Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00345

 

“... технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02397 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1851 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: “... технологи” ХХК

          Хариуцагч: “...мах” ХХК

          Хариуцагч: Л.Х.

 

          38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Л.Х.ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, “...мах” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, Л.Х.ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “... технологи” ХХК нь “...мах” ХХК-ийн захирал Л.Х.тай хэлэлцэж, тохирсны дагуу тус компаниар малын мах бэлтгүүлж авахаар болсон. Тухайн үед бичгээр гэрээ, хэлцэл хийгээгүй, махыг бэлтгэх хугацаа, авах кг, хэмжээ заагаагүй бөгөөд “...мах” ХХК-ийн захирал Л.Х. нь өөрөө манай компани дээр ирж уулзсан учир итгэлцлийн үндсэн дээр, тухайн өдрөө буюу 2018-02-08-ны өдөр урьдчилгаа гэж 38,000,000 төгрөгийг компанийн кассаас бэлнээр хүлээж авч явсан болно. Гэвч 2018-11 сар гарахад “...мах” ХХК-иас ямар ч малын мах нийлүүлэгдээгүй, чимээгүй болсон учир “... технологи” ХХК-ийн захирал Ч.Төрбат нь очиж уулзахад тус компанийн захирал Л.Хишигболд нь тодорхой хариу хэлээгүй, үл ойлголцох байдлыг үүсгэсэн учир буцсан. Уулзаад учраа олохгүй байсан учир дахин “... технологи” ХХК-ийн 2018-11-19-ний өдрийн №18/1134 дугаартай албан бичгээр “...мах” ХХК-д мах бэлтгэн нийлүүлэх тохиролцоог хүчингүй болгож, урьдчилгаанд өгсөн 38,000,000 төгрөгийг 2018-11-23-ны өдрийн дотор манай компанийн.... тоот данс руу буцаан шилжүүлж өгнө үү гэсэн шаардлагыг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд тус компаниас хариу ирүүлээгүй байна. Талуудын хооронд бичгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй боловч хууль зүйн үндэслэлийн тухайд ИХ-н 39.1: “...хүсэл зорилгоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40.1: “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42.1 “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож, амаар буюу бичгээр хийнэ”, 42.8: “талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж, хэлцэл хийж болно”, мөн малын мах бэлтгэн нийлүүлэх тохиролцоо нь ИХ-н 22-р бүлэгт заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний нэг төрөл гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд ИХ-н 243.1-д заасныг үндэслэж, “...мах” ХХК, Л.Х. нараас 38,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Л.Х.ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 38,000,000 төгрөгийг нэхэмжилдэг. Нэхэмжлэгч ярихдаа 2017 онд Л.Х.тай танилцаад үйлдвэр дээр нь уулзаад мах бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон гэдэг утга бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Гэтэл бодит байдал дээр тухайн үед Тайвань Улсын иргэнтэй Төрбат гэдэг хүн Л.Х.ыг танилцуулж өгөөд дундаас нь нэг кг махан дээр 1 юань авах тохироо хийгээд 2 хүнийг хооронд нь уулзуулж өгсөн үйл явдал болсон гэж ойлгодог. Надад итгэмжлэл олгосон хүн энэ байр суурийг илэрхийлдэг. Ийм учраас бид Төрбатад мөнгө төлөх үүрэг хүлээхгүй. Харин Тайвань Улсын иргэнтэй мөнгө өгсөн, авсан асуудал байдаг. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Төрбат болон “...мах” ХХК, Л.Х. нарын хооронд Иргэний хуульд заасан ямар гэрээний эрх зүйн харилцаа үүсч байгаа нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл ИХ-н 195.1, 195.2, 195.3-д заасан гэрээ байгуулах санал, ИХ-н 196.1-д заасан гэрээ байгуулсан тооцох үндэслэлд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд бусдын өмнө үүрэг хүлээсэн, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн материалтай танилцахад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс нотлох баримт ирүүлэхээр шүүхэд албан бичиг ирүүлсэн байна. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрөө ярьж байсан. Цагдаагийн журмаар өгсөн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлье гэж байсан. Тэгэхээр ИХШХШТХ-н 117.1-д заасан үндэслэл бий болсон байна гэж харж байна. Тийм учраас дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч “...мах” ХХК тайлбартаа: нэхэмжлэгч компани, болон түүний удирдлагын огтоос танихгүй, бөгөөд тус компанитай ямар нэгэн байдлаар гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Манай байгууллагад менежер ажилтай Л.Х. нь нэхэмжлэгчтэй ямар харилцаа үүсгэсэн болохыг бид мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 102/ШШ2019/02397 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Л.Х.аас 38,000,000 төгрөг гаргуулан “... технологи” ХХК-д олгож, хариуцагч “...” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х.аас улсын тэмдэгтийн хураамж 347,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1851 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... ... ХХК ...” гэснийг “... мах” ХХК гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

 

        Хариуцагч Л.Х.ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Магадлалд “... Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй талаар заасан бөгөөд нэхэмжлэгч болон Л.Х. нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул хөрөнгө олж авсан этгээд болох Л.Х.аас 38 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... технологи” ХХК-д олгож .. шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492.1.1, 493.1-д заасантай нийцсэн, .... “... технологи” ХХК-ийн захирал Ч.Төрбат нь намайг Тайвань улсын иргэнтэй танилцуулж, дундаас нь 1 кг махнаас 1 юань авах тохироо хийсэн гэх хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болохгүй ...” гэж тус тус дурдсан байдаг. Гэтэл Иргэний хуулийн 51 дүгээр бүлгийн 3 дугаар дэд бүлэг дэх үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалт нь холбогдох эзний зөвшөөрөлгүй, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж эзэнд нь олгох зорилготой буюу хөрөнгө шилжүүлэн авсан этгээдээс уг мөнгийг авч бүр мөсөн эзэнд нь олгоход чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн үүргийн эрх зүйн харилцааны үндсэн дээр эсхүл үүргийн эрх зүйн харилцаа огт үүсээгүй байхад ямар нэгэн байдлаар бусдад хөрөнгө нь шилжиж, ийнхүү хэн нэгний хөрөнгөжсөн явдал нь хөрөнгөний эзний шилжүүлгийн үндсэн дээр үүссэн шалтгаант холбоотой байх ёстой. Л.Х.ын дансанд шилжиж орсон 38сая төгрөг нь нэхэмжлэгчийн мөнгө биш, харин Тайвань улсын иргэний хөрөнгө байдаг бөгөөд “... технологи” ХХК-ийн захирал Ч.Төрбат нь Л.Х. болон Тайвань улсын иргэний хооронд хэлцэл хийхэд зуучилж өгсөн, Тайвань улсын иргэний даалгаснаар “... технологи” ХХК-ийн ажилтан гэх Б.Батдорж Л.Х.ын дансанд 38 сая төгрөгийг шилжүүлснээр 38сая төгрөгийн хууль ёсны эзнийг нэхэмжлэгч гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүх гэрч Б.Батдоржийн мэдүүлгийг үндэслэл болгосон байдаг боловч Б.Батдорж нь нэхэмжлэгч “... технологи” ХХК-д менежерээр ажилладаг эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна гэрч Б.Батдорж, Анисаа нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгааг анхаараагүй байна. Тухайлбал гэрч Б.Батдорж нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...38 сая төгрөг нь хөрөнгө оруулагчийн мөнгө” гэсэн байдаг бол гэрч Э.Анисаагийн мэдүүлэгт “...38сая төгрөг нь компанийн мөнгө” гэсэн байдаг. Үүнээс үзвэл 38,000,000 төгрөгийг “... технологи” ХХК нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл 38 сая төгрөгийг нэхэмжлэгч “... технологи” ХХК шаардах эрхтэй эсэх нь нотлох баримтаар хангалттай, тодорхой нотлогдоогүй байхад 38 сая төгрөгийг хариуцагч Л.Мөнхзулаас гаргуулж “... технологи” ХХК-нд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2. Мөн магадлалд “... уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх боловч энэхүү нөхцөл байдал нь хангалттай үндэслэлээр тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь 38 сая төгрөгтэй холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа талаар маргаагүй бөгөөд “... технологи” ХХК нь “...мах” ХХК болон Л.Мөнхзулд холбогдуулан 38 сая төгрөг залилан мэхэлж авсан гэх гомдол гаргасныг мөрдөгч хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний нэхэмжлэл гаргах журмаар эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэх боломжтой байдаг тул мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байхад иргэний журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-55.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, “... технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “...мах” ХХК, Л.Х.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөгч н.Даваадалай нь иргэн Л.Х.ыг дуудаж дээрх 38,000,000 төгрөгийг “... технологи” ХХК-иас залилан мэхэлж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан болно гэжээ.

ХЯНАВАЛ:

        “... технологи” ХХК 2018-12-31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  “...мах” ХХК болон Л.Х. нараас 38,000,000 төгрөг гаргуулахыг шаардаж “....мах бэлтгэн нийлүүлнэ гэсэн боловч нийлүүлээгүй тул өгсөн мөнгөө буцааж авна...” гэсэн үндэслэл заажээ. 

        “...мах” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсгээгүй... тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэсэн байна. 

        Л.Х. нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Тайвань Улсын иргэн мөнгө өгсөн асуудал байдаг... Төрбат болон “...мах” ХХК, Л.Х. нарын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй.. гэрээ байгуулсан гэх үндэслэл байхгүй...” гэж маргажээ.

        Анхан шатны шүүх Л.Х.аас 38,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох,   хариуцагч-хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн оноосон нэрийг анхан шатны шүүх буруу бичсэнг залруулахдаа Л.Х.аас гаргуулах  төлбөрийн хэмжээг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Л.Х.ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Л.Х. нь “... технологи” ХХК-иас 38,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын менежер Б.Батдоржийн харилцах дансаар дамжуулан авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.    

        Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдол үүнд хамаарна.

        “... технологи” ХХК нь хариуцагч нартай мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 38,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч мөнгийг “...мах” ХХК-д  өгсөн баримт хэрэгт байхгүй, мөнгийг Л.Х.д шилжүүлсэн боловч түүнтэй мах бэлтгэн нийлүүлэх болон өөр ямар нэг тохиролцоо хийсэн нь нотлогдохгүй байна. 

       Иймд хоёр шатны шүүх Л.Х.аас 38,000,000 төгрөг гаргуулах, “...мах” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.   

       2. Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

 

       а/. Л.Х. хяналтын гомдолдоо “...мөнгийг нэхэмжлэгчээс аваагүй... тул “... технологи” ХХК шаардах эрхгүй...” гэсэн үндэслэл заасан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна.

 

       Л.Х. нь 38,000,000 төгрөгийг Тайвань Улсын иргэнээс авсан гэх боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

 

       Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагч-иргэний тайлбар баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж, төлбөрийг Л.Х.аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дах хэсэг, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцжээ.

 

       Иймд “... “... технологи” ХХК-ийн захирал Ч.Төрбат нь Л.Х. болон Тайвань улсын иргэний хооронд хэлцэл хийхэд зуучилсан... Тайвань улсын иргэний даалгаснаар нэхэмжлэгч компанийн ажилтан гэх Б.Батдорж Л.Х.ын дансанд мөнгө  шилжүүлснээр 38,000,000 төгрөгийн хууль ёсны эзнийг нэхэмжлэгч гэж үзэх боломжгүй..” гэх гомдол шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. 

   

       б/. “.... Б.Батдорж нь “... технологи” ХХК-д менежерээр ажилладаг эсэх баримт хэрэгт авагдаагүй... Б.Батдорж, Э.Анисаа нарын мэдүүлгүүд зөрүүтэй....” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

       Б.Батдорж нь “... технологи” ХХК-д менежерээр ажилладаг эсэх тухай  баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт хариуцагч шүүхэд гаргаж байсан баримт хэрэгт байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

       в/. Гэрч Б.Батдорж, Э.Анисаа нарын мэдүүлэгтэй холбоотой хяналтын гомдол  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна. 

 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Батдорж “...хөрөнгө оруулагч миний дансанд мөнгө хийсэн..мөнгийг би өөрийн данснаас Л.Х.д шилжүүлсэн...” /хх51/ гэж ., харин гэрч Э.Анисаа “...мөнгийг Батдорж менежер шилжүүлсэн...мөнгийг компаниас гаргасан ...” /хх 50/ гэж тус тус мэдүүлжээ.

 

        Гэрч нарын мэдүүлгээр 38,000,000 төгрөгийг “... технологи” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр менежер нь Л.Х.д шилжүүлсэн нь нотлогджээ.

 

        Шүүх гэрчийн мэдүүлгийг хэрэгт буй бусад баримттай харьцуулан үнэлж шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. 

   

        3. Хэргийг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. 

        Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаархи нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ. Хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам, харьяаллын дагуу гаргана. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй. Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

       Хэрэгт “...мах” ХХК, Л.Х. нараас 38,000,000 төгрөг гаргуулах тухай “... технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх баримт байхгүй, иргэний хэргээс зохигч нарын мэдүүлгийг хуулбарлан авах талаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2019-09-13-ны өдрийн 25м-1б/5478 дугаартай албан бичиг /хх 123/-г шүүхэд ирүүлсэн нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх үндэслэл биш юм.   

        Шийдвэр, магадлалыг хариуцагч Л.Х. эс зөвшөөрөхдөө заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.8 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт нийцэхгүй байна.

         4. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1851 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Л.Х.ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан Л.Х.аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД,                            Х.СОНИНБАЯР

                                                                                                  Б.УНДРАХ

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД