Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1540

 

Д.Хорлоо, Ц.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Хорлоо, Ц.Энхжаргал нарын хариуцагч Ц.Энхтуяад холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхжаргал, нэхэмжлэгч Д.Хорлоогийн эрх залгамжлагч Ц.Энхтайван, түүний өмгөөлөгч О.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хорлоо нь өндөр настай, өвчний учир хэвтэрт байж, өөрийн охин Ц.Энхжаргалын байнгын асаргаанд байдаг. Гэтэл дүү Ц.Энхтуяа нь Унгар улсад 30 гаруй жил амьдарч байгаад ирээд шунахайн сэдлээр байрны гэрчилгээг хулгайлаад өөрийн нэр дээр болгосон. Тиймээс 2016 оны 3 сарын 09-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн орон сууцыг худалдаж авснаас хойш Д.Хорлоо байрандаа амьдарсаар ирсэн. Хорлоог эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэж хариуцагч худал тайлбарыг шүүхэд гаргадаг ч 2015 оноос байнгын хяналтад авч эмчилж байгаа эмнэлэгийн тодорхойлолт хэрэгт авагдсан. Өрхийн эмч, цагдаа хорооны хэсгийн байцаагч өдөр бүр шахуу орж ирж шалгадаг. Бид нар нотолгоо болгож үнэлт дүгнэлтүүдийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Энхжаргал нь архидаж, ээжийг зодож дарамталж байсан учир би Монголд ирж ээжийгээ асарч эхэлсэн.  Итгэмжлэл тухайд  2016.02.25-ны өдөр, 2016.03.09-ны өдрүүдэд нотариатч манай гэрт ирж үйлдэл хийсэн. Нэхэмжлэлийг манай ээж хүсэл зоригоороо гаргасан гэдэгт эргэлзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 276 дугаар зүйлийн 276.1, 276.3, 280 дугаар зүйлийн 280.1.1 дэхь хэсэгт зааснаар 2016 оны 03 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Д.Хорлоо, хариуцагч Ц.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн зүйл болох Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 12 байр 175 тоот 18м2 талбай бүхий 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.Хорлоод буцаан олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Энхжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.4, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж дутуу төлсөн 237.950 төгрөг төлөхөөс чөлөөлж, хариуцагч Ц.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хорлоод олгож 237 950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Энхтуяа, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс 2017.04.25-ны өдөр хурал эхлэхийн өмнө хэрэгтэй танилцсан болон бусад баримтан дээр гарын үсэг зуруулсан. 2017.04.25-ны хурал дээр шүүгчийг татгалзаад тодорхойгүй хугацаагаар хойшилсон ба хурлын дараа юун дээр ч гарын үсэг зураагүй. Шүүгчийн нүдэн дээр нэхэмжлэгчид "Та нар ээжийгээ бие нь муудаад байхад эмнэлэгт хэвтүүлээч" гэж гуйхад нэхэмжлэгч "хэвтүүлэхгүй, хэвтүүлэх цаг нь болоогүй" гэж хариулахад шүүгч сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөсөн.

            Д.Хорлоо нь 1-р сараас эхлэн "эмнэлэгт хэвтүүлж өгөөч" гэж гуйж байсан ба энэ талаар нэхэмжлэгч нар зөвшөөрөхгүй байсан учир аргаа бараад шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх "Нэхэмжлэгчийн асрамжид байгаа учир нэхэмжлэгч тал өөрөө шийднэ шүүхэд хамаарахгүй" гээд хүлээж аваагүй. Өдөр бүр бие нь муудаж байгааг мэдсээр байж эмнэлэгийн туслалцаа үзүүлэхээс татгалзсан үйлдэл нь Эрүүгийн Хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь заалтанд заагдсан гэмт хэрэг шүүгчийн нүдэн дээр гарч байхад арга хэмжээ авахын оронд Д.Хорлоог эмнэлэгт хэвтүүлэх шаардлагыг хүлээн авахгүй гэдэг нь ёс зүйгүй асуудал. Гэрч 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хурал хийгээд маргаан бүхий байрыг Энхжаргалын ач охин болох 5 настай Аз зээд өгөхөөр шийдвэрлэсэн гэж мэдүүлсэн.  Орон сууцыг буцаах эрх нь 2016 оны 8-р сарын 26-ны өдрийн гэр бүлийн хурлаар шийдэгдсэн ба энэ шийдвэрийн дагуу нэхэмжлэл гаргасан.

Тодруулбал нэхэмжлэл нь гомдоосон үйлдлээр биш хурлын шийдвэрээр нэхэмжлэл гаргажээ. Энэ нь Б.Хорлоогийн хүсэл зориг биш бусад этгээдийн хүсэл зоригийн шийдвэр юм. Гэр бүлийн тухай хуулиар Энхтуяагаар 12 настайгаас нь 40 жил тэжээлгээд бүгдээрээ Унгарт очиж казинодож шатаагаад, 10 жил байр, гэрлийн мөнгө төлүүлээд, дансанд байсан 36 сая төгрөгийг нь авсан учир одоо Энхтуяагаас авах юмгүй болсон учир байраа авцгаая гэсэн байна. Ярьж, явж чадахгүй байгаа хүний итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргахад шүүгч хүлээж аваагүй.

           Шүүгч Д.Хорлоог шүүх хурлын танхимд оруулан асуусан байдаг. Үүнд та шүүхэд нэхэмжлэл гаргасан уу гэхэд гаргаагүй гэсэн. Мөн нэхэмжлэл гаргасан өмгөөлөгчийг таних уу гэхэд танихгүй гэсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох Энхжаргал, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд  болох  Д.Хорлоогийн  огт  үзээгүй,  танихгүй  өмгөөлөгч  хоёрын  гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Шүүх хурал 2017.05.08-ны өдөр болсон гэж дуулаад нэг талыг оролцуулалгүйгээр, сонирхлын зөрчилтэй гэрчийг оролцуулаад хийсэн хурлын шийдвэрийг авах гэж олон хоног яваад 2017.05.25-ны өдөр өргөдөл өгсний хүчинд 2017.05.26-ны өдөр шийдвэрээ авсан. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг ямар хуулийн заалтаар чөлөөлснөө бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Хорлоо, Ц.Энхжаргал нар нь хариуцагч Ц.Энхтуяад холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Д.Хорлоо нь өөрийн хүсэл зоригийн  дагуу нэхэмжлэл гаргаагүй гэж маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг тухайн хэрэгт гэрчээр Ө.Болдсүрэнг асуулгахаар хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ32017/05830 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хангасан боловч уг ажиллагааг хийгээгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү хүсэлтээсээ татгалзаагүй байхад гэрчийн  мэдүүлгийг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчилд хамаарах юм.  /х.х-ийн 219-220/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг заасан бөгөөд мөн зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгахаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэг эсхүл мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасны аль үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Тухайлбал нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “..,Ц.Энхтуяад бэлэглэх зөвшөөрлийг өгөөгүй. Хуурч мэхэлж, өндөр настай, хэвтэрт байдаг байдлыг далимдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулсан” гэж тодорхойлсон бол шүүх хуралдаанд “...бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон” гэж тайлбарлажээ. /х.х-ийн 1, 231-232/

 

Дээрх шаардлага, үндэслэл тодорхой болсноор тухайн асуудлаар зохигчид мэтгэлцэх, нотлох баримт гаргах боломжтой болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байгаа нөхцөлд талуудыг энэ талаар мэтгэлцсэн гэж үзэхгүй.

 

            Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг тусгаагүй, талуудын тайлбарыг агуулгын хувьд цэгцэлж заагаагүй, хэлсэн зүйлийг  хуулбарлан буулгаснаас шийдвэр ойлгомжгүй болсноос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт заасан шийдвэрийн бүтэц, хэлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 116 дугааар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. 

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

                         ШҮҮГЧИД                                                  Ч.ЦЭНД

                                                                                            Ш.ОЮУНХАНД