Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 116

 

Д.Чинзоригийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

             Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ нарыг оролцуулан, Д.Чинзоригийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын даргад /хуучин нэрээр/ холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0077 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Чинзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын Д.Чинзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх үндсэн цалин, нэмэгдэл нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

             Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0077 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.1, 28 дугаар зүйлийн 28.1” гэснийг хасч, “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1” гэж нэмж, “2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх үндсэн цалин, нэмэгдэл нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгч Д.Чинзоригт олгож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, мөн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн гэж хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэх заалтын хувьд нэхэмжлэгч Д.Чинзоригийг Гаалийн ерөнхий газрын харъяа Буянт-Ухаа гаалийн газар томилсон нь төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Хэдийгээр Улаанбаатар хотын гаалийн газар, Буянт-ухаа гаалийн газар гэсэн нэртэй байгаа боловч үндсэн ажил чиг үүрэг, зорилго зорилт нэг, Гаалийн ерөнхий газрын доор харъяалагддаг төрийн нэг байгууллага байтал хоёр өөр байгууллага мэтээр тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэхээр байна.

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасныг зөрчиж албан тушаал буруулсан нь үндэслэлгүй мөн хуулийн буруу хэрэглэсэн байна гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж хуулийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж байгаад гомдолтой байна.

       Засгийн газрын хэрэгжүүлэгч хоёр том агентлаг нэгдэж, бүтцийн өөрчлөлтөд орж байгаатай холбоотой албан хаагчдыг чөлөөлж, буцаан томилох шаардлагатай болж, мөн Гааль, татварын ерөнхий газрын дарга харъяа газар хороодын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, орон тооны хувьд илүүдэлтэй байсан газар хороодыг батлагдсан орон тоо, цалингийн санд нийцүүлэх ажлын хүрээнд нэхэмжлэгч Д.Чинзоригийг Гааль, татварын ерөнхий газрын /хуучин нэршлээр/ харъяа Буянт-Ухаа гаалийн газарт өмнө эрхэлж байсан албан тушаалд нь буюу гаалийн улсын байцаагчаар эгүүлэн томилоход хамгийн нарийвчлан зохицуулсан хуулийн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д тусгагдсан байсан тул Гааль, татварын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалыг гаргасан.

           Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг заасан байх ба 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх... халах” гэж заасан байтал анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү бүрэн эрхийг Төрийн албаны тухай хуулиар хязгаарлаж байгаа нь хуульд нийцэхгүй шийдвэр болж байна.

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хянавал хэсэгт ...Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй, маргаан бүхий захиргааны акт холбогдох хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар дурдсан. Нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөөгүй, томилогдсон газар очин ажиллаж цалин хөлс авах бүрэн боломжтой байсан. Гэтэл одоог хүртэл томилсон газар очихгүй байгаа нь төрийн тусгай албан хаагчийн ёс зүйгүй байгааг харуулж байна.

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг дурдсан нь ...нэхэмжлэгч Д.Чинзоригийн хувьд тус гаалийн газар гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдоод удаагүй байсан, дээрх зарчмын заалтыг энэ тохиолдолд хэрэглэх шаардлагагүй байсан. Харин Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална, 4.2.1-д “захирах, захирагдах ёс” гэж заасан. Гаалийн байгууллага нь босоо удирдлагын тогтолцоотой төрийн тусгай алба. Энэ утгаараа захирах, захирагдах ёсны зарчимтай, аливаа дээд шатны даргын тушаал гарвал доод шатны албан тушаалтан заавал биелүүлэх үүрэг хүлээдэг байтал давж заалдах шатны шүүх зарчмын заалтыг буруу хэрэглэж, түүндээ дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

           Давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийг баримтлан магадлал гаргасан боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн. Иймд ...гомдлыг хүлээн авч, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3...-д заасныг баримтлан Улаанбаатар хот дахь гаалийн газрын Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Д.Чинзоригийг үүрэгт ажлаас чөлөөлж, Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилсон байна.

        Нэхэмжлэгч Д.Чинзориг нь дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор Сангийн яамны хэрэгжүүлэгч хоёр агентлаг нэгдэж бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан гаалийн байгууллага, татварын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг үе шаттайгаар шинэчлэн батлах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулсан. ...Гааль, Татварын ерөнхий газрын дарга Б/456 дугаар тушаалыг гаргахдаа харъяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг баталсан А/88 дугаар тушаал, зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан А/195 дугаар тушаалыг үндэслэл болгосон” гэж маргажээ.

       Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан ч тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар, хэрэв албан тушаалын тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахаар хуульчилсан байна.

       Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэсэн бөгөөд Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 184 байхаар тогтоож, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх газар, төвийн зохион байгуулалтын бүтцийг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн дотор батлан мөрдүүлэхийг Гааль, татварын ерөнхий газрын даргад даалгасан байна.

            Хариуцагч захиргааны байгууллагын тайлбарт дурдсан, Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/456 дугаар тушаалын үндэслэл болсон мөн даргын А/88 дугаар тушаалаар харъяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг баталсан байх ба “3охион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” А/195 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, улсын ахлах байцаагчийн орон тоог 23, үүнээс Гаалийн бүрдүүлэлтийн албаны Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн орон тоог 2 байхаар тогтоожээ.

        Хэрэгт Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан өмнөх, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/237 дугаар тушаал нотлох баримтаар авагдсан байх ба уг тушаалын 3 дугаар хавсралтаар  Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсаны дотор тус газарт улсын ахлах байцаагч 23, Гаалийн бүрдүүлэлтийн албаны Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч 2 байхаар орон тоог батлан ажиллаж байсан байна. 

          Дээрх, тус газрын бүтэц, орон тоог баталсан тушаалуудаас үзэхэд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн бүрдүүлэлтийн албаны Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн орон тоог 2 байхаар баталсан, уг албан тушаалын орон тоонд өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Чинзоригийн ажил, албан тушаалын орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасантай нийцэх байжээ.

          Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь “бүтэц, зохион байгуулалтын орон тоо өөрчлөгдсөн, орон тооны хувьд илүүдэлтэй байсан зарим ахлах улсын байцаагч нарыг ажлаас нь чөлөөлөхгүйгээр хүн хүч дутагдалтай байсан газруудад томилсон” гэх үндэслэлээр Д.Чинзоригийн албан тушаалыг бууруулж, өөр ажил, албан тушаалд томилсон нь хууль бус, маргаан бүхий Б/456 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.5-д заасан агентлагийн даргын бүрэн эрхийг шүүх Төрийн албаны тухай хуулиар хязгаарлаж байгаа нь хуульд нийцэхгүй шийдвэр болсон, ...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захирах, захирагдах ёс” гэж заасан. Гаалийн байгууллага босоо удирдлагын тогтолцоотой төрийн тусгай алба, энэ утгаараа захирах, захирагдах ёсны зарчимтай, дээд шатны даргын тушаалыг доод шатны албан тушаалтан заавал биелүүлэх үүрэг хүлээдэг байтал давж заалдах шатны шүүх зарчмын заалтыг буруу хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

        Учир нь, дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.5-д агентлагийн даргын бүрэн эрхийг хуульчилж, төрийн албан хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэйг заасан ч төрийн жинхэнэ албан хаагчийг, илүү нарийвчилсан зохицуулалт бүхий Төрийн албаны хуультай уялдуулан мөн хуульд заасан журмын дагуу томилж чөлөөлөх, тэгэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж эрхээ хэрэгжүүлэхийг хуульчилжээ.

        Мөн маргаан бүхий Б/456 дугаар тушаал нь нэхэмжлэгч Д.Чинзоригийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль зөрчиж өөр ажилд шилжүүлэн томилсон захиргааны шийдвэр байхад нэхэмжлэгчийг төрийн албаны “захирах, захирагдах ёсны” зарчмыг хэрэгжүүлж хууль бус шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж шаардах нь хуульд нийцэхгүй, тэрээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

        Шүүхүүд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, түүнчлэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0077 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА