Улсын дээд шүүхийн

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00174

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            04                                          001/ХТ2021/00174

 

 

 

...........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар магадлалтай,

 

...........гийн нэхэмжлэлтэй

..........., ..........., ...........нарт холбогдох

 

Зээлийн үлдэгдэл төлбөр болох 4.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ...........гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...........,........... нар нь Дархан зах дээр авто сэлбэгийн лангуу ажиллуулдаг. Тэд 2018 оны 04 сарын 06-ны өдөр надаас бараандаа эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй байна, 1 жилийн хугацаанд төлнө гээд 5.000.000 төгрөг зээлээч гэсний дагуу би 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр ...........гийн Хаан банкны ........... тоот дансанд шилжүүлсэн. ........... нь миний нөхрийн дүү учраас би итгэж найдаад ямар ч гэрээ хийгээгүй амаар ярилцаж тохиролцон тус мөнгийг зээлсэн юм. Ингээд надад 2018 оны 10 сард 200.000 төгрөг, 12 дугаар сард 300.000 төгрөг, 12 сарын 18-нд 250.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 750.000 төгрөгийг төлсөн юм. Одоо намайг үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ гэхээр Батбаяр гэх хүний дансруу шилжүүлсэн, тэр хүнээс ав бид чамаас зээлсэн мөнгөө төлөөд дууссан гэдэг. Батбаяр гэх хүнд шилжүүлсэн тухай манай нөхөр мэдэж байсныг би ...........гээс мөнгөө нэхэх үед надад хэлэхэд мэдсэн. Би Батбаяр гэх хүнийг сайн танихгүй, ганц удаа л харж байсан. Би өрх толгойлсон эмэгтэй, 8 настай, 4 настай 2 хүүхэдтэйгээ амьдардаг, эрхэлсэн ажил байхгүй учраас амьдралын бололцоо маань хүнд байгаа тул яаралтай үлдэгдэл зээлсэн мөнгөө өгөөч гэж нэхэх болгонд бид нар төлчихсөн Батбаяраас ав гээд байгаад гомдолтой байна. Би ..........., ........... гэх хүмүүст л мөнгө зээлсэн болохоос Батбаяр гэх хүнд мөнгө зээлээгүй. Иймд ..........., ........... нараас үлдэгдэл мөнгө болох 4.250.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ........... болон түүний өмгөөлөгч Л.Цуурай шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 онд би өөрийн үхрээ махалж заруулаад мөнгийг нь бэр эгч Цэрэнбалжирын Хаан банкны дансаар 30.720.000 төгрөгийг ...........гийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед би байр худалдаж авах гэж байсан бөгөөд нөхрийн дүү ........... өөрийн байрыг санал болгосон. Ингээд нэхийгийн байранд 2 өрөө байрыг 21.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 21.000.000 төгрөгийг байрны үнэнд гэж өгөөд үүнээс үлдэх 9.720.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг ........... байраа Голомт банкны барьцаанаас гаргаж танд шилжүүлье, манай байр барьцаанд байгаа гээд 5 сая төгрөгийг зээлж, байрыг зээлээс нь чөлөөлүүлж авсан. Ингээд байрыг би өөрийн нэр дээр болгож авсан. ........... ........... нар манайд өөрийн байраа зараад нэхийгийн байрнаас 1 өрөө байр худалдаж авсан, манайд зарсан байрныхаа мөнгийг тэр байрныхаа урьдчилгаанд өгч байсан. Зээлсэн мөнгөө нэхэхэд Б.Пүрэвнямд өгсөн тул чамд өгөх шаардлага байхгүй гэдэг. Зээлсэн 5 сая төгрөгөөсөө 750.000 төгрөг буцааж авсан, одоо үлдэгдэл 4.250.000 төгрөгийг хариуцагч ..........., ...........нараас гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч ...........ээс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч ..........., ........... нар шүүхэд гаргасан тайлбартаа: Анх нөхөр Б.Пүрэвням, эхнэр ........... нартай зөвлөлдөн, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр 5 сая төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уул мөнгийг 2 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг бэлнээр нөхөр Пүрэвнямд өгсөн. Мөнгийг авсан тухай Б.Пүрэвнямын өөрөө бичиж, нотариатаар батлуулсан тодорхойлолтыг тайлбарт хавсаргав. Гэтэл Б.Пүрэвнямын эхнэр ........... нь тухайн мөнгийг надад өгөх ёстой би аваагүй учраас шүүхэд нэхэмжилнэ гэсэн. Нэгэнт би өгөх ёстой мөнгөө өгсөн, үүнийг нөхөр нь хүлээн зөвшөөрч байгаа учраас би 2 дахин мөнгө төлөх ёс хаа ч байхгүй. ...........авах ёсгүй байж авсан бол нэхэмжлэгч ........... нь нөхрөөсөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна. Ийм учраас ........... нь надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй хүн. Би энэ хэргийн хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........... нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн гэж байгаа тэр өдөр миний дансанд ийм мөнгө ороогүй, энэ хүмүүс өмнө нь надаас байнга мөнгө төгрөг зээлж авч байсан. Миний ах ...........энэ хүнтэй хамт амьдарч байхдаа малаа зарж байр авсан, энэ хүнээс мөнгө зээлээгүй. Мал зарсан 30.720.000 төгрөг миний дансанд орсон. Үүний 21 000 000 төгрөг нь манайхаас байр худалдан авсны үнэ юм. Бусад мөнгийг байраа засна, тавилга авна гээд цувуулаад аваад дууссан. Мөн ........... болон манай ах ...........нар нь надад өртэй байсан. Түүнээс биш ...........гаас мөнгө огт зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгийг өгөхгүй, харин ч энэ хүмүүс надаас замбараагүй их мөнгө авчхаад өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч ........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ........... гэдэг хүнээс бид 2 мөнгө аваагүй, биднийг бараагаа эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй байна гээд авсан гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан, тухайн үед бараа эргэлдүүлэх мөнгөтэй байсан. Б.Пүрэвням, ........... нар нь хамт амьдарч байхдаа биднээс мөнгө их авдаг байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд бид ...........тай ярьж нэгэн цагт эгч дүү байсан улсууд муудаад шүүх цагдаагаар яваад яах вэ хоорондоо эвлэрмээр байна, тэгж болох уу гэж шүүгчийн туслахаас асуухад та нар хоорондоо ярилцаад эвлэрч болно гэхээр нь би ........... эгчид хэлсэн. Гэтэл уурлаад шүүхээр шийдвэрлүүлнэ гээд явсан. Бид ийм мөнгөн дээрээс хоорондоо хэрүүл уруул хийгээд яах вэ гэж бодож л эвлэрье гэсэн. Түүнээс биш энэ мөнгийг авсан учраас эвлэрье гэсэн зүйл байхгүй. Тухайн үед бид ахдаа өгөх гэж байгаа юм чинь гээд 26.000.000 төгрөгөөр зарах гэж байсан байраа хямдхан 21.000.000 төгрөгөөр өгсөн, үлдэгдэл мөнгийг цувуулаад өгсөн, мөнгө үлдээгүй. Энэ хүнээс бид огт мөнгө зээлж аваагүй гэжээ.

 

Хариуцагч ...........шүүхэд гаргасан тайлбартаа: ........... нь 2018 оны 04 сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр ...........гийн Хаан банкны ........... дугаартай дансанд шилжүүлсэн юм. ........... нь миний нөхрийн төрсөн дүү учраас би итгэж найдаад ямар ч гэрээ хийгээгүй амаар ярилцаж, тохиролцон уг мөнгийг зээлсэн.. гэжээ. ........... нь нөхөртэй ч юм шиг, нөхөргүй ч юм шиг бичсэн байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болохоос 7 жил хамт амьдарсан. Гэр бүлийн зөрчлөөс болж одоо тусдаа амьдарч байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ...........гийн дансанд 5.000.000 төгрөг шилжиж ороогүй бөгөөд ...........гийн данснаас хэний дансанд орсон гэдэг нь ойлгомжгүй байна. 2018 оны 4 дүгээр сард дүүгийн эхнэрийн нэр дээр байдаг 2 өрөө орон сууцыг худалдаж авсан бөгөөд тухайн үед мөнгө зээлээд буцааж өгсөн санагдаад нотариат дээр очиж тодорхойлолт бичиж өгсөн юм. Одоо бодоход тухайн үед дүүд мөнгө зээлээгүй. Эхнэр 30.000.000 төгрөгөөс 2 өрөө орон сууцыг 21.000.000 төгрөгт авч, үлдсэн мөнгөөр засвар хийлгэн тавилга авч тавьсан гэж байсан. Эхнэр гэрийн санхүүг барьдаг учраас тэгээд л өнгөрсөн. Тухайн өдөр ...........гийн данснаас мөнгө гарсан байна. Хэрхэн яаж зарцуулагдсан талаар би мэдэхгүй. Бүүр өмнө нь мөнгө зээлчхээд буцаагаад авч байсан. Үүнтэй андуураад бичиж өгсөн байна. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ..........., ........... нарт ........... бид хоёр 5.000.000 төгрөг зээлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж хариуцагчаар Б.Пүрэвнямыг татсан байдаг. ........... ...........нар нь хамт амьдарч байсан гэдгийг ...........хэлдэг, хүүхэд нь сургууль соёлд ороод төв газар амьдрах шаардлагатай болоод 2 өрөө байр худалдаж авч мөнгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч ........... нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг ...........гийн Хаан банкны ........... тоот дансанд шилжүүлсэн гэдэг гэтэл ийм мөнгө зээлэх боломж ........... ...........нарт байгаагүй, тийм боломжтой хүмүүс ч биш юм. ........... ...........нар нь ........... ........... нараас мөнгө дансаар болон бэлнээр байнга авч хэрэглэж байсан гэдгийг миний үйлчлүүлэгч ...........хэлдэг, мал махалж зараад 21.000.000 төгрөгийг бэлнээр байрны үнэд өгөөд үлдэгдэл мөнгийг ........... яаж зарцуулсныг ...........мэдэхгүй байгаа гэдэг. Түүнээс ........... нь мөнгө зээлсэн асуудал байхгүй тул ...........авсан гэх зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ...........гээс 1.605.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2.645.000 төгрөг гаргуулах, хариуцагч ..........., ...........нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...........гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........гээс улсын тэмдэгтийн хураамжид 40.630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...........д олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ...........гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ........... хяналтын гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 527 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 76 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын шүүхэд гомдол гаргаж байна. ...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр надаас бараандаа эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй байна, 1 жилийн хугацаанд төлнө гээд 5 000 000 төгрөг зээлээч гэсний дагуу би 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр ...........гийн Хаан банкны ........... тоот дансанд шилжүүлсэн..., ...2018 оны 10 дугаар сард 200 000 төгрөг, 12 дугаар сард 300 000 төгрөг, 12 дугаар сарын 18-нд 250 000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 7 50 000 төгрөгийг төлсөн юм...гэсэн нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн аваад хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 30 720 000 төгрөгийг хариуцагч ...........гийн дансанд шилжүүлээд 21 000 000 төгрөгийг түүнээс худалдан авсан 2 өрөө байрны үнэд өгсөн. Үлдэх 9 720 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг ...........гийн хүсэлтээр зээлсэн. 1.Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ тодруулсан учраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16:15, 16:16 минутанд 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг ...........гийн дансанд шилжүүлсэн гэдгээ сандарсандаа мартсан байсан. Техникийн зах дээр лангуу ажиллуулдаг учраас байнгын гүйлгээ хийдэг. Тэр болгоныг санаад хянаад байдаггүй. Зөвхөн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ...........гийн дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх гэтэл 30 720 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн харилцаа үүссэн гэж шийдвэрлэсэн. 2.Давж заалдах шатны шүүх ..............гийн эзэмшдэг 5073171601 тоот данснаас автомат төгрөгийн машинаас 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 01 минутанд 2 000 000 төгрөг, 13 цаг 02 минутанд 3 000 000 төгрөгийн зарлага бэлнээр гаргасан. ........... нь ........... дансны эзэмшигч бөгөөд өөрийн дансандаа 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр автомат төгрөгийн машинаар 14 цаг 21 минутанд 2 940 000 төгрөг, 2 050 000 төгрөг хийсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд ........... 5 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлээ нотлохоор дансны депозит хуулга гаргаж өгсөн, энэ нь бэлэн мөнгөний зарлага баримт байгаа болохоос ...........гийн дансанд хийсэн гэсэн баримт болж чадахгүй гэвч яг тэр цаг хугацаанд ...........гийн дансанд бэлнээр 5 000 000 төгрөг орсон бөгөөд түүний эх сурвалжийг ........... шүүхэд нотлоогүй гэжээ. ...........гийн дансанд зөвхөн тэр өдөр орлого ороогүй. Байнгын орлого орж зарлагын гүйлгээ хийгддэг. ...........г лангуу ажиллуулдаг гэдгийг нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэл дээрээ тодорхой бичсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч 2 хоёулаа мэдэж байгаа илэрхий зүйлийг заавал нотлох шаардлагагүй. ........... өөрийнхөө дансанд орлого хийх болгондоо хүнээс мөнгө зээлсэн байх уу. ...........гаас гэдэг утгатай байвал нотлогдож байна гэж үзэх юм. Гэтэл ...........гийн дансанд мөнгө орсон учраас зээлсэн гэдэг нь нотлогдож байна гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хэзээ хэдийд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхад зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэдэг. Мөнгө зээлсэн гэх ямар ч баримт байхгүй. Зээлээгүй гэдгээ тодорхой тайлбарлан баримтыг гаргаж өгсөн байхад ...........д 1 605 000 төгрөг гаргуулахаар шат шатны шүүх шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг нотлох баримтанд тулгуурлан шийдвэрлэдэг гэсэн мөртлөө ямар ч баримт байхгүй байхад нотлогдож байна гээд шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна. ...........гаас мөнгө зээлээгүй учраас шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ..........., хариуцагч ..........., ........... нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 4 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүсэлтээр Б.Пүрэвнямыг хамтран хариуцагчаар оролцуулсан боловч ..........., ...........нараас 3 405 000 төгрөг гаргуулах гэж /хх27,29/, эцэст нь ........... 4 250 000 төгрөгийг хариуцах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. /хх-41/

 

Хариуцагч ..........., ........... нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан боловч буцааж төлсөн гэж, хариуцагч ...........нь ........... бид хоёр 5 000 000 төгрөг зээлээгүй /хэргийн 36 дугаар тал/ гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иймд хариуцагчаас 1 605 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ...........гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч ........... нь ...........гаас  5 000 000 төгрөг авсан, 2 000 000 төгрөгийг ...........д, 3 000 000 төгрөгийг түүний нөхөр Б.Пүрэвнямд өгч мөнгийг буцааж төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр мөнгө аваагүй, ах ...........мал зарж 30 720 000 төгрөг миний дансанд орж ирсэн, үүний 21 000 000 төгрөг нь надаас худалдаж авсан байрны үнэ, үлдэх 9 720 000 төгрөгийг тэд нар цувуулан авсан гэсэн өөр тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч ...........нь ...........тай амьдарч байсан ба ...........г огт мөнгө зээлээгүй, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж мэтгэлцжээ. /хх-36/

 

Зохигч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

........... нь 5 000 000 төгрөгийг буцааж төлснөө нотлох зорилгоор Б.Пүрэвнямын гарын үсэг бүхий “2018 оны 04 сард 5 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бэлэн хүлээн авч төлбөрийн тооцоо дууссан” гэх агуулгатай баримтыг /хх18/ шүүхэд гаргасан боловч ...........нь уг баримтыг үгүйсгэсэн, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ........... нь нийт 3 395 000 төгрөгийг ...........д шилжүүлсэн баримтад үндэслэн үлдэх 1 605 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ...........гийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 40 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

 

                       ШҮҮГЧИД                                                 Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                         Д.ЦОЛМОН

 

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                                                         П.ЗОЛЗАЯА