Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2018/00623

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 15 өдөр                      Дугаар 184/ШШ2018/00623                           Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б ХХК

Хариуцагч: Л.Н

Хариуцагч: Ө.У

Зээлийн гэрээний үүрэгт нийт 49 616 580 /дөчин есөн сая зургаан зуун арван зургаан мянга таван зуун ная/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,  нарийн бичгийн дарга С.Баянжаргал  нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Н, Ө.У нар нь Х.Бтай 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1080012607 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 71 200 ам.долларын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 15,36 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Л.Нгийн Х.Б дахь 5000913610 дугаартай харилцах дансанд 71 200 ам.долларын шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Талууд 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 108001267 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, 31 441 доллар 49 центийн зээлийн үлдэгдлийг 62 508 865 төгрөгийн зээлд хөрвүүлж, зээлийн хүүг жилийн 21,6 хувийн тогтмол хүүтэй болгон, зээл төлөх хуваарийг шинэчлэн тогтоож, зээлийн дансыг 1080025424 болгон гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 39 788 ам.доллар  51 цент, 22 000 000 төгрөг, зээлийн хүүнд 17 831 ам.доллар, 14 261 113 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105 ам.доллар 56 цент, 30 179 төгрөг төлсөн.

Хариуцагч нар нь 1080012607 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1080012607-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ байгуулан дараах хөрөнгийг барьцаалуулсан.

Үүнд: улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 1080012607 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово маркын автомашин, 10 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө автомашины сэлбэг зэргийг барьцаалсан.

Банкнаас удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр огт хийгээгүй, 338 хоног хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 40 508 865 төгрөг, зээлийн үндсэн хүү 8 838 016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269 698 төгрөг, нотариатын хөлс 18 500 төгрөг, нийт 49 635 080 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркын автомашинаар хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаат зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний үндсэн төлбөрийн тухайд маргахгүй байна. Харин нэхэмжлэгч банк 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бидэнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардан тус шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 184/ШЗ2017/07429 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд гэрээгээ цуцлах санал гарган шүүхэд хандсан тул тэр үеээс хойш  хүү тооцох ёсгүй.

Гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 22 ны өдөр дуусах байсан  бөгөөд шүүх нэхэмжлэгч талын буруугаас хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлаагүй гэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч банкнаас зээлийн бидэнтэй байгуулсан гэрээг цуцлан анх шүүхэд хандсан өдрийн байдлаар буюу үндсэн зээл 40 508 865 төгрөг, хүү 3 305 523, нийт 44 504 463 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Л.Н, Ө.У нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 49 616 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Л.Н, Ө.У нар нь Х.Бтай 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1080012607 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 71 200 ам.долларын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 15,36 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, мөн талууд харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 108001267 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, зээлийн үлдэгдлийг 62 508 865 төгрөгийн зээлд хөрвүүлж, зээлийн хүүг жилийн 21,6 хувийн тогтмол хүүтэй болгон, зээл төлөх хуваарийг шинэчлэн тогтоож, зээлийн дансыг 1080025424 болгон гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан болох нь хэрэг авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нарын  өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркын автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх,  барьцааны зүйлийн үнэлгээний талаар гэрээний талууд харилцан тохиролцсон, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн байхаар  зохицуулсан байна.

Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 39 788 ам.доллар  51 цент, 22 000 000 төгрөг, зээлийн хүүнд 17 831 ам.доллар, 14 261 113 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105 ам.доллар 56 цент, 30 179 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 40 508 865 төгрөг байгаа талаар зохигчид маргахгүй байгаа болно. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын заримт хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч банк 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч нартай  байгуулсан гэрээгээ цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 44 538 266 төгрөг гаргуулахаар шаардан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь хүүг нэмж тооцох үндэслэл биш гэж тайлбарлаж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсч зээлдэгч гэрээнд заасан зээл хүү төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч банк гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө төлөхийг шаардсан болно.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаас үзэхэд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан  бөгөөд энэ нь гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцласан тохиолдолд хамаарахааргүй байна.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч нарт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийг  нь төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлээр шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 184/ШЗ2017/07429 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээр дурдсан үйл баримтын тухайд зохигчид маргахгүй байх тул нэхэмжлэгч банкны санаачилгаар талуудын хооронд байгуулсан 1080012607 дугаартай барьцаат зээлийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цуцласан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн гэрээг цуцласнаас хойш гэрээний үүргийг тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 130 617  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Зээлийн гэрээг банкны санаачилгаар  цуцалж, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр тооцоолон  нэхэмжилсэн үндсэн зээл 40 508 865 төгрөг, хүү 3 305 523, нийт 44 504 463 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Х.Бинд олгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Л.Н, Ө.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд гэрээний агуулга, үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээсэн үүрэг зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч  гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркын автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь  зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилсон, шинжээчийн зардал 171 055 төгрөгийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдод хуваарилан хариуцуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Н, Ө.У нараас 44 504 463 /дөчин дөрвөн сая таван зуун дөрвөн мянга дөрвөн жаран гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 130 617  /таван  сая нэг зуун гучин мянга зургаан зуун арван долоо/  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркын автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476 326 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч нараас 450 672 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бинд олгож, шүүхийн зардалд хариуцагч нараас 153 094 төгрөг, нэхэмжлэгчээс 17 961 төгрөг тус тус гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхийн Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАТСҮХ