| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0388/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., 10.1.4., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 483
2019 5 21 2019/ДШМ/483
Я.Ут холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Уянга,
шүүгдэгч Я.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Р.Шүрхүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, С.Пүрэвсүрэн, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Уянгын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр Я.Ут холбогдох эрүүгийн 1806067141458 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Лодой овгийн Я Ур, 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 эгчийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/;
Я.У нь:
1. 2018 оны 02 дугаар сарын 18, 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд, 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, 2018 оны 3 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, мөн 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Зг байнга зодсон, түүнд хүчээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн, зодсоны дараа гэр оронд нь очуулахгүй дагуулж явах, гэр бүлийнхэндээ гэмт хэргийн талаар худлаа ярихыг зааж зааварлах, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гараар болон төмөр, чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх үйлдлээр түүнд олон тооны шарх, зовуурь үүсгэн зодож тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт,
2. 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Зд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар болон чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр олон тооны шарх, зовуурь үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
3. 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Зд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр бие махбодийн, сэтгэл санааны шаналал, олон тооны шарх, зовуурь үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
4. 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Згийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 11.6 дугаар сарын 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Лодой овгийн Янжинлхамын Ууганбаярыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэн хүндэвтэр хохирол учруулах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.Ут оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Уын урьд нь цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Я.Уаас 2.888.300 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Я.Уаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Я.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хамтран амьдрагч Золзаяад хөнгөн гэмтэл учруулсан асуудлыг хүлээн зөвшөөрч, тухайн асуудалд гэмшиж байна. Анхан шатны шүүхээс бүх насаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гэмт хэргийг үйлдээгүй.
Хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, мөрдөгч Эрдэнэдалай нь хууль бус үйлдэл гаргаж хөтөлж байцаасан. Байцаахдаа хэл амаар доромжилж, шөнийн 03 цагт байцаалтыг авч, хэтэрхий нэг талыг барьсан. Энэ талаар прокурорт гомдол гаргаж байсан боловч үндэслэлгүй гэж хаацайлж байсан.
Гэм буруутай үйлдэлд минь тохирсон хариуцлага оногдуулаагүй. Миний бие хүн нас барсан асуудалд маш их гэмшиж байгаа болно. Хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Дамдинсүрэн гэж хүн хохирогчид хамааралгүй хүн юм. Хохирогчид олгох мөнгөн дүнг миний бие охин Ану-Эрдэнэд өгүүлэх хүсэлтэй байна.
Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож, үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Я.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Я.Уын өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.Уыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэн хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Л.Янжмаагийн “...Тэгэхээр нь манай нөхөр босоод хаалгаа тайлахад Ууганбаяр “Заяа ухаан алдаад уначихлаа, та очоод аваад үүрээд ирээч ээ” гэж хэлсэн бөгөөд Ууганбаяр “би өөрөө даахгүй байна” гэж байсан...” /1хх 49/, гэрч Н.Ажрахгүй “...2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04-05 цагийн үед манай хаалгыг хүн цохихоор нь онгойлгосон чинь Ууганбаяр ганцаараа согтуу байсан. ...“би наашаа авч ирэх гэж гол гарч байгаад бид хоёр гол дотор уначихлаа, би ганцаараа авч явж дийлэхгүй байна, та хамт яваад аваад ирээч” гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд цуг гараад гол орсон. Явган хүний зам дээр гарч ирээд би хэсэг үүрч явсан ба намайг үүрч явахад амьсгалж байсан юм. Тэгээд манай гэрт ороод “осгосон байж магадгүй” гээд Ууганбаяр “хөнжил нөмрүүлье” гэхээр нь хөнжил гаргаж өгсөн чинь хөнжлөө нөмрөөд хамт унтсан...” /1хх 49/, гэрч Ж.Амарсанаа “..Тус хаягт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэнд байсан эрэгтэй хэлэхдээ “шөнө 03 цагаас 04 цагийн үед найз залуу нь найз бүсгүйгээ тэвэрчихсэн, бид 2 зугаалж явж байгаад найз охин маань Сэлбийн гол руу халтираад уначихлаа” гэж хэлээд орж ирсэн гэсэн. Тэгээд найз залуу нь оруулж орхиод гараад явсан гэсэн” /1хх 74-75/ гэх мэдүүлгүүдийг дүгнэхдээ гэрч Н.Ажрахгүйн мэдүүлгийн зөрүүтэй байдал болон хэрэг учрал болсон гэх Сэлбэ голын орчимд хэргийн газрын үзлэг, тухайн үед хийж хэргийн материалд бэхжүүлээгүй, ойр орчмын камерт үзлэг хийгээгүй, Я.Уаас 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа шөнийн цагаар буюу 02 цаг 55 минутад өмгөөлөгчөөр оролцуулалгүйгээр согтуу байхад нь мэдүүлэг авсан, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааг хийхдээ цаг хугацаа алдаж, осголт явагдсан нөхцөл байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдалд хийсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийг уг ажиллагаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй зэрэг шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон гэрч Л.Янжмаа, Н.Ажрахгүй, Ж.Амарсанаа нарын мэдүүлэг болон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шинжээчийн 1828 дугаартай “Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан” гэх дүгнэлт, шүүгдэгч Я.Уын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал”, 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6-д заасан нөхцөл байдлууд нь нотлогдож тогтоогдохгүй байхад Я.Уыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс Я.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Я.Уыг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс үзэж байгаа боловч хохирогчийн амь хохирсон үхлийн шалтгаан болох осголт буюу хүний амь насыг хохироох хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн үйл баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн хүний эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдлийг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй, Шүүх эмнэлгийн өвдөгний шалбархай, тохойн зулгаралт зэрэг унах үед үүссэн байж болох гэмтлүүдэд үнэлэлт дүгнэлт өгөлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд хүйтэн нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Прокурор Д.Уянга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичих үндэслэлтэй байна. Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8-т зааснаар бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 жил хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоожээ. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн хорих ялын хэмжээг тогтоон, бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн зорилгод нийцэх юм.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Р.Шүрхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяа шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан боловч амь хохирогчийн охин өвдөж эмнэлэгт хэвтэхээр болсон тул ирж чадсангүй. Л.Нарантуяа бичиг, үсэг мэдэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосоныг ойлгоогүй, тайлбарлаж өгөөгүй гэдэг. Хэргийн хувьд ялын зүйлчлэлд санал хэлдэггүй. Амь хохирогч, шүүгдэгч нарын хүүхэд нь 3 настай. Л.Нарантуяа ажил хөдөлмөр эрхэлдэггүй учраас охиныг өсгөхөд эд, материалын туслалцаа хэрэгтэй гэж хэлдэг. Оршуулгын зардалд хамаатнуудаас нь гарсан учраас маргадаггүй бөгөөд тэнцүү хувааж олгох нь зөв гэж хэлдэг. Т.Дамдинсүрэн гэх хүнийг танихгүй гэж ярьдаг. 2018 онд амьжиргааны төвшин 175.600 төгрөг байсан. Хуульд заасан үндэслэл журмаар охинд 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингөөр тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 150.000 төгрөг тогтоосон. Мөн өмгөөлөгчийн зардлыг гаргуулах хүсэлтэй байсан гэж хэлсэн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би амь хохирогчийн аавынх нь төрсөн ах. Амь хохирогчийн хүүхэд нь бичиг үсэг мэддэггүй. Надад хүүхдээ өгчих би бичиг үсэгтэй хүн болгож өсгөе гэж хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Ажил явдал нь бүгд манай гэрт болсон. Би гомдолтой байна. Я.У хийсэн хэргээ огт хүлээдэггүй. Ял шийтгэл тохирсон...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд болон эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Я.У нь:
2018 оны 02 дугаар сарын 18, 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд, 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, 2018 оны 3 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, мөн 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Зг байнга зодсон, түүнд хүчээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн, зодсоны дараа гэр оронд нь очуулахгүй дагуулж явах, гэр бүлийнхэндээ гэмт хэргийн талаар худлаа ярихыг зааж зааварлах, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гараар болон төмөр, чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх үйлдлээр түүнд олон тооны шарх, зовуурь үүсгэн зодож тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт,
2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Зд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар болон чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр олон тооны шарх, зовуурь үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Зд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр бие махбодийн, сэтгэл санааны шаналал, олон тооны шарх, зовуурь үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Зд архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн “...Хэдийгээр осгож нас барсан гэж байгаа боловч биед үүссэн гэмтэл шархуудыг нь харахад зодож цохисон, Ууганбаяр гээд байгаа залуугаас болж миний дүү нас барсан...” /1хх 49/,
хохирогч Г.З “...Тэгээд намайг хэн нэгэнтэй хий хардаад заавал “хэл чи” гээд нүдсэн, тэгээд нүдээд байхаар нь зохиогоод “утасны мөнгө нэхээд хүн ирсэн юм” гээд хэлчихсэн юм. Тэгтэл “чи яасан их хуурдаг юм” гээд нүдсэн. Би нүдүүлээд ухаан алдсан байсан. Нэг сэргэтэл “мотоциклийн араар суу” гээд байхаар нь суусан. Я.У Чанцал гэх эгчийндээ авч очоод “мотоциклоос ойччихлоо” гээд хэвтүүлсэн. Тэр айлд 8 хоног явуулахгүй байж байгаад миний биеийг гайгүй болсоны дараа хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө “байрны доороос өвс шидэж байгаад нүд рүү юм орсон” гээд хэлчихээрэй гээд байсан. ... Тэгээд “чи дуугарахгүй намайг гутамшиг болголоо” гээд намайг нүдэж чулуугаар цохиод нүд хөхрөөж зодсон. Тэгтэл эгч нь гарч ирээд “боль, яаж байгаа юм” гээд байсан. Тэгээд “эндээ хоно” гээд байсан. Тэгтэл “урагшаа явна” гээд намайг сундалаад явсан. Тэгсэнээ чулуугаар толгой руу цохиж толгой хагалсан. Мөн миний хамар луу унагаж байгаад өшиглөсөн. Мөн толгойтой үснээс зуураад, гар өчиж “ална” хэмээн зодсон. Тэгээд манай гэрийн гадаа ирээд над руу том чулуу шидэхээр нь орилтол барьж аваад, ам дараад “дуугүй бай, алаад хаячихна шүү” гээд байсан. Би айгаад дагаад явсан. Тэгээд намайг дагуулаад байшингуудын орцоор 2-3 хоног хонож явсан. ...Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө морь барианы хойд талд зодон, үсдэж чирч чулуугаар нүдэж, хөл гар луу олон удаа цохисон. Тэгээд намайг дагуулж яваад ээжийндээ очин хэвтэж байтал “босоодох, миний хөл хугарсан юм шиг байна, түшээдэх” гэхээр нь очтол сандал бариад далайхаар нь би очихгүй арагш ухартал хойд аав Ганаагийнхаа дээгүүр галын дэгээ төмөр авч, толгой руу цохиж толгой хагалсан. ...хий хардаад зодоод байдаг юм. Толгойг 8 удаа хагалсан оёостой хацар дээрээс хазаж татсан, хамар сэт өшиглөж хугалсан, гар, хөл, бүх л биеэр хөхөрч хавдсан...” /1хх 91/,
гэрч Л.Нарантуяа “...“Золзаяаг Ууганбаяр гэдэг залуу зодсон байна. Ууганбаярыг цагдаа нар аваад явсан. Золзаяа эмнэлэг дээр байна” гэхээр нь Одсүрэнтэй би хамт эмнэлэг орсон. Золзаяагийн хамар нь баруун тийшээ мурийсан, хамрын дунд хэсэгт үзүүртэй, ирмэгтэй зүйлээр цохичихсон бололтой, гүнзгий оромтой, толгойн орой хэсэгт 8-9 ширхэг оёдол тавиулчихсан, баруун гарын тохойн дээд хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан юм шиг гүнзгий оромтой цус гараад тогтохгүй байсан. Мөн баруун гарын тохой хэсэг нь хавдартай, зүүн гарын бугуй, сарвуу хэсэг хавдартай, зүүн хөлний өлмий хэсэг нь хавдаад гишгэж чадахгүй байсан. Баруун талын нүд нь арай илүү улайчихсан, зүүн талын нүд нь бага зэрэг улайчихсан байсан. “Толгой эргээд байна” гэж ярьж байсан...” /1хх 96/, “...Тэр үед толгойдоо оёдол тавиулаад байж байсан. Ууганбаярыг толгойг нь хагалсан гээд уйлаад байж байсан. Яагаад хагалсан юм гэдгийг асуухад хүүхдийнхээ мөнгийг ав гэж авахуулаад, тэгээд архи авч уугаад, тэгээд зодсон байсан. Нийт 3 удаа зодуулсан гэдгээ эмнэлэг дээр хэлсэн...” /1хх 88/, “... 2018 оны 2 дугаар сард сар шинийн 03-ны өдөр Арвайхээр суманд 10 дугаар багт байх гэртээ Ууганбаяр нь манай охин Золзаяаг зодоод зүүн нүд нь хавдчихсан, хөх няц болчихсон байсан. Тухайн үед 8 хоног гэртээ байлгаж байгаад нүд нь гайгүй болохоор нь дагуулаад ирсэн. Охиноос юу болсон талаар асуухад “өвс буулгаж нүдээ цохиулсан” гэж ярьж байсан. 2018 оны 3 дугаар сард төрсөн эгч Нандинцэцэгт Золзаяа нь Ууганбаярт зодуулсан талаар хэлсэн. ...Манай охин Нандинцэцэгийн гэрт нь Золзаяаг Ууганбаяр нь нүүр лүү хөлөөрөө өшиглөөд нүүр ам нь цус болчихсон байсан гэж Нандинцэцэг надад сүүлд хэлсэн...” /1хх 97/,
гэрч Н.Нандинцэцэг “...Манайд байх хугацаандаа 2-3 удаа хэрэлдэж, маргалдаж манай дүүг зодож цохисон. Нэг өдөр би малынхаа байранд ямаа самнаж байгаад гэртээ орсон чинь Г.Згийн хамраас нь цус гоожсон уйлаад сууж байхаар “яасан бэ” гэж асуусан чинь “Я.У миний хамар луу өшиглөчихлөө” гээд байсан. ...Г.Згаас асуусан чинь Я.У “намайг зодоод, хөдөө хэвтүүлчихээд босох гэхээр босгохгүй зодож цохиод байсан юм” гэж хэлсэн. ...Өшиглүүлсэн гээд хамраас нь цус гарсан байсан, хавдсан шалбарсан зүйл анзаарагдаагүй, хөдөө бас нүдсэн гэж хэлсэн. Аймагт очсоных нь дараа ээж надад хэлэхдээ “Г.Згийн хөл, гар, нуруу нь хөхрөөд толгойг нь хагарчихсан байна лээ” гэж надад хэлсэн. ...Манай дүү Г.З надад хэлэхдээ “Я.У намайг байнга зоддог, би ээжээс нуугаад хэлдэггүй юм” гэж надад хэлж байсан...” /2хх 36/,
гэрч П.Эрдэнэчулуун “...Г.Згийн хамраас нь цус гоожсон, манай гэрийн шал нил цус болсон, 2-3 аяга хагарсан байсан, тэгээд эхнэр надад хэлэхдээ “Я.У, Г.Згийн хамар луу өшиглөөд, зодсон байна, тэгээд ийм зүйл боллоо” гэсэн. Тэгж байснаа Г.Зг зодоод уйлуулаад Я.У хад руу дагуулаад явсан юм. ...Өшиглүүлсэн гээд хамраас нь цус гарсан байсан. Зүүн шанаа нь бага зэрэг хавдсан байсан...” /2хх 39/,
гэрч Б.Одсүрэн “...Золзаяа гэх хүн зодуулсан байдалтай ирчихсэн байна гэсэн, тэгээд би ээж Нарантуяаг дагуулаад эмнэлэг орсон чинь толгойн хэсэгт хэд хэдэн газар хагарсан ба “оёдол тавьсангүй” гэж эмч нар хэлж байсан...” /1хх 95/,
гэрч Н.Пүрэвлхам “... 2018 оны 4 дүгээр сарын 20-ын үеэр яг өдрийг санахгүй байна, онош нь тархиндаа гэмтэж, нөхөртөө зодуулсан шалтгаанаар хэвтэж байсан. Хэвтэж эмчлүүлж байсан эхний 2 хоногтоо зовуурь ихтэй, нүүр нэлэнхийдээ хавдсан, толгойны ард дагз хэсгээр нь хавдсан, үсний ар тал хэсэг нь бага зэргийн цус болсон байсан, угааж өгсөн...” /1хх 98-99/,
гэрч Л.Бат-Очир “...Ууганбаярыг ээжээс нь сурахад аймгийн цагдаад найз охиныгоо зодсон хэрэгт шалгагдаж байгаад найз охиныгоо дагуулаад явчихсан гэж хэлсэн...” /1хх 105/,
гэрч Л.Янжинлхам “...тухайн үед Золзаяагийн нүүрэн хэсэг нь хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад Г.З юм дуугарахгүй байснаа “Ууганбаяр хаана байна, таньтай тааралдсан уу, би Ууганбаярт үнэхээр хайртай, салж чадахгүй” гээд яриад байсан...” /1хх 109-111/,
гэрч Л.Янжмаа “... Тэгэхээр нь манай нөхөр босоод хаалгаа тайлахад Ууганбаяр “Заяа ухаан алдаад уначихлаа, та очоод аваад үүрээд ирээчээ” гэж хэлсэн бөгөөд Ууганбаяр “би өөрөө даахгүй байна” гэж байсан. Тэгээд манай нөхөр Ууганбаяртай хамт яваад Заяаг үүрээд авчирсан. Тэгээд манай гэрт нөхөр үүрээд оруулж ирсэн. Манай гэрт оруулж ирэхэд Заяа нь тэр чигтээ нил ус болж норсон байсан болохоор нь Ууганбаяр нь Заяагийн хувцасыг тайлаад орон дээр хэвтүүлсэн. ...өчигдөр орой манайхаас гарахдаа зүгээр байсан бөгөөд харин эргэж шөнө нөхөр үүрч ирэхэд ийм байдалтай болсон...” /1хх 50-52/,
гэрч Н.Ажрахгүй “...Тэгээд ...14-нөөс 15-нд шилжих шөнө ганцаараа буцаад манайд 02 цагийн үед согтуу байдалтай ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “эхнэртэйгээ маргалдаад зодоод Өвөрхангай руу хөөгөөд явуулчихлаа” гэж хэлж байснаа “нэг сэрсэн чинь би гол дээр унтаж байсан. Золзаяа намайг хаячихаад явчихаж, хаашаа явсан байх уу” гээд 2 өөр юм яриад байсан. Тэгээд Ууганбаяр явсны дараа эхнэр бид 2 ажил дээрээ ирэхэд Золзаяа ажил дээрээ ирчихсэн байсан. Золзаяа хэлэхдээ “гол дээр архи уугаад нүүр маажаад намайг зодоод байхаар нь би зугатчихсан юм” гэж хэлж байсан. Нүүр царай нь хэвийн байсан гэж харж байсан. ...2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04-05 цагийн үед манай хаалгыг хүн цохихоор нь онгойлгосон чинь Ууганбаяр ганцаараа согтуу байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “танайхаас гараад архи аваад Золзаяатай гол дээр архи уулаа” гэхээр нь “Золзаяа архи дарс уудаггүй шүү дээ” гэсэн чинь “би архи хүчээр өгчихсөн юмаа, тэгээд их уухгүй, хурдан тасарчихлаа, тэгээд би наашаа авч ирэх гэж гол гарч байгаад бид хоёр гол дотор уначихлаа, би ганцаараа авч ирж дийлэхгүй байна та хамт яваад аваад ирээч” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд цуг гараад гол орсон. Намайг гол дээр очиход дөнгөж гэгээ ороод үүр цайж байсан. Тэгээд гол дээр очиход Золзаяа хажуу тийшээ харсан байдалтай, хувцас нь нойтон 2 гар нь хайрга чулуу, шавар болсон байдалтай байсан. Тэгээд би Золзаяаг сэрээх гэсэн чинь тасарчихсан хүн шиг сэрэхгүй байхаар нь өргөөд Ууганбаярт үүрүүлсэн. Тэгээд хэсэг явж байгаад явган хүний зам дээр гарч ирээд би хэсэг үүрч явсан ба намайг үүрч явахад амьсгалж байсан юм. Тэгээд манай гэрт ороод “осгосон байж магадгүй” гээд Ууганбаяр “хөнжил нөмрүүлье” гэхээр нь хөнжил гаргаж өгсөн чинь хөнжилөө нөмрөөд хамт унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Ууганбаярыг сэрээсэн ба Золзаяаг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. ...тээр хойно нь манай жижүүр “нас барсан байна” гэж хэлсэн...” /1хх 59-60/,
гэрч Д.Цэрэнпүрэв “...энэ хоёр хэзээ орж ирсэн юм гэж асуухад ...нөхөр нь “4 цагт хаалга нүдээд гол дээр манай эхнэр ухаан алдаад уначихлаа би дийлэхгүй байна. Та хамт яваад авч ирээд өгөөч гэж хэлсэн, тэгээд Ажрахгүй хамт өргөж ирсэн” гэсэн. ...Тэр үед эхнэрийг нь харахад уруул, нүүр нь хөхөрч хавдсан, цээж нь мөн хөхөрч бие нь сонин харагдаж байсан. Би нөхөрт нь “гар нь хүйтэн, бие нь хөрсөн байна” гэхэд “амьсгаатай байгаа, ухаан алдсан байгаа” гэж хэлж байсан. ...эхнэр бид хоёр маргалдаад гэж хэлж байсан...” /1хх 66-67/,
гэрч Ж.Амарсанаа “...Үүдээр ороход зүүн талын орон дээр хоёр хөл нь ил гарсан байдалтай бусад хэсгээрээ хөнжлөөр бүтээсэн байдалтай байсан. Хөнжлийг сөхөж үзэхэд зүүн талын хэсгээр хөх сорвитой байсан. 5-7 ширхэг байсан. Амьсгал, зүрх судсыг шалгахад зүрхний үйл ажиллагаа болон амьсгалын үйл ажиллагаа зогссон байсан. Тус хаягт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэнд байсан эрэгтэй хэлэхдээ “шөнө 03 цагаас 04 цагийн үед найз залуу нь найз бүсгүйгээ тэвэрчихсэн, бид 2 зугаалж явж байгаад найз охин маань Сэлбийн гол руу халтираад уначихлаа” гэж хэлээд орж ирсэн гэсэн. Тэгээд найз залуу руу нь оруулж орхиод гараад явсан гэсэн...” /1хх 74-75/,
шинжээч эмч Н.Энхцолмон “...Хүнд осголт явагдах нь хүний биеийн температур 35 ба түүнээс доош болоход осголтын процесс явагдаж осголт эхэлнэ. Ер нь бол зуны улиралд агаарын температур гэнэт буурсанаар хүний биеийн организмд осголт үүсэх тохиолдол байдаг. Энэ нь орчны температураас организмын температур нөлөөтэй юм. ...дух, бүсэлхий, нуруу, өвдөгний зулгаралт гэмтлүүд нь татах, чирэх, үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний улмаас үүсгэгдэх боломжтой байна...” /1хх 112-113/, “...Нам хэмийн үйлчлэл гэдэгт хүний биеийн дулаанаас бага температурыг ойлгоно. Нам хэм гэдгийг хүний биеийн дулаан тасалгааны температур 1 цагт 1 хэмээр буурсан. Таны асууж байгаа 13 градусын дулаантай үед илүү хурдан биеийн дулааны хэмийг алдана гэсэн үг. Хөнгөн зэргийн согтолтын үед ядрах нь амархан, нарийн хөдөлгөөний тэнцвэр алдагдах, нүүр улайх, зүрхний хэмнэл түргэсэх байдал илэрнэ. Мөн тухайн хүний архи даах чадвар, архины дасан зохицох зэргээс шалтгаалж хөнгөн, хүнд байдлаар эмнэл зүйн шинж байдлаар илэрнэ. Нам хэмийн үйлчлэл буюу согтуугаар хүйтэн орчинд ухаангүй орхигдох, хүйтэн усанд унах, нойтон болох үед биеийн хэм буурах нь бол тасалгааны орчинд температур буурахаас гурав дахин, хүйтэн усанд тогтмол байсан бол 20-25 дахин хурдацтайгаар биеийн дулаан алдалт явагддаг. ...Цохиулж зодуулсантайгаар холбоотойгоор түр ухаан алдсан тохиолдолд хөнгөн зэргийн согтолттойгоор хавсарч осголтын байдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. ...Шүүх эмнэлгийн осгосон практикт захын судаснууд тэлсэнээр хүмүүс “дулаахан байна” гэсэн мэдрэмжийг өгсөнөөр хувцсаа тайлах, нимгэлэх үйлдэл хийдэг. Энэ нь осгох процессыг түргэсэх байдлыг бий болгодог. Архи уусан хүний осголт нь эрүүл хүнийхээс арай хурдтай явагдана...” /2хх 78-79/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 5003 дугаартай дүгнэлт, шинжилгээнд хүргүүлсэн Г.Згийн хувцасны гэрэл зургууд /2хх 59-62/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Г.Згийн биед “тархи доргилт, толгойн баруун ар дээд хэсэг, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр хэсэгт шарх, баруун гарын сарвуу хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 286 дугаартай дүгнэлт /1хх 136/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “Г.Згийн биед учирсан цээжний зүүн 9-р хавирганы хугарал гэмтэл нь 2018 оны 4 дүгээр сарын 21, 23, 24-ний өдрүүдэд үүссэн байх боломжтой, хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 286 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Г.Згийн биед тухайн үед “тархи доргилт, хамар ясны ил хугарал, дагзны хуйх, хамрын нуруунд шарх, зүүн хацрын төвгөр, баруун сарвуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, цээж, нуруу, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт” гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах” болохыг тогтоосон 1328 дугаартай дүгнэлт /2хх 66-67/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач Г.Згийн зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9 дүгээр хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9 дүгээр хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархай хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд талийгаачийг амьд ахуйд нь буюу нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Зүүн 10, баруун 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай,чамархай хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэг, дээрх гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах” болохыг тогтоосон 1072 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 124-127/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцост хийсэн шинжээчийн “Талийгаач Г.Згийн цогцост үхэлд нөлөөлөөгүй ходоодны амсар, кардын урагдсан шарх, булчин болон гялтан хальсан доорх давхаргын цус хуралт, бага сэмжний голомтлог цус хуралт, зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9-р хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9-р хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархайн хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх ходоодны амсар, кардын урагдсан шарх, булчин болон гялтан хальсан доорх давхаргын цус хуралт, бага сэмжний голомтлог цус хуралт гэмтэл нь хүчтэй огилт, агшилтын улмаас үүснэ. Бусад зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9-р хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9-р хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархайн хуйханы язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан” болохыг тогтоосон 1828 дугаартай дүгнэлт /1хх 115-121/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “Я.У нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Я.У нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, Я.У нь тухайн гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан, Я.У нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, Я.У нь өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай” болохыг тогтоосон 898 дугаартай дүгнэлт /1хх 142-143/,
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8/931 дугаартай “...Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 12.0 мм бороо орж, газрын гадаргын хамгийн бага температур +13°С байсан байна...” гэх албан бичиг /2хх 80/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-24, 25-26, 31-34/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-29/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 37-42/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Я.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэгт зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах, хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэн хүндэвтэр хохирол учруулах, хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.
Прокуророос шүүгдэгч Я.Уыг хүнийг алах гэмт хэргийг өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэж хүндрүүлэх шинжтэй үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хүнийг алах гэмт хэргийг өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэдэг хүндрүүлэх шинж нь хууль зүйн хувьд өөрийн болон бусдын үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, эсхүл үйлдэх гэж санаж төлөвлөж байгаа хэргийг үйлдэхэд учирч болох саадыг арилгах, хөнгөвчлөх, төгс үйлдэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх гэсэн шалтгааныг хамааруулан ойлгодог.
Анхан шатны шүүх дээрх хууль зүйн болон шүүгдэгч Я.Уыг ямар хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүнийг алах гэм хэрэг үйлдсэн талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл Я.Уыг хүнийг өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор алсан гэдгийг бүрэн тогтоосон баримт хэрэгт алга.
Иймээс шүүгдэгч Я.Ут холбогдох хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Уын “...Анхан шатны шүүхээс бүх насаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гэмт хэргийг үйлдээгүй. ...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Я.Уын үйлдсэн гэмт хэргүүд нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцжээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг.
Шүүгдэгч Я.Уын 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Зд архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлгасан үйлдэл, үүний улмаас амь хохирогч Г.З осгож нас барсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч Я.Уын гэмт хэрэг тус бүрийг зүйчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.
Прокурор Д.Уянгын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлж хуульд зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хавтас хэрэгт улсын бүртгэлийн 6201000026 дугаартай 2015 оны 9 дүгээр сарын 22-нд төрсөн Ж.Золзаяа овогтой Ану-Эрдэнэ /охин/ төрсний бүртгэлд 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон төрсний гэрчилгээний хуулбар авагджээ. /3хх 48/
Давж заалдах шатны шүүх амь хохирогч Э.Золзаяагийн эх Л.Нарантуяагийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлт, Арвайхээр аймгийн Арвайхээр сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/221 дүгээр захирамж зэргийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Лувсанбалдангийн Нарантуяаг эрүүгийн 1806067141458 дугаартай хэрэгт амь хохирогч Г.Згийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон болно.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнгийн “...Оршуулгын зардлын хамаатнуудаараа нийлж гаргасан...” гэх тайлбараас үзвэл тэрээр амь хохирогч Г.Зг оршуулахтай холбоотой гарсан зардлыг дангаараа гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Дээрх байдлуудаас үзэхэд амь хохирогч Г.Зг оршуулахтай холбоотой гарсан зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Дамдинсүрэн нарт хувь тэнцүүлэн олгоход шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйл, ял шийтгэлд нөлөөлөхгүй тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм.
Иймд шүүгдэгч Я.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Уянгын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: