Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1150

 

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00623 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Хас банкны  нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н, Ө.У  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 49 616 580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банк, түүний төлөөлөгч Д.Бархас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Н, Ө.У  нар нь Хас банктай 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 108001267 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, 31 441 доллар 49 центийн зээлийн үлдэгдлийг 62 508 865 төгрөгийн зээлд хөрвүүлж, зээлийн хүүг жилийн 21.6 хувийн тогтмол хүүтэй болгон, зээл төлөх хуваарийг шинэчлэн тогтоож, зээлийн дансыг 1080025424 болгон гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Хариуцагч нар нь 1080012607 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1080012607-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ байгуулан дараах хөрөнгийг барьцаалуулсан. Хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр огт хийгээгүй, 338 хоног хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 40 508 865 төгрөг, зээлийн үндсэн хүү 8 838 016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269 698 төгрөг, нотариатын хөлс 18 500 төгрөг, нийт 49 635 080 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн       Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркийн автомашинаар хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барьцаат зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний үндсэн төлбөрийн тухайд маргахгүй байна. Харин нэхэмжлэгч банк 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бидэнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардан тус шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэгч банкнаас зээлийн бидэнтэй байгуулсан гэрээг цуцлан анх шүүхэд хандсан өдрийн байдлаар буюу үндсэн зээл 40 508 865 төгрөг, хүү 3 305 523, нийт 44 504 463 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Н, Ө.У  нараас 44 504 463 /дөчин дөрвөн сая таван зуун дөрвөн мянга дөрвөн жаран гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 130 617  /таван  сая нэг зуун гучин мянга зургаан зуун арван долоо/  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркын автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476 326 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч нараас 450 672 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас  банкинд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс гол үндэслэлээ болгож буй Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 19-ний өдрийн 184/Ш32017/07429 дугаартай шүүгчийн захирамжаар төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, банкийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан тул тус нэхэмжлэл болон нэхэмжлэлд дурьдсан гэрээг тус өдрөөр цуцлах хугацаа ч мөн адил хүчингүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл банкны санаачилгаар гэрээг цуцалсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар нөгөө талдаа гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байхад 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр гэрээг цуцалсан мэтээр илт үндэслэлгүй хугацаа тогтоосон. Иймд банкны нэхэмжилсэн 49 616 580 төгрөгиин шаардлагыг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Л.Н, Ө.У  нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 49 616 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1080012607 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Л.Н, Ө.У  нар нь Хас банкнаас  71 200 ам.долларыг  36 сарын хугацаатай, жилийн 15.36 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэн авсан байх бөгөөд гэрээний хугацаанд 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, ам.долларын зээлийн үлдэгдлийг 62 508 865 төгрөгийн зээлд хөрвүүлж, зээлийн хүүг жилийн 21.6 хувийн тогтмол хүүтэй болгон, зээл төлөх хуваарийг шинэчлэн тогтоож, зээлийн дансыг 1080025424 болгон гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан болох нь хэрэг авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  хариуцагч нарын  өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан баталгаат ипотекийн гэрээг болон  78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркын автомашиныг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна. 

Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 39 788 ам.доллар  51 цент, 22 000 000 төгрөг, зээлийн хүүнд 17 831 ам.доллар, 14 261 113 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105 ам.доллар 56 цент, 30 179 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 40 508 865 төгрөг байгаа талаар маргаагүй байна.  

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн боловч зээлийн гэрээг нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч нарт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж, гэрээг цуцалсан тул гэрээний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг  гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцласан тохиолдолд хамаарахааргүй гэж  тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дах  хэсэгт нийцээгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 184/ШЗ2017/07429 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Хас банкны  нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н, Ө.У  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч банк гэрээг цуцлах талаар шаардлага гаргаагүй, гэрээнд заасан хугацаанд төлөх хүү, нэмэгдүүлсэн хүү  шаардах  нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг банкны санаачилгаар  цуцалж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 40 508 865 төгрөг, зээлийн хүү 8 838 016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269 698  нийт 49 616 580  төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Мөн нотариатын зардал 18 500 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулах нь  зүйтэй.

Нэхэмжлэгч Хас банк нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201009521 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 297 тоот 48м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан 78-25 УБТ улсын дугаартай, Норд бенз /North benz/ маркын автомашин, 41-95 УБВ улсын дугаартай Хово /Howo/ маркын автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  хамаарахгүй тул энэ заалтыг найруулгын хувьд өөрчлөх нь зүйтэй  байна.   

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.