Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0329/З |
Дугаар | 221/МА2016/0705 |
Огноо | 2016-11-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2016/0705
А.О, Б.Б, Д.М,
Ч.З нарын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбатаар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.О, Б.Б, Д.М, Ч.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б гаргасан давж заалдах гомдлоор А.О, Б.Б, Д.М, Ч.З нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч А.О, Б.Б, Д.М, Ч.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, энэ хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрээр:
“1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг баримтлан иргэн А.О, Б.Б, Д.М, Ч.З нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, иргэн А.О, Б.Б, Д.М, Ч.З нарыг ажилд нь эгүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэлээ.
2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч А.О, Д.М, Ч.З, Б.Б нарын ажилгүй байсан хугацааны 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5.413.587 төгрөгийг Б.Б, 4162.705 төгрөгийг Д.М, 5.783.655 төгрөгийг А.О, 5.413.587 төгрөгийг Ч.З тус тус олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг баримтлан иргэн А.О, Б.Б, Ч.З, Д.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ажилд нь эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тус газар нь хуульд заасны дагуу төрийн албанд хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлан, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг ханган, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажилладаг болно.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үндэслэл болсон “Ч а м” ХХК-ийн гомдол, даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тухайн зөрчлийн шинж байдал зэргийг нотолсон нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ зөвхөн нэг талыг барьсан гэж үзэж байна.
А.О нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргын цохилтыг дур мэдэн дарж “Ч а м ” ХХК-ийн өргөдлийг Б.Б шилжүүлж эрх мэдлээ хэтрүүлсэн. Тухайн үед А.Отгонбаатарыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр албан ёсоор томилсон тушаал гараагүй байсан. Б.Болормаа нь уг ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, Ц.Г цохогдсон өргөдлийг өөр дээрээ авч хариу төслийг боловсруулахдаа зохих журмын дагуу хянуулалгүй шууд газрын даргад танилцуулахаар оруулсан.
Ч.З нь дээрх өргөдлийг дотоод хяналтын хуудсанд бүртгэж тэмдэглэл хийгээгүй, Кадастрын хэлтсийн даргад танилцуулж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулаагүй, өөр дээрээ дарж албан үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан. Д.М нь нэгэнт шүүсэн өргөдлийг дахин зураг зүйн шүүлт хийлгэхээр хугацаа алдаж, шүүхийн маргаантай гэдгээр Эрх зүйн хэлтэст шилжүүлж хариуцлага алдсан байна.
А.О, Б.Б, Ч.З, Д.М нарыг үүрэгт ажлаас нь халсан Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 тоот тушаалууд нь холбогдох хуулийн дагуу хууль зүйн үндэслэлтэй гарсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ашигт малтмалын газрын даргаас 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 дугаар тушаалуудыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3буюу “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” заалтыг үндэслэсэн байх боловч энэхүү сахилгын шийтгэл нь нэхэмжлэгч тус бүрийн гаргасан гэх зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнтэй нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.
Нэр бүхий нэхэмжлэгч нар үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа урьд нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлт 93-95 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдсэн, харин маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон “Ч А м” ХХК-иас гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч нарыг “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх болсон шалтгаан, түүнийг шалгаж тогтоосон байдал нь тодорхойгүй, зөвхөн Ашигт малтмалын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгчдийг эрхэлж байсан үүрэгт ажлаас нь халахаар шийдвэрлэсэн нь хууль бус, түүнчлэн тэдгээрийг буруутгаж буй зөрчил болон ногдуулсан хариуцлага нь хоорондоо нийцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад үндэслэлээр халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ч А м” ХХК-ийн нэр бүхий албан хаагч нарын үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдол 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газрын бичиг хэрэгт бүртгэгдсэн, “холбогдох асуудлыг нягтлан шалгаж танилцуулах” үүргийг мөн өдөр нь тус газрын дарга Д.Ү Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болон Хяналт шалгалт, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэст цохолтоор өгсөн, Хяналт шалгалт, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн дарга С.Ц мэргэжилтэн Ц.Г өгсөн үүргийг А.О өөрчилж Б.Бшилжүүлсэн, Б.Б хувьд тухайн асуудлыг судалж үзээд “Ч А м” ХХК-ийн захирал Х.Т хаягласан гомдлын хариуны төслийг бэлтгэн өөрийн шууд харъяалагдах нэгжийн дарга Э.З хянуулж, улмаар газрын даргад танилцуулсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан Захидлын бүртгэлийн карт, 39 дүгээр талд авагдсан албан бичгийн төсөл, нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр батлагдаж байх тул А.О дээрх үйлдэл нь эрх хэмжээний хүрээнд гарсан, Б.Б тухайд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн шинжтэй байх бөгөөд энэ нь тэдгээрт Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хамгийн хүнд шийтгэлийг хүлээлгэх үр дагаврыг бий болгохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэт нэг талыг барьсан гэж буруутгах боломжгүй.
Давж заалдах гомдолд дурдсанаар зөрчлийг нотлох дээрх болон хамаарал бүхий бусад үйл баримтыг шүүхээс үнэлсэн, өөрөөр хэлбэл албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэл маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх болоод нэхэмжлэлийг үгүйсгэх хангалттай нотлох баримт болохгүй, хариуцагчаас зөрчлийг хэрхэн шалгаж тогтоосон байдал, түүнчлэн нэхэмжлэгчдэд ногдуулсан хариуцлага нь “ноцтой” гэх зөрчилдөө нийцээгүй талаар хэрэгт авагдсан баримт, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тухайлбал, А.О Хяналт шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргаагүй талаар талууд маргаагүй, гагцхүү тус хэлтсийн дарга С.Ц 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт авсантай холбогдуулан уг ажлыг хавсран гүйцэтгэж байсан нь мөн өдрийн “Эрхэлсэн ажлаа түр орлуулан үлдээх тухай мэдэгдэл”-ээр батлагдах бөгөөд тухайн үед Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү уг мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зурсан байдаг.
Анх мэргэжилтэн Ц.Г цохогдсон гомдлыг шалгах үүргийг Б.Б шилжүүлэх болсон талаарх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан А.О тайлбарыг хариуцагчаас нотлох баримттайгаар үгүйсгэж чадаагүйгээс гадна шүүхээс түүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Б.Б “...Ц.Г цохогдсон өргөдлийг өөр дээрээ авч уг ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон...” гэж буруутгах боломжгүй, нэгэнт удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх нь төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг болно.
Түүнчлэн боловсруулсан гомдлын хариу албан бичгийн төсөлтэй нь Ашигт малтмалын газрын дарга танилцаад “шүүхийн маргаан болон холбогдох асуудлыг тодруулж танилцуулах” үүргийг уг төсөлд цохолт хийх байдлаар Төрийн захиргааны удирдлагын газарт өгсөн байгаагаас үзэхэд тухайн үед зохих журмын дагуу хянуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаагүй гэж дүгнэхээр байна.
Ч.З тухайд “Ч А м” ХХК-д олгогдох хайгуулын тусгай зөвшөөрөл болон уг тусгай зөвшөөрлийн 1, 2 дугаар хавсралтыг тус тус хэвлэж, гарын үсэг зуруулахаар 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Д.М өгсөн болох нь кадастрын системийн өргөдлийн боловсруулалтын эцсийн шийдвэрийн цахим бүртгэлийн төлөвөөр тогтоогдсон байхад;
-Д.М тухайд өөрийн ажил, үүргийн хуваарийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө хавсралт дээрх солбилцлыг баталгаажуулан хянах үүргээ хэрэгжүүлж дахин шүүлт хийсэн, зураг зүйн шүүлтээр тухайн үед “Э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсэн шалгагдаж байсан захиргааны хэрэгтэй холбогдуулан “шүүхийн маргаантай” газартай давхцаж байсан нь тогтоогдож, улмаар Эрх зүй, хуулийн хэлтэс рүү шилжүүлснийг тус тус “ноцтой зөрчил” гэж үзсэн нь хууль бус болжээ.
Уул уурхайн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаар тогтоолоор байгуулагдсан гомдлыг хянан шалгах комиссын 4 дүгээр сарын 21-ний өдрийн санал дүгнэлт болон салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Комиссын санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх тухай” 8 дугаар тогтоолд ч маргаан бүхий тушаалууд нь “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Ашигт малтмалын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн тул дээрх тушаалуудыг холбогдох журамд нийцүүлэхийг хариуцагчид даалгасан байдгаас гадна Салбар зөвлөлийн даргын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 4 дүгээр албан бичгээр эдгээр дүгнэлт, тогтоолыг Ашигт малтмалын газрын даргад хүргүүлж, биелэлтийг 9 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт зааснаар “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй”, эсхүл энэхүү тогтоолыг эс зөвшөөрсөн тохиолдолд уг зүйлийн 39.7 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд гомдол, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч ийнхүү гомдол, нэхэмжлэл гаргаагүй атлаа агуулгын хувьд адил үндэслэлээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “...нарыг ажилд нь эгүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэлээ” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна” гэсэн шаардлагад нийцээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгт хамаарал бүхий холбогдох заалтыг бүрэн баримтлаагүй, шүүгчийн 2016 оны 3268, 3276, 3289, 3297 дугаар захирамжуудаар энэхүү захиргааны хэргийг тус тус Ашигт малтмалын газрын даргад холбогдуулж үүсгэсэн атлаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг даргад бус Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах байдлаар бичигдсэн, түүнчлэн нэхэмжлэгч Ч.З тухайд урьд эрхэлж байсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн иж бүрдэл, тэмдэглэл хариуцсан мэргэжилтний албаны тушаал нь Ашигт малтмал, газрын тосны газрын шинэ бүтцээр өөрчлөгдсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө тайлбарлах тул шүүхийн шийдвэр бодитоор хэрэгжих боломжтой байх шаардлагад нийцүүлэн зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, А.О, Б.Б, Д.М нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоон, харин Ч.Золзаяагийн эрхэлж байсан ажил, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр адилтгах ажил, албан тушаалд томилохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай” гэж, 2 дахь заалтын “...Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.” гэснийг “...Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН