Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/00745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамж, 10/3-403 тоот хаягт байрлах, РФББСБ ХХК /рд: 6028322/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 52 дугаар гудамжны 8 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.505.612 төгрөг гаргуулж, шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч РФББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Б.Отэй 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 1%-ийн хүүтэй зээлдүүлсэн юм. Зээлдэгч нь гэрээний 8.2.7-д заасныг зөрчиж, хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцлаж, хариуцагч Б.Оээс үндсэн зээлийн төлбөрт 5.465.164 төгрөг, хүүгийн төлбөрт 25.155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15.293 төгрөг, нийт 5.505.612 төгрөгийг гаргуулж, мөн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч РФББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн төлбөрөөс 2.534.836 төгрөгийг төлсөн гэж тооцож нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл Б.О нь үндсэн зээлийн төлбөрөөс 3.000.000 төгрөг төлсөн байх тул энэ хэмжээгээр нь тооцож, зээлийн төлбөрөөс хасах боломжтой гэв.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан 5.505.612 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай РФББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие РФББСБ ХХК-иас 8.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 1%-ийн хүүтэй авсан нь үнэн. Төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүүгийн төлбөрт 81.540 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүүгийн төлбөрт 80.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүүгийн төлбөрт 81.500 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 2.000.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн, зээл төлөх явцдаа зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлж, үүргээ зөрчсөн талаар маргахгүй. Гэвч нэхэмжлэгч нь намайг өмнө ажиллаж байсан газраас гаргаж, миний хөдөлмөрийг ашиглаж орлого олчихоод дараа нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, улмаар зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь зээлийн зөрчил гарах үед нэхэмжлэл гаргах боломжтой байсан, түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч РФББСБ ХХК нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрт 5.465.164 төгрөг, хүүгийн төлбөрт 25.155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15.293 төгрөг, нийт 5.505.612 төгрөгийг шаардаж, шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.О нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн үүргийн талаар маргаагүй, зээлийн төлбөр болон хүүг төлж байсан, зээлийг төлөхийг зөвшөөрч байх боловч ажлаас халагдсаны дараа нэхэмжлэл гаргасан, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан, зээл төлөлтийн зөрчил гармагц нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй, ажлаас үндэслэлгүйгээр халсан зэрэгт гомдож буй талаар тайлбарладаг.

Хариуцагч Б.О нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч РФББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 1%-ийн хүүтэй зээлэхээр, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон талаар болон зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч Б.О нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүүгийн төлбөрт 81.540 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүүгийн төлбөрт 80.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүүгийн төлбөрт 81.500 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 2.000.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн, зээл төлөх явцдаа зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлж, үүргээ зөрчсөн талаар зохигчид маргаагүй тул мөн эдгээр үйл баримтуудыг мөн тогтоогдсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч РФББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээд мөн байх ба зээлдэгч Б.О нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй гэрээний 6.1.2-т заасан гэрээ цуцлах нөхцлийг хангасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрэг цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол зээлдүүлэгч нь гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг шаардах нь зээлдүүлэгчийн үүрэг бус эрх юм. Түүнчлэн ажлаас үндэслэлгүй халсан эсэх нь ажилтны хөдөлмөр эрхлэхтэй холбоотой тусдаа маргаан тул ажлаас халагдсанд гомдолтой байгаа, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан, зээл төлөлтийн зөрчил гармагц нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн гомдол нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч Б.Оийг үндсэн зээлийн төлбөрт 2.534.836 төгрөг төлсөн хэмээн үзэж, зээлийн үндсэн төлбөрт 5.465.164 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд зээлийн үндсэн төлбөрт нийт 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс 465.164 төгрөг /3.000.000 төгрөг-2.534.836 төгрөг=465.164 төгрөг/-ийг хасаж тооцох нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, хариуцагч Б.Оийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037574 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 52 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах, 61 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201005465 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 551 м.кв газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг шаардах эрхтэй. /хх 7-9 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Оээс 5.040.448 төгрөг /үндсэн зээл 5.000.000 төгрөг+ зээлийн хүү 25.155 төгрөг+нэмэгдүүлсэн хүү 15.293 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч РФББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр, хүү, алданги шаардаж, шаардлагаа барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэл гаргажээ. Барьцаагаар хүлээсэн үүрэг нь үндсэн үүргээс салгаж үл болох нэмэлт үүрэг тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шаардлагаа хангуулах нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар Б.Оээс 5.040.448 төгрөгийг гаргуулан РФББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 465.164 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.О нь үүргээ сайн дураар эс биелүүлбэл, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037574 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 52 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах, 61 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 52 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201005465 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 551 м.кв газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас, мөн хариуцагч Б.Оээс 95.597 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч РФББСБ ХХК-д буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР