Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2300

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2017/02300

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГК ХХК-ийн,

Хариуцагч: М СӨХ-нд холбогдох

Ус дулааны төлбөрт 5.054.541,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, хариуцагчийн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Д/ШТЭҮ-1476/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч ГК ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Тусгай зөвшөөрлийн үндсэн чиг үүрэг нь ус, дулаанаар хангах, хэрэглэгчдэд түгээх эрхтэй. Талууд 2016 оны 5 сараас 2017 оны 8 сар хүртэлх хугацаанд ус, дулаанаар хангах гэрээний дагуу харилцаа үүссэн. Үүний дагуу ч нэхэмжлэгч ус дулаанаар хангасан. Дээрх хугацааны үндсэн төлбөр 5.054.541,08 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Энэ дүн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн даалгавар дээр тусгагдсан байгаа. Хариуцагчид гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн, үйлчилгээ авсан нь тодорхой байдаг ба үүн дээр талууд маргадаггүй. Талуудын хооронд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тусгай зөвшөөрлийг олж авах, үйл ажиллагаа эрхлэх, түүнд хамааралтай ажлыг ойлгодог. Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлинй 17.3-д тодорхой заасан байдаг. Сууц өмчлөгчдийн холбоонуудад эцсийн байдлаар ус, дулааныг түгээж байгаа. Гэрээ хэлбэрийн шаардлага хангасан. Гэрээнд зааснаар үндсэн төлбөр тооцох нь нотлох баримт судлахад илэрхий болно. Нэхэмжлэх хуудсын хүрээнд төлбөрөө нэхэмжилж байгаа. Хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадсангүй гэж үзэж байна. Хариуцагч М СӨХ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж болно гэв.

Хариуцагч М СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГК ХХКорон сууцны контор зөвхөн цэвэр бохир усыг зайлуулах, цэвэр усыг түгээх, борлуулах усны зохицуулах зөвшөөрөлтэй. Тусгай зөвшөөрлийг ашиглах хуулийг зөрчсөн. Усны тусгай зөвшөөрлөөр оршин суугчдаас их хэмжээний мөнгө авсан. Дулаан, эрчим хүчний тусгай зөвшөөрөлгүй учраас үндсэн төлбөр 5.054.541 төгрөг гаргуулна гэж байна. Манайхаас өмнө нь 4.000.000 төгрөг нэхэмжилж байснаа шүүхэд одоо 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр грашид паар тавиад дулааныг авсан. Тэгэхэд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж төлбөрийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгчийн бичиг баримтын хувьд зөрчилтэй. Гэрээ хийсэн гэж байгаа ч хэрэгт авагдсан дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ бол хууль бус. Оршин суугчдад дулаан өгөх гэрээ байсан болохоос биш М СӨХ-той байгуулсан гэрээ биш. Гэрээнд он, сар, өдөр байхгүй н.О даргын өөрийнх нь тамгатай гарын үсэгтэй. Тусгай зөвшөөрлийн эрхийг хэтрүүлсэн. Усны тусгай зөвшөөрлөөр дулааны мөнгийг огт үндэслэлгүй зардал хийж өгсөн. Дулаан зохицуулах эрчим хүчний хорооны зөвшөөрөлгүй хувь хүний компани. Хувь хүний компани төрийн өмчийн ус, дулааныг дур мэдэн усны тусгай зөвшөөрөлд үндэслэн дулааны мөнгийг авсан. Дулааны төлбөрийг буруу тооцоолсон. 10, 11, 12 дугаар сар нийт 3 сар паарыг халахгүй болгоод тасалсан байж тэрийгээ нэхэмжилж байна. Усны мөнгө ч адилхан. Усны тоолуурыг салгаад хаячихдаг. Тэрнээс болоод маш их хэмжээний ус алддаг. Нэхэмжлэгч байгууллагын захирал н.Оюунбилэгээс болоод 2.000 гаруй айлын эрх зөрчигдөж байгаа. Хамгийн сүүлд усны зохицуулах зөвлөл дээр очоод хүний тамга тэмдгийг ашиглаад дулааны тусгай зөвшөөрөл хүссэн байсан. Гэрээ нь өвлийн хэдэн сар грашийг дулаанаар хангах гэрээ болохоос биш бүтэн жилийн хугацаатай байгуулсан гэрээ биш. Хувь хүн болон хувийн компанид дулаан өгөх хууль байхгүй. Усны тусгай зөвшөөрлөө хэтрүүлэн ашиглаж энэ мөнгийг нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрчим хүчний зохицуулах хорооны н.Ж дарга дээр ороход дулааны тусгай зөвшөөрлийг авах тухай хүсэлтийг 7 хоногийн өмнө өгсөн гэж хэлсэн. Бас гэрээ байдаггүй. Гэрээ ч байхгүй, тусгай зөвшөөрөл ч байхгүй байж ямар хуулиар мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х Н Ь:

            ГК ХХКнь хариуцагч М СӨХ-д холбогдуулан ус, дулаан ашигласны төлбөрт 7.550.135,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 5.054.541,08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Нэхэмжлэгч ГК ХХКнь хариуцагчтай Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 5.054.541,08 төгрөгийн үндсэн төлбөр, алданги 2.495.594,79 төгрөгийн хамт нийт 7.550.135,87 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангиасаа татгалзан үндсэн төлбөрт 5.054.541,08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу хариуцагчтай гэрээ байгуулан ус, дулаанаар хангах, хэрэглэгчдэд түгээх үйлчилгээг үзүүлсэн боловч 2016 оны 5 сараас 2017 оны 8 сар хүртэлх хугацаанд ус, дулаанаар хангах үйлчилгээний үндсэн төлбөр 5.054.541,08 төгрөгийг төлөөгүй тул М СӨХ-ноос гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч ГК ХХКнь халуун, хүйтэн цэвэр ус болон бохир усны үйлчилгээг авсан нь үнэн, уг үйлчилгээний хөлсийг төлөхөд татгалзахгүй, гагцхүү энэ нэхэмжилж байгаа үндсэн төлбөрт дулааны үйлчилгээ үзүүлсний хөлс орж тооцогдсон байх ба эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй тул хариуцагч уг төлбөрийг төлөх үндэслэлгүй, дулааны Эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ хууль бус, дулааны үйлчилгээний төлбөрийг буруу тооцоолсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Зохигчдын хооронд Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч ГК ХХКтус гэрээний үүрэгт Залуус-2/84/ дүгээр байрны гражийн халаалтын 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэлх 1.555.413,06 төгрөг, Залуус-2/84/ дүгээр байрны орцны халаалтын 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэлх 2.804.806,34 төгрөг, Залуус-2/84/ дүгээр байрны ус, дулааны 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэлх 1.094.294,78 төгрөгийн ашиглалтын хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх зохигчдын хооронд Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдсан байх боловч агуулгын хувьд уг гэрээ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Тус гэрээгээр талууд иргэд оршин суугчдыг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах үүднээс мэргэжлийн байгууллага нь орон сууцны инженерийн байгууламжийн найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг шуурхай чанартай хийж гүйцэтгэснээр иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хэрэглэгч нь техникийн нөхцөл хангасан инженерийн шугам сүлжээг ашиглан үйлчилгээг авч үйлчилгээний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэхээр заасан байх ба энэ хуульд зааснаар нэхэмжлэгч ГК ХХКнь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан, тус тусгай зөвшөөрөлд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заасан цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ; бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээг тус тус эрхлэхийг зөвшөөрсөн байна./ХХ-ийн 6 дугаар хуудас/

Нэхэмжлэгч ГК ХХКнь уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу хангагч, хариуцагч М СӨХ нь цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа этгээд буюу хэрэглэгч болох нь тогтоогдохын зэрэгцээ хангагч, хэрэглэгч 2-ын хооронд үүссэн харилцааг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-гээр зохицуулахаар хуульчилсан байна, уг Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г зохигчид 2016 онд байгуулж, гэрээг Голд компас ХХК-ийн захирал Д.Оюунбилэг болон М СӨХ-ны захирал Н.Э нар баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. /Хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/

Хариуцагч М СӨХ-ны захирал Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-ний төгсгөл хэсэгт талууд гарын үсэг зураагүй тул энэ гэрээ байгуулагдаагүй гэж маргадаг. Гэвч Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-ний төгсгөл хэсэгт талууд гарын үсэг зураагүй ч гэрээний толгойн буюу баталгааны хэсэгт Голд компас ХХК-ийн захирал Д.Оюунбилэг болон М СӨХ-ны захирал Н.Э нар гарын үсгээ зурж, тамга, тэмдгээр баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-гээр хүлээсэн үүргээ хэрэглэгч М СӨХ нь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байна. Уг үүргээ хариуцагч М СӨХ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна./ХХ-ийн 63-111 дүгээр хуудас/

Хариуцагчийн төлөөлөгч нь Голд компас ХХК-ийг дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөлгүй гэж маргах нь үндэслэлгүй бөгөөд эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг бие даасан Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдах ба халуун хүйтэн хэрэглээний усыг ашиглахтай холбогдсон энэхүү маргаанд уг эрчим хүчтэй холбогдсон тусгай зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд халуун усыг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцаа байх тул хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй юм.

Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах харилцааг бие даасан нарийвчилсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар зохицуулах боловч уг гэрээний харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаанд хамаарахаар байна гэж үзлээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээхээр заасан байх ба Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр заасан, хариуцагч М СӨХ цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд авсан болох нь тогтоогдож байх тул уг ашиглалтын буюу хэрэглээний төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд хариуцагч М СӨХ-оос Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ний үүрэгт 5.054.541,08 төгрөг гаргуулах тухай шаардлагаас нотлох баримтаар тогтоогдсон 5.054.514,18 төгрөгийн шаардлагыг ханган нэхэмжлэгч Голд компас ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,9 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. /ХХ-ийн 63 дугаар хуудас/

Хавтаст хэргийн 29, 33-48 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул уг баримтуудыг нотлох баримтаас хасан, шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135.760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М СӨХ-ноос 95.678 төгрөг гаргуулан Голд компас ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Иргэний хуулийн 360.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг баримтлан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ний үүрэгт хариуцагч М СӨХ-ноос 5.054.514,18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГК ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,9 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135.760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М СӨХ-ноос 95.678 төгрөг гаргуулан ГК ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б. БАЯРМАА