Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2075

 

С.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 181/ШШ2017/01367 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Мын, хариуцагч “АТҮТ” төрийн өмчит үйлдвэрийн газар /цаашид ТӨҮГ/-т холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 021 325 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч С.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь АТҮТд 2005 оноос хойш 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж, энэ хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл АТҮТийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/111 тоот тушаалаар  С.Мыг  ажлаас халсан бөгөөд энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. С.Мыг Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нотлогдохгүй байхад ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсанд гомдолтой байна.

Иймд С.Мыг өмнө эрхэлж байсан Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 4 021 325 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч "АТҮТ" ТӨҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “АТҮТ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь албан үүрэгтээ хайнга хандаж, дүрэм журмыг зөрчсөн учраас С.Мд сахилгын шийтгэл ногдуулсан. С.М АТҮТийн харьяа Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв /СХДТХҮТ/-ийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажил, албан тушаалд ажиллаж байсан. Тэрээр тоног төхөөрөмжөө асаалгүйгээр техникийн үзлэг хийж тэнцэж байна гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайд Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн ажилтай танилцаж явах үед таарч, энэ бүх алдаа зөрчлийг гаргасан.

            “АТҮТ” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд сахилгын шийтгэл хэрхэн ногдуулах үндэслэлийн талаар заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн даргаас сахилгын шийтгэл ногдуулахаар хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн талаар нэхэмжлэгчид тайлбарлаж, түүний тайлбарыг авсан. Хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Учир нь тухайн үед тоног төхөөрөмж нь ажиллаагүй, ийм ямар нэгэн ул мөр үлдээгүй, дүгнэлт гаргах боломжгүй байна. Харин амаар техникийн үзлэгт орсон хүмүүст “та тэнцлээ” гэж хэлээд гаргасан нь тодорхой байгаа юм.

            Иймд хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.1-д заасан ажил үүргээ биелүүлээгүй, 11.7.4, 11.7.15-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан, дээрх тушаал нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мыг хариуцагч "АТҮТ" ТӨҮГ-ын Нийслэлийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч "АТҮТ" ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 948 408 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Мд олгон, хариуцагч "АТҮТ" ТӨҮГ-т нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72 917 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "АТҮТ" ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 78 124 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч "АТҮТ" ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх С.Мын гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Нэхэмжлэгч нь Зам тээврийн хөгжлийн сайдыг Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвд “АТҮТ”  ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж явахад тээврийн хэрэгсэлд үзлэг оношлогоо хийж байхдаа тоног төхөөрөмжөө ажиллуулалгүй үзлэг хийж байсан нь илэрч, сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлөгдсөн.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгддэг бөгөөд АТҮТийн удирдлагад хандан нэхэмжлэгч зөрчил гаргаснаа хүлээн зөвшаөрсөн тайлбар, Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн даргын албан бичиг, хурлын тэмдэглэлээр зөрчил нь нотлогдсон. С.Мын гаргасан зөрчил нь үр дагавар өндөртэй бөгөөд техникийн үзлэг хийгээгүй тээврийн хэрэсэл нь замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гарч хүний амь эрсэх бие эрхтэн гэмтэх, эд хөрөнгөд хохирол учрах аюулыг бий болгож байгаа учраас ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэлийг ногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч “АТҮТ” ТӨҮГ-т холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 021 325 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч “АТҮТ” ТӨҮГазрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр ажилтан С.Мыг ажлаас халсны улмаас тэдгээрийн хооронд маргаан үүсч улмаар С.М шүүхэд гомдол гаргасан үйл баримт тогтоогдож байна.  

Хариуцагч байгууллага нь гомдлыг эс зөвшөөрч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан, сахилгын ноцтой зөрчил нь тогтоогдсон” гэж марган, мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч С.М, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Шүүгч 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03227 дугаар захирамж гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох үндэслэл бий болсон төдийгүй нэхэмжлэгч нь мөн оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч тал С.Мын гаргасан сахилгын зөрчлийг нотлохоор түүний байгууллагад гаргасан тайлбар, хурлын тэмдэглэл, Нийслэлийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/08 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч эдгээр баримтууд нь ажилтан С.Мыг удирдлагаас ямар үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж ёс зүйн зөрчил гаргасныг, мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.4, 11.7.1, 11.7.15 дахь заалтыг зөрчсөн гэдгийг эргэлзээгүй нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн ажил олгогчид бичиж өгсөн тайлбарыг түүний сахилгын ноцтой зөрчил гаргасан үйлдлийн нотолгоо гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 181/ШШ2017/01367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                Ч.ЦЭНД