Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 02378

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/02378

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.С-т холбогдох,

 

22,835,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, С Т ХХК-иас 3,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С Т ХХК-иасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т ХХК нь Г.С-тай2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Түрээсийн талбайн гэрээ байгуулж, И-Март худалдааны төвийн 5 давхарт 34м.кв талбайг түрээслэхээр болсон. Уг гэрээгээр түрээслэгч нь түрээсийн талбайн 1м.кв-ын төлбөрийг 85,000 төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн талбайн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий менежментийн төлбөрийн 1м.кв-ын төлбөрийг 15,000 төгрөгөөр тус тус тооцож сард нийт 3,400,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.

Мөн Түрээсийн талбайн гэрээний 12.1, 12.2-д заснаар түрээслэгч нь үндсэн гэрэлтүүлэгээс өөрг зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, нэмэлтээр ашиглаж буй ус, хий буюу дулааны төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн. Түрээслүүлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг чөлөөлж, түүрээсийн талбайн 1м.кв-ын үнийг 2018 оны 01 дугаар сард 15 хувиар, 02 дугаар сард 65 хувиар, 3 дугаар сард 15 хувиар тус тус бууруулж, хөнгөлөлт үзүүлсэн. Гэтэл түрээслэгч Г.С нь гэрээ байгуулсан цагаас хойш 886,036 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй үйл ажиллагаа явуулсаар байсан тул талууд гэрээг 2018 оны 06 дугаар сард цуцласан.

Иймд Г.Саас 2018 оны 1-6 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөрт 15,133,913 төгрөг, гэрээний 20.6-д заасны дагуу алдангид 7,566,956 төгрөг, ашиглалтын зардал 121,307 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг нийт 22,835,176 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.С-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрмаа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Түрээслэгч нь гэрээ байгуулсан цагаас хойш 886,036 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй. Гэрээний дагуу барьцаа төлбөрт 3,400,000 төгрөгийг төлсөн байсныг нийт түрээсийн үлдэгдэл төлбөр 19,419,950 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс хассан. Тэгэхээр нэхэмжилж байгаа 3,400,000 төгрөгийг түрээсийн гэрээний 9.2-т заасны дагуу түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасаж суутгасан. Бараа саатуулсан тухайд талуудын хооронд байгуулсан түрээсийн талбайн гэрээний 25.4-т зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийг төлбөр тооцооны асуудалтай байгаа тохиолдолд түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулах заалттай. Энэ заалтын дагуу тухайн хөрөнгийг барьцаалсан. Тиймээс үүнийг төлбөрт тооцож авах асуудал яригдахгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Г.С барааны доор түрээсийн мөнгөний оронд бараа тоолж, хүлээлгэж өгөв гэх бичгийг хийсэн байдаг. Тухайн үед актад гарын үсэг зурах гээд акт хүлээлцээд, барааг саатуулах заалтын дагуу бараа саатуулж дуусаад, эд хөрөнгө жагсаасны дараа Г.С гарын үсэг зураад өгье гэж актаа хүлээж аваад, доор нь түрээсийн мөнгөний оронд бараа тоолж, хүлээлгэж өгөв гэдэг бичилтийг хийсэн байдаг. Гэтэл тухайн үед ажиллаж байсан ажилтнууд энэ бичилтийг анзааралгүйгээр актыг хүлээж авсан байдаг. Гэрээгээр ийм тохиролцоо байхгүй. Гэрээний 25.4-т түрээсийн төлбөрийн оронд барааг нь саатуулж авсан болохоос биш түрээсийн төлбөрт тооцож хүлээж авна гэсэн ямар ч зохицуулалт байхгүй. Үүнийг манай компаниас хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн талбайн гэрээний 9.2-т заагдсны дагуу барьцаа төлбөр болох 3,400,000 төгрөгийг суутгаж авсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С-ийннэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Г.С нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр С.Т ХХК-тайтүрээсийн талбайн гэрээ байгуулан, 27 м.кв талбай түрээслэхдээ 1 м.кв талбайг 85,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа зарахаар болсон. Ингээд түрээсийн талбайд 5,000,000 төгрөгийн тавиур хийлгэж тохижуулсан ба мөн засварыг өөрийн зардлаар хийж, түрээсийн талбайд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөхөөр тохиролцсон. Учир нь шинээр нээгдэж байсан тул үйлчлүүлэгч болон ашиг орлого байхгүй, тохижилтын ажил хийх шаардлагатай байсан учир ийм тохиролцоо хийсэн. Ингээд түрээсийн талбайд ажиллаж эхлэхэд С.Т ХХК нь Г.Сын зарж буй бараатай нэг төрлийн, адил барааг нэг давхартаа зарж борлуулах болсноор орлогогүй болсон. Энэ тухайгаа мэдэгдэхэд 2018 оны 04 дүгээр сард гэрээг цуцалж, бараа болон эд хөрөнгийг нь хураан авсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт 9,180,000 төгрөг төлөхөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.С-ийнажилтан н.Батцэцэг, н.Уянга, н.Ичинхорлоо, н.Одонтуяа, н.Мөнгөнсүх, н.Энхтүвшин, н.Энхбаяр нарыг байлцуулан түрээсийн үлдэгдэл төлбөрт тооцон Г.Сын 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авсан. Одоо Г.С нь С.Т ХХК -дямар нэгэн өр төлбөргүй болно.

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан түрээсийн талбайн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ гэж үзэхээр байгаа. Уг түрээсийн гэрээг байгуулахдаа бичгээр байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, 318.4 дэх хэсэг заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний дагуу алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.С нь С.Т ХХК-тай2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн талбайн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барьцаа төлбөрт 3,400,000 төгрөг төлсөн. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард гэрээ цуцалж, бараа болон эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Түрээсийн төлбөрт 9,180,000 төгрөг төлөхөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.С-ийнажилтан н.Батцэцэг, н.Уянга, н.Ичинхорлоо, н.Одонтуяа, н.Мөнгөнсүх, н.Энхтүвшин, н.Энхбаяр нарыг байлцуулан Г.С нь түрээсийн төлбөрт тооцон 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Одоогоор энэ компанид ямар нэгэн төлбөрийн өргүй байгаа тул барьцаа төлбөрт өгсөн 3,400,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т ХХК нь хариуцагч Г.Ст холбогдуулан түрээсийн төлбөрт 15,133,913 төгрөг, алданги 7,566,956 төгрөг, ашиглалтын зардал 121,307 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг нийт 22,835,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцгач эс зөвшөөрч, барьцаалсан 3,400,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

  

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Т ХХК нь хариуцагч Г.С-тай2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр И-март худалдааны төвийн 5 давхарт байрлах 34м.кв талбайг түрээслэх, НӨАТ ороогүй дүнгээр 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг 85,000 төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн талбайн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 1м.кв-ын төлбөрийг 15,000 төгрөгөөр тус тус тооцож, НӨАТ ороогүй дүнгээр сард нийт 3,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

Талуудын дээрх нөхцөлөөр хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний агуулгад хамаарч байна.

 

Гэрээгээр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 34м.кв талбайг хэсэгчлэн түрээслэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй тул гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

Түрээслүүлэгч нь түрээслэгчид түрээсийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 27м.кв, нийтийн эзэшмлийн 7м.кв талбай нийт 34м.кв талбайг 1м.кв нь 85,000 төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эзэмшил ашиглалт, хамгаалалтын төлбөрийг 1м.кв нь 15,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Түрээслүүлэгч нь түрээслэгчид худалдаа үйлчилгээ явуулах зориулалт бүхий 27м.кв талбайг шилжүүлсэн байх тул нийтийн эзэмшилийн 7м.кв талбайд хамаарах хэсгийн төлбөрийг шаардах үндэслэлгүй байна.

 

Талууд гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн тооцох, мөн оны 1, 3 дугаар сарын төблөрийг 15 хувиар, 2 дугаар сарын төлөрийг 65 хувиар бууруулахуур тохиролцсон боловч хариуцагч төлбөрт нийт 886,036 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

 

Хариуцагч түрээсийн гэрээг 2018 оны 04 дүгээр сард цуцалж, төлбөрт 9,180,000 төгрөг төлөхөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15,826,000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин талууд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр комисс гарган түрээсийн талбайгаас хариуцагчийн барааг тоолж хүлээлцэн чөлөөлж, гэрээний 25.4-т заасны дагуу хариуцагчийн барааг нэхэмжлэгч тал саатуулан барьсан болох Ажлын хэсэг бараа хүлээлцсэн баримтаар нотлогдож байна.

 

Мөн гэрээний 20.6-д алдангийн талаар, 9.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдодл барьцаа төлбөрөөс суутган авах талаар тохиролцсон ч хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох, барьцаа төлбөр 3,400,000 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлд суутган авах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцрж шаардах эрхтэй.

 

Гэвч ашиглалтын зардал буюу дулаан, цалхилгааны төлбөр 121,307 төгрөгт холбогдох нотлох байримт хэрэгт авагдаагүй, энэ талаар нэхэмжлэгч нотлож чадаагүй. Харин нотариатын зардалд 13,000 төгрөг төлж зардал гаргасан нь 13,000 төгрөгийн мөгнөний тасалбараар нотлогдож байна. /27м.кв х 85,000 төгрөг = 2,295,000 төгрөг, 27м.кв х 15,000 төгрөг = 405,000 төгрөг, 2,295,000 + 405,000 төгрөг = 2,700,000 төгрөг.

2018 оны 01 дүгээр сарын төлбөр 2,295,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын төлбөр 2,295,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын төлбөр 945,000 төгрөг, 2018 оны 04, 05, 06 дугаар сарын төлбөр нийт (2,700,000 x 3 = 8,100,000) 8,100,000 төгрөг, нийт 13,635,000 төгрөг + НӨАТ 1,363,500 төгрөг = 14,998,500 төгрөг. 14,998,500 Барьцаа 3,400,000 төгрөг төлбөрт төлсөн 886,334 = 10,712,464 төгрөг, 10,712,646 + алданги 5,356,232 төгрөг + нотариатын зардал 13,000 төгрөг = 16,081,696 төгрөг.

Иймд хариуцагч Г.Саас 16,081,696 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т ХХК -долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,753,480 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч С Т ХХК-иас3,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Сын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Саас 16,081,696 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т ХХК -долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,753,480 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч С Т ХХК-иас3,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Сын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С Т ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,061 төгрөг, хариуцагч Г.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,350 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 238,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР