Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 141

 

 “ГК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/02300 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ГК” ХХК-ийн

Хариуцагч “М” СӨХ-нд холбогдох

 

Ус, дулааны төлбөрт 5 054 541.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З

Хариуцагчийн төлөөлөгч Н.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ГК” ХХК-ийн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2016 онд дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах бохир ус татан зайлуулах тухай гэрээ байгуулагдсан ба тус гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч “ГК” ХХК нь хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний төлбөрийг авах, тус үйлчилгээг авагч “М” СӨХ нь үйлчилгээний төлбөрийг төлөх суурь харилцааг зохицуулдаг. Гэтэл “М” СӨХ нь гэрээ байгуулагдсан буюу 2016 оны 5 сараас 2017 оны 8 сар хүртэлх хугацаанд дулааны төлбөр, гараашийн халаалт, нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр, тэдгээрийн нийлбэр дүнгээр нийт 7 550 135.87 төгрөгийн үйлчилгээг “ГК” ХХК-иас авсан боловч үйлчилгээ авсан төлбөрөө төлөхөөс тодорхой үндэслэлгүйгээр татгалзаж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд хариуцагчаас 7 550 135.87 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алданги 2 495 621.69 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

 

            Хариуцагч “М” СӨХ-ны төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ГК” ХХК нь дулаан түгээх, борлуулах зөвшөөрөлгүй бөгөөд албан ёсны тугай зөвшөөрөлтэй 59 аж ахуйн нэгж байдаг. Нэр нь 59 аж ахуйн нэгж дотор байхгүй. Мөн нэхэмжлэгч нь “М” СӨХ-тэй дулааны гэрээг байгуулаагүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 5 сараас 2017 оны 8 сарыг хүртэлх хугацааны дулааны төлбөрийг нэхэмжилсэн. Гэтэл дулаанаар хангах хуулийн хугацаа 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дулаанаар хангадаг. Дулаанаар хангаагүй үеийн 8 сарын мөнгө үндэслэлгүй нэхэмжлэгдэж байна.

            Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 10.1.3-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавиагүй. Нэхэмжлэгч нь бохир ус зайлуулах, цэвэр усыг түгээх, борлуулахаар Усны зохицуулах хороотой албан ёсны гэрээ байгуулаагүй. Хариуцагч нь 2016 оны 5 сард оршин суугчдын хүсэлтээр байгуулагдсан. 2016 оны 12 сард “БДАБ” ХХК-иас тухайн байрны гараашийг хүлээн авсан. Санхүүгийн талаар маргаантай байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.18.1-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан стандартын дагуу хөтлөөгүй, анхан шатны баримт нягтлан бодох бүртгэл хөтлөх талаар тогтоосон журам зөрчсөн. Санхүүгийн хууль зөрчиж санаатайгаар тайлан тооцоогоо буруу гаргаж өгсөн зэрэг олон хуулийн заалтыг зөрчиж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж, оршин суугчдыг хохироож байна.

            Мөн нэхэмжлэгч нь усны тусгай зөвшөөрлөөр оршин суугчдаас их хэмжээний мөнгө авсан. Дулаан, эрчим хүчний тусгай зөвшөөрөлгүй учраас үндсэн төлбөрт 5 054 541 төгрөг гаргуулна гэж байна. Манай компаниас өмнө нь 4 000 000 төгрөг нэхэмжилж байсан. Харин одоо 7 000 000 төгрөг нэхэмжилж байна. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гараашид паар тавиад дулааныг авахдаа 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж төлбөрийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн бичиг баримтын хувьд зөрчилтэй. Гэрээ байгуулсан гэх боловч хэрэгт авагдсан дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ бол хууль бус юм. Оршин суугчдад дулаан өгөх гэрээ байсан болохоос биш, “М” СӨХ-той байгуулсан гэрээ биш. Гэрээнд он, сар, өдөр байхгүй н.Оюунбилэг даргын өөрийнх нь тамга дарагдсан, гарын үсэг зурагдсан. Тусгай зөвшөөрлийн эрхийг хэтрүүлсэн. Усны тусгай зөвшөөрлөөр дулааны мөнгийг огт үндэслэлгүй зардал хийж өгсөн. Дулаан зохицуулах эрчим хүчний хорооны зөвшөөрөлгүй хувь хүний компани юм. Хувь хүний компани төрийн өмчийн ус, дулааныг дур мэдэн усны тусгай зөвшөөрөлд үндэслэн дулааны мөнгийг авсан. Дулааны төлбөрийг буруу тооцоолсон. 10, 11, 12 дугаар сар нийт 3 сар паарыг халахгүй болгоод тасалсан атлаа энэ мөнгөө нэхэмжилж байна. Усны мөнгө ч адилхан. Өөрөөр хэлбэл усны тоолуурыг салгачихдаг. Үүнээс болж их хэмжээний ус алддаг. Нэхэмжлэгч байгууллагын захирал н.Оюунбилэгээс болж 2 000 гаруй айлын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэжээ.

гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг баримтлан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт хариуцагч “М” СӨХ-ноос 5 054 514.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГК” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “М” СӨХ-ноос 95 678 төгрөг гаргуулан “ГК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М” СӨХ-ны төлөөлөгч Н.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хэт  нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримт болох 26 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч хүлээн аваагүй атлаа “ГК” ХХК-ийн гаргаж өгсөн 51 хуудас баримтыг нотлох баримтаар авч, шийдвэр гаргахдаа үнэлж байгааг нь зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь зөвхөн цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах тусгай зөвшөөрлөөр айл өрхөөс аж ахуйн нэгжийн тарифаар бодож цахилгаан дулааны халаалтын мөнгийг өндрөөр авдаг. Мөн санхүүгийн тайлан тооцоог буруу гаргадаг. Алданги, хүү үндэслэлгүйгээр тооцдог гэх мэтчилэн оршин суугчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны дарга З.Цэдэнжавын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/980 тоотоор нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт, тус хорооны 2014 оны 191 дүгээр тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журамд заасны дагуу дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүйг нотолсон албан  тоот хүргүүлсэн байтал анхан шатны шүүх гэрээ хийгдсэн гэж үзэн “М” СӨХ-ноос 5 054 514 төгрөг гаргуулан, “ГК” ХХК-д олгохоор ямар ч гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан гэж дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “ГК” ХХК, хариуцагч “М” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ноос ус, дулааны төлбөрт 7 550 136 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 5 054 541 төгрөг шаардсан. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

Талууд, 2016 онд дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулжээ. /хх-11-16 дахь тал/ Хариуцагч “М” СӨХ нь “ГК” ХХК-иас шугам сүлжээний ашиглалт, завсар үйлчилгээ авч байгаа гэдгээ зөвшөөрдөг, харин “гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүй” гэж маргадаг.

Нэхэмжлэгч “ГК” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй, хариуцагчийн хариуцаж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 84а, 84б орон сууцнууд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцах орон сууцны бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэргийн 6-7 дугаар талд авагдсан 00152 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтаар нотлогдож байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгч “ГК” ХХК-ийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийн асуудлыг дахин хэлэлцэхээр түр хойшлуулсан тухай албан бичиг хэрэгт авагдсан байгаа хэдий ч хариуцагч “М” СӨХ нь тус компаниас дулаан дамжуулах үйлчилгээ авч байгаа гэдэгт маргаагүй, мөн гэрээнд талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд болох “ГК” ХХК-ийн захирал Д.О, “М” СӨХ-ны дарга Н.Э нар гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулжээ. /хх-63, 11, 12 дахь тал/

Иймээс дээрх гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ гэж тодорхойлон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй, хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Учир нь гэрээгээр нэхэмжлэгч тал орон сууцны  инженерийн байгууламжийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч нь үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулж байна.

Талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар илүү нарийвчилсан зохицуулж өгсөн ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна” гэж заажээ.

Нэхэмжлэгч “ГК” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагч “М” СӨХ-ны хариуцаж буй 84а, 84б орон сууцанд цэвэр ус түгээх, ус халаах, дулаан дамжуулж, бохир усыг цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлж байгаа учир хангагч, хэрэглэгч гэж үзэх тул Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасны дагуу дулаан болон хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөрийг СӨХ нь төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч “ГК” ХХК, хариуцагчаас дундын өмчлөлийн талбайд ногдох цэвэр, бохир ус болон халаалтын зардалд 5 054 514 төгрөг нэхэмжлэн, шүүхэд 2016 оны 5 дугаар сараас төлөөгүй, 2017 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны нэхэмжлэх, тариф тооцсон тооцооллыг нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх-64-113 дахь тал/

Хариуцагч тал, “... дулааны тооцооллыг буруу гаргасан, дулаан дамжуулаагүй сарын мөнгө нэхэмжилсэн ...” гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгчээс шүүхэд цуглуулж өгсөн баримтыг няцаагаагүй учир “М” СӨХ-ны үүргийн зөрчил 5 054 514 төгрөгийн хэмжээнд нотлогдсон гэж үзэх тул нэхэмжлэгч нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч компаниас дулаан авсан учир нэхэмжлэгчийн эрчим хүч түгээх тусгай зөвшөөрөл гараагүй байгаа нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж, хариуцагчаас ус, дулааны төлбөрт 5 054 541 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Хэргийн оролцогчдыг хэргийн материалтай танилцсанаас хойш нэхэмжлэгчээс шинээр нотлох баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хариуцагч талын “хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 56 хуудас бүхий нотлох баримттай танилцах” хүсэлтээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан байна. Иймд хэргийн 114 дүгээр талд авагдсан хэргийн материалтай танилцуулсан баримтад талууд гарын үсэг зураагүй алдааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцоогүйг тэмдэглэх нь зүйтэй. /хх-56, 58-61, 115-116 дахь тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/02300 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Иргэний хуулийн 360.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                         ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                     Ч.ЦЭНД