Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 975

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын Шан Ши муж, Да Тонг хот, Тиан Жэн Шиэн Ми Шин Гуан сум, Гүо Жин Тун тосгон, /Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Баруун дөрвөн зам, Гранд плаза оффис, 806 тоот/-д байрлах, “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байр, 6 тоот хаягт байрлах, “Чин хаш” ХХК /5374367/-д холбогдох,

 

4,560,374,839.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай компани БНХАУ-ын Жин Нин хотын Зү Жин уул уурхайн компанитай “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулж, түүний зэргэлдээ компани болох “Чин хаш” ХХК-нийн ашиглалтын лицензийг нь эзэмшдэг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Зүүнтойром нэртэй газар орших MV-017166 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий төмрийн хүдрийн ордод хөрөнгө оруулалт хийж, олборлолтын ажлыг гүйцэтгэж байсан. Гэтэл Зү Жин компани гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, үүнээс улбаалан үүссэн хохирлыг манай компанид төлж барагдуулахаар тохиролцон 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээр дурдсан гэрээг дуусгавар болгох тухай гэрээг байгуулсан юм. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Жин Нин хотын Зү Жин уул уурхайн компани болон Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал компани хооронд хийсэн уул уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний гэрээ дуусгавар болгох гэрээний нэмэлт гэрээ”-г Зү Жин компаниас гадна түүний зэргэлдээ компани болох Чин Хаш ХХК-тай байгуулж манай компанийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн тоног төхөөрөмжийг манайд буцаан шилжүүлэхээр тохиролцсон юм. Үүнээс гадна, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай компани хариуцагч “Чин хаш” ХХК-тай уулзалт хийж уг уулзалтаар “Чин хаш” ХХК манай компанийн хөрөнгөөр түүний эзэмшлийн дээр дурдсан ордын үл хөдлөх эд хөрөнгөнд оруулсан. Нийт 8,821,100  юанийг хариуцагч “Чин хаш” ХХК 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд энэ нь уулзалтын хурлын протоколоор нотлогдож байгаа. Мөн түүнчлэн, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар дээрх 8,821,100 юаниас гадна төлж барагдуулах бусад зардлыг хураангуйлан дүгнэж 3,509,903 юанийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тус тус тохиролцсон болно. Иймд, хариуцагч “Чин хаш” ХХК-ийн манай компанид төлж барагдуулах мөнгөн дүнгийн нийт хэмжээ 12,331,003 юань болоод байна. Эдгээр үүргийг “Чин хаш” ХХК барагдуулахаар тодорхойлсныг 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Тодорхойлолт” нотлох баримтаас мөн харж болно. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэг болон 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын дагуу манай компани болон “Чин хаш” ХХК-нийн хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн, үүнийг үндэслэн “Чин хаш” ХХК-д манай хохирлыг төлж барагдуулах үүрэг үүссэн бөгөөд уг үүргээ биелүүлэхийг манай тал “ин хаш” ХХК-иас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу удаа дараа шаардсан боловч өдий хүртэл биелүүлэлгүй манай компанийг хохироосоор 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн. Иймд хууль ёсны хэлцлийн дагуу үүссэн 12,331,003 юань буюу монгол төгрөгт өнөөдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу хөрвүүлсэн 4,560,374,839.49 үнийн дүн бүхий хохирлыг төлөх үүргийг нь “Чин хаш” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн тайлбартаа: Манай компанийн Зу Жин компанитай байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн олборлолтын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалт Монгол Улсын “Чин хаш” ХХК-д хийгдсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтын дагуу “Чин хаш” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж ийнхүү үүссэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК нь “Зү жин уул уурхайн” ХХК-тай орд олборлох гэрээ байгуулсан. Уг гэрээ нь цуцлагдсан. Уг гэрээний үр дагаврыг яах вэ гэдэг тал дээр тохиролцоонууд хийгдсэн байгаа. Гэтэл яагаад “Чин хаш” ХХК-ийг бид хариуцагчаар татаж байна вэ гэхлээр анх манай компанитай харилцаж ирсэн “Зү жин” ХХК-ийн ард эзэмшигч нь Хятад улсын иргэн Дуан Жин Жү гэдэг хүн байдаг. Энэ хүн нь “Голден пик” ХХК гэдэг компаниар дамжуулан бид нарын хариуцагчаар татаад байгаа “Чин хаш” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшдэг. Нэг ёсондоо хоёр тусдаа бие биедээ охин болон хараат гэсэн хоорондоо ямар ч хамааралгүй зэргэлдээ хоёр компанийн эцсийн эзэмшигч нь Дуан Жин Жү юм. Манай компанитай орд олборлох харилцаанд орохдоо цаана нь нэг этгээд байсан боловч яг энэ асуудлыг хууль зүйн талаас нь авч үзвэл тусдаа бие даасан компани байсан байгаа юм. “Зү жин” ХХК-тай манай компани гэрээ байгуулсан хэдий ч тухайн гэрээний дагуу хийгдэх олборлолтод шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалт “Чин хаш” ХХК-д орсон байдаг. “Чин хаш” ХХК бол тухайн олборлож байгаа Дундговь аймагт орших төмрийн хүдрийн ордны хууль ёсны эзэмшигч байгаа. Ийм учраас “Чин хаш” ХХК-руу бүх хөрөнгө орсон. Манай компанийн зүгээс гэрээ байгуулаагүй компанид хөрөнгө оруулсан шалтгаан нь цаанаа нэг эзэмшигч байсан. Тухайн эцсийн эзэмшигч болох Дуан Жин Жү нь хоёр компаний хооронд хариуцлагыг бултуулах гэсэн, хүний хөрөнгийг шамшигдуулж  хариуцлагаас зугтаах гэсэн оролдлого гэж харагдаж байгаа. Хариуцагч гэсэн өнгөрсөн шүүх хуралдаан дээр нэг хэлэлцээрийн тухай нотлох баримт гаргаж өгсөн. Уг хэлэлцээрт “Зү жин уул уурхайн” ХХК болон манай компани хоёрын хооронд асуудалд “Чин хаш” ХХК хариуцлага хүлээхгүй гэсэн тохиролцоо хийсэн нь хууль бус юм. Яагаад гэвэл тухайн хөрөнгө орсон нь “Чин хаш” ХХК. Тэгэхээр “Чин хаш” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр хуулийн дагуу үүрэг үүсчихсэн байгаа. Хуулийн дагуу үүрэг үүсч байгаа үүргийг ямар нэгэн гэрээ хэлэлцээрээр үгүйсгэх боломж байхгүй. Гэрээний эрх чөлөөний зарчим гэдэг маань өөрөө хэмжээ хязгааргүй зүйл биш. Талууд аливаа гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа түүний агуулга нь зөвхөн хуулийн дагуу, хуульд нийцсэн, хуулийн хязгаарлалтад таарсан байх ёстой. Гэтэл ингэж тохиролцоо хийсэн нь хүртэл тухайн талын Дуан Жин Жү гэж хүний, хоёр компани хоорондоо асуудлыг 2, 3 тийш салгаж байгаа үйлдэл, хийсэн хэлэлцээр зэргээс харахаар хүний хөрөнгийг авж шамшигдуулах гэсэн увиагүй, бизнесийн ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь харагдаж байгаа. Хэлэлцээр нь хүртэл үүнийг харуулж байгаа юм. Тийм учраас хуулийн дагуу үүсч байгаа үүргийг ямар нэгэн гэрээ хэлэлцээрээр үгүйсгэх боломж байхгүй, үүнийг Олон улсын Иргэний эрх зүйн байгууллагын Олон улсын  арилжааны гэрээний зарчим гэж байдаг. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т гэрээний эрх чөлөөний зарчим ямар хэмжээ хязгаарт үйлчилж байх ёстой юм бэ гэдгийг заасан байдаг. Үүний дагуу бүхий л улс орнуудын Иргэний хууль, мөн ялгаагүй Монгол улсын Иргэний хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд мөнгөө буцааж өгөх ёстой гэх мэт механизмуудыг суулгаж өгсөн байгаа. Үүнийг бид хэрэгжүүлэхгүй гэх ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч манай хөрөнгийг авсан гэдгээ нотолж чадахгүй байна гэж хэлж байгаа. Авсан гэдгээ бид хангалттай нотолж байгаа. Бидний гаргаж өгсөн баримт дээр “Чин хаш” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн хурлын протокол дээр энэ бүх асуудлууд манай компаний оруулсан хөрөнгө нь тэд байна. Үүнийг нь тэдний өдрийн дотор буцааж өгнө гэж бичээд дор нь “Чин хаш” ХХК-ийн захирал Дуан Жин Жү гарын үсгээ зураад тамгаа дарчихсан нь Монгол Улсын хуулиар бол Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу “Чин хаш” ХХК-ийн хүсэл зоригийг хангалттай илэрхийлж байгаа юм. Хариуцагч тал “Зү жин уул уурхайн” ХХК-тай л гэрээ байгуулагдчихсан. Тийм учраас “Зү жин уул уурхайн” ХХК-аас үүнийгээ нэхэх ёстой гэж яриад байгаа. Бид “Зү жин уул уурхайн” ХХК-д хөрөнгө оруулаагүй. “Зү жин уул уурхайн” ХХК-тай гэрээ байгуулсан хэдий ч “Зү жин уул хуурхайн” ХХК-д хөрөнгө ороогүй. Тухайн компанид ямар ч хөрөнгө байхгүй, юу ч үгүй компани байгаа. Анхнаасаа тухайн компани нь Монгол улсын “Чин хаш” ХХК-ийн эзэмшиж байгаа орд дээр хөрөнгө оруулалт олж авж, ордтой холбоотой үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан өөрсдийн гэсэн хөрөнгө мөнгөгүй компани байгаа. Бид санхүүгийн чадавхыг нь мэдэж байгаа учраас тэд нараас нэхэмжлэлээ гээд бид юу ч олж авч чадахгүй. Тухайн гэрээний дагуу Хятад улсын шүүхээр явахад үүргийг нь баталгаажуулсан баталгааны зүйл байхгүй. Зүгээр л дан ганц үүрэг байж байгаа. Үүрэг нь маань өөрөө хийсвэр зүйл байдаг учраас ямар ч санхүүгийн чадавхигүй компанид үүрэг ногдуулаад бид юу я авч чадахгүй. Өөрөө хөрөнгөөр хөшүүрэг хийж барьцааны гэрээ байгуулаагүй. Үүргийг баталгаажуулдаг гол механизм нь өөрөө хөрөнгийн харилцаа байж байдаг. Гэтэл ийм зүйл байхгүй учраас нэгэнт бидний оруулсан хөрөнгө “Зү жин уул уурхайн” ХХК руу ороогүй “Чин хаш” ХХК-д орсон учраас “Чин хаш” ХХК-иас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас “Чин хаш” ХХК үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. “Тиан Жин Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-иас “Зү жин уул уурхайн” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн харилцааны улмаас гаргасан хөрөнгийг “Зү жин уул уурхайн” ХХК бус “Чин хаш” ХХК авсан. Тэгэхээр тэр авсан хөрөнгөө буцааж өгөх ёстой. “Чин хаш” ХХК-ийн авсан хөрөнгө нь бидний нэхэмжлэлд дурдсан, нотлох баримтаар нотлогдож байгаа. 12,331,003 юанийн үнэ бүхий тоног төхөөрөмж юм. Бид яагаад үүнийг мөнгөөр нь нэхэмжилж байна вэ гэхлээр энэ нь 4 жилийн өмнө явагдсан харилцаа байгаа юм. Уул уурхай маань өөрөө хүнд үйлдвэрлэл учраас тоног төхөөрөмж маш ихээр илэгддэг. Бидний оруулсан хөрөнгөөр олборлолт явуулаад байгаа учраас маш их хэмжээний элэгдэл явгадчихсан байгаа. Хоёр талын тохиролцсоны дагуу үнэ ханшаар нь мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн өдрийн Монгол банкны ханш 369 төгрөг 29 мөнгө байсан. Юаниар 12,331,003 болж байна. Нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар тооцож 4,553,716,097. 87 төгрөгийг хариуцагч “ Чин хаш” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Чин хаш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Чин хаш” ХХК-ийн зэргэлдээ компани болох БНХАУ-ын “Зү Жин уул уурхайн” компани манай компанитай байгуулсан гэрээгээ цуцалсны улмаас манай компанид учирсан 12,331,003 юань буюу 4,560,374,839.49 төгрөг бүхий хохирлыг “Чин хаш” ХХК төлж барагдуулахаар хэлэлцэн тохиролцсон хэлцлийн дагуу түүний хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлж манай компанийг хохиролгүй болгож өгнө” гэж “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчээс 2018 оны 02 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “Манай компанийн БНХАУ-ын Зү Жин компанитай байгуулсан 2013 оны 8 сарын 12-ны өдрийн “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийгдсэн олборлолтын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалт МУ-ын “Чин хаш” ХХК-д хийгдсэн тул МУ-ын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтын дагуу “Чин хаш” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, ийнхүү хуулийн үүссэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэж өөрчилж хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна. 1.Тус шүүхэд “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нэхэмжлэл гаргажээ. С.Амаржаргалд 2017 оны 10 сарын 12-ны өдөр “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн Захирал Шо И Фа-аас Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасныг үндэслэн ИХШХШТХуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх үүргийг эдлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгожээ. Итгэмжлэлд зааснаар С.Амаржаргал нь “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжпэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй харин ИХШХШТХуулийн 25.1-д заасан хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн эрх үүргийг эдлэх эрх олгосон байх тул ИХШХШТХуулийн 66.1-д зааснаар 2017.11.3-ний өдөр буюу “Иргэний хэрэг” үүсгэснээс хойш ХХША-д төлөөлөн оролцох эрх олгожээ. Иймд \ИХШХШТХуулийн 65.1.5\ нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК нь БНХАУлсад 2008 оны 4 сарын 01-нээс 2012 оны 06 сарын 30 хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оны 09 сарын 25-ны өдөр хүчингүй болж үйл ажиллагаа дуусгавар болсон нь Байгууллагын мэдээллийн лавлагаагаар нотлогдож байх тул ИХуулийн 25.1, 26.1-д заасан эрх үүргийг эдэлж ХХША-нд оролцох, шаардах эрхгүй гэж үзэж байна. Хариуцагч “Чин хаш” ХХК болон БНХАУ-ын Зү Жин уул уурхайн компанийн хооронд 2013 оны 06 сарын 06-ны өдөр “Хэлэлцээрийн бичиг” буюу гэрээ хийгдэж уг бичигт “Чин хаш” ХХК-ийн эзэмшлийн төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийх гүйцэтгэгчийг Зү Жин уул уурхайн компани олж Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг хариуцна. Ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн аливаа маргааныг Зү Жин уул уурхайн компани өөрөө шийдвэрлэнэ, үүссэн хор уршиг, өрийн асуудал “Чин хаш” компанид үл хамаарна гэж тохиролцож, уурхайд нэхэмжлэгч талтай “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг 2013.8.12 өдөр байгуулсан ба энэхүү гэрээнд хариуцагч компани оролцоогүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байхад ИХШХШТХуулийн 26.3 зааснаар хариуцагчаар татаж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ИХуулийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтыг шаардах үндэслэлгүй ба ИХШХТШХуулийн 65.1.5, 65.1.7, 65.1.11-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тусгагдаагүй харин нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татсан этгээд тухайн шаардлагыг хариуцах ёсгүй байх тул шүүх “Чин хаш” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн төлөөлөх эрхгүй этгээд болох Шо И Фа гэгч нь өөрийн бичсэн бичиг дээр “Чин хаш” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулж, компанийн тамгыг булаан авч уг бичиг дээрээ дарсан нь гэрийн мэдүүлгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч нь БНХАУ-ын “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХКомпани болон Зү Жин уул уурхайн компанийн хооронд байгуулсан 2013 оны 8 сарын 12-ны өдрийн “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ” дуусгавар болсноор тухайн гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтаа хохирол гэж гэрээний оролцогч биш этгээд болох “Чин хаш” ХХК-иас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 18 дугаар зүйлийн 2-д Талуудын хооронд гэрээтэй холбоотой гарсан аливаа маргаанд БНХАУ-ын хууль тогтоомжийг хэрэглэнэ гэжээ. Мөн 2014 оны 8 сарын 26-ны өдөр БНХАУ-ын “3ү Жин” уул уурхайн компани болон “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хооронд хийсэн “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай гэрээ байгуулж уг гэрээний гурвын 10-д “Хэрэв гэрээ хэрэгжих явцад маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж, шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Эрээн хотын Ардын шүүхэд гомдол гаргаж шийдвэрлэнэ” гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар гэрээний талууд хуулийг сонгосон нь хуульд нийцсэн байна. Ийнхүү гэрээнээс үүссэн маргаанаа шийдвэрлүүлэхээр БНХАУ-ын Жинин мужийн өндөр технологи үйлдвэрлэл хөгжлийн бусийн иргэний шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн аваад иргэний хэрэг үүсгэн шалгаж байгаа ба шүүх хурал болох тухай шүүхийн зарлан дуудах хуудсыг “Тиэнжэн” компани болон “Жүжин” компаниудад хүргүүлсэн боловч “Тиэнжэн” компани, Шион Тай Фа товлогдсон өдөр шүүхэд хүрэлцэн очоогүйгээс шүүх хурал нь хойшилсон болох нь хэрэгт авагдсан шүүхийн баримт бичгээр нотлогдож байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд авч үзвэл гэрээ цуцалсны улмаас манай компанид 12,331,003 юань буюу 4,560,374,839.49 төгрөгийн үнийн дүн бүхий хохирол учирсан гэжээ. Нэхэмжлэлд ...тоног төхөөрөмжийг оролцуулан 8,821,100 юань, бусад зардлыг хураангуйлан дүгнэж 3,509,903 юань гэж задаргаа хийжээ. Үүнд 2014 оны 08 сарын 26-ны өдөр БНХАУ-ын ”3ү Жин” уул уурхайн компани болон “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хооронд хийсэн “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай гэрээний Гурвын 3-д \А тал\ ”3ү Жин” уул уурхайн компани нь \Б тал\ “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хөрөнгө оруулалт 8,821,100 юанийг... төлнө. 5-д Б талын хөрөнгө оруулалтыг 3 хуваан төлж дуусгана гэж тохиролцжээ. Харин 2015 оны 5 сарын 23-ны \А тал\ ”3ү Жин” уул уурхайн компани болон \Б тал\ “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хоорондын тооцоо нийлсэн баримтын 1-ийн 3-д А тал нь Б талын ажилчдын цалин гүйцэтгэсэн ажлын хөлс 5,019,803 юан болсон. 2-ын 3-д А тал Б талд төлөх нийт хэмжээ нь 3,509,903 юань болж байна гэжээ. Энэхүү нэр бүхий ажилчдын цалин хөлс 3,509,903 юанийг “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК нэхэмжлэх эрхгүй хэрэгт нэр бүхий ажилчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж шаардах эрхгүй хуулийн дагуу үүсээгүй байна. 7.Нэхэмжлэгч нь нийт 12,331,003 юань буюу 4,560,374,839 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардаж байна гэжээ. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1,-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн ойлголт нь үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1,-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдох нөхцөл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог тул нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгчээс хөрөнгө шилжүүлээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд нэхэмжлэгчээс хариуцагчид хөрөнгө мөнгө шилжүүлсэн бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрх үүсэх ба урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай гэж зохицуулжээ. Гэтэл “Чинхаш” ХХКомпанийн өмчлөлд ямар хөрөнгө шилжүүлсэн болон нэхэмжлэгчийн ямар хөрөнгө хасагдаж хариуцагчид ямар хөрөнгө нэмэгдсэн талаар баримт байхгүй, гаалийн бүрдүүлэлтийн баримтаар “Яа майнинг” компаниас техник орж ирсэн байх ба тухайн хөрөнгийг нэхэмжлэгч компанийн захирал Шо И Фа авсан болох нь УМБЕГазрын Мөрдөн байцаах албаны залилах, хөрөнгө завших, гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Т.Эрхэмбаатарын мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн 201701000095 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор, заримыг нь “Чинхаш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Цэрмаа хувьдаа авсан, ашигласан нь гэмт хэргийн шинжтэй байсан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөх ажиллагаа явагдаж улмаар прокурорын шатанд хэрэг шилжсэн болох нь хэрэг авагдсан Дундговь аймгийн прокурорын газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 04 тоот албан бичгээр нотлогдож байна. Харин БНХАУ-ын ”3ү Жин” уул уурхайн компани болон “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хоорондын гэрээ хэлэлцээрийг үндэслэн 2017 оны 06 сарын 27-ны өдөр “Чин хаш” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа 3 ширхэг квошийн бичиг баримтыг Шон И Фа-гийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх талаар Дуан Юу болон Шон И Фа нар тохиролцож “Квош шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах тухай” албан бичиг үйлдсэн ба Шон И Фа нь Монголд байхгүй байгаа тул нэр шилжүүлэх асуудал хүлээгдэж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө төлбөр, хохирол төлж барагдуулах үүрэг үүссэн буюу төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримтыг нотолсон баримт байхгүй, нэхэмжлэгч ИХШХШТХуулийн 25.2.2, 37.1, 38,1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариуцагчийн дээрх татгалзал, үндэслэлүүд болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч “Чин хаш” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч “Чин хаш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ хэлэлцээрүүд нь Бүгд найрамдах Хятад ард улсад бүртгэлтэй “Зү жин” ХХК, “Тиан жин шиэн ий төмрийн баяжмал” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнүүд байгаа. Хавтаст хэрэгт “Чин хаш” ХХК-тай холбоотой гэрээ, хэлэлцээр бүхий нотлох баримт огт алга байна. “Чин хаш” ХХК нь нэхэмжлэгч компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, иргэний эрх зүйн харилцаанд ороогүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, “Чин хаш” ХХК болон БНХАУ-д бүртгэлтэй “Зү Жин” уул уурхайн компанийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцээрийн бичиг хийгдсэн байдаг. Уг хэлэлцээрийн бичигт “...Монгол Улсын Дундговь аймгийн Говь-Угтаал сум дахь “Чин хаш” ХХК-ийн уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэгчийг “Зү Жин” компани олж, гэрээ байгуулах ажлыг хариуцна гэж гэрээ хэлэлцээр хийнэ, харин ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн маргааныг “Чин хаш” ХХК хариуцахгүй гэсэн ийм тохиролцоо байдаг. Үүний дагуу 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Зү Жин уул уурхайн” компани болон нэхэмжлэгч компани нарын хооронд олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг юм. Энэ гэрээний дагуу бол олборлолтын үйл ажиллагаа явагдсан, олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд орж ирсэн. Орж ирэхдээ “Тиан жин шиэн ий” ХХК-иас нэг ч ширхэг тоног төхөөрөмж болон мөнгө орж ирээгүй. Энэ тоног төхөөрөмжүүд нь хаанаас орж ирсэн бэ гэвэл БНХАУ-ын Эрээн хотын “Жиэн Ян майнинг” компаниас “Чин хаш” ХХК-ийн нэр дээр орж ирсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гаалийн экспортын бараа, бүтээгдэхүүний мэдүүлгүүдээр нотлогдоно. Гуравдугаарт олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч компани нь БНХАУ-ын хуулийн дагуу 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан байдаг. Ингээд Хятад улсын хуулийн дагуу жил бүрийн шалгалтад хамрагдаагүй учраас 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр энэ компани хүчингүй болсон. Энэ нь хэрэгт авагдсан байгууллагын мэдээллийн лавлагаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүргийг шаардах эрхгүй байгаа. Дөрөвдүгээрт олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний 8.2-т тус гэрээтэй холбоотой маргааныг БНХАУ-ын хуулиар шийдвэрлүүлнэ гэж гэрээнд заасны дагуу “Чин хаш” ХХК нь тухайн улсын Иргэний шүүхэд хандаад, иргэний хэрэг үүсээд хянагдаад явж байгаа бөгөөд одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүх хуралдаан хойшлогдоод явж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Зү жин” ХХК-нд хөрөнгө оруулаагүй “Чин хаш” ХХК-д хөрөнгө орсон гэж хэлээд байгаа. Хэрвээ “Чин хаш” ХХК хөрөнгө орсон юм бол энэ хөрөнгө нь ямар хөрөнгө юм, “Тиан жин шиэн ий” ХХК-аас гараад хэнд шилжүүлсэн юм, тэр талаар ямар нэгэн нотлох баримтаар байхгүй. Түүнийгээ өөрөө нотлох ёстой байхгүй юу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК нь хариуцагч “ Чин хаш” ХХК-д холбогдуулан 4,560,374,839.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 4,553,716,097.87 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч “Чин хаш” ХХК нь нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, үр шимийг хүртсэн. Энэ нь ...2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зү Жин уул уурхайн ХХК”, “Тиан Жин Шиэн Шин Ий төмрийн баяжмал ХХК”-ийн хооронд тооцоо нийлсэн баримт, түүнд тусгасан 3,509,903 юанийг ажилчдын цалин хөлс, төлбөрт, ...2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын протоколоор нотлогдоно. Уг төлбөрийг хариуцагч төлөхөөр дээрх хурлын протокол, тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурж, компанийн тамга дарсан” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч байгууллага татан буугдсан тул шаардлага гаргах эрхгүй, ...шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгоогүй, ...“Зү Жин уул уурхайн” ХХК нь “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн, энэ талаарх маргаан Эрэн хотын шүүхэд хянагдаж байгаа тул хариуцах этгээд биш, ...юу шаардаж байгаа нь тодорхойгүй, ...нотлох баримтгүй, ...эд хөрөнгө хүлээж аваагүй, мөн ажилчдын цалин нэхэмжлэх эрхгүй” гэх үндэслэлээр тайлбарлан маргажээ.

 

Нэхэмжлэл гаргах, шүүхэд хандах эрхийн тухайд нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн талаар Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг орчуулгын товчоонд орчуулсан баримт /хх-ийн 5 дугаар тал/ хэрэгт авагдсан байна. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон талаар мөн баримт хэрэгт авагдсан байх боловч үүнийг шүүхэд хандах эрхгүй болсон гэж үзэхгүй.

 

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс төлөөлөгчид бичгээр олгосон итгэмжлэл /хх-ийн 7 дугаар тал/ хэрэгт авагдсан, хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Зү Жин уул уурхайн” ХХК нь “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-тай 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт төмрийн хүдэр олборлож, буталж хуурай аргаар баяжуулахад “Зү Жин уул уурхайн” ХХК нь ашиглалтын лицензтэй талбайд олборлолт хийх баримт бичиг, нөхцөлийг бүрдүүлэх, “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК нь уурхайн байгууламж, тоног төхөөрөмж, хамгаалалт, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл зэргийг хариуцан ажиллахаар харилцан тохиролцож, “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г  байгуулсан байна. /хх-ийн 9-12 дугаар тал/

 

Улмаар талууд 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж /хх-ийн 18 дугаар тал/, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээг дуусгавар болгох талаар тохиролцож, “Шайндун жи нин хотын “Зү жин уул уурхайн” ХХК болон “Тянь жэн шиэн шин ий төмрийн баяжмал” ХХК хоорондын хийсэн олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай гэрээ”-г, 2014 оны 11 сарын 24-ний өдөр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болгох гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 23-25, 31 дүгээр тал/ Энэхүү гэрээнд талууд эд хөрөнгө, ажилчдын цалин хөлс, санхүүгийн болон бусад баримт бичиг, төлбөрийн асуудлыг хэн нь ямар байдлаар хариуцах талаар тусгасан зэргээс үзэхэд “Зү Жин уул уурхайн” ХХК болон “Тиан Жин Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна.

 

Ийнхүү “Зү Жин уул уурхайн ХХК”, “Тиан Жин Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК нь гэрээгээ цуцалж дуусгавар болгосонтой холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хурлын протокол, 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, эд хөрөнгө, төлбөр төлөх талаар тусгасан байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаардлага гаргахад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болж нэхэмжлэгч хөрөнгөө өөртөө буцаан авах өөр аргыг хэрэглэх боломжгүй болсон байхыг ойлгоно.

 

Гэтэл “Зү Жин уул уурхайн” ХХК болон “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн, үр дагаврыг харилцан шаардах боломжтой байхад гэрээний талуудын тохиролцсон тооцоо нийлсэн баримт, тэмдэглэлийг үндэслэн гэрээний тал бус этгээдээс үүргийг шаарджээ. 

 

Түүнчлэн хариуцагч ямар хөрөнгө, үр шимийг үндэслэлгүйгээр олж авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтаа, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Иймд хариуцагч “Чин хаш” ХХК-иас 4,553,716,097. 87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Чин хаш” ХХК-иас 4,553,716,097.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Тиан Жэн Шиэн Шин Ий төмрийн баяжмал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,025,000 төгрөгөөс илүү төлсөн 65,175 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 22,959,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР