566.28 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар гэрээний үүрэгт 684 000 000 төгрөг зээлсний 307 605 061.50 төгрөг төлсөн ба үлдэгдэл 386 394 938.5 төгрөгийг төлөх нь ёстой гэж мэтгэлцэх боловч хугацаа хэтэрсэн 2 зээлийн  нийт үлдэгдэл 1 986 281 348.34 төгрөг байгаа нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Дундговь аймгийн Монголбанкны салбарын шинжээчийн дүгнэлтэд “... “М” ХХК нь хоёр зээлийн төлбөрт бүгд 1 986 281 348.34 төгрөгийг төлөхөөр байгаа нь “К” ХХК-ийн нэхэмжилсэн 2 332 435 663.08 төгрөгөөс 346 154 314.74 төгрөгөөр бага байна” гэжээ.

Тодруулбал, үндсэн зээл 1 590 437 190.46 төгрөг, зээлийн хүү 395 632 776.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211 381.8 төгрөг, бүгд 1 986 281 348.34 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийт нэхэмжлэлийн мөнгөн дүнг зөв бичсэн боловч хооронд нь нэмж бичихдээ техникийн алдаа гаргасныг зөвтгөсөн ба энэ хариуцагчийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-6/

/Үндсэн зээл: 979 254 836676+611 182 353670=1 590 437 190646 төгрөг, зээлийн хүү: 100 604 643.91+295 028 132.17=395 844 157.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 211 381.80 төгрөг, Нийт=1 590 437 190646+395 844 157.88=1 986 281 348.34 төгрөг/,

/2 340 124 775.36-1 986 281 348.34=353 843 427.02 төгрөг/

Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй тул хариуцагч “М” ХХК-иас үндсэн зээл 1 590 437 190.46 төгрөг, зээлийн хүү 395 632 776.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211 381.8 төгрөг, бүгд 1 986 281 348.34 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 353 834 427.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээ буюу 809 413 678.56 төгрөгийг зөвшөөрч байгаа. Харин хоёр дахь зээлийн гэрээ буюу 346 дугаар гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ” гэж үзэн, түүний үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тайлбарлана. 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” хэмээн заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэрээний чөлөөт байдал нь юуны өмнө гэрээ байгуулах эрх чөлөөг өөртөө агуулдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах эсэх болон хэнтэй байгуулж гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө шийдвэрлэдэг тул гэрээний хоёр тал өөрийн хүсэл зорилгоо илэрхийлсэн байна.

Түүнчлэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлснээс гадна Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зүйлүүд тусгагдсан хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн,  хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, зохих этгээдийн зөвшөөрөл авагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж заажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б, Ж.Б нар нь 484 болон 346 тоот барьцааны гэрээг “К” ХХК-тай байгуулж, тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, 000548823 гэрчилгээний дугаар бүхий соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

-/хуучнаар “Од” кино театрын барилга/, гэрчилгээний дугаар 000142155, Улсын бүргэлийн дугаар Y-2205022497, 1320 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 1 дүгээр байрны 61 тоот, гэрчилгээний дугаар 000120233, улсын бүртгэлийн дугаар Y-2206015279, 37,6 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хариуцаж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3-д “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл  зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заасны дагуу уг гэрээ нь дээрх хуульд заасан шаардлагыг хангасан байх ба Д.Б, Л.Б Ж.П нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцааны зүйл болгосноор “К” ХХК-д барьцааны эрх үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 165, 166 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/ бөгөөд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцсон, тэдний хооронд барьцааны гэрээний харилцаа, үүрэг үүссэн байна.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-д “барьцаалсан эд хөрөнгийг барьцаалуулагчтай дундаа хэсгээр олон хамтран өмчлөх эрх бүхий этгээдээс үүсэх маргаан үгүй гэдгийг барьцаалуулагч нотолсон бөгөөд энэхүү нотолгооныхоо үнэн зөвийн хариуцлагыг хүлээнэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, хуульд заасан шаардлагуудыг хангаснаар хуулийн хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай нийцэж байна.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 346 дугаар гэрээ болон хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаан дээр Д.Б Л.Б, Ж.П нар гэсэн байна. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна, ... их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэсэн байгаа. Тус компани нь 3 гишүүнтэй. Компанийн тухай хуульд зааснаар заавал хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл авсан байх ёстой, гэтэл зөвшөөрөл аваагүй нь Компанийн тухай хуулийг зөрчөөд байна, энэ талаарх материалыг нэхэмжлэгч байгууллага өөрөө шаардан гаргуулах үүрэгтэй байсан” гэж маргана.

Хэдийгээр тус компани нь 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3 гишүүнтэй болсон талаар хуулийн этгээдийн бүртгэлд мэдээлэл нь бүртгэгдсэн боловч Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Компанийн дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана” гээд, 16.2.4-д “хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо”, 17.1-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална” гэж зааснаас үзэхэд “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь өөрчлөгдсөн бол компанийн дүрэмд өөрчлөлт орсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, 18.4-д “Бүртгэлийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана”, “18.4.3.хамтран өмчлөгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр, түүний иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, хамтран өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг” зэргийг тусгасан байх ёстой. Гэтэл банкинд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн өмчлөгчийн талаарх тэмдэглэл байхгүй, нэг хүний өмч болох нь хавтаст хэрэгт авагдсан 000548823 дугаар газар эзэмших гэрчилгээ /хх-27/, 000142155, 000120233 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх28-29/ зэргээр тогтоогдож байна.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-5.1.6-д заасныг барьцаалуулагч Д.Б, Л.Б, Ж.П нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул 346 дугаар зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд зааснаар байгуулагдсан байна.

Тодруулбал, дээрх эд хөрөнгийг барьцаалах барьцааны гэрээ байгуулахад уг 3 гишүүн оролцож гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний үр дагаврын талаар тухайн үед мэдсэн гэж үзэхээр байна.

Барьцааны 346 болон 484 тоот гэрээгээр “...Барьцаалуулагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө банк дангаар цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний 2.1-д дурдсан барьцаа хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах, мөн зүйлийн 41.2-т зааснаар дээрх үүргийг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг тус тус шаардах эрхтэй байна.

            Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн хувьд дээрх үүргээ банк буюу барьцаалагч хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан журмын дагуу барьцаалуулагчид бичгээр мэдэгдэж, улмаар 42.3-т заасны дагуу барьцаалагч нь барьцааны зүйлийг албадан худалдах шаардлага гаргах эрхтэй байна.

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул ипотекийн зүйл болох,

-Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 000548823, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

- Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20 /хуучнаар “Од” кино театрын барилга/, гэрчилгээний дугаар 000142155, Улсын бүргэлийн дугаар Y-2205022497, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 1 дүгээр байрны 61 тоот, гэрчилгээний дугаар 000120233, улсын бүртгэлийн дугаар Y-2206015279, 37.6 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц,

-Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай, Жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, эзэмших эрхтэй газар,

- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар 000298191, 4.2 га газар, 15 жилийн хугацаатай, хаягдлын далан /усан сан/ зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн ямар бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэс болгож, гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг болон 484 болон 484/01, 346 болон 346/01 тоот зээлийн гэрээ, барьцааны 346, 484 тоот гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шинжээчийн томилолт, унаа, хоол, байрны зардал нийт 467 600 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хуваарилж, нэхэмжлэгчээс 402 136 төгрөг, хариуцагчаас 65 464 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 858 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 089 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                     ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас үндсэн зээл 1 590 437 190.46 /нэг тэрбум таван зуун ерэн сая дөрвөн зуун гучин долоон мянга нэг зуун ерэн төгрөг, дөчин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 395 632 776.86 /гурван зуун ерэн таван сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун далан зургаан төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211 381.8 /хоёр зуун арван нэгэн мянга гурван зуун наян нэгэн төгрөг, найман мөнгө/ төгрөг, бүгд 1 986 281 348.34 /нэг тэрбум есөн зуун наян зургаан сая хоёр зуун наян нэгэн мянга гурван зуун дөчин найман төгрөг, гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож,

Нэхэмжлэлээс 353 834 427.02 /гурван зуун тавин гурван сая найман зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 484 болон 484/01, 346 болон 346/01 тоот зээлийн гэрээ, барьцааны 346, 484 тоот гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 000548823, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

- Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20 /хуучнаар “Од” кино театрын барилга/, гэрчилгээний дугаар 000142155, Улсын бүргэлийн дугаар Y-2205022497, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 1 дүгээр байрны 61 тоот, гэрчилгээний дугаар 000120233, улсын бүртгэлийн дугаар Y-2206015279, 37.6 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц,

-Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай, Жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, эзэмших эрхтэй газар,

- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар 000298191, 4.2 га газар, 15 жилийн хугацаатай, хаягдлын далан /усан сан/ зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 858 574 /арван нэгэн сая найман зуун тавин найман мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 089 357 /арван сая наян есөн мянга гурван зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн томилолт, унаа, хоол, байрны зардал нийт 467 600 /дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зуун/ төгрөгийг хуульд зааснаар хуваарилж, нэхэмжлэгчээс 402 136 /дөрвөн зуун хоёр мянга нэг зуун гучин зургаан/ төгрөг, хариуцагчаас 65 464 /жаран таван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж, Дундговь аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Д.С олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.