Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2018/00672

 

                       

 

 

 

      

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2018/00672

Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: ..тоот хаягт оршин суух,....овогт З..-ийн И.../РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, .... овогт А....-ийн Г....../РД:......../

 

 Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, .... овогт Т...-ийн Г....../РД:......../ нарт холбогдох

 

 Газар, амины сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.Г- болон Б.З- нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.И-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А-, хариуцагч нарын төлөөлөгч С.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.И- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээж болох Б.З- нь  2015 оны 12 сарын 08-ны өдөр нас барсан. Би ээжтэйгээ хамт амьдардаг байсан. 2005 оны 4 сард бидний одоо амьдарч байгаа хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авахад би ээжтэйгээ цуг байсан. Манайх төмөр замд байртай байсныгаа зарж, мөнгөөр нь энэ хашаа байшингаа зарын дагуу очиж үзэн авч байсан. Хашаа байшинг үзээд авахаар болоод авсан. Тэгэхэд А.Г- Т.Г- нар хоёулаа байсан. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, зүүн баян уулын 10 дугаар гудамж, 20 тоот хашаа байшинг худалдаж авахдаа эхлээд хариуцагч нарт 3.400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Т.Г-, А.Г- нар нь тэр үед хашаа байшингаа барьцаанд тавьсан байсан ба, бид нар банкнаас бичиг баримтаа аваад ирье гээд урьдчилгаа мөнгөө  авч байсан. Ингээд үлдэгдэл 400.000 төгрөгийг хэд хоногийн дараа ирж авсан бөгөөд ингэхдээ дэвтрийн цаасан дээр гэрээ байгуулсан. Би Т.Г-д үлдэгдэл мөнгийг тоолж өгсөн. А.Г- Т.Г- нар нь байшингийн болон газрын ногоон, ягаан гэрчилгээнүүдийг барьцаанд байсныг сулласан гээд бичиг баримтуудаа эх хувиар нь ээжид өгөөд, ээж тогны мөнгөний үлдэгдэл 100.000 төгрөгийг төлөхөөр болж тохиролцоод явсан. Дараа нь нотариат орж батлуулаад нэрээ шилжүүлье гэж хэлсэн. Манай тэр хавьд тэр үед ойрхон нотариат байгаагүй бөгөөд А.Г- Т.Г- хоёр хүүхдүүдээ орхисон гээд яараад явсан санагдаж байна. Ингээд 2005 оны 4 сарын 20-н гаргаад манайх байшиндаа засвар хийгээд орсон. Байшинг зарахаасаа өмнө хариуцагч нар өөрсдөө суудаггүй, нэг эмэгтэйд хөлслүүлж байсан. Бичиг баримтаа өгөөд дахиж ирээгүй. Ээж маань хүлээгээд сүүлдээ хоёулангийнх нь ажил дээр нь очиж уулзсан. Сүүлдээ ажлаасаа гараад алга болоод олдоогүй. 2009 онд шүүхэд эрэн сурвалжлуулахаар хандсан боловч Иргэний бүртгэлийн байгууллагаас хаягийн лавлагаа нь ирсэн байсан. Ингээд шүүхээс авсан хаягаар нь хөөцөлдөж олж уулзахад удахгүй шилжүүлээд өгнө гээд А.Г- нь иргэний үнэмлэхийн хуулбараа өгөөд та бүртгэл дээр очоод шилжүүлээд авчих гэсэн. Тэгээд бүртгэл дээр очсон чинь болохгүй гэсэн. Ингээд дахиад нөгөө хоёр хүн сураггүй болсон. 2013 онд цагдаад өргөдөл бичиж өгч байсан. Ингэхэд нэр дээр шилжүүлж өгнө гэхээр нь ээж өргөдлөө татаж авсан байдаг. Түүнээс хойш дахиад сураггүй алга болсон. Ингээд ээж маань 2015 онд нас барсан. Би Б.З-ын төрсөн охин буюу өв залгамжлагчийн хувьд нэхэмжлэл гаргаж байгаа. Иймд миний ээж Б.З- болон хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт холбогдох бичиг баримтыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.И-гийн ээж Б.З- 2005 онд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах хашаа байшинг Т.Г- А.Г- нараас 3.800.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Тухайн үедээ хариуцагч нар нь хашаа байшин банкны барьцаанд байгаа гээд урьдчилгаа мөнгөө авч, барьцаанаас чөлөөлөөд үлдэгдэл мөнгийг 7 хоногийн дараа ирж авахдаа бичиг хийж өгч, газар, байшингийн бичиг баримтаа эх хувиар нь өгөөд явсан байдаг. Бид нэхэмжлэлдээ 2005 оны 4 дүгээр сар гэж тайлбарлаж байсан ч өмнөх “Хэргийг хэрэгсэхгүй болгосон” 2 шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хашаа байшингийн хувийн хэргийг ирүүлсэн боловч барьцаанд тавьсан талаар бичиг баримт ирээгүй. Нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаад шүүхээс шинжээч томилсон. Хариуцагч Т.Г- гарын үсгээ өгөөгүй болохоор шинжилгээ хийлгэх боломжгүй байсан. Гэтэл хариуцагч талаас Анод банктай хийсэн гэрээний гарын үсэгтэй харьцуулан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаад үүнийг нь шүүх хангасан. Шүүхийн шинжилгээний газар бидний харьцуулахаар хүсэлт гаргасан баримттай Т.Г-ын гарын үсгийг харьцуулалгүй зөвхөн Анод банктай хийсэн гэрээнд зурсан гарын үсэгтэй харьцуулан шинжилгээ хийсэн байсан учраас нэмэлт шинжилгээ хийлгэсэн. Ингэхэд Улсын бүртгэлийн архивын баримтуудад байх гарын үсэгтэй Т.Г-ын гарын үсэг таарч байна гэж хариулчхаад шүүхээс тавигдаагүй асуултад хариулсан байсан. Хашаа байшингаа банкны зээлийн барьцаанд тавьсан байсан гэдэг нь хариуцагч талаас өгсөн Анод банкны зээлийн гэрээгээр давхар нотлогдлоо гэж үзэж байна. 2005 оны 3 сарын 18-ны өдөр хариуцагч нар нь Б.З-аас мөнгөө хүлээж аваад зээлээ чөлөөлсөн. Анод банкнаас тухайн үед Газрын харилцаа геодези зураг зүйн албанд албан бичгийг хүргүүлсэн байсан. Энэ нь барьцааны гэрээ биелэгдсэн гэсэн утгатай байсан. Гэтэл хариуцагч нар нь Б.З-т хашаа байшингийн гэрчилгээ бусад бичиг баримтыг эх хувиар нь өгснөө мэдсээр байж 2014 онд гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэсэн утгатай хүсэлтийг Улсын бүртгэлд гаргаад дахин гэрчилгээ авч, тэр ч байтугай хашаа байшинг барьцаанд тавьсан байх магадлалтай баримтууд улсын бүртгэлээс ирсэн нь сонирхолтой. Дээрх үйл баримтаар 2005 оны 3 сард Б.З-, хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хариуцагч нар зугтааж алга болсон. Тиймээс Цагдаад өгөхөд нэрийг шилжүүлж өгье гэхээр нь өргөдлөө татаж авсан байдаг. Гэрчилгээг үлдэгдэл 400.000 төгрөгийг өгөх үед хариуцагч нар нь өгсөн. Хүлээлгэн өгсөн Т.Г-, хүлээн авсан Б.З-, тогны мөнгө 100.000 төгрөгийг Б. З- төлнө гэсэн тохиролцоог хийсэн байдаг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”, 42.5-д “нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно.” гэж тус тус заасан. Б.З- үүргээ бүрэн биелүүлсэн. Т.Г- би гарын үсэг зураагүй гэж мэтгэлцэж байгаа ч хэрвээ зураагүй байсан бол хашаа байшинд амьдарч байгаа хүмүүсийг 13 жилийн хугацаанд яагаад явуулаагүй вэ, ингэх эрх нь байсан. Тэгтэл өнөөдрийг хүртэл шүүх, цагдаагийн байгууллагад хандаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 18 мөр бүхий гараар бичигдсэн бичвэр юм. Тухайн үед А.Г- нөхрөө хөдөө байхад тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан байдаг. Энэ нь А.Г-гийн буруу болж тогтоогдсон. Ингээд мөнгө олохын тулд нөхөртөө хэлэлгүйгээр Т.Г-ыг байхгүй байхад талийгаач Б.З-тай хашаа байшингаа зарахаар тохиролцсон байдаг. Т.Г- хөдөөнөөс ирээд болсон үйл явдлыг сонсоод мөнгө нэмж авна, нэг бол өгсөн мөнгийг нь буцааж өгөөд бичиг баримтаа авъя гэж хэлсэн байдаг. Т.Г- Б.З-тай очиж уулзаад наймаагаа буцъя гэж хэлсэн байдаг. Ингэхэд Т.Г-, А.Г-, Б.З-, тэдний хүргэн 4 байсан. Баримт 2 агуулга илэрхийлж байна. Т.Г-ын гарын үсэг биш байна гэж шинжээч тогтоосон. Хэрэгт авагдсан баримтуудад Т.Г-ын гарын үсгүүд байдаг. Б.З-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн баримтад эхнэр А.Г- гэсэн байдаг. Б.З-ын ингэж бич гэсний дагуу А.Г- бичсэн гэж ярьдаг. Бичиг баримт хүлээлгэж өгсөн гэдгийг тодорхойлоод байгаа юу, хэлцэл хийгдсэн үү гэдгийг олж харахгүй байгаа. Хариуцагч нар хамт байсан бол хоёулангийнх нь гарын үсэг байх ёстой. Худалдагч талын гарын үсэг заавал байх ёстой. Буцаая гэсэн чинь Б.З- зөвшөөрөөгүй. Хариуцагч нар хөдөө явдаг ажил хийдэг. Тиймээс шүүхэд хандаагүй. Гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал яригдана. Үүнээс улбаалаад нотариатаар гэрчлүүлээд, үүнийг үндэслээд үл хөдлөх хөрөнгийн газар шилжилт хөдөлгөөн хийдэг. Хуульд зааснаар насанд хүрээгүй гишүүдээс зөвшөөрөл авах зүйл яригдана. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана”, 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан байдаг. Г.Ам-, Г.А- гэж 2 хүүхэд байдаг. Гэрчилгээнд нэр нь бичигдсэн. Хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авах ёстой. Иргэний хуулийн  56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Г- нь зам тээврийн осол гаргасны улмаас бусдад төлбөр төлөх шаардлагын үүднээс мөнгө олохын тулд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох газар, гэр бүлийн 4 гишүүний нэр дээр байдаг байшин зэргийг нөхөр Т.Г-ыг хөдөө явсан хойгуур түүнд мэдэгдэж, зөвшөөрлийг нь авалгүйгээр мөнгөний хэрэгцээнд хавчигдаж, зарах талаар Б.З-тай ярилцаж түүнээс 3.800.000 төгрөгийг авсан байна. Үүнээс хойш 7 хоногийн дараа нөхөр Т.Г- хөдөөнөөс ирж авсан мөнгөө буцааж өгөөд энэ тохиролцоог цуцлах, эсхүл мөнгө нэмж өгөхийг шаардахад Б.З- зөвшөөрөөгүй байдаг. Өмчлөгчид мэдэгдэж, үнэ өртгөө өмчлөгчтэй нь харилцаж тохиролцоогүй, зөвшөөрлийг аваагүй шалтгаанаар иргэн А.Г-, Т.Г- нар нь албан ёсоор худалдах худалдан авах гэрээ хийхээс татгалзаж, харин иргэн Б.З- нь мөнгөө буцаан авахаас татгалзсанаар өнөөдрийг хүртэл А.Г-, Т.Г- нар нь өөрсдийн өмчлөлийн хашаа байшинг ашиглаж чадахгүй өмчлөх эрхээ хууль бусаар хязгаарлуулсаар ирсэн. Одоо Т.Г-, А.Г- нар нь хоёр охинтой бөгөөд том охин Г.Ам- нь 22 настай бол бага охин Г.А- нь 16 настай болно. Иргэн А.Г- болон Б.З- нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон асуудал нь өмчлөгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй буюу өмчлөгчтэй тохиролцоогүй, гэрээг хуулийн дагуу бичгээр байгуулан нотариатаар батлуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул хашаа байшин худалдсан гэх гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Иргэн А.Г- болон Б.Г- нар нь талийгаач иргэн Б.З-ын охин З.И-д авсан 3.800.000 төгрөгөө буцааж өгөхөд бэлэн байна. Иймд иргэн А.Г- болон иргэн Б.З- нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдсан гэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв. 

 

З.И- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа. “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна. Учир нь хэлцэл хийгдсэн болоод хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна. Хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, гэрээ хэлцэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил  байдаг. Өнөөдрийг хүртэл шаардлага гаргаагүй нь хэлцэл хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:                                                     

Нэхэмжлэгч З.И- нь хариуцагч А.Г-, Т.Г- нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах 362.2 м.кв талбай бүхий газар, 60 м.кв талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, А.Г-, Т.Г- нар нь А.Г- болон иргэн Б.З- нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдаж, худалдан авсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргав.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч З.И- “...миний ээж Б.З- нь 2005 онд хариуцагч Т.Г-, А.Г- нараас Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах хашаа байшинг 3.800.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 3.400.000 төгрөг өгч, хэд хоногийн дараа хариуцагч нар үлдэх 400.000 төгрөгийг надаас авахдаа хашаа байшингийн бичиг баримтаа эх хувиар нь өгөөд, тогны мөнгөний үлдэгдэл төлбөр 100.000 төгрөгийг ээж төлөхөөр тохирон, хашаа байшинг банкны барьцаанаас суллаад өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд хариуцагч нар алга болсон. Тиймээс Б.З- Т.Г-, А.Г- нарын хооронд газар, амины орон сууц худалдах худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

Хариуцагч Т.Г-, А.Г- нар нь “...А.Г- нөхрөө хөдөө байхад тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан. Ингээд мөнгө олохын тулд нөхөртөө хэлэлгүйгээр Т.Г-ыг байхгүй байхад талийгаач Б.З-тай хашаа байшингаа зарахаар тохиролцсон. Т.Г- хөдөөнөөс ирээд болсон үйл явдлыг мэдээд мөнгө нэмж авна, эсхүл мөнгийг нь буцааж өгөөд бичиг баримтаа авъя гэхэд Б.З- зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 18 мөр бүхий гараар бичигдсэн бичвэр юм. Хашаа байшин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул уг гар бичвэрт өмчлөгч Т.Г-ас бичгээр зөвшөөрөл авч, нотариатаар гэрчлүүлээгүй, гэр бүлийн гишүүд болох охин Г.Ам-, Г.А- нарын зөвшөөрлийг хууль ёсны төлөөлөгч нь өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, харин Б.З- А.Г- нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдсан гэх гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас гаргав.

 

Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан баримтад “С.Х.Дүүргийн 10-р хорооны Зүүнбаян-уулын 12-р гудамжны 20 тоот оршдог хашаа байшинг 3.800.000 /гурван сая 800 мянга/ худалдсан нь үнэн болно. Гэрлийн мөнгөний 100.000 төгрөгийн үлдэгдлийг Б- овогтой З- төлөхөөр тохиролцлоо. Хүлээлгэн өгсөн Т- овогтой Г-, хүлээн авсан З-. Т- овогтой Г-ын газрын бичгийг Б- овогтой З-ын нэр дээр шилжүүлж өгнө үү. Эхнэр А- овогтой Г-” гэсэн 18 мөр бүхий гар бичвэр авагджээ. /хх-3х/

 

Б.З- нь 2015 оны 12 сарын 08-ны өдөр нас барж, 2017 оны 6 сарын 29-ний өдрийн 68 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр нас барагчийн охин болох З.И- нь Б.З-ын өв залгамжлагчаар бүртгэгдэн өвлүүлэгчийн шаардах эрхийг өвлөн авсан тул З.И- нь маргаан бүхий газар, амины орон сууцтай холбоотойгоор шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ. /хх-17-18х/

 

Үйл баримт 2005 оны 4 сард болсон талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан ба Б.З- нь хашаа байшингийн үнэд 3.800.000 төгрөг өгсөн,  хариуцагч нар уг мөнгийг авсан талаар хэн аль нь маргадаггүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх ба үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заажээ. Б.З- нь Т.Г-, А.Г- нараас хашаа байшингийн өмчлөх эрхийг шилжүүлж авахаар удаа дараа хуулийн байгууллагад хандаж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 сарын 19-ний өдрийн 342 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 01 сарын 31-ний өдрийн 324 дүгээр тогтоол зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дусаагүй байна. /хх-20,115-119х/

 

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах 362.2 м.кв талбай бүхий газрын, 2004 оны 01 сарын 19-ний өдөр мөн хаягт байрлах Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014390 дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр Т.Г-, А.Г-, Г.Ам-, Г.А- нар тус тус бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. /хх-134-136, 64-114х/

 

Б.З- нь 2005 оноос нас барах хүртлээ, түүний үр хүүхдүүд өнөөдрийг хүртэл уг хашаа байшинд амьдарч байгаа, хариуцагч Т.Г-, А.Г- нар нь мөн үеэс тус хашаа байшинд амьдраагүй талаар зохигчид тайлбарлах бөгөөд хашаа байшин 2005 оноос Б.З-ын эзэмшилд байсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-21, 137х/

 

Хариуцагч Т.Г- нь Б.З-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийхээр тохироогүй, 18 мөр бүхий гар бичвэрт гарын үсэг зураагүй, эхнэр А.Г- бичвэрийг бичсэн талаар тайлбарлаж маргасан ба дээрх 18 мөр гар бичвэрт Т.Г- гарын үсэг зурсан эсэхийг тогтоохоор “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-г шинжээчээр томилсон. “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 6030 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 3 сарын 01-ний өдрийн 902 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...гар бичвэрийн “...хүлээлгэн өгсөн Т- овогтой Г-...” гэсэн бичиглэл нь Т.Г-ын гарын үсгийн чөлөөт, туршилтын болон бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй, 18 мөр бүхий гар бичмэл нэг хүний гараар үйлдэгдсэн, тус гар бичмэл нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Ү-2201014390 бүртгэлийн дугаартай хавтаст материалд байх харьцуулах загвар бүхий гар бичмэлүүдтэй тохирно, Т.Г-ын гэх бичгийн хэвийн туршилт загваруудтай тохирохгүй....” гэж дүгнэн дүгнэлтийг бичгээр ирүүлжээ. Шинжээчийн дээрх дүгнэлтээр 18 мөр бүхий гар бичвэрт хариуцагч Т.Г- гарын үсэг зураагүй болох нь тогтоогдов. /хх-183-190, 209-215х/     

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх тухай заасан ба А.Г- нь хашаа байшингийн өмчлөгч Т.Г-ын зөвшөөрөлгүйгээр Б.З-тай өөрийн болон Т.Г-ын нэрийн өмнөөс хэлцэл хийснээс Б.З- үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байдал үүссэн байна. 2005 онд хариуцагч нарын хүүхдүүд болох Г.Ам-, Г.А- нар нь 10 болон 6 настай байсан тул насанд хүрээгүй өмчлөгчийн зөвшөөрлийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эхээр дамжуулан хэрэгжүүлэх тул Г.Г- хүүхдүүдийн хүсэл  зоригийг илэрхийлсэн гэж үзэх боломжтой. 

 

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална”, 42 дугаар зүйлийн 42.8-д “талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж тус тус заасан ба Т.Г- 2005 оноос хойш Б.З-т холбогдуулан өмчлөх эрх зөрчигдсөн талаар ямар нэгэн шаардлага гаргалгүй өдийг хүрсэн нь Т.Г-гийн хийсэн хэлцлийг зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” гэсэн хуулийн заалтаар Б.З- хэлцлийн дагуу 3.800.000 төгрөг төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч хариуцагч нар хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзсаар өнөөдрийг хүрсэн үйл баримт тогтоогдов. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ”, 53 дугаар зүйлийн 53.1-т “эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасныг үндэслэн Т.Г-ын өмчлөх эрхтэйгээ холбогдох шаардлагыг 12 жилийн хугацаанд гаргаж байгаагүй байдлыг Б.З-ын хүсэл зоригийн илэрхийллийг өөрийн бодит үйлдлээрээ зөвшөөрч хүлээн авсан гэж үзэж Б.З-,Т.Г-, А.Г- нарын хооронд газар, амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж шүүх дүгнэлээ. Талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж шүүх үзсэн тул түүний үр дагаврыг шийдвэрлэх шаардлагатай.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг  гүйцэтгүүлэх нь Иргэний эрх зүйн хамгаалалтын нэг арга бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан тул хариуцагч Т.Г-, А.Г- нарт маргаан бүхий хашаа байшингийн өмчлөх эрхийг Б.З-ын өвлөгч З.И-гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Т.Г-, А.Г- нар нь нэхэмжлэгч З.И-д холбогдуулан А.Г- болон иргэн Б.З- нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдаж, худалдан авсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, З.И- нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

Т.Г-, А.Г- нар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах 362.2 м.кв талбай бүхий газрын, 2004 оны 01 сарын 19-ний өдөр мөн хаягт байрлах Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014390 дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. Т.Г-, А.Г- нарын хүүхдүүд болох Г.Ам-, Г.А- нар нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-134-136, 64-114х/

 

А.Г-, Т.Г- нар нь 2005 онд газар, амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь Б.З-т хүлээлгэн өгсөн тухай тайлбарладаг боловч 2014 оны 6 сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад хандан хашаа байшингийн гэрчилгээг гээгдүүлсэн хэмээн лавлагаа авч, 2014 оны 7 сарын 24-ний өдөр гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай зарлал сонинд хэвлүүлж, мөн оны 8 сарын 08-ны өдөр гэрчилгээг дахин олгуулахаар хүсэлт гаргаж 2014 оны 8 сарын 11-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин шинээр авсан байдаг. Хариуцагч нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлгийн 3 дугаар зүйлд заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” иргэний үндсэн эрхийг зөрчсөн, шударга ёсны зарчимд үл нийцнэ. /хх-64-114,134-136х/

 

2016 оны 10 сарын 18-ны өдөр Б.З-ын хүүхдүүд болох З.И- З.Бямбасамба, З.Ичинноров, З.А- нар Т.Г-, А.Г- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар хариуцагч нар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж энэ үеэс шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. /хх-120-124, 125-132/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх ба үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заасан бөгөөд 2005 оноос хойш 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд Т.Г-, А.Г- нар нь Б.З-аас хөрөнгөө шаардаж байсан эсэх, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч З.И-гийн татгалзал үндэслэлтэй байх тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тиймээс Т.Г-, А.Г- нарын З.И-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.950 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 145.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан Б.З-, Т.Г-, А.Г- нарын хооронд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах 362.2 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014390 дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, Т.Г-, А.Г- нарт газар, амины орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч З.И-д шилжүүлэхийг даалгасугай.

2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан З.И-д холбогдох А.Г- болон Б.З- нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Т.Г-, А.Г- нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар З.И-гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.950 төгрөгийг, Т.Г-, А.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 145.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.И-д олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ