Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3 хороолол 12 дугаар байр 175 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЦБ 61012665, Энхтайван Хүнд овогт Цогтоогийн Энхжаргал,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34-Б байрны 54 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧП 54011711, Энхтайван Гүнт овогт Цогтоогийн Энхтайван нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3 хороолол 12 дугаар байр 175 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн  дугаар ЧК 57041605, Гүнт овогт Цогтоогийн Энхтуяад холбогдох

 

Д.Хорлоо, Ц.Энхтуяа нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Энхжаргал, түүний өмгөөлөгч О.Одонтунгалаг, нэхэмжлэгч Ц.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Шаравжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

                                                                                                                                            

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Хорлоо, Ц.Энхжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Хорлоо би өндөр настай, 5 хүүхэдтэй, өвчний учир хэвтэрт охин Ц.Энхжаргалын асрамжид байдаг.Гэтэл Унгар улсад амьдардаг миний охин Ц.Энхтуяа 2016 оны 1 сард ирээд Монголд байх хугацаандаа миний тэтгэвэр, тэтгэмж, асаргааны асуудлыг хөөцөлдөж байна гэж надаар итгэмжлэл хийлгэн хөөцөлдөж байх хугацаандаа миний өндөр настай, өвчтэй хэвтэрт байдаг, мартамхай байдлыг далимдуулан 2016 оны 3 дугаар сарын  9-ний өдөр миний охин Ц.Энхжаргалын хамт амьдарч байгаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 175 тоотын нэг өрөө орон сууцыг намайг бэлэглэхийг зөвшөөрсөн гэж орон сууц бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулж миний байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсны зэрэгцээ охин Ц.Энхжаргалын итгэмжлэн хариуцдаг миний тэтгэвэр, тэтгэмж, асаргаа болон бусад орлогыг өөрийн нэр дээр болгосон байна.Би таван хүүхэдтэй, өөрийн амьдарч байгаа байраа охин Ц.Энхтуяад бэлэглэх зөвшөөрлийг өгөөгүй бөгөөд би охин Ц.Энхжаргалын байнгын асаргаанд байдаг, охин Ц.Энхтуяа Унгар улсад байнга амьдардаг, намайг асарч сувилдаггүй байж, хуурч мэхлэн миний өндөр настай, өвчтэй, хэвтэрт байдаг байдлуудыг далимдуулан орон сууц бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулж, миний байрыг өөрийн өмч болгож авсанд гомдолтой байна.Иймд миний охин Ц.Энхтуяатай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ болон энэ гэрээний дагуу Ц.Энхтуяад олгогдсон Y-2205004851 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр буцаан болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхтайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай ээж Д.Хорлоо 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсан, намайг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч эх Д.Хорлоогийн эрх залгамжлагчаар тогтоосон байгаа.Ээжийнхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна.Ээж Д.Хорлоо дүү Ц.Энхтуяа нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хийгдсэн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.Ц.Энхтуяа 1989 онд Унгар улс руу явсан, тэндээ амьдарч байгаа, ээж маань дүү Ц.Энхжаргалын асрамжид хамт амьдарч байсан гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч  Энхтуяа намайг архи уудаг гэж гүжирдэж архи уудаг гэж хүмүүст ойлгуулсан.Намайг 102 дуудаж, 111-т барьж өгч байгаад ээжийн гэрчилгээг авсан байсан.Эгч өөрийнхөө нэр дээр болгоод авсан байсныг бид нар 3 сарын дараа мэдсэн.Эгч Энхтуяа бол байнга бид нарын эрхэнд халдаж байгаа.Хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байна.Энэ хүн намайг хүчирхийлэгч болгоод яриад байдаг.Би 7 жил хэвтэрт байгаа ээжийгээ асарсан, 47 жил би ээжийнхээ хажууд байна.Ээж бид хоёрын хүсээд байгаа асуудлыг шийдэж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:Ц.Энхжаргал нь архидаж ээжийг зодож дарамталж байсан учир би Монголд ирж ээжийгээ асарч эхэлсэн ба энэ хугацаанд Унгар дахь асуудлаар зохицуулахаар 1 сар яваад буцаж ирсэн ба дахин явахгүй болно.Итгэмжлэл 2016.02.25, 2016.03.09-ний өдрүүдэд нотариатч манай гэрт ирж үйлдэл хийсэн.Нэхэмжлэлийг манай ээж хүсэл зоригоороо хийсэн гэдэгт эргэлзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Хорлоо, Ц.Энхжаргал нар хариуцагч Ц.Энхтуяад холбогдуулан Д.Хорлоо, Ц.Энхтуяа нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хорлоогийн нэр дээр болгож өгөх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийнхээ шаардлагыг Д.Хорлоо, Ц.Энхтуяа нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэж багасгасан байна.

 

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг бэлэг хүлээн авагч Ц.Энхтуяа нь бэлэглэгч Д.Хорлоог Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул тэдний хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардаж байна.          

 

Нэхэмжлэгч Д.Хорлоо 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Ц.Энхтайванг нэхэмжлэгч Д.Хорлоогийн эрх залгамжлагчаар тогтоосон байна.

 

Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол, 12 дугаар  байрны 175 тоотод байршилтай, 18 метр квадрат талбай бүхий нэг өрөө орон сууц нь Дамбын Хорлоогийн өмчлөлийн хөрөнгө болох нь 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон 0045568 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

             

Нэхэмжлэгч Д.Хорлоо өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол, 12 дугаар  байрны 175 тоотод байршилтай, 18 метр квадрат талбай бүхий нэг өрөө орон сууцыг өөрийн охин Ц.Энхтуяад бэлэглэж, Д.Хорлоо, Ц.Энхтуяа нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Улмаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Энхтуяад шилжүүлэн өмчлөлд бүртгэж түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000471961 дугаартай гэрчилгээг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон байна.

                                   

            Хариуцагч Ц.Энхтуяа 1989 оноос хойш Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 2016 онд Монголд түр хугацаагаар ирсэн байх үедээ Ц.Энхжаргалыг эзгүй байхад Д.Хорлоотой орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байна.

           

            Д.Хорлоо нь өндөр настай, хүнд өвчтэйн улмаас байнга эмнэлгийн хяналт, Ц.Энхжаргалын асрамжид байдаг болох нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрийн тодорхойлолтууд, хэсгийн эмчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тодохойлолт, Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргад хүрүүлсэн лавлагаа, 2017 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн Гэр бүлийн байдлын нөхцөл байдлын үнэлгээ, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2 тоот нөхцөл байдлын үнэлгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Орон сууц бэлэглэгч Д.Хорлоог бэлэг хүлээн авагч Ц.Энхтуяа бүдүүлэг үг хэллэгээр загнан доромжилж, улмаар улсын асрамжид өгөх талаар хорооны нийгмийн ажилтанд удаа дараа хандаж түүнийг сэтгэл санааны дарамтад оруулан ноцтой гомдоох үйлдэлүүд хийж байсан болох нь Д.Хорлоогийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд өгсөн тайлбар, Д.Хорлоогийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбар, Гэр бүлийн байдлын нөхцөл байдлын 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн үнэлгээ, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2 тоот нөхцөл байдлын үнэлгээ, гэрч Ц.Энхбаярын мэдүүлэг болон нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар Ц.Энхтайван, Ц.Энхжаргал нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Хариуцагч Ц.Энхтуяад шүүх хуралдааны товыг Унгар улсад суугаа элчин сайдын яамаар дамжуулан хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч нар, тэдний өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар Д.Хорлоо, Ц.Энхтуяа нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т зааснаар бэлэглэлийн зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 байрны 175 тоотод байршилтай, 18 метр квадрат талбай бүхий 1 /нэг/ өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Энхжаргал, Ц.Энхтайван нарт буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхтуяагаас 308 150 /гурван зуун найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Энхжаргал, Ц.Энхтайван нарт олгосугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН