Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1253

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/01253

 

 

 “Т” компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00975 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЧХ” ХХК-д холбогдох,

 

4 560 374 839 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Батхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Жавзмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай компани БНХАУ-ын Жин Нин хотын Зү Жин уул уурхайн компанитай “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулж, түүний зэргэлдээ компани болох “ЧХ” ХХК-нийн ашиглалтын лицензийг нь эзэмшдэг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Зүүнтойром нэртэй газар орших MV-017166 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий төмрийн хүдрийн ордод хөрөнгө оруулалт хийж, олборлолтын ажлыг гүйцэтгэж байсан.

Гэтэл Зү Жин компани гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, үүнээс улбаалан үүссэн хохирлыг манай компанид төлж барагдуулахаар тохиролцон 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээр дурдсан гэрээг дуусгавар болгох тухай гэрээг байгуулсан. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Жин Нин хотын Зү Жин уул уурхайн компани болон Т компани хооронд хийсэн уул уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний дуусгавар болгох гэрээний нэмэлт гэрээг Зү Жин компаниас гадна түүний зэргэлдээ компани болох “ЧХ” ХХК-тай байгуулж манай компанийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн тоног төхөөрөмжийг манайд буцаан шилжүүлэхээр тохиролцсон юм. Үүнээс гадна, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай компани хариуцагч “ЧХ” ХХК-тай уулзалт хийж уг уулзалтаар “ЧХ” ХХК манай компанийн хөрөнгөөр түүний эзэмшлийн дээр дурдсан ордын үл хөдлөх эд хөрөнгөнд оруулсан. Нийт 8 821 100 юанийг хариуцагч “ЧХ” ХХК 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон.

Мөн түүнчлэн, 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар дээрх 8 821 100 юаниас гадна төлж барагдуулах бусад зардлыг хураангуйлан дүгнэж 3 509 903 юанийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тус тус тохиролцсон болно.

Иймд хууль ёсны хэлцлийн дагуу үүссэн 12 331 003 юань буюу 4 560 374 839 төгрөгийг “ЧХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амаржаргалд 2017 оны 10 сарын 12-ны өдөр “Т” компанийн захирал Шо И Фаг итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгожээ. Итгэмжлэлд зааснаар С.Амаржаргал нь “Т” компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон байна.

Нэхэмжлэгч “Т” компани нь БНХАУлсад 2008 оны 04 дүгээр сарын 01-нээс 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрчилгээ хүчингүй болж, үйл ажиллагаа дуусгавар болсон нь байгууллагын мэдээллийн лавлагаагаар нотлогдож байна.

Хариуцагч “ЧХ” ХХК болон БНХАУ-ын Зү Жин уул уурхайн компанийн хооронд 2013 оны 06 сарын 06-ны өдөр “Хэлэлцээрийн бичиг” буюу гэрээ хийгдэж уг бичигт “ЧХ” ХХК-ийн эзэмшлийн төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийх гүйцэтгэгчийг Зү Жин уул уурхайн компани олж ажил гүйцэтгэх гэрээ байгуулах ажлыг хариуцна, ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн аливаа маргааныг Зү Жин уул уурхайн компани шийдвэрлэнэ, үүссэн хор уршиг, өрийн асуудал “ЧХ” компанид үл хамаарна гэж тохиролцож, уурхайд нэхэмжлэгч талтай “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ба энэхүү гэрээнд хариуцагч компани оролцоогүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байхад хариуцагчаар татаж тодорхойлсон нь үндэслэлгүй.

2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын ”3ү Жин” уул уурхайн компани болон “Т” компанийн хооронд хийсэн “Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай гэрээний 3.3-д”3ү Жин” уул уурхайн компани нь “Т” компанийн хөрөнгө оруулалт 8 821 100 юанийг… төлнө. 5-д Б талын хөрөнгө оруулалтыг 3 хуваан төлж дуусгана гэж тохиролцжээ. Харин 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “3ү Жин” уул уурхайн компани болон “Т” компанийн хоорондын тооцоо нийлсэн баримтын 1-ийн 3-д А тал нь Б талын ажилчдын цалин гүйцэтгэсэн ажлын хөлс 5 019 803 юан болсон. 2.3-д А тал Б талд төлөх нийт хэмжээ нь 3 509 903 юань болж байна гэжээ. Энэхүү нэр бүхий ажилчдын цалин хөлс 3 509 903 юанийг “Т” компани нэхэмжлэх эрхгүй, хэрэгт нэр бүхий ажилчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж шаардах эрхгүй хуулийн дагуу үүсээгүй байна.

 “Чинхаш” ХХК-ийн өмчлөлд ямар хөрөнгө шилжүүлсэн болон нэхэмжлэгчийн ямар хөрөнгө хасагдаж хариуцагчид ямар хөрөнгө нэмэгдсэн талаар баримт байхгүй, гаалийн бүрдүүлэлтийн баримтаар “Яа майнинг” компаниас техник орж ирсэн байх ба тухайн хөрөнгийг нэхэмжлэгч компанийн захирал Шо И Фа авсан болох нь УМБЕГазрын Мөрдөн байцаах албаны залилах, хөрөнгө завших, гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Т.Эрхэмбаатарын мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн 201701000095 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор, зарчмыг нь “Чинхаш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Цэрмаа хувьдаа авсан, ашигласан нь гэмт хэргийн шинжтэй байсан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөх ажиллагаа явагдаж улмаар прокурорын шатанд хэрэг шилжсэн болох нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот албан бичгээр нотлогдож байна. Харин”3ү Жин” уул уурхайн компани болон “Т” компанийн хоорондын гэрээ хэлэлцээрийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “ЧХ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа 3 ширхэг квошийн бичиг баримтыг Шон И Фагийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх талаар Дуан Юу болон Шон И Фа нар тохиролцож “Ковш шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах тухай” албан бичиг үйлдсэн ба Шон И Фа нь Монгол улсад байхгүй байгаа тул нэр шилжүүлэх асуудал хүлээгдэж байна.

Хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө төлбөр, хохирол төлж барагдуулах үүрэг үүссэн буюу төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримтыг нотолсон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариуцагчийн дээрх татгалзал, үндэслэлүүд болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч “ЧХ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ЧХ” ХХК-иас 4 553 716 097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 025 000 төгрөгөөс илүү төлсөн 65,175 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 22 959 824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Гэрээний нэг тал болох "Зү Жин уул уурхайн" компани, ажил гүйцэтгүүлсэн Монгол дахь "ЧХ" ХХК-ийн өмчийн эзэн нь нэг этгээд буюу БНХАУ-ын иргэн Дуан Жин Жу учраас "Т" компани нь Иргэний хуулийн 594 дүгээр зүйлийн 594.5 дахь хэсэгт зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол үйлдвэрийн хамтын ажиллагаа явуулах... бусад ажил гүйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг үйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний үр дагавар бий болж байгаа улсын хуулийн хэрэглэнэ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргахад шүүх гэрээний бус талаас үүрэг шаардсан гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийг хохироосонд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэг эзэнтэй, ашиг сонирхол нэгтэй 2 компанийн, нэг компанитай нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу нөгөө компанийн ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн бодит байдлын талаар буруу дүгнэлтийг хийж маргааныг шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгчийн зүгээс "ЧХ" ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд оролцсон болохоо нотлож, "ЧХ" ХХК-ийн тамга дарагдсан, гүйцэтгэх захирал Дуан Жин Жу-ийн гарын үсэгтэй 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "гэрээ дуусгавар болгох, гэрээний нэмэлт гэрээг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын протокол, 2015 оны 11 сарын 08-ны өдрийн "Т" компанид "ЧХ" ХХК-аас шилжүулэн өгөх тоног төхөөрөмжийн жагсаалт бүхий тодорхойлолт, 2017 оны 06 сарын 27-ны өдрийн "Ковш шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах тухай" нотлох баримтууд болон "Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-тэй холбоотой тооцоо нийлсэн баримт зэргийг хавтаст хэрэгт хуулийн шаардлага хангуулан өгсөн боловч хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дээрхи баримтын талаар шүүх шийдвэртээ огт дурдаагүй, үнэлээгүй юм.

Мөн "ЧХ" ХХК-ийн Монгол талын захирлаар ажиллаж байсан Ц.Цэрмаа болон "ЧХ" ХХК-ийн хувьцааны 25 хувийг эзэмшигч БНХАУ-ын иргэн Бай Шуан Жан нарын гэрчүүд "Т" компани нь өөрийн зардлаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Зүүн тойром нэртэй газар эзэмших тусгай зөвшөөрөл бүхий төмрийн хүдрийн ордод төмрийн хүдэр олборлох, бутлах, хуурай аргаар баяжуулах ажлыг хийсэн, болохыг мэдүүлж нотлосоор байхад анхан шатны шүүх маргааныг нотлох баримтыг үнэлээгүй.

Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан шүүхийн харъяалалыг зөрчсөн юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үндэслэл бүхий магадлал гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Т” компани нь хариуцагч “ЧХ” ХХК-д холбогдуулан 4 560 374 839 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “Т” компани нь төмрийн баяжмал боловсруулах, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан ба хууль ёсны төлөөлөгчөөр Шион Ий Фа /XIONG YIFA/ томилогдож, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аж ахуй нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай тэмдэглэл бүхий компанийн гэрчилгээ хэрэгт авагджээ. /хх 5-6 дахь тал/

 

            Хариуцагч “ЧХ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч компанийн бүртгэл 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүчингүй болж, үйл ажиллагаа нь дуусгавар болсон гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй, хуулийн этгээдийн хувьд нэхэмжлэгч байж чадах чадвар, чадамжийг тодорхойлоогүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Түүнчлэн Жинин өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсийн ардын шүүхээс шүүхийн зарлан дуудах хуудсыг нэхэмжлэгч “Т” компанид гэж нэрлэн зааж хүргүүлсэн байх боловч уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч компанийг Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 26 дугаар зүйлийн 26.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн чадвартай гэж шууд дүгнэх боломжгүй юм. /хх 132-133 дахь тал/

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээ, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 959 824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА