Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2018/00551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг, 404 тоот хаягт байрлах ИИК ББСБ ХХК /рд: 5712203/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Г.Т-д холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ИИК ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаартай захирамжаар хариуцагч Г.Тээс 46.875.604 төгрөг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн явагдаж, хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан худалдахаар 2 удаа дуудлага худалдаа зарласан боловч хүн аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагч болох манай компанид санал болгосныг хүлээж авсан юм. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тус байрны өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хариуцагч Г.Т нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Тийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц нь хуулийн дагуу ИИК ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн, Г.Т нь уг орон сууцыг эзэмших эрхгүй гэдэг тал дээр маргах зүйл байхгүй. Гагцхүү уг орон сууцанд Г.Тийн эхнэр Ц.М хамт амьдарч байгаа тул орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ИИК ББСБ ХХК нь шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г.Т нь тус орон сууцанд өөрийн эхнэр Ц.М-тай хамт амьдарч байгаа гэх үндэслэлээр орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь хариуцагч Г.Тийн өмчлөлөөс нэхэмжлэгч ИИК ББСБ ХХК-ийн өмчлөлд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу буюу хуульд заасан үндэслэлээр шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар тогтоогдож байхаас гадна улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн хүчин төгөлдөр байдал болон эзэмшлийн талаар талууд маргаагүй. /хх 39-61 дүгээр тал/

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар ... улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж эсэргүүцээгүй тул ИИК ББСБ ХХК нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байх ба өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцэх юм.

Энэ тохиолдолд хариуцагч Г.Тийн эзэмшлийг Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан үндэслэлээр хамгаалах боломжгүй юм.

Ийнхүү эд хөрөгийг хуулийн дагуу эзэмших эрхгүй этгээд болох Г.Т нь өөр бусад гуравдагч этгээдтэй тухайн хөрөнгийг хамтран эзэмшиж байгаа нь түүний эзэмшлийг шударга гэж үзэх, хамгаалах үндэслэл болохгүй тул өөрийн эхнэртэй хамт уг орон сууцыг эзэмшиж байгаа гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүйгээс гадна маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгчөөр зөвхөн Г.Т улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ. /хх 58 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ИИК ББСБ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тэрээр бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ИИК ББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИИК ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР