Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1168

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01168

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/00745 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 505 612 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Б.О-тэй 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм.

Зээлдэгч нь гэрээний 8.2.7-д заасныг зөрчиж, хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцлаж, түүнээс үндсэн зээл 5 465 164 төгрөг, зээлийн хүү 25 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 293 төгрөг, нийт 5 505 612 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Б.О- нь үндсэн зээлийн төлбөрөөс 3 000 000 төгрөг төлсөн байх тул энэ хэмжээгээр нь тооцож, зээлийн төлбөрөөс хасах боломжтой гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Р” ХХК-иас 8 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй авсан нь үнэн. Миний бие 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүүгийн төлбөрт 81 540 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүүгийн төлбөрт 80 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүүгийн төлбөрт 81 500 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 2 000 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн.

Зээл төлөх явцдаа зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлж, үүргээ зөрчсөн талаар маргахгүй. Гэвч нэхэмжлэгч нь намайг өмнө ажиллаж байсан газраас гаргаж, миний хөдөлмөрийг ашиглаж орлого олчихоод дараа нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, улмаар зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь зээлийн зөрчил гарах үед нэхэмжлэл гаргах боломжтой байсан, түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар Б.О-ээс 5 040 448 төгрөгийг гаргуулан “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 465 164 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.О- нь үүргээ сайн дураар эс биелүүлбэл, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037574 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 52 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах, 61 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 52 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201005465 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 551 м.кв газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас, мөн хариуцагч Б.О-ээс 95.597 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан  шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан  шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Б.О-т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 505 612 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Р” ХХК болон Б.О- нар нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 8 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлэх, зээлдүүлэх талаар тохиролцсон, гэрээг ч бичгээр байгуулсан ба энэ гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа үүссэн байна. Гэрээг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар талууд бичгээр байгуулжээ. 

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч Б.О- нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037574 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 52 дугаар гудамжны 8 тоот хаягт оршин байрлах 61 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт оршин байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201005465 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 551 м.кв газрыг тус тус барьцаалжээ. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.  

 

Түүнчлэн хариуцагч Б.О- нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хүүд 81 540 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлийн хүүд 80 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хүүд 81 500 төгрөгийг, мөн өдөр үндсэн зээлд 2 000 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээлд 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн, гэрээгээр тохирсон хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн талаар зохигчид маргаагүй.

 

Иймд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6.1.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь гэрээ болон хуульд нийцжээ.

 

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдэгчийн үүрэг нь үндсэн зээлд 8 000 000 төгрөг, хүүд 800 000 төгрөг, нийт 8 800 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгч 3 000 000 төгрөг үндсэн зээлээс хасахаар тайлбар гаргасан тул үндсэн зээл /8 000 000-3 000 000/ 5 000 000 төгрөг, зээлийн хүү /800 000-243 040/ 556 960 төгрөг, нийт 5 556 960 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Үүнээс нэхэмжилсэн зээлийн хүү 25 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 293 төгрөгийг тооцож, 5 040 448 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шийдэл зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч хохирол шаардаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталж хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

Хариуцагчийн ажил, үүрэг, түүний хөдөлмөрийн хөлс нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй тул түүнийг ажлаас халсантай холбоотой асуудал нь зээлийн үүргийн зөрчил гаргахад нөлөөлсөн гэх агуулгатай гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/00745 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 95 597 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

 

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА