| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 114/2015/0054/З |
| Дугаар | 221/МА2016/0208 |
| Огноо | 2016-03-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2016/0208
Я.Т нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Я.Т нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Я.Т 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
“...Дархан сумын 10 дугаар багийн 25 дугаар хорооллын 1 дүгээр хэсгийн 14 тоот газрыг иргэн Я.Т эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Дархан-Уул аймгийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хамтран хэрэгжүүлж байгаа орон сууцны 250 айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдсан тус иргэний газрын байршлыг солих тухай хүсэлттэй ажлын хэсэг, хяналтын зөвлөл танилцаад аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаар захирамжаар олгогдсон Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын 5 дугаар хэсэг 1 тоот газрыг мөн сумын 10 дугаар баг 25 дугаар хорооллын 1 дүгээр хэсэг 14 тоот газраар солих тухай шийдвэрийг гаргасан.
Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/385 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус хорооллын ажил байдалтай танилцаж, холбогдох бичиг баримтуудад үзлэг шалгалт хийж байгаа тул ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хүсэлтийн дагуу захирамжийг гаргах болно” гэжээ.
Гурав. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр:
“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 г, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан сумын 10 дугаар багийн 25 дугаар хорооллын 1 дүгээр хэсгийн 14 тоот газрыг иргэн Я.Т эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э даалгаж” шийдвэрлэжээ.
Дөрөв. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:
“...нэхэмжлэгч Я.Т гаргасан өргөдлийн дагуу Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хамтран хэрэгжүүлж буй 250 айлын амины орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, тухайн газрын дэд бүтцийн үнэ болох 24980000 төгрөгийг төлж, аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаар захирамжаар Дархан сум 10 дугаар багийн 25 дугаар хорооллын 5 дугаар хэсгийн 1 тоот /өөрөө сонгосон/ газрыг эзэмших эрхийг авч, 000453008 дугаарын гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл түүний хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл дээрх захирамжаар олгогдсон 25 дугаар хорооллын 5 дугаар хэсгийн 1 тоот газрын байршлыг “сургуулиас хол” гэх үндэслэлээр солих тухай хүсэлтээ нэхэмжлэгч Захирагчийн ажлын албанд гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдан нэхэмжлэгчид тус хорооллын 1 дүгээр хэсгийн 14 тоотод шилжүүлж, гэрчилгээжүүлэхээр санал гаргасан байна.
Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Аймгийн Засаг дарга ажлын хэсгийн саналыг дэмжихгүй байх эрхтэй. Мөн ажлын хэсэг аймгийн Засаг даргын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй.
Аймгийн Засаг даргаас иргэн Я.Т өөрийнх нь хүсэлтээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаар захирамжаар Дархан сумын 10 дугаар баг 25 дугаар хорооллын 5 дугаар хэсгийн 1 тоот газрыг эзэмших эрхийг олгосон, ямар нэгэн хохирол учраагүй байхад мөн хорооллын 1 дүгээр хэсгийн 14 тоот газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгаж үндэслэлгүй шийдвэрлэсэн.
Иймд гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Тав. Нэхэмжлэгч Я.Т 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:
“...Дархан-Уул аймгийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хамтран хэрэгжүүлж буй 250 айлын амины орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, тухайн газрын дэд бүтцийн үнэ болох 24980000 /хорин дөрвөн сая есөн зуун наян мянга/ мянган төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сан банкинд байрлах Захирагчийн ажлын албаны 107500053308 тоот дансанд тушаасан. Улмаар аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаар захирамжаар Дархан сумын 10 дугаар баг 25 дугаар хорооллын 5 дугаар хэсэг 1 тоот гэсэн газрыг эзэмших эрхтэй болсон.
Миний хувьд анх газар сонгохдоо төлөвлөж буй хорооллын танилцуулгыг үндэслэж сонголт хийсэн бөгөөд хашаа баригдаж, шугам татагдсаны дараа очиж үзэхэд бодит байдал дээр тухайн сонгосон газар маань байрлалын хувьд хүүхдийн сургуулиас арай хол байсан учир эзэмших газрын байршил сольж өгөхийг хүссэн өргөдлөө 2015 оны 5 дугаар сард гаргах ажлын хэсэг миний хүсэлтийг хүлээн авч, 25 дугаар хорооллын 1-14 тоот гэсэн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, “...газрын гэрчилгээний үнэ, нэгж талбарын хувийн хэргийн үнэ, кадастрын зургийн үнэ тушаа” гэж хэлсний дагуу тухайн өдөрт нь төлж, баримтын 1 хувийг Захирагчийн ажлын албанд өгсөн билээ.
Ингээд Засаг дарга захирамжаа хэзээ гаргахыг удаа дараа Захирагчийн ажлын албанаас утсаар лавлаж байсан бөгөөд хамгийн сүүлд 8 дугаар сарын сүүлээр мэргэжилтэн Э.Р утсаар холбогдоход “...Засаг дарга захирамжийн ноорог дээр гарын үсэг зурсан байгаа, удахгүй таны захирамж бэлэн болно. Захирамж гаргахаар тань руу хэлнэ” гэж хэлсэн.
Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 15-ны орчим Засаг даргаар ажиллаж байсан С.Н албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргаар А.Э томилогдсон. Аймгийн Засаг дарга солигдсон учир газрын захирамжийн асуудал хэрхэн яаж шийдвэрлэгдэж байгаа талаар Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Э.Р удаа дараа холбогдоход “...Засаг даргад танилцуулах гэсэн чинь дараа танилцана гэсэн. Танилцуулж байгаад тантай холбогдъё” гэх зэргээр хариу өгсөөр байгаад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “...Засаг дарга газартай холбоотой ямар ч захирамж гаргахгүй гэж байна” гэж утсаар хэлсэн.
Асуудал нэгэнт ийм болсон учир тухайн өдөрт буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын иргэдийг хүлээн авч уулздаг цагаар Засаг дарга А.Э биечлэн уулзахад “...Дархан хотын газрын асуудал маргаантай, шалгуулна. Одоо барилга байшин барих ажил явагдахгүй учир 2016 оны 3 дугаар сар хүртэл газрын талаар ямар нэгэн захирамж гаргахгүй. Гэхдээ та мөнгө тушаасан баримтаа өргөдлийн хамт мэргэжилтэн н.Гэрэлсүхэд авчирч өг. Асуудлыг шийдвэрлэхийг бодьё” гэсэн утгатай хариу өгсөн.
2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өргөдлөө мөнгө тушаасан баримтыг хамт мэргэжилтэн н.Г өгсөн бөгөөд энэ хугацаанд надад ямар нэгэн хариу өгөөгүй. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэргэжилтэн н.Г утсаар холбогдоход “...ямар нэгэн шийдвэр гараагүй” гэж хэлсэн учир шүүхэд хандсан.
Газар эзэмшүүлэх ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрх Засаг даргад хуулиар олгогдсон нь үнэн. Гэвч миний гаргаж байгаа нэхэмжлэлийн хувьд асуудал арай өөр бөгөөд Ажлын хэсгийн зүгээс надад 25 дугаар хорооллын 1-14 тоот гэсэн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Н хүлээн авч, Засаг даргын захирамж ноорог байдлаар гарсан нь хэрэгт авагдсан захирамжийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р нарын тайлбараар нотлогдож байна.
Зүй нь бол ямар нэгэн албан тушаалтан солигдоход төрийн албаны үйл ажиллагаа залгамж байдлаар хэвийн үргэлжлэх байх ёстой байхад өмнөх Засаг даргынхаа хийж байсан үйл хэргийг ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэж, иргэн миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна.
Нөгөө талаас Засаг дарга ямар хуулийн дагуу ийнхүү татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлах ёстой боловч энэхүү үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа. Хэрвээ Засаг дарга хуулиа мэддэг, иргэдийнхээ дуу хоолойг сонсдог бол миний 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг надад бичгээр өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй.
Төрийн залгаж чанарыг үл хүндэтгэж, өөрийн дур зоргоор асуудалд хандаж байгаад гомдолтой байгаа тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг үндэслэн тус хотод “200 айлын амины орон сууц”-ны хороолол барьж байгуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж газрын дэд бүтцийн үнэ болох 24.980.000 төгрөг төлсөн нэхэмжлэгч Я.Т нь аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаар захирамжаар олгогдсон Дархан сумын 10 дугаар багийн 25 дугаар хорооллын 5 дугаар хэсгийн 1 тоот 500 м.кв газрын байршлыг “хүүхдийн сургуулиас арай хол байна” гэсэн үндэслэлээр шилжүүлэх хүсэлт гаргасан, мөн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар байгуулагдсан уг төслийг боловсруулах ажлын хэсэг нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хурлаар хэлэлцээд 1 дүгээр хэсгийн 14 тоот газрыг өгөхөөр шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, хурлын тэмдэглэл, холбогдох захирамжуудаар тогтоогдож байна.
Мөн тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Н дээрх шийдвэрийг үндэслэн Я.Т болон нэр бүхий 5 иргэнд өмнө олгогдсон газрын байршлыг солих тухай захирамжийн төсөлд гарын үсэг зурсан байх бөгөөд үүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р хүлээн зөвшөөрсөн нь хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.
Давж заалдах гомдолд дурдсанчлан ажлын хэсгийн саналыг Засаг дарга заавал биелүүлэх үүрэггүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх эрх ажлын хэсэгт бус гагцхүү Засаг даргад олгогдсон байдаг ч Засаг даргын 2014 оны 204 дүгээр захирамжид зааснаар дээрх төслийг боловсруулах тусгай арга хэмжээ, төлөвлөгөө гарган, мэргэжлийн өндөр хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байгаагаас гадна энэ хүрээнд дэд бүтцийн үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгч Я.Т гаргасан хүсэлтийг хурлаар хэлэлцэж Засаг даргын захирамжаар олгогдсон газрын байршлыг шилжүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагчаас чухам ямар үндэслэлээр татгалзаж буй нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн шийдвэр, тус хэсгээс шаардсаны дагуу нэхэмжлэгчээс шинээр олгогдох газрын гэрчилгээний үнэ, нэгж талбарын кадастрын зургийн үнэ зэргийг төлсөн байдал, анх дэд бүтцийн үнийг төлсөн иргэдийн дараалал, захирамжийн төсөлд гарын үсэг зурсан өмнөх Засаг даргын үйлдэл болон бусад нотлох баримтад дүгнэлт өгч зохих захирамж гаргахыг одоогийн Засаг даргад даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Газрын тухай хуульд заасан Газар эзэмшүүлэх талаар Засаг даргын эрх нь Газрын тухай хуульд заасан хүрээгээр хязгаарлагдах хэдий ч энэ тохиолдолд ажлын хэсгийн шийдвэрийг харгалзан үзэх нь зүйтэй байжээ.
Ажлын хэсэг Засаг даргын өмнөөс шийдвэр гаргаагүй, харин захирамжид заасан чиг үүргийн хүрээнд иргэдэд олгосон газрын байршлыг шилжүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн, түүнчлэн “200 айлын амины орон сууц”-ны хөтөлбөрийг тухайн хөтөлбөрт хамрагдсан иргэд тодорхой хэмжээгээр санхүүжүүлэхээр байх тул анх олгогдсон газрын байршлыг солиулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг Газрын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тохиолдолд тэрхүү татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой.
“...Я.Т анх 5 дугаар хэсгийн 1 тоот 500 м.кв газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн хангасан, түүнд ямар нэгэн хохирол учруулаагүй...” гэх зэрэг давж заалдах гомдлын үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасантай шүүхийн шийдвэр нийцсэн байх бөгөөд захирамж гаргахыг даалгаснаар Засаг даргын эрх хэмжээнд халдаагүй, учир нь нэхэмжлэгчийн одоогийн эзэмшихийг хүссэн газар нь аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Захирагчийн ажлын албанд олгосон 200 айлын амины орон сууц барих 16.6 га газарт хамаарч байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН