Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00346

 

“...трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/02378 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1961 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: “...трейдинг” ХХК

          Хариуцагч: Г.С.

 

          нэхэмжлэл: 22,835,176 төгрөг гаргуулах,

          сөрөг нэхэмжлэл: 3,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч О.Ёндонжамцын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Наранбулаг, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “...трейдинг” ХХК нь Г.С.тай 2017-09-25-ны өдөр Түрээсийн талбайн гэрээ байгуулж, И-Март худалдааны төвийн 5 давхарт 34 м.кв талбайг түрээслэхээр болсон. Уг гэрээгээр түрээслэгч нь түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөрийг 85,000 төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн талбайн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий менежментийн төлбөрийн 1 м.кв-ын төлбөрийг 15,000 төгрөгөөр тус тус тооцож, сард нийт 3,400,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн түрээсийн талбайн гэрээний 12.1, 12.2-т зааснаар түрээслэгч нь үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, нэмэлтээр ашиглаж буй ус, хий буюу дулааны төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн. Түрээслүүлэгчийн зүгээс 2017-12 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг чөлөөлж, түүрээсийн талбайн 1 м.кв-ын үнийг 2018-01 сард 15 хувиар, 2 сард 65 хувиар, 3 сард 15 хувиар тус тус бууруулж, хөнгөлөлт үзүүлсэн. Гэтэл түрээслэгч Г.С. нь гэрээ байгуулсан цагаас хойш 886,036 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй үйл ажиллагаа явуулсаар байсан тул талууд гэрээг 2018-06 сард цуцалсан. Иймд Г.С.аас 2018 оны 1-6 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөрт 15,133,913 төгрөг, гэрээний 20.6-т заасны дагуу алдангид 7,566,956 төгрөг, ашиглалтын зардал 121,307 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг нийт 22,835,176 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээний дагуу барьцаа төлбөрт 3,400,000 төгрөгийг төлсөн байсныг нийт түрээсийн үлдэгдэл төлбөр 19,419,950 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс хассан. Тэгэхээр нэхэмжилж байгаа 3,400,000 төгрөгийг түрээсийн гэрээний 9.2-т заасны дагуу түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч суутгасан. Бараа саатуулсан тухайд талуудын хооронд байгуулсан түрээсийн талбайн гэрээний 25.4-т зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийг төлбөр тооцооны асуудалтай байгаа тохиолдолд түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулах заалттай. Энэ заалтын дагуу тухайн хөрөнгийг барьцаалсан. Тиймээс үүнийг төлбөрт тооцож авах асуудал яригдахгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.С. барааны доор түрээсийн мөнгөний оронд бараа тоолж, хүлээлгэж өгөв гэх бичгийг хийсэн байдаг. Тухайн үед актад гарын үсэг зурах гээд акт хүлээлцээд, барааг саатуулах заалтын дагуу бараа саатуулж дуусаад, эд хөрөнгө жагсаасны дараа Г.С. гарын үсэг зураад өгье гэж актаа хүлээж аваад, доор нь түрээсийн мөнгөний оронд бараа тоолж, хүлээлгэж өгөв гэдэг бичилтийг хийсэн байдаг. Гэтэл тухайн үед ажиллаж байсан ажилтнууд энэ бичилтийг анзааралгүйгээр актыг хүлээж авсан байдаг. Гэрээгээр ийм тохиролцоо байхгүй. Гэрээний 25.4-т түрээсийн төлбөрийн оронд барааг нь саатуулж авсан болохоос биш түрээсийн төлбөрт тооцож хүлээж авна гэсэн ямар ч зохицуулалт байхгүй. Үүнийг манай компаниас хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн талбайн гэрээний 9.2-т заагдсаны дагуу барьцаа төлбөр болох 3,400,000 төгрөгийг суутгаж авсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

      Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Би 2017-09-25-ны өдөр “...трейдинг” ХХК-тай түрээсийн талбайн гэрээ байгуулан, 27 м.кв талбай түрээслэхдээ 1 м.кв талбайг 85,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа зарахаар болсон. Ингээд түрээсийн талбайд 5,000,000 төгрөгийн тавиур хийлгэж тохижуулсан ба мөн засварыг өөрийн зардлаар хийж, түрээсийн талбайд 2017-12-26-с эхэлж ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөрийг 2018-01-01-с эхлэн төлөхөөр тохиролцсон. Учир нь шинээр нээгдэж байсан тул үйлчлүүлэгч болон ашиг орлого байхгүй, тохижилтын ажил хийх шаардлагатай байсан учир ийм тохиролцоо хийсэн. Ингээд түрээсийн талбайд ажиллаж эхлэхэд “...трейдинг” ХХК нь миний зарж буй бараатай нэг төрлийн, адил барааг нэг давхартаа зарж борлуулах болсноор орлогогүй болсон. Энэ тухайгаа мэдэгдэхэд 2018-04 сард гэрээг цуцалж, бараа болон эд хөрөнгийг нь хураан авсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт 9,180,000 төгрөг төлөхөөс 2018-11-27-ны өдөр “...трейдинг” ХХК-ийн ажилтан Д.Батцэцэг, Ч.Уянга, Т.Ичинхорлоо, О.Одонтуяа, Д.Мөнгөнсүх, Энхтүвшин, Энхбаяр нарыг байлцуулан түрээсийн үлдэгдэл төлбөрт тооцон миний 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авсан. Одоо би “...трейдинг” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй болно. 2017-09-25-ны өдөр байгуулсан түрээсийн талбайн гэрээг ИХ-н 318-д заасан түрээсийн гэрээ гэж үзэхээр байгаа. Уг түрээсийн гэрээг байгуулахдаа бичгээр байгуулсан хэдий ч ИХ-н 318.3-т зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, 318.4-т заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. ИХ-н 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний дагуу алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний дагуу 2017-09-26-ны өдөр барьцаа төлбөрт 3,400,000 төгрөг төлсөн. Энэ компанид ямар нэгэн төлбөрийн өргүй байгаа тул барьцаа төлбөрт өгсөн 3,400,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 102/ШШ2019/02378 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу  Г.С.аас 16,081,696 төгрөг гаргуулж “...трейдинг” ХХК-д олгож, нэхэмжлэлээс   үлдэх 6,753,480 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “...трейдинг” ХХК-с төлсөн 272,061 төгрөг, Г.С.аас төлсөн 69,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1961 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/02378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчөөс төлсөн 238,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

        Хариуцагчийн төлөөлөгч О.Ёндонжамц хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Г.С. би 2017-09-25-ны өдөр “...трейдинг” ХХК-тай Түрээсийн талбайн гэрээ байгуулан 27 м.кв талбайг түрээслэхдээ 1 м.кв -г 85,000 төгрөгөөр тооцож түрээслэхээр тохиролцож хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа зарахаар болсон. Ингээд түрээсийн талбайд 5 сая төгрөгийн тавиурыг хийлгэж,тохижуулсан ба мөн засварыг өөрийн зардлаар хийлгэж түрээсийн талбайд 2017-12-26-с ажиллаж эхэлсэн ба түрээсийн төлбөрийг 2018-01-01-с эхлэн төлөхөөр тохиролцсон. Учир нь шинээр нээгдсэн дэлгүүр байсан учир үйлчлүүлэгч байхгүй, ашиг орлогогүй байсан зэргээс гадна ,мөн тохижилтыг хийж байсан учир энэ тохиролцоог хийсэн. Ингээд би түрээсийн талбайд ажиллаж эхэлтэл “...трейдинг” ХХК нь миний зарж буй бараатай нэр ,төрөл адил барааг нэг давхартаа зарж борлуулах болсноор би ямар ч орлогогүй байсан. Энэ тухайгаа хэлж мэдэгдэхэд 2018-04 сард гэрээг цуцалж бараа болон эд хөрөнгийг хураан авсан. Би түрээсийн төлбөрт 9,180,000 төлөхөөс 2018-11-27-ны өдөр “...трейдинг” ХХК-ны ажилтан Д.Батцэцэг, Ч.Уянга, Т.Ичинхорлоо, О.Одонтуяа, Д.Мөнгөнсүх, Энхтүвшин, Энхбаяр нарыг байлцуулан түрээсийн үлдэгдэл төлбөрт тооцон миний 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авсан. Одоо надад энэ компанид төлөх төлбөр байхгүй. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд бус нэхэмжлэлд дурдаагүй, нэхэмжлэгч шаардаагүй НӨАТ-н төлбөрийг хариуцагчаас гаргуулж мөн энэхүү төлбөрөөс алданги тооцож нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, тооцооллын хувьд нотлох баримтыг буруу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. 1. “...трейдинг” ХХК нь 2019-04-18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ 2018 оны 01-06 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөрт 15,133,913 төгрөг гэрээний 20.6-д заасны дагуу алданги 7,566,956 төгрөг ашиглалтын зардал 121,307 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг нийт 22,835,176 төгрөг нэхэмжилсэн гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй НӨАТ 1,363,500 төгрөгийг хариуцагч С. надаас гаргуулахаар шийдвэрлэж мөн энэхүү мөнгөнөөс алданги тооцож байгаад гомдолтой байна. 2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хариуцагч түрээсийн гэрээг 2018-04 сард цуцалж, төлбөрт 9,180,000 төгрөг төлөхөөс 2018-11-27-ны өдөр 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин талууд 2019-11-27-ны өдөр комисс гарган түрээсийн талбайгаас хариуцагчийн барааг тоолж хүлээлцэн чөлөөлж, гэрээний 25.4-т заасны дагуу хариуцагчийн барааг нэхэмжлэгч тал саатуулан барьсан болох Ажлын хэсэг” бараа хүлээлцсэн баримтаар нотлогдож байна. гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь уг бараа материалыг түрээсийн төлбөрийн оронд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 2019-06-р сард E-mart худалдааны төвд гал гарсан энэ галын улмаас бараа материалыг дахин худалдаанд гаргах боломжгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “...трейдинг” ХХК 2019-05-07-ны өдөр Г.С.д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 22,835,176 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... түрээсийн гэрээ байгуулсан ....төлбөр бүрэн төлөгдөөгүй тул ....2018 оны 1-6 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 15,133,913 төгрөг, алдангид 7,566,956 төгрөг, ашиглалтын зардал 121,307 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг...” авна гэжээ.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “....түрээсийн талбайд 5,000,000 төгрөгийн тохижилт хийсэн... 2018-04 сард гэрээг цуцалсан.... 9,180,000 төгрөг төлөхөөс  15,826,000 төгрөгийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн....төлөх төлбөргүй...түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус тул барьцаа төлбөрт төлсөн 3,400,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна..” гэжээ. /хх37/

       Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг “...трейдинг” ХХК зөвшөөрөөгүй байна. /хх47/

       Анхан шатны шүүх хариуцагчаас 16,081,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “...талууд үйл ажиллагаа явуулах 27м.кв, нийтийн эзэмшлийн 7м.кв нийт 34м.кв талбай түрээслэх гэрээ байгуулсан... нэхэмжлэгч 7м.кв талбайн төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй мөн ашиглалтын зардалд 121,307 төгрөгийн шаардлага нотлогдохгүй байна.. хариуцагч 886,036 төгрөг төлсөн нь тогтоогдсон ч 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг түрээсийн төлбөрт тооцож өгсөн нь нотлогдохгүй байна.... иймд 2018 оны 1-6 дугаар сарын төлбөр нийт 13,635,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар \цаашид НӨАТ гэх/ 1,363,500 төгрөгийн хамт бүгд 14,998,500 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.... үүнээс  барьцааны 3,400,000 төгрөгийг төлсөн 886,036 төгрөгийн хамт хасаж үлдэх 10,712,464 төгрөгт алданги 5,356,232 төгрөг тооцон, нотариатын зардал 13,000 төгрөг бүгд 16,081,696 төгрөгийг Г.С.аас гаргуулна... ” гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...хариуцагч түрээсийн төлбөрт өөрийн 15,826,000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд хохирсон гэж үзвэл нэхэмжлэгчээс жич нэхэмжлэх эрхтэй... түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 5-т аливаа төлбөрт НӨАТ нэмж тооцох талаар тохиролцсон байна...” гэжээ.

    

        Хариуцагч шүүхэд гомдол гаргахдаа “...трейдинг” ХХК нь 2018-04 сард гэрээг цуцалж бараа болон эд хөрөнгийг хураан авсан. Би түрээсийн төлбөрт 9,180,000 төлөхөөс 2018-11-27-ны өдөр миний 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг төлбөртөө тооцон авсан байхад харгалзан үзээгүй....НӨАТ-ыг нэхэмжлэгч нэхээгүй байхад хариуцагчаас гаргуулж уг үнийн дүнд алданги тооцсон нь буруу...саатуулан барих эрхээ хэрэгжүүлсэн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй...” гэжээ. 

       Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. “...трейдинг” ХХК нь 34 кв.м талбайн түрээсийн 2018 оны 1-6 дугаар сарын  үлдэгдэл төлбөр 15,133,913 төгрөг, алдангид 7,566,956 төгрөг, ашиглалтын зардал 121,307 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг шаардсан. Шүүх 27м.кв талбайд төлөх  төлбөр 13,635,000 төгрөг, НӨАТ 1,363,500 төгрөг бүгд 14,998,500 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 886,036 төгрөгийг барьцааны 3,400,000 төгрөгийн хамт хасаж үлдэх 10,712,464 төгрөгт алданги 5,356,232 төгрөг тооцон, нотариатын зардал 13,000 төгрөгийн хамт нийт 16,081,696 төгрөгийг Г.С.аас гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дээр дурдсан.

        Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаарх шийдвэрт гомдоогүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын хэмжээнд буюу “....үлдэгдэл төлбөр 15,133,913 төгрөг, алданги 7,566,956 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг..”-н шаардлагын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.

        Хоёр шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, нотлох баримтыг хооронд нь харьцуулан үнэлээгүй байх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

       2. 15,133,913 төгрөгийн шаардлагын талаар:

       Шүүх 15,133,913 төгрөгийн нэхэмжлэлээс 14,998,500 төгрөгийг хангасныг хариуцагч эс зөвшөөрөхдөө “... төлбөртөө тооцож бараа өгсөн байхад хоёр шатны шүүх нэхэмжлэгч  саатуулан барих эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж төлбөрөөс хасаагүй нь буруу...” гэж гомдсон бөгөөд энэ нь үндэслэлтэй байна.   

       а/. “...трейдинг” ХХК нь И-март худалдааны төвийн 5 давхарт байрлах 34м.кв талбайг Г.С.т хүлээлгэн өгөх, Г.С. төлбөр төлөх талаар зохигч нар 2017-09- 25-ны өдөр тохиролцож бичгээр гэрээ байгуулжээ.

 

      Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул  шүүх талууд түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн байна.

 

        Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.  

        Хариуцагч талбайг 2017-12-26-ны өдөр хүлээн авч, 2018-11-27-ны өдөр нэхэмжлэгчид  буцааж хүлээлгэн өгсөн /хх 32/ нь тогтоогдсон буюу хариуцагч талбайг эзэмшиж байсан үйл баримтыг үгүйсгээгүй тул гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзнэ.

        б/. “...трединг” ХХК нь түрээсийн үлдэгдэл төлбөр шаардсан, хариуцагч “...үлдэгдэл төлбөрт бараа хүлээлгэн өгч тооцоо дууссан..” гэж маргасан байв.

 

        Хэрэгт, “...ажлын хэсэг. 2018-11-27. Г.С. /My Baby House/....түрээслэгч талаас Г.С.,Э.Мөнхжаргал......трейдинг ХХК талаас БХМ-Д.Батцэцэг,Ч.Уянга,ҮА-Т.Ичинхорлоо,О.Одонтуяа,нягтлан бодогч Д.Мөнгөнсүх...Энхтүвшин,Энхбаяр...түрээсийн мөнгөний оронд бараа тоолж хүлээлгэн өгөв... нийт 220 ш...15,826,000 ...хүлээлгэн өгөв С....” гэсэн баримт /хх32,40/ авагджээ. Түүнчлэн, гэрч Э.Мөнхжаргал “...Г.С. нь бараагаа... тоолж өгөх үед нь би байсан....барааг түрээсийн төлбөрт тооцон өгч байгаа гэж тэр хэлж байсан...” /хх65-66/ гэсэн мэдүүлэг шүүхэд өгсөн байна.   

 

        Өөрөөр хэлвэл, нэхэмжлэгч түрээсийн 2018 оны 1-6 дугаар сарын төлбөрийн үлдэгдэлд 15,133,913 төгрөг шаардсан, хариуцагч түрээсийн төлбөрт тооцон 15,826,000 төгрөгийн барааг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн баримт хэрэгт /хх 32,40,65-66/ авагдсан, үүнийг үгүйсгэх баримт байхгүй байна. 

        Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно.

        “...трединг” ХХК нь түрээсийн төлбөрт тооцон 15,826,000 төгрөгийн барааг хүлээн авсан үүнийг үгүйсгэх баримтгүй байх тул төлбөр төлөх хариуцагчийн үүрэг дуусгавар болсон гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт нийцнэ.    

        в/. “...гэрээний 25.4 дэх заалтыг үндэслэн саатуулан барих эрхээ нэхэмжлэгч  хэрэгжүүлсэн...” талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн зарим зохицуулалтыг анхаарч үзээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 25.4-т “...түрээслэгч нь түрээслүүлэгчийн төлбөр тооцооны асуудалтай бөгөөд тооцоог түрээслүүлэгчээс тогтоосон хугацааны дотор барагдуулаагүй тохиолдолд түрээслүүлэгчийн эд хөрөнгийг тооцоо дуустал саатуулна...”  гэжээ.

        Үлдэгдэл төлбөрийг барагдуулах хугацааг гэрээний 25.4-т зааснаар тогтоосон гэх баримт хэрэгт байхгүй байна. Түрээсийн төлбөр шаардсан /хх23,24/ гэх тайлан, болон албан бичиг нь хариуцагч талбайг чөлөөлсөн үеийнх биш байх тул уг баримт “..саатуулсан..” гэх үйл баримтыг нотлохгүй байна. Түүнчлэн, барааг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгсөн /хх 32,40/ баримтад “... эд хөрөнгийг... саатуулсан..” тухай мэдээлэл агуулагдаагүй байна.

        Нэхэмжлэгч нь “... гэрээний 25.4 дэх заалтыг үндэслэн саатуулан барих эрхээ  хэрэгжүүлсэн...”-г нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 41 дүгээр зүйл, 301 дүгээр зүйлийн 301.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт нийцээгүй байна.    

        Ажил үүргийн хувьд бараа хүлээн авах үед байлцсан гэх иргэдийн бүрэн эрх болон төлөөлөлтэй холбоотой асуудлаар мөн барааны үнэлгээний талаар нэхэмжлэгч маргаагүй  байх тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй.      

        3. Алдангид 7,566,956 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар :

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 20.6 “...түрээслүүлэгч нь төлбөрийг тусгай нөхцөлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө..” гэсэн заалтад “түрээслүүлэгч..” гэж бичсэн хэдий ч энэ нь “..түрээслэгч”-д хамааралтай гэж үзэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т нийцнэ.

 

        Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “..төлбөрийг нэхэхэд удахгүй төлнө гэсэн тайлбарыг өгсөөр 2018 оны 6 сар хүртэл үйл ажиллагаа явуулсан...” /хх 64/ гэснээс үзвэл  хариуцагч төлбөр төлөх хугацааг хойшлуулсан, үүнийг түрээслүүлэгч татгалзаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн гэрээ цуцалснаас хойшхи хугацаанд хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

       Хариуцагчаас алданги болон хохиролд 13,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй байна. 

 

       Дээр дурдсан үндэслэлээр “...трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна.

       4. “...шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг шийдвэрлэсэн...” гэх гомдол  үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.     

        “...трейдинг” ХХК нь хариуцагчаас 22,835,176 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ түрээсийн үлдэгдэл төлбөрийн талаар “... 2018 оны 1,3-р сард төлбөрийг 15 хувь, 2 сард 65 хувь хөнгөлсөн...түрээсийн төлбөрт 886,036 төгрөг төлөгдсөн... иймд 2018 оны 01-06 –р сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 15,133,913 төгрөг...” болно /хх1/ гэжээ.

        НӨАТ-ын талаар нэхэмжлэлд тодорхой зааглан дурдагдаагүй хэдий ч түрээсийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 15,133,913 төгрөгт НӨАТ-ын дүнг оруулан тооцсон тухай баримт /хх48,58/ хэрэгт байна.

        “...трейдинг” ХХК түрээсийн төлбөрт НӨАТ-ыг оруулан тооцож шаардлага гаргасан  байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72.2, 115 дугаар зүйлийн 115.2-н зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.   

        Иймд “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлээгүй шаардлагыг шийдвэрлэсэн...” тухай хариуцагчийг төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.      

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1961 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/02378 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “....Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.С.аас 22,835,176 төгрөг гаргуулах тухай “...трейдинг” ХХК-ийн нэхэмжлэл, “...трейдинг” ХХК-иас 3,400,000 төгрөг гаргуулах тухай Г.С.ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай..” гэж, 2 дахь заалтын “...хэвээр үлдээж, хариуцагчаас 238,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..” гэснийг “...хэвээр үлдээсүгэй...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 238,350 төгрөгийг Г.С.д захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД,                           Х.СОНИНБАЯР

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД