Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0183

 

 

 

 

 

 

 

Иргэн Х.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х.О гаргасан давж заалдах гомдлоор Х.О нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.О 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомж зөрчсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Зарим алба хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг, “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502, “Төрийн албанаас халах тухай” 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүсчээ. 

Хоёр. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Хорих 441 дүгээр анги татан буугдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/35 дугаар “Төсвийн шууд захирагчийн орон тооны хязгаарыг шинэчилэн батлах тухай” тушаал гарч, тухайн ангид ажиллаж байсан албан хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай”2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...нэмэгдэл баталгаагаар хангагдана”гэснийг үндэслэн тус ангийн нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Х.О Хорих 439 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасныг зөрчөөгүй. Энэ нь төрийн нэг байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан хаагчийг Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн байгууллага хооронд шилжүүлэх ойлголт юм. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих анги хооронд ажиллуулж байгаа томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хамаарахгүй, заавал албан хаагчтай тохиролцохыг шаардахгүй.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Цэргийн болон бэлтгэл алба, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж, хуулиар олгосон бүрэн эрх бүхий төрийн байгууллагын гаргасан эрх зүйн бусад актаар тогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн албан хаагчаас сахин биелүүлэхийг Монгол Улсын иргэний цэргийн үүрэгт тооцно...”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл...” гэж цэргийн албан хаагчийн үүрэг болон байгууллагын онцлогийг тусгайлан зохицуулсан байдаг. Цэргийн албаны дотоод дүрмийн 27-д “Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ын өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ ...”, 26-д “тушаал биелүүлээгүй тохиолдолд Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ” гэж заасан.

Хорих 439 дүгээр ангид нийгмийн ажилтнаар томилогдсон боловч ахлах дэслэгч Х.О албан тушаалдаа очилгүй, тушаал биелүүлэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулж, тус тушаалтай Х.О 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр танилцаж, гарын үсгээр баталгаажуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн тасгаас Д.О холбогдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирж уулзах, томилогдсон ажилдаа очих үүрэг өгч, өвчтэй бол магадалгаагаа Хорих 439 дүгээр ангид хүргүүлэх үүргийг удаа дараа мэдэгдсэн ч биелүүлээгүй байна.

Хорих 439 дүгээр ангиас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/458 дугаартай албан бичгээр Х.О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 27 хоног ажил тасалсан, энэ байдал нь ангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл тулгарч байгаа тул дараагийн албан хаагчийг томилж, Х.Одмандахыг төрийн албанаас халах тухай саналыг, тасалсан цагийн бүртгэлийн хамт ирүүлсэн. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг цэргийн дүрмээр зохицуулна...”, 29 дүгээр зүйлийн 29.1.2-т “цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэхийг хориглоно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цэргийн албаны дотоод дүрэм”-ийн 26-д “тушаал биелүүлээгүй тохиолдолд Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ”, 27-д “Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ын өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ...”, гэж заасан.

Иймд Д.Одмандахын дээрх зөрчил болон Хорих 439 дүгээр ангиас ирүүлсэн саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалаар Х.О төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Д.Одмандахын өргөдлийн талаар авч хэлэлцэн, гарсан шийдвэрийг Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2а/2798 дугаартай албан бичгээр, мөн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС 3-45 тоотод хаягаар нь Х.Одмандахад 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2а/2795 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/455 дугаар тушаал, “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502 дугаар тушаал, “Төрийн албанаас халах тухай”2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалуудыг хэвээр үлдээж, Д.Одмандахын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг удирдлага болгон, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 136 дугаар зүйлийн 136.2.1, 136.2.5-д заасныг баримтлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалын Х.О холбогдох хэсгийг, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох нийгмийн ахлах ажилтантай дүйцэхүйц ТТ-11-1 зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ТТ-11-1 зэрэглэлээр тооцон 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Б.О 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр ангид ахлах нийгмийн ажилтны албан тушаалд хууль журмын дагуу томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалаар намайг Булган аймаг дахь Хорих 439 дүгээр ангид нийгмийн ажилтнаар өмнө нь ажиллаж байсан ТТ-11 зэрэглэлээс ТТ-10 зэрэглэлд албан тушаал бууруулж томилсон.

Тухайн үед хүүхэд 7 сартай нялх, эмнэлгийн хяналтад, эхнэр хүүхэд асрах чөлөөтэй залуу гэр бүл учир хөдөө ажиллах боломжгүй Улаанбаатар хотын бүсэд ажиллуулж өгөх хүсэлтийг Захиргаа, удирдлагын газрын даргаар дамжлуулан гаргаж, улмаар 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байтал 5 дугаар сарын 11-ний өдөр сануулах сахилгын шийтгэл, 6 дугаар сарын 29-ний өдөр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан билээ.

Миний бие дээрх албан тушаал бууруулж томилсон тушаалаас эхлээд өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж Үндсэн хуульд заасан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийнхээ дагуу холбогдох газруудад хандан эрхээ хамгаалуулахаар өргөдөл, гомдол гарган явж байх хооронд сахилгын шийтгэл ногдуулах замаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Миний ажиллаж байсан байгууллагын орон тоо хасагдсан учир миний бие Төрийн албаны тухай хуулийн дагуу цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжих нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой байтал төрийн албан хаагчтай зөвшилцөлгүйгээр албан тушаалын зэрэглэл бууруулсан. Цалин хөлс буурсан байтал хорих ангийн дэглэм хүндэрсэн учир цалин хөлс буураагүй байна гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Мөн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагч бөгөөд төрийн тусгай албан хаагчийн төрийн алба хаах, төрийн албанд томилох, чөлөөлөх, шилжүүлэх болон нэмэгдэл баталгаагаар хангахтай холбоотой асуудал нь Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байхад Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хорих 441 дүгээр ангийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж, татан буугдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалаар тус ангийн нэр бүхий албан хаагчдыг, түүний дотор нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Х.О 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс Хорих 439 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар шилжүүлэн томилсоныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, “...7 сартай нялх хүүхэдтэй, арьсны харшилтайн улмаас байнгын эмчийн хяналтад байдаг, гэр бүлийн байдал хүнд, амьдралын нөхцөл байдал тогтворгүй, хөдөө орон нутагт ажиллах боломжгүй байх тул хотын бүсэд офицерийн орон тоонд томилуулах” тухай хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гаргасан нь уг хүсэлт, тус газрын Захиргааны удирдлагын газрын болон Хүний нөөцийн тасгийн дарга нарын аман хариу, мөн 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 8-ны хооронд 4 хоног өвчтэй байсан байсан болох нь 0851175 тоот эмнэлгийн хуудас /лист/-аар тус тус тогтоогддог.

Хорих 441 дүгээр анги ялтангүй болсноор тус ангийн ял эдлүүлэхтэй холбоотой үндсэн чиг үүрэг бүхий алба хаагчдыг бусад анги салбарт шилжүүлэн томилох зайлшгүй шаардлага үүссэн талаар нэхэмжлэгч маргадаггүй, гагцхүү дээрх тушаалын дагуу орон нутагт ажиллах бодит боломжгүй, харин хотын бүсийн хорих ангид шилжин ажиллах хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсэн байхад уг хүсэлтийг нь шийдвэрлэлгүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр сануулах, улмаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулснаар Төрийн албаны тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрх зөрчигджээ.  

Тухайлбал уг тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд зөвхөн “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих”-ээс гадна төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах” гэсэн нэмэгдэл баталгаагаар хангагдахаар байна.  

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер төрийн тусгай албан хаагч бөгөөд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан, гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хорих ангийн албан хаагчийг шилжүүлэн томилох талаар өөр зохицуулалт байхгүй, мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалд хамаарах хүмүүс”-ийг тусгайлан зааснаас үзэхэд тус хуулийн дагуух эрх зүйн зарим хязгаарлалтыг “цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг” гэдгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд хамаатуулан ойлгох нь үндэслэлгүй.

Иймд хариуцагчаас томилсон ажилд Х.О ямар шалтгаанаар очиж ажлаагүй учир шалтгааныг харгалзан үзэлгүйгээр, түүнчлэн нэхэмжлэгчийн хүссэнчлэн хотын бүсийн хорих ангид урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь адилтгах албан тушаалд томилох боломжгүй, эсхүл орон тоо байхгүй байх тохиолдолд түүнд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан бусад баталгаагаар хангагдах боломжийг олголгүйгээр сахилгын шат дараалсан шийтгэл ногдуулснаар харин ч нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хорих ангийн албан хаагчдыг шилжүүлэн томилох зайлшгүй шаардлага гарсан ч нэхэмжлэгчийн тухайд томилсон ажлын байранд ажиллах сонирхолгүй, эсхүл ажиллах боломжгүй талаар бодит шалтгаан байх тохиолдолд өөрийнх нь саналыг үр харгалзаж ийнхүү шилжүүлэн томилсноор “цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлсэн” буюу Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан баталгаагаар хангасан гэж үзэх нь учир дутагдалтай.

Хүсэл сонирхолд нь үл нийцсэн байдлаар гаргасан хариуцагчийн дээрх шийдвэрийг зөвтгөсөн анхан шатны шүүхийн дүгнэлтэд хуулийн холбогдох заалтыг агуулгын хувьд зөв тайлбарлан хэрэглээгүй, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа нь албадлагаар бус харин хүсэл сонирхлын үндсэн дээр хэрэгжиж учиртай.   

Нэхэмжлэгч өөрийг нь Хорих 439 дүгээр анги руу шилжүүлсэн тушаалтай маргаж, уг асуудлаа шийдвэрлүүлэхээр томилогдсон ангидаа очиж ажиллаагүй байхад “тушаал биелүүлээгүй зөрчил гаргасан” гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн л дээрх үндэслэлээр хууль зөрчсөн шийдвэр болно.

Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах бүрэн эрхтэй, мөн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.   

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын гаргасан нэхэмжлэгчид холбогдох тушаалыг хүчингүй болгох нь уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэх бөгөөд хариуцагчийн тухайд нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд томилох боломжгүй байх тохиолдолд хуулийн 27.2.4-т заасан бусад баталгаагаар нэхэмжлэгчийг хангах шаардлагатай болно. 

Харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хорих 411 дүгээр анги татан буугдсантай холбогдуулан нэхэмжлэгчийг өөр хорих ангид шилжүүлэн томилсон, гэвч Х.О уг тушаалыг эс зөвшөөрч, ажиллаагүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу албан тушаалын бүрэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй, энэ тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийлгэх шаардлага ч хангагдах боломжгүй.

Мөн “урьд эрхэлж байсан албан тушаал болох нийгмийн ахлах ажилтантай дүйцэхүйц ТТ-11-1 зэрэглэлтэй албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа хариуцагчийн ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, түүнчлэн Хорих 411 дүгээр ангийн ял эдлүүлэх чиг үүрэг үгүй болсон тул нэхэмжлэгчийг өөр Хорих ангид болон адилтгах ажил, албан тушаалд томилох асуудал нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарна. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Х.О нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Зарим алба хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалын Х.О холбогдох хэсэг, “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502, “Төрийн албанаас халах тухай” 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, харин урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН